Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01715

 

 

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01715

 

 

Ж.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/02127 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Ч-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох ажиллагаа болон уг ажиллагаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгож, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас Хан-Уул дүүргийн 11 хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 7 байрны 7-2, 7-3, 7-4 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хасаж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ч нь Х ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр захиалгаар амрагчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам, Дүнжингарав гудамжны 7 дугаар байрны 7-2, 7-3, 7-4 тоот тус бүр нь 250 м.кв бүхий талбайтай 3 ширхэг орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон.

Гэрээний үнэ 1 тэрбум төгрөг бөгөөд гэрээний үүргийнхээ дагуу 1 тэрбум төгрөгийг Х ХХК-д бүрэн төлж барагдуулсан. Үүний дагуу Х ХХК-д гэрээний үүргээ биелүүл гэсэн шаардлага тавьсан боловч биелүүлэхгүй байсан учраас Ж.Ч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 00953 дугаар шийдвэрээр 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны өмчлөгчөөр Ж.Ч ийг тогтоож, түүнийг өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөхийг Х ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг Х ХХК биелүүлэхгүй байсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан боловч ажиллагаа хийгдээгүй. Учир нь Х ХХК олон компанид өртэй, үүнд, Ж.Ч-ийн өмчлөлийн 7 дугаар байрны амрагчдын 3 ширхэг орон сууцыг оруулж битүүмжилсэн. 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Ж.Ч-ийн өмчлөлийн хөрөнгийг Х ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрт тооцож, төлбөр авагч нарт санал болгох ажиллагаа явуулсан байдаг.

Санал болгох ажиллагааны талаар тухайн хөрөнгийн жинхэнэ өмчлөгч болох Ж.Ч-ийн утас нь байнга асаалттай байхад түүнд огт мэдэгдээгүй. Ж.Ч-ийн өөрт холбоотой ажиллагааны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам, Дүнжингарав гудамжны 7 дугаар байрны 7-2, 7-3, 7-4 тоот үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөөч гээд шийдвэр гүйцэтгэх ажилтантай холбогдоход таны асуудлыг шийдвэрлэнэ гэдэг хариу өгснөөс биш санал болгох ажиллагаанд уг хөрөнгийг санал болгох талаар мэдэгдээгүй. Хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг хангах дарааллыг баримтлах шаардлага байгаагүй гэж үзэж байна.

Учир нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох ажиллагааны тэмдэглэлээс харахад төлбөр авагч нарын дарааллын 22 дугаарт Ж.Ч байгаа ба нийт 24 төлбөр авагч нараас Ж.Ч өөс бусад төлбөр авагч нар бүгд Х ХХК-аас төлбөр гаргуулах нэхэмжлэлтэй байгаа бол Ж.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх бүртгэлтэй холбоотой баримт гаргуулах тухай шаардлага байгаа.

Иймд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох ажиллагаанаас гарсан шийдвэрийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам, Дүнжингарав гудамжны 7 дугаар байрны 7-2, 7-3, 7-4 тоот үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас дээрх эд хөрөнгийг хасуулж, чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Х ХХК нь нийт 24 гүйцэтгэх баримт бичгийн 3 019 297 506 төгрөгийн өр төлбөртэй. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүссэн дарааллаар явуулж байгаа. Анхны шийдвэр нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1623 шийдвэрээр Х ХХК-аас 45 160 365 төгрөгийг гаргуулж Аэромонголиа ХХК-д олгохоор болсон.

Х ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүл гэдэг мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөрөө төлж барагдуулаагүй учраас үүргийн гүйцэтгэлийн барьцаа биш, Х ХХК-ийн өмчлөлийн 3 үл хөдлөх эд хөрөнгө тогтоогдсон. Энэ нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029963 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам гудамж, Дүнжингарав 51 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040717 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам гудамж, Дүнжингарав 5 дугаар байрны 5 тоот хаягт байрлалтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Ж.Ч-ийн маргаж байгаа эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040718 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам гудамж, Дүнжингарав 7 тоот хаягт байрлалтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байгаа.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам, Дүнжингарав гудамжны 7 дугаар байрны 7-2, 7-3, 7-4 тоот нь бүхэлдээ нэг гэрчилгээгээр улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг. Эдгээр хөрөнгөнүүд нь үүргийн гүйцэтгэлд барьцаагүй байна гэдэг хариуг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн. Үүний дагуу дээрх хөрөнгөнүүдэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, хөрөнгийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр битүүмжилж, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хураан авсан.

Талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй учраас Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аар шинжээч томилуулж үнэлгээ тогтоолгосон. 7 тоот эд хөрөнгийг 605 000 000 төгрөгөөр үнэлсний дагуу холбогдох үнэлгээг хийлгээд тухайн үед үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан учраас 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр үнэлгээг албан ёсоор мэдэгдсэн. Үүнээс хойш үнэлгээтэй холбоотой гомдол гаргаад, дуудлага худалдаанд оруулахаар болсон.

