Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 6

 

                                   

 

 

 

 

 

 

 

Н.Түмэнбаярт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                          Ц.Батбямба

шүүгдэгчийн өмгөөлөгч                Ц.Раашзэвэг

шүүгдэгч                                            Н.Түмэнбаяр

Хохирогч                                           Л.Чимгээ 

Нарийн бичгийн дарга                 Б.Байгалмаа  нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гомдлоор Н.Түмэнбаярт холбогдох эрүүгийн 201519000520 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн 1975 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймагт- төрсөн, 41 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, Идун ХХК-нд тогооч, угаагч ажилтай, Говьсүмбэр аймгийн 2 дугаар баг Ханангийн 16 тоотод 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чоносон овогтой Ням-Очирын Түмэнбаяр, /РД:ЕЙ75011701/.

 

Шүүгдэгч Н.Түмэнбаяр нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны шөнийн 23 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Дөлгөөн гэх газар хатуу хучилттай зам дээр өөрийн эзэмшлийн Ниссан Террано маркийн 17-86 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хохирогч Л.Чимгээгийн өмчлөлийн 3 үхэр мөргөж зам тээврийн осол гарган 2.300.000 төгрөгний хохирол учруулж, жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны 115 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Чоносон овгийн Ням-Очирын Түмэнбаярыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Түмэнбаярыг 3 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах  ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Н.Түмэнбаярт  оногдуулсан 3 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж,

-  Ялтан Н.Түмэнбаярыг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 03 сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Н.Түмэнбаярын нэр хөрөнгөнөөс 1.000.000 төгрөгийг гаргаж хохирогч Л.Чимгээд олгож,  хохирогчийн нэхэмжлэлээс 1 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн Н.Түмэнбаярын №441988 дугаарын В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Н.Түмэнбаярт буцаан олгож,

-  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн кирлоны хүрээ 1 ширхэг, 2 ширхэг нэмэлт гэрэл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц устгаж,

- Эрүүгийн байцаан шийтгэх 17-86 УНЗ улсын дугаартай Ниссан Террано маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Н.Түмэнбаярт буцаан олгож,

             - Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Н.Түмэнбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах гомдолдоо: “... 1. Н.Түмэнбаяр нь мөрдөн байцаалтын ба шүүх хуралдаан дээр 3 үхэр дайраагүй нэг улаан бяруу замын баруун гар талаас гэнэт гарч замын урдуур хөндлөн явж шүргүүлсэн бөгөөд тэр бяруу ямар ч гэмтэлгүй шууд зүүн гар тийшээ зам хөндлөн гарсан өөр надад дайруулсан шүргүүлсэн үхэр байхгүй тул цагдаад мэдэгдэх ямар ч шаардлага гараагүй болно. Харин миний машины баруун талын керланы хүрээ нь унаж подпорны гэрэл шил хагарсан байсан өөр ямар ч гэмтэл гараагүй хэрэв 3 үхэр дайрсан бол миний машины урд талын керлан төдийгүй их хэмжээний гэмтэл гаргах ба онхолдох байсан гэж тогтвортой мэдүүлдэг юм.

  1. Н.Түмэнбаяр миний машины баруун талын гэрэл масслаад байсан тул бяруу шүргэсэн газраас 200 орчим метр газар зогсоод гэрлээ оролдож цаг шахам болоод хөдөлсөн энэ хооронд төв зам тул хойш урагшаа машин тасралтгүй явж байсан гэж удаа дараа мэдүүлснээс үзвэл тэр 3 үхрийг Н.Түмэнбаяр биш том оврын машин дайрсан байх нь 3 үхэрт учирсан гэмтэл хэргийн газраас олдсон ямар маркийн машиных болох нь тодорхойгүй нэмэгдэл 2 гэрэл нотолно. Мөрдөн байцаалтын шатанд уг хоёр нэмэгдэл гэрлийг ямар машиных болохыг тогтоолгох талаар хүсэлт тавьсан боловч мөрдөн байцаагч, прокурор нар миний хүсэлтийг хангаагүй юм. Миний хүсэлтийг хангасан бол миний үйлчлүүлэгч Н.Түмэнбаяр нь энэ хэрэгт холбогдолгүй болох байсан. Н.Түмэнбаяр миний машинд ийм нэмэгдэл гэрэл байхгүй үүнийг надад энэ машиныг худалдсан хүн гэрчилнэ гэж хэлсээр байтал үүнийг шалгаж тогтоолгүйгээр тэр хоёр нэмэгдэл гэрлийг Н.Түмэнбаярын машиных гэж хийсвэр дүгнэлт хийснээс Н.Түмэнбаяр хилсээр шийтгүүлэхэд хүрчээ.

