Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2016/0847

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б*******ийн В******* 

Хариуцагч:  Цагдаагийн ерөнхий газрын дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 сарын 23-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, холбогдох бичилт хийхийг  даалгуулах” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.В******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 

“Б.В******* миний бие Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 сарын 21-ний өдрийн 115 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа халагдаж, захиргааны шүүхээр эрхээ хамгаалуулахаар ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг  даалгуулах нэхэмжлэл гаргаж Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 181 тоот тогтоолоор Б.В*******гийн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн бөгөөд  2015 оны 07 дугаар сараас хойш 2016 оны 2 дугаар сарыг хүртэл цагдаагийн байгууллага буюу хууль сахиулах байгууллага байж хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг нэг ч биелүүлээгүй. 

2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ажилд томилсон тушаалын мэдэгдлийг надад өгч, ажилд нь авахгүй байж байгаад дахин үндэслэлгүйгээр ажлаас нь халсанд гомдолтой байна.

Б.В*******г урьд урьдны шүүх хуралдаанд буюу шүүх хуралдааны тэмдэглэлд Б.В******* хүний амь санаатай хохироосон гэмт хэрэгтэнг ажилд авах боломжгүй гэж удаа дараа тайлбар гаргаж байсан. Б.В******* нь ажлаасаа үндэслэлгүй халагдаад өөрийн хамаатны цагдаа залуутай цуг машинтай явж байгаад золгүй явдал тохиолдож Б.В******* ч гэсэн одоог хүртэл эрүүл мэндээрээ хохирч яваа, энэ хэрэг одоо ч гэсэн дуусаагүй анхан шатны шүүхийн ажиллагаан дээр явж байгаа таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад санаатайгаар шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь авахгүй /бүтэн 7сар/ байж байгаад дахин үндэслэлгүйгээр халсанд нь гомдолтой байна. Шүүх үнэнийг тогтоож өгнө гэдэгт найдаж байна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүхэд гаргасан тайлбартаа:

             “...2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Б.В*******г Төрийн албаны тухай хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн таслан сэргийлэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон гэсэн заалтаар ажлаас нь халсан байгаа. Тухайн үндэслэл болгож ажлаас халсан Төрийн албаны тухай хуулийн заалтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсны дараа хэрэглэдэг юм. Гэтэл эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй. 

Захиргааны хэргийг түдгэлзүүлэх асуудлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа ярьсан энэ нь боломжгүй юм. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсны дараа уг маргааныг шийдвэрлэх боломжтой гэсэн шүүгчийн захирамж гарсан. 

Шүүгчийн захирамжийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан. Энэ гомдлын хариу 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хугацаа нь дууссан учир хэлэлцэх боломжгүй гэсэн хариу ирсэн.  Гомдлын хариу ирэхдээ өргөдлийн хариу гэсэн нэртэй ирсэн. Бид нар өргөдөл гаргаагүй гомдол гаргасан юм. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж шуудангаар хүргүүлсэн бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүгчийн захирамж гарч захиргааны хэрэг үүссэн. Нэгэнт захиргааны хэрэг үүссэн учраас энэ дээр ямар нэгэн хөөн хэлэлцэх хугацаа яригдах боломжгүй. 

2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 119 хоног нэхэмжлэгч Б.В******* ажилгүй байна. Энэ хугацааны цалин болох 6.243.341 төгрөгийн цалин хөлс гаргуулах хүсэлттэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, тэргүүн комиссар Ц.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“…Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын “ТОГТООХ”  хэсгийн 1 дэх хэсэгт Б.В*******г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, мөн хэсгийн 2 дахь заалтаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Б.В*******д холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална” гээд 25.1.2-д “гэмт хэрэг  үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон”  гэж заасан. 

Б.В******* шүүхийн шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцогдсон тул түүнийг Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны Б/71 дүгээр тушаалаар албанаас халсан.

Иймд Б.В*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/71 дүгээр тоот тушаалаар иргэн Б.В*******г ажлаас халсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын ажлаас чөлөөлөх тушаалыг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн цагдаагийн газраас Б.В*******д мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд дээд шатны байгууллага болон, шүүхэд ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасан маргаантай холбоотой гомдлыг төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана” гэснийг нэхэмжлэгч Б.В******* гаргаагүй байна. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. 

Б.В******* нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж 2014 онд нэхэмжлэл гаргаж түүнээс хойш Захиргааны хэргийн шүүхийн 3 шатны шүүхээр хэлэлцэгдээд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 181 дүгээр тогтоолоор тухайн албан хаагчийн гаргасан зөрчил тогтоогдсон боловч хариуцагч байгууллага Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан. Улсын Дээд шүүхийн тогтоолд нэхэмжлэгч Б.В*******гийн ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох гэж шийдвэр гарсан. 

 Нэхэмжлэгч Завхан аймгийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад осолд орж хамт явж байсан цагдаагийн албан хаагч нас барсан эрүүгийн хэрэгт холбогдоод 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүссэн. 

2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш Б.В*******гийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Үүний дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг олгож, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймаг дахь цагдаагийн газарт хэсгийн байцаагчийн ажилд нь эгүүлэн томилсон. 2016 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч Б.В*******д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. 

