Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 238

 

Н.Түмэнбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Д.Ганзориг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг,

Шүүгдэгч Н.Түмэнбаяр

Нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар магадлалтай 201519000520 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй, Чоносон овогт Ням-Очирын Түмэнбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан “Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй зугтаах” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Түмэнбаярыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 15 хоног баривчлах ялаар шийтгэж, Н.Түмэнбаярын нэр хөрөнгөнөөс 1.000.000 төгрөгийг гаргаж хохирогч Л.Чимгээд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 1.300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Н.Түмэнбаярыг Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр хэсгийн 9.2-т заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.в-д зааснаар зам тээврийн осол гаргасан талаараа мэдэгдээгүй гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.1, 319.1.2, 319.1.3 дахь заалтуудыг ноцтой зөрчжээ. Н.Түмэнбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтыг зөрчсөн эсэхийг автын шинжээч дүгнэлт гаргаагүй байхад давж заалдах шатны шүүхийн шүүгчид ийм дүгнэлт гаргасанд хэт нэг талыг барьсан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Н.Түмэнбаяр нь улаан шар бяруу гэнэт гарч ирж шүргэгдсэн, тэгэхээс биш 3 тооны үхрүүд дайрагдаагүй гэдгээ мөрдөн байцаалт болон шүүх хуралдаануудад тодорхой мэдүүлдэг. Дайрагдаж үхсэн үхэр нь өмнөөсөө хойш явж байсан машинд дайрагдсан нь тов тодорхой байхад хойноос урагш явж байсан, Н.Түмэнбаяр дайрсан, мөн хар алаг зүсмийн 2 тооны үхрийг дайрч гэмтэл учруулаад ослын газраас зугтаасан гэж ял халдаасныг зөвтгөөд байгаа нь Н.Түмэнбаярыг хилсдүүллээ гэж үзэж байна. Гэрч Төрмөнх хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгөөгүй бөгөөд тухайн мэдүүлэгт зурагдсан гарын үсэг минийх биш би ганц ч удаа мэдүүлэг өгөөгүй гэж мэдүүлсэн тул улсын яллагч нотлох баримтаас хассан. Мөн гэрч Ариунцэцэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 1 удаа мэдүүлэг өгсөн гэж хэлэхэд нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийг шинжлэн судлахад мөн л будилж хоёр удаа мэдүүлэг өгсөн гэдэг. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлд заасан гэрчийн мэдүүлгийн шаардлагыг хангаагүй болно. Хэргийн газраас олдсон гэх машины гэрлийг Н.Түмэнбаярын машиных мөн болох нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа машинд байгаа нэмэгдэл гэрлийн сууриас үзэхэд нэмэгдэл гэрэлтэй байсан байж болохоор мэдүүлэг өгсөн нь ойлгомжгүй байна. Харин Н.Түмэнбаяр бяруу шүргэсний дараа машины нэг талын гэрэл гэмтсэн тул бяруу шүргэсэн газраас 500 метр яваад зогсож цаг шахам оролдож байхыг харсан гэх Ариунцэцэг, шинжээч Маргад нарын мэдүүлгээр ял халдаасан шийтгэх тогтоол, магадлал нь үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож Н.Түмэнбаярыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар цагаатгаж өгнө үү” гэжээ.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй байна. Хэргийн зүйлчлэл тохирсон тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагааг хянан үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Н.Түмэнбаяр нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 2300 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Дөлгөөн гэх газар хатуу хучилттай зам дээр өөрийн эзэмшлийн “Ниссан Террано” маркийн 1786 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад иргэн Л.Чимгээгийн өмчлөлийн 3 үхэр мөргөж зам тээврийн осол гарган 2.300.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5.в хэсэг дэх “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчсөн нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Чимгээ, гэрч Ц.Ариунцэцэг, шинжээч П.Маргадын 81 болон 00000094 тоот техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамаарах бөгөөд хохирол шаарддаггүй, харин тухайн ослын улмаас учирсан хохирол, үр дагавар нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа тохиолдолд уг зүйлийн аль тохирох хэсэгт зааснаар давхар зүйлчлэн хохирлыг гаргуулан шийдвэрлэх учиртай.

Гэтэл шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт үл хамаарах эд хөрөнгийн хохирлын асуудлыг шүүх хэлэлцэн, иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Зам тээврийн ослын газрыг орхин зугтаасан гэмт хэрэгтэй шууд шалтгаант холбоотой бус, харин түүнээс өмнө бий болсон осолд хамааралтай нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлэсэн нь буруу байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзнэ.  

Иймд анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ГАНЗОРИГ

                            ШҮҮГЧ                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН