Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01389

 

“Нэткапитал финанс корпораци

ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 978 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК,

Хариуцагч :  А.Энхтайван,

Хариуцагч : Ж.Гармаа,

Хариуцагч : М.Ундрах,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийт 47.347.730 төгрөг гаргуулах, барьцааны  хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахтухай иргэний хэргийг

Хариуцагч А.Энхтайваны гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Энхтайван нь 2015.02.06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай 20 дугаар байр 37 тоот хаягт байрлах,өөрийн өмчлөлийн  2 өрөө байр, Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Бурхантын 11 дүгээр гудамжны 10а тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 30 сая төгрөгийг 3,5 хувийн хүүтэй,6 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь эхний 3 сар төлбөрийг  графикийн дагуу төлж, 3 дахь сарын хүүг дутуу төлснөөс хойш хугацаа хэтэрсэн. Энэ үеэс хойш байнгын холбоотой байж, зээл төлөх талаар хэлж байсан. 2015.8.12-ны өдөр 300.000 төгрөгийн хүү, 2015.8.19-ний өдөр 427.000 төгрөгийн хүү тус тус төлсөн ч  үндсэн зээлээсээ төлөлт хийгээгүй 212 хоног болж байна. Иймд үндсэн зээл 30 сая төгрөг,хүү 14.878.730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.455.000 төгрөг, нотариатын төлбөр 14.000 төгрөг нийт 47.347.730 төгрөгийг хариуцагч А.Энхтайван, Ж.Гармаа, М.Ундрах нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс  хангуулах нэхэмжлэл гаргаж  байна гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэткапитал финанс корпораци ББСБ”ХХК-аас 30 сая төгрөгийг өөрийн өмчлөлийн 2 байрыг барьцаалж зээлсэн.  Зээлээ хэтрүүлсэн тохиолдолд банк бус санхүүгийн байгууллага хугацаа сунгах талаар харилцан тохирсон байдаг. Гэтэл үндсэн хүүнээс гадна нэмэгдүүлсэн хүү тооцож байгааг зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад нотариатын зардлыг нэмж байгааг зөвшөөрөхгүй байна. Нэт капитал финанс корпораци ББСБ нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг  төлөх боломжгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн, 6 сарын хугацаанд улс орны эдийн засгийн хямрал надад нөлөөлж, төлбөрийн чадваргүй болсон. Түүнчлэн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацааны хүү тооцож байгаа нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр  978 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан А.Энхтайван, Ж.Гармаа, М.Ундрах нараас нийт 47.347.730  төгрөг гаргуулж, Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Бурхантын 11- 10а тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэлээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай 20 дугаар байр 37 тоотод байрлах 28,95 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороололд байрлах, 181 мкв талбайтай газраас үүргийн  гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,нэхэмжлэгчээс төлсөн нийт 497.144  төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 102.455 төгрөгийг Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-д буцаан олгож, А.Энхтайван, Ж.Гармаа, М.Ундрахнараа улсын тэмдэгтийн хураамжид 394.689 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаар магадлал гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 978 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч А.Энхтайван хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зээл авахдаа эхний 3 сарын хүүг бүрэн төлж байсан. Зээлээ хэтрүүлсэн тохиолдолд байгууллага хугацаа сунгах талаар харилцан тохиролцсон. Гэтэл үндсэн хүүнээс гадна нэмэгдүүлсэн хүү тооцож байгааг зөвшөөрөхгүй.Шүүх бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтанд бодитой дүгнэлт хийгээгүйгээс Иргэний хуулийн453.1-г буруу тайлбарлаж хэрэглэж, нэмэгдүүлсэн хүү 2.455.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн надаас үл шалгаалах нөхцөл байдлын улмаас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсэн байхад энэ  хугацаанд нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлсэн болохыг анхаарч үзнэ үү. Иймд нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

“Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж А.Энхтайван, Ж.Гармаа, М.Ундрах нараас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 30 сая төгрөг, хүү 14.878.730  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.455.000 төгрөг нийт 47.333.730 төгрөгийг нотариатын зардал 14.000 төгрөгийн хамт бүгд 47.347.730 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны эд хөрөнгөөр хангуулахыг хүссэн байна. /хх 1, 120/ Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ./хх 36, 131/

Анхан шатны шүүх хариуцагч нараас 47.347.730 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, барьцааны зарим хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна./хх 141- 145, 163-167/        

Шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Хариуцагч нар нь 30 сая төгрөгийг 30 хоногт 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх тухай 102200640 дугаартай зээлийн гэрээг 2015 оны 02 сарын 06-ны өдөр /хх 4/ байгуулж, Ж.Гармаа, А.Энхтайван нарын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай 20 дугаар байр 37 тоот орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, Бурхантын 11-ийн 10а тоотод байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх 5-6/        

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дууссан боловч  хариуцагч нар зээлийн төлбөрт 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд  нийт 2.634.000 төгрөг төлсөн байна.