 

  1. Энэ хэрэгт гол нотолгоо болгосон тэр Төрмөнх түүний эхнэр Ариунцэцэг нар шүүх хуралдаан дээр гэрчээр оролцлоо. Гэрч Төрмөнх хавтас хэрэгт авагдсан Төрмөнхийг байцаасан гэрчийн мэдүүлгийг үзүүлж гарын үсгийг нь лавлахад миний гарын үсэг биш би гэрчээр огт асуугдаагүй гэсэн ба гэрч Ариунцэцэг шүүх хурал дээр мөрдөн байцаагч үдшийн цагаар манай гэрт ирж мэдүүлэг авсан гэж мэдүүллээ. Бичгийн баримт шинжлэхэд Ариунцэцэгийг түүний гэрт биш Сант сургуулийн хашаанд авсан гэж бичигдсэнийг Ариунцэцэгээс лавлахад Ариунцэцэг тэнд болон гэртээ 2 удаа байцаалт өгсөн мэтээр будилж ЭБШ хуулийн 84 дүгээр зүйлийн заалт ноцтой зөрчигдсөн нь тогтоогдсон юм. Хавтас хэрэгт Ариунцэцэгээс байцаалт авсан мэдүүлэг хоёр биш ганц байгаа болно. Ариунцэцэг тэр хэрэг учрал болох өдөр ширүүн бороотой үзэгдэх орчин хязгаарлалттай байсан гэсэн атлаа зам дээр олон тооны үхэр орилолдоод байсан ба нөхрөө бууж үзээгүй уг үхрийн аль тал нь гэмтэж гэдэс нь цуурсныг мэдээгүй гэх зэргээр эргэлзээтэй тогтворгүй мэдүүлэг шүүх хурал дээр өгснийг нотлох баримт гэж үзэх боломжгүй билээ. Ер нь хохирогчдыг талд өгсөн буюу шүүх хурал дээр мөн тийм байдлаар мэдүүлэг өгөхөөр санаархаж байгаа нь түүний мэдэн будилж байгаагаас ойлгогдож байсан юм. Улсын яллагч Ц.Батбямба яллах дүгнэлтэндээ гол нотолгоо болгосон Төрмөнхийн мэдүүлгийг ялын шүүмжлэл явуулахдаа нотлох баримтаас хаслаа. Түмэнжаргалын мэдүүлгийг ч хасаж байгаагаас нь дүгнэлт хийхэд Н.Түмэнбаяр Чимгээгийн 3 үхрийг дайрч ослын газраас зориуд санаатай зугтаасан гэж ял халдаах баримт нотолгоогүй болсон юм.

 

  1. Чимгээгийн 3 үхрийн нэг нь газар дээрээ үхэж, нэгнийх нь зүүн талын гэдэснийх нь хоёр хэсэг газар гэмтэж нэг бярууных нь зүүн талын хөл нь хугарсан улмаар 3уулаа үхсэн гэж хохирогч Л.Чимгээ мэдүүлжээ. Тэгвэл газар дээрээ үхсэн гэх үнээ нь зүүн талдаа биш баруун талдаа гэмтэл авсан нөгөө хоёр үхэр нь улаан биш хар алаг зүстэй бөгөөд энэ үнээ, бяруу  хоёрыг үхсэн талаар мал эмнэлэгийн магадлагаа болон уг хоёр үхрийн сэг зэм, түүнийг авсан гэрэл зураг зэрэг нотлох баримт байхгүй тул Чимгээд хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.

 