Нэхэмжлэгч Б.В*******гийн ярьж байгаа зүйл нь үндэслэлтэй юм. 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоол гарч, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нь олгосон, гэтэл Завхан аймгийн цагдаагийн газраас Б.В*******г ажилд нь эгүүлэн томилох боломжгүй байна. Үүнд:

1. Б.В*******гийн ажиллаж байсан орон тоонд өөр хүн ажилд томилсон. 

2. Аймаг орон нутагт, нутаг дэвсгэрийн хэмжээ бага, хамт ажиллаж байсан цагдаагийн албан хаагчийн амь нас хохирсон байхад ажиллуулах боломжгүй гэсэн төвөгшөөсөн зүйл ярьдаг байсан. 

2016 оны 1 дүгээр сард Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч гэм буруутай нь тогтоогдож, Б.В*******г ажилд нь эгүүлэн томилсон байсан учраас  Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан дагуу ажлаас чөлөөлсөн. 

Одоогийн нөхцөл байдлын хувьд нэхэмжлэгч Б.В*******гийн эрүүгийн хэрэг Улсын Дээд шүүхээр гэм буруутай эсэх асуудал нь эцэслэн шийдвэрлэгдэж тогтоогдоогүй байгаа. Нэхэмжлэгч 2016 оны 02 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөнөөс хойших ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа. Шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж болно. Гэхдээ нэхэмжлэгч Б.В*******гийн эрүүгийн шүүх хуралдааны эцсийн шийдвэр нь гэм буруутай эсэх нь тогтоогдох юм бол хариуцагч байгууллага хохирно. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт дүгнэлт хийсний үндсэн дээр дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 115 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.В*******г Завхан аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар  Б.В*******г Завхан аймаг дахь Цагдаагийн газарт хэсгийн байцаагчаар эгүүлэн томилсныг мэдэгдсэн байх ба 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 126 дугаар бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай тогтоолыг талуудад хүргүүлсэн байна. 

Улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар Завхан аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.В*******г “... эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул ...албанаас халж” шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...таслан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад санаатайгаар шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авахгүй байж байгаад дахин үндэслэлгүйгээр халсан нь хууль бус” гэж маргажээ.

Б.В******* нь 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр авто замын осол гаргаж, ослын улмаас хүний амь нас хохирсон байх ба Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол -оор “... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон” хэдий ч Говь-Алтай, Завхан аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны 10 дугаар магадлалаар дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ... шийдвэрлэсэн байна.

Сүүлийн байдлаар Б.В*******д холбогдох 201413000170 тоот эрүүгийн хэргийг Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 207 дугаар тогтоолоор  “... Б.В*******д холбогдох 201413000170 дугаартай эрүүгийн хэргийг  Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Завхан аймгийн прокурорын газарт буцааж...” шийдвэрлэсэн байна.

Дээрхээс үзвэл, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга нь Б.В*******д холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад маргаан бүхий Б/71 дүгээр тушаалыг гаргаж, Б.В*******г “албанаас халж” шийдвэрлэсэн нь буруу байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасан байх бөгөөд энэ нь төрийн бүхий л байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хамааралтай төдийгүй Монгол Улсын Үндсэн хуульд “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасныг хэрэгжүүлэх үндэслэл болгох учиртай. 

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас  хална:”, 25.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж тус тус заасан байх бөгөөд маргаан бүхий тушаалын үндэслэл болсон “...03 дугаар шийтгэх тогтоол” нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гарсан хэдий ч маргаан бүхий актыг гаргах үед төдийгүй өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр болоогүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “...таслан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад дахин үндэслэлгүйгээр халсан нь хууль бус” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд Б.В*******гийн “Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 02 сарын 23-ний өдрийн Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, холбогдох бичилт хийхийг  даалгуулах ” нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Б.В******* нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тул эрүүгийн төлөөлөгчөөр ажиллуулах боломжгүй. Иймээс маргаан бүхий актыг түдгэлзүүлэх боломжтой” хэмээн тайлбарлаж байх хэдий ч 201413000170 тоот эрүүгийн хэргийг шүүхээс хэрхэн шийдвэрлэх нь захиргааны хэргийн тодруулбал зохих нөхцөл байдалд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гарсан маргаан бүхий актын үндэслэл нь ирээдүйд нотлогдохыг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд харин сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх эрх нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч шүүх, прокурорт байна. 

 

Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Б.В******* нь маргаан бүхий Б/71 тоот тушаалыг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мэдсэн болох нь цагдаагийн дэд хурандаа Б.Б*******ийн илтгэх хуудас , гэрч Б.Б*******ийн “...Б/71 дүгээр тушаалыг танилцуулахаар Б.В*******г дуудуулсан.  Уг тушаалыг танилцуулсан боловч мэдэгдэлд энэ хүн гарын үсэг зураагүй...” гэх мэдүүлэг , гэрч Ж.Ц*******гийн “...тушаалыг 2016 оны 02 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд танилцуулсан байгаа” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Мөн Б.В******* нь Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шууданд өгсөн  байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 25 дугаар зүйлийн 25.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.В*******гийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.В*******г Завхан аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 6,357,409 /зургаан сая гурван зуун тавин долоон мянга дөрвөн зуун есөн/ төгрөгөөс зохих суутгалыг хийж Цагдаагийн ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Б.В*******гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.МӨНХЗУЛ