 “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК нь А.Энхтайван, Ж.Гармаа, М.Ундрах нараас үндсэн зээл 30 сая төгрөг, хүү 14.878.730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.455.000 төгрөг нийт 47.333.730 төгрөгийг нотариатын зардал 14.000 төгрөгийн хамт бүгд 47.347.730 төгрөг  шаарджээ.

 2. “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК нь А.Энхтайван, Ж.Гармаа, М.Ундрах нартай зээлийн гэрээ байгуулж, 30 сая төгрөг зээлүүлэх, хариуцагч нар уг мөнгийг 30 хоногт 3,50 % зээлэх талаар тохиролцсон болох нь тогтоогдсон байна.  

Мөнгө зээлэх гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд заасан журмын дагуу байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д  зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ. 

3. Үндсэн зээлийн талаар :

а/. Нэхэмжлэгч 30 сая төгрөгийн зээл олгохдоо 300.000 төгрөг суутган авсан нь хууль бус байна. /хх 38/

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.15-д “...зээл олгосны шимтгэлд 300.000 төгрөг...” төлөхөөр заасан нь зээлдэгч зээлээгүй мөнгийг хүүгийн хамт буцааж төлөх тохиролцоо байх бөгөөд энэ нь гэрээнд заасан мөнгийг бүрэн хэмжээгээр шилжүүлэхийг шаардах зээлдэгчийн эрхийг хязгаарласан заалт байна.

Нэхэмжлэгч зээл олгохдоо шимтгэлийн талаарх заалтыг зөвхөн энэ удаагийн гэрээнд оруулсан гэдгийг нотлоогүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.15  дахь заалт нь  гэрээний нэг тал нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөл гэж үзнэ. Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч 30 сая төгрөгийн бус, харин 29.700.000 төгрөгийн зээл олгосон гэж үзнэ. 

б/. Хариуцагч нар 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 892.500 төгрөг, 2015 оны 4 дугаар сарын 03-ны өдөр 1.015.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 300.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 19-ний 427.000 төгрөг нийт 2.634.500 төгрөг гэрээний үүрэгт төлөгдсөн байна. 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т "үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлнө" гэж заасан учир 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төлсөн 727.000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй. Тодруулбал, зээлдэгч  нар  зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 300.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 19-ний 427.000 төгрөг төлсөн тул  2.634.500 төгрөгөөс 1.907.000 төгрөгийг хүүд тооцож, үлдэх 727.500 төгрөгийг үндсэн зээлээс хасах нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд нийцнэ.

Иймд хариуцагч 29.700.000 төгрөгийн үндсэн зээлээс 28.972.500 төгрөг төлөөгүй үлдсэн гэж дүгнэв.  

4.  Зээлийн хүүгийн талаар :

Нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 06, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус бүр 14.850.000 төгрөг нийт 29.700.000 төгрөг зээлдэгчид шилжүүлжээ. Хариуцагч нар 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 6 сарын хугацаатай зээлсэн 29.700.000 төгрөгт  30 хоногт 3,50  хувь буюу 1.039.500 төгрөгийн, өдөрт 34.650  төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна. /хх 6/

 Үүнээс үзвэл хариуцагч нь зээлийн хүүд нийт 14.228.000 төгрөг төлөхөөр байна. 

5. Нэмэгдүүлсэн хүүгийн талаар :    

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-н заалтаас үзвэл нэмэгдүүлсэн хүүг гаргуулахад энэ талаар гэрээнд заасан байхаас гадна зээлийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний байх ёстой байна. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.4-т нэмэгдүүлсэн хүү төлөх тухай заалт оруулахдаа хэмжээг нь сарын 0,8 хувь гэсэн нь  үндсэн хүүгийн 20% хэтэрсэн байх тул нэмэгдүүлсэн хүүг 0.7% бодов. Нэмэгдүүлсэн хүү нийт 2.515.034 төгрөг төлнө.

6. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. 

 7. Нотариатын зардлын талаар :

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас нотариатын зардалд 14.000 төгрөг шаардаж, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх боловч уг баримтаар нотариатын үйлчилгээг нэхэмжлэгч авч төлбөр төлсөн нь тогтоогдохгүй байх тул энэ шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ. /хх 2/

Дээр дурдсан үндэслэлээр  зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 28.972.500  төгрөг, хүү 14.228.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.515.034 төгрөг нийт 45.715.534 төгрөг хариуцагч нар төлөх үүрэгтэй байна.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2–т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ : 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаар магадлалын 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 978 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан А.Энхтайван, Ж.Гармаа, М.Ундрах нараас нийт 45.715.534 төгрөг гаргуулж “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1.632.196 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 3 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн нийт 497.144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 386.527 төгрөг гаргуулан “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-д олгосугай...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч А.Энхтайван хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 54.230 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР                                         

                                        ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