  1. Замын хөдөлгөөний дүрмийн 23.7 суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг уг үхрийн эзэн Батчулуун, Чимгээ нар ноцтой зөрчсөнөөс эд нарын 3 тооны үхэр зам хөндлөн гарах үедээ ямар нэг машинд дайрагдан гэмтэл авсан нь үнэн боловч уг 3 үхрийг Н.Түмэнбаяр дайрч хохирол учруулсан гэж үзэх нотолгоо хавтас хэрэгт байхгүй байна. Шинжээч П.Маргад уг машинд үзлэг хийхэд миний бие байсан тэгэхэд тэр хоёр нэмэгдэл гэрэл энэ машиных гэж нотлох ямар ч зүйл илрээгүй уг машинд байсан нэмэгдэл гэрлийн суурийн нэг тал нь тэнд уг гэрэл байсан байх ямар ч шинж тэмдэггүй нөгөө нэг талынхан суурь никель тул гялгар өнгөтэй байсан юм. Энэ 2 гэрэл зургаас ойлгогдоно. Маргад дүгнэлтэндээ ямар машиныг болохыг нь нотлож чадаагүй атлаа уг хоёр суурин дээр шинэхэн мөр байсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийснийг нь энэ машинд одоо ч үзлэг хийсэн ч яг энэ байдал нотлогдоно. Миний үйлчлүүлэгч Түмэнбаяр уг машиныг худалдан авсан хүнээс ийм нэмэгдэл гэрэлтэй байсан эсэхийг гэрчээр асууж тодруулах талаар мөрдөн байцаагчид удаа дараа хэлсэн боловч түүнийг нь хангаагүй уг хоёр нэмэгдэл гэрэл нь чухам ямар машиных болохыг техникийн шинжээчээр дүгнэлт гаргах хүсэлтийг миний бие мөрдөн байцаагч прокурор нарт удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй гэтэл шүүх үүнийг гол нотолгоо болгож Н.Түмэнбаярт ял халдаасныг зөвшөөрөх боломжгүй, үхсэн гэх үхэр нь зүүн талдаа биш баруун талдаа гэмтэл авсан бөгөөд замын баруун гар талд үхсэнээс үзвэл зүүнээсээ баруун тийшээ зам хөндлөн гарах үедээ машинд дайрагдсан нь тов тодорхой байхад хойноос урагшаа явж байсан Н.Түмэнбаярын машинд дайрагдсан гэж шүүх ял халдаасан нь үнэхээр хилс ташаа дүгнэлт болох нь хэргээс хангалттай ойлгогдоно. Хэргийн газраас олдсон Н.Түмэнбаярын машины урд талын дохио гэрлийн суурины хагархайд Түмэнбаяр  улаан бяруу шүргэгдсэн гэж мэдүүлгээс үзвэл тэр үс нь бярууны үс байх нь илүү үндэстэй юм. Тэгэхээс биш тэр үхсэн үхрийн үс гэж нотолсон нотолгоо хэрэгт байхгүй. Мөн улаан үс наалдсан болохоос биш цус мэт зүйл байгаагүй нь одоо  үзэхэд харагдана.  Ер нь энэ хавтас хэрэгт Н.Түмэнбаяр тэр үхсэн гэх үхрийг дайрсан гэх ямар ч нотолгоо байхгүй байтал шүүх хангалттай нотлогдсон гэж дүгнэлт хийснийг гайхаж байна. Гэрч Ариунцэцэг замд явж байхад миний өмнө баруун талын гэрэл нь асаж унтарсан машин явж байсан гэсэн мэдүүлгээр тэр гурван үхрийг миний үйлчлүүлэгч Н.Түмэнбаяр дайрч гэмтээсэн гэж ял халдаах боломжгүй юм. Н.Түмэнбаяр цаг шахам зогсоод хөдлөхийн хооронд хойш урагшаа явсан машинд уг үхрүүд дайрагдсан байх нь Ариунцэцэг зам дээр гурван үхэр дайрагдаж нэг нь үхсэн ба хоёр нь гэмтсэн байсан тэнд зам дээр нэмэгдэл хоёр гэрэл үхрүүд орилолдоод мөөрөлдөөд байсан гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Үхсэн гэх үхэр нь баруун талдаа гэмтэл авсан нь өмнөөсөө хойшоо явж байгаа машинд дайрагдсан байх нь илүү магадлалтай байна.

 

  1. Түмэнбаяраас Чимгээд 1,000,000 төгрөг гаргуулж олгохоор заасан нь үндэсгүй юм. Автын байцаагч дүгнэлт гаргахдаа Н.Түмэнбаяр Чимгээ хоёрын хэн аль нь ч гэм буруутай гэсэн дүгнэлт хэрэгт бий. Н.Түмэнбаяр Чимгээ тэр үхсэн үхрийг дайрсан нь нотлогдсон байлаа гэж үзэхэд уг үхрийн хохирлыг ганцхан Н.Түмэнбаяраас гаргуулах ёсгүй билээ. Шүүхийн энэ шийтгэх тогтоолд Н.Түмэнбаярын шүүх хуралд 2015 оны 08 дугаар сарын 12-ны өглөө... явсан гэж мэдүүлэг өгснөөр бичигдсэн ташаа болжээ. Н.Түмэнбаярын машины эвдрэлийн хохирлыг Чимгээгээс гаргуулахаар заагаагүй нь учир дутагдалтай байна. Иймд Н.Түмэнбаярыг нэг бяруу зам хөндлөн гарч шүргүүлээд өнгөрсний төлөө ослын газраас зугтаасан гэж үзэх боломжгүй нь миний дээр дурьдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн 115 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ЭБШ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар Н.Түмэнбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Прокуророос: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Түмэнбаярыг яллах дүгнэлтэнд дурдсан гэмт хэргийг үйлдсэн болохыг хавтас хэргийн материалуудаар хангалттай нотлогддог. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангасан байна.