Хоёр удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч тухайн хөрөнгө нь худалдан борлогдоогүй учраас төлбөр авагч нарт санал болгох ажиллагааг зохион байгуулж, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлд зааснаар төлбөр авагч нарт санал болгосон. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох ажиллагаанаас гарсан шийдвэрийн Хан-Уул дүүргийн 11 хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 7 байрны 7-2, 7-3, 7-4 тоот үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам, Дүнжингарав гудамжны 7 дугаар байрны 7-2, 7-3, 7-4 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг хасаж, чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ч д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Төлбөр төлөгч Х ХХК-д холбогдох 3 071 458 587 төгрөгийн 23 гүйцэтгэх баримт бичиг 229 дүгээр тойрогт бүртгэлтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040718 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богины ам гудамж Дүнжингарав 7 тоот хаягт бүртгэлтэй аялал жуулчлалын зориулалттай барилга 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр битүүмжлэн, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хураан авч, талууд үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шинжээч томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-аар тогтоолгоход 605 000 000 төгрөгөөр үнэлсэн.

Төлбөр төлөгч "Х" ХХК хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00859 дугаар шийдвэрээр "Х" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн завж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1030 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2018/01413 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Төлбөрт хураагдсан хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй.

Эрхийн улсын Ү-2206040718 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 7 дугаар байрны 7-2, 7-3, 7-4 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагчид санал болгох хурлыг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 цагт зохион байгуулсан.

Төлбөр төлөгчөөс нэгэн зэрэг хэд хэдэн төлбөр гаргуулах ажиллагаанд эхний шийвэрийг бүрэн дуусгавар болгож байж, дараагийн гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг хангах бөгөөд уг хөрөнгө нь барьцаа хөрөнгөөс бусад хөрөнгөөр төлбөр гаргуулах ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт заасан дараалал, зарчмыг баримтлахаар заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу дарааллаар явагдсан тул шүүхийн шийдвэрийг дахин хянан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох ажиллагаа болон уг ажиллагаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгож, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас Хан-Уул дүүргийн 11 хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 7 байрны 7-2, 7-3, 7-4 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хасаж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00953 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Ч ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 7 дугаар байрны 7-2, 7-3, 7-4 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй байрны өмчлөгчөөр тогтоож, дээрх 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичиг гаргахыг Х ХХК-д даалган шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллага нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00953 дугаар шүүхийн шийдвэрээс гадна төлбөр төлөгч Х ХХК-д холбогдох 3 019 297 506 төгрөгийн 22 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

 

Хасуу цамхаг ХХК-аас 141 681 340 төгрөг гаргуулан А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1952 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад Х ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206029962 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 7 тоот, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 159/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 159/02 дугаар тогтоолоор хураан авсан байна. Уг ажиллагааг хуулийн дагуу барьцаа үүсгэсэн гэж үзэх бөгөөд дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хүчинтэй байна. /хх-8, 38, 42, 45 дахь тал/

 

Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 7 тоот, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар оруулсан боловч худалдан борлогдоогүй тул төлбөр авагч нарт санал болгох ажиллагааг зохион байгуулжээ. Энэхүү ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасантай нийцжээ.

 

Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00953 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 7 дугаар байр, 7-2, 7-3, 7-4 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй байрны өмчлөгчөөр Харнууд овогт Жаргалын Чингистөрийг тогтоож, дээрх 3 үл хөдлөх хэд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичгийг гаргуулахыг Х ХХК-д даалгаж шийдвэрлэсэн /хх-6-7/ бөгөөд уг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр нийтийн эрх зүйн хүрээнд барьцааг бий болгосон ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 

Учир нь барьцааны эрх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болох бөгөөд нэхэмжлэгч Ж.Ч нь шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноор барьцаалагчийн барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэхгүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ж.Ч-ийн 7-2, 7-3, 7-4 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх байдал нь бусад барьцаалагчийн эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, барьцаа нь тухайн хөрөнгөөс үүрэг хангуулах арга болохын хувьд өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны зүйлийг чөлөөлөх, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасах үндэслэл болохгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс гаргуулсан хөрөнгө, мөнгө нь нэгэн зэрэг /нэг гүйцэтгэх баримт бичгээр/ шаардлага гаргасан хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг нэгэн зэрэг хангахад хүрэлцэхгүй бол төлбөр авагч нэг бүрийн авах төлбөрийн хэмжээгээр хувь тэнцүүлэн олгоно, 112.3 дахь хэсэгт Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална гэж тус тус заасан бөгөөд дээрх дарааллын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдана.

 

Иймд анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4 дэх хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийн өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардсан тохиолдолд уг хуулийн заалт хамаарахгүй тул мөнгөн хөрөнгө гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой ажиллагааны дарааллыг баримтлах шаардлагагүй гэж дүгнэснийг шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

Өмчлөгчийн эрхийг зөрчсөнтэй холбоотой хохирол шаардахаар бол холбогдох этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Дээрх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох ажиллагаа болон уг ажиллагаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгож, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас Хан-Уул дүүргийн 11 хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 7 байрны 7-2, 7-3, 7-4 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хасаж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ж.Ч-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/02127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох ажиллагаа болон уг ажиллагаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгож, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас Хан-Уул дүүргийн 11 хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 7 байрны 7-2, 7-3, 7-4 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хасаж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ж.Ч-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