Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0053

 

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0053

Улаанбаатар хот

 

 

 

“ДТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Р, түүний өмгөөлөгч Т.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 851 дүгээр шийдвэртэй, “ДТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.С, Ц.Ц нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 851 дүгээр шийдвэрийн нэг дэх заалтаар Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.1.6, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ДТ” ХХК-ийн гаргасан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.С, Ц.Ц нарын 350017419 тоот актаар 73,200.0 мянган төгрөгийн зөрчилд 7,320.0 мянган төгрөгийн нөхөн татвар тавьсан нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

хоёр дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Манай компаний үйлдэл биш, холбогдолгүй асуудлыг манай зөрчил гэж үзэж байгаа акт нь хуулийн  үндэслэлгүй, зөв тогтоогоогүй. Үүнд: “Ш” ХХК-ийн хууль бус үйлдэл болох НӨАТ-ын  падааны баримтын асуудлыг манай компанийн зөрчил гэж үзээд байна. Манай компани нь бодит байдал дээр барилгын матариал худалдан авч үйл ажиллагаандаа зарцуулсан билээ.

“Ш” ХХК өгсөн НӨАТатварын падаан нь татварын албанаас олгосон дахин давтагдахгүй дугаартай /өөрсдөө авсан/ падаан байсан. Мөн  нягтлан бодох бүртгэлийн  анхан шатны баримт болох кассын орлогын дэвтэр, бараа материалын зарлагын падаан, гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажсан байсан. НӨАТатварын падаан нь манай компаний үйлдэл биш хуулийн этгээд болох “Ш” ХХК-ийнх билээ.  Нөгөөтэйгүүр “Ш” ХХК-ийг гуравдагч этгээд болгон хэрэгт татах ёстой гэж үзэж байна.

“Ш” ХХК нь эрүүгийн гэмт хэрэгт буюу татварын хууль тогтоомжыг хэрхэн зөрчсөн эсэх талаар мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа гэсэн. Ийм атал анхан шатны шүүх нь ЗХШХШТ хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргээ захиргааны хэргийн шүүх биелүүлээгүй гзж үзэж байна. Өөрөөр хэлбэл Мөрдөн байцаах газарт “Ш” ХХК НӨАТ падааны талаархи үйлдэл нь гэмт хэрэг мөн эсэхийг шалгаагүй.

Татварын албаны гаргасан тогтоол, Анхан шатны шүүхийн шийдвэр зэрэг нь “Ш” ХХК-ийг шалгаж мэдүүлэг нотлох баримт аваагүй зөвхөн мөрдөн байцаагчын бичгийг үндэслэн акт тогтоосон. Энэхүү акт нь санхүүгийн нотлох баримтын хүрээнд үнэлэгдээгүй байна.

Иймд   анхан   шатны   шүүхийн   шийдвэрийг   хүчингүй   болгож,   дахин шийдвэрлүүлэх боломжоор хангаж өгнө үү?” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хуулийг зөв хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгч “ДТ” ХХК нь “Ш” ХХК-аас 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 73.200.000 төгрөгийн “бараа материал” худалдан авсан гэж нэмэгдсэн өртгийн албан татварын 0011835313 тоот падаанд тэмдэглэж, уг падааныг үндэслэн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон байх боловч ямар бараа материалыг ямар хэмжээтэйгээр худалдан авсан нь тодорхойгүй, анхан шатны баримт гэж ирүүлсэн падаанд “бараа материал” гэж, зарлагын ордерт “барилгын материал” гэж бүхэлд нь тусгасан, уг бараа материалыг худалдан авч, өөрийн явуулдаг ямар төрлийн үйлдвэрлэл үйлчилгээнд хэрхэн зарцуулсан талаарх нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлж, түүнийг үндэслэн журнал, бүртгэлд бүртгээгүй байх тул Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001 он) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “анхан шатны баримт” гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 7.4-д “Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж тус тус заасны дагуу бүрдүүлсэн баримт гэж үзэхээргүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд ... дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1. үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж, 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж тус тус заасны дагуу худалдан авч үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээндээ зарцуулсан нь нягтлан бодох бүртгэлийн баримт, бүртгэлд тусгагдаагүй бараа материалын нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасч тооцсоныг зөрчил гэж үзэж, нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлсэн татварын улсын байцаагчийн актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь татварын албаны сайтад шивэгдсэн тул хуурамч гэж үзэхгүй, бид худалдагчийн өгсөн баримтыг л хүлээн авсан бидний буруу биш. Падаан тараасан “Ш” компаний буруу. Мөрдөн байцаалтад шалгагдаж байхад гэмт хэрэг мөн эсэхийг шүүх шалгаагүй, тэр компанийг гуравдагч этгээдээр татаагүй” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан боловч “Ш” ХХК-ийн захирал нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бусдад ашиглуулах зорилгоор бөөнд нь зарсан үйлдэлдээ эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн баримтаар нотлогдоогүй татварыг төсөвт төлөх татвараас хасч тооцсоныг зөвтгөх, өөрөөр хэлбэл татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “Эдийн засгийн ил тод байдлын хуулиар тайлагнасан учраас нөхөн татварыг энэ хуульд хамруулан чөлөөлж өгнө үү” гэжээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, ... тайланг шинээр гаргаж ... сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө.” гэж заажээ.

Хариуцагч татварын улсын байцаагчийн актаар нэхэмжлэгч компанийг нэмэгдсэн өртгийн албан татварын  тайлангаар дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд тусгагдсан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тайлагнасныг зөрчил гэж үзсэн тул дээрх хуулийн “нуун дарагдуулсан бол” гэдэгт хамаарахгүй.

Түүнчлэн актаар тогтоосон торгууль, алдангийг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу чөлөөлсөн, харин уг хуульд нөхөн татварыг өршөөх талаар заагаагүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд “нөхөн татварыг өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Харин нэхэмжлэгч нь шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа 39116 мянган төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн байхад анхан шатны шүүх шийдвэртээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: 7.1.2.эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг;” гэж заасны дагуу дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 851 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн хоёр дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээр дутуу төлсөн 31084 төгрөгийг нөхөн төлүүлсүгэй.” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ДТ” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                    ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

                                    ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