Шүүгдэгч Н.Түмэнбаяр нь 2015 оны 8 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Дөлгөөн гэх газар хатуу хучилттай зам дээр өөрийн эзэмшлийн Ниссан Террано маркийн 17-86 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.Тээврийн хэрэгслийн хурд гэсэн хэсгийн 9.2-д “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж  зам тээврийн осол гарган, зам хөдлөн гарч явсан иргэн  Л.Чимгээгийн 3 тооны үхэрийг мөргөж  улаан халзан үнээ үхсэн, хар халзан бярууны зүүн хөл нь хугарсан, хар халзан үнээний  зүүн талын гэдэс цоорч, зүүн хойд хөл хугарч  гэмтсэн зэргээр 2 300 000 төгрөгийн хохирол учруулсан;

-Мөн тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 в “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, зам тээврийн осол хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд  Н.Түмэнбаяр 2015.08.31-ний өдөр сэжигтэнээр байцаагдахдаа “...бид нар Довын гуанз өгсөн явтал өөдөөс хурц гэрэл тусаад машин зөрсөн тэр үед баруун гар  талаас улаан шар зүсмийн бяруу гэнэт гарч ирээд би тэр үхрийг мөргөсөн. Тэгээд би бууж харсан нэг үхэр мөргөгдсөн байсан би тэр газар 10 минут орчим зогсоод цаашаа хөдөлсөн.” /хх-60-61/гэж ,

-2015.09.22-ны өдөр сэжигтнээр дахин байцаагдахдаа “...Би цулгаа улаан шар зүсмийн бяруу мөргөсөн” гэж /хх-62/

-2015.10.20-ны өдөр яллагдагчаар байцаагдахдаа ”...Намайг машинаа бариад явж байхад миний баруун гар талаас  улаан шар зүсмийн бяруу гэрэлд орж ирээд миний машинд шүргүүлсэн...Би нэг л үхэр дайрсан..” гэж /хх-64/ тэрээр үхэр “дайрсан, мөргөгдсөн, шүргүүлсэн” гэх зэргээр хэрэг болсон нөхцөл байдлуудын талаар тогтворгүй мэдүүлэг өгсөн байх ба улаан халзан зүсмийн үнээ баруун талын хэвлийн хэсгээр цоорсон гэмтэлтэй үхсэн байдал, хар халзан зүсмийн үнээ зүүн талын гэдэс цоорсон, хөл зүүн хойд хөл хугарч гэмтсэн, бөөр алаг бяруу зүүн хөл нь хугарч гэмтсэн байдлыг гэрч Д.Ариунцэцэг, гэрч Э.Болдмандах нарын мэдүүлэг, фото зураг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Ниссан Террано маркийн 17-86 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж үзэхэд зам тээврийн осол шүүгдэгч Н.Түмэнбаярын гэм буруутай үйлдэлтэй шууд холбоотой болох нь тогтоогдож байна. 

Харин хохирол төлбөрийн хувьд Төв аймгийн Зуунмод сумын 2-р багийн  засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №253 дугаартай албан бичигт “...2014 оны жилийн эцсийн мал тооллогоор тоологдсон үхэр сүргээс 2015 оны 8 дугаар сарын 12-нд 3 үхэр дайруулж хорогдсон “ гэснээс өөр баримт хэрэгт авагдаагүй /хх-159/ байх бөгөөд хохирогчоос 2 үхэр /хар халзан зүсмийн үнээ, алаг бяруу/  үхсэн талаархи нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул шүүхээс 2 тооны үхрийн төлбөрийг хасаж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

  Түүнчлэн Н.Түмэнбаярын гэм буруутай үйлдлийн улмаас энэхүү гэмт хэрэг гарсан тул түүний машинд учирсан хохиролыг хохирогч Л.Чимгээ хариуцах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн “...Н.Түмэнбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэсэн давж  заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар шийтгэх  тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн давж заалдах “...Н.Түмэнбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                             Г.БОЛОРМАА

                                                                                   Т.ЭНХМАА