Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01716

 

 

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01716

 

И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2021/02600 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.З , Л.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28 006 722 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.З , Л.О нар нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ2/02/190613/186 дугаар зээлийн гэрээгээр И ББСБ ХХК-аас 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлдэгч нар нь зээл болон хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн дагуу 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлж дуусгах үүрэгтэй байсан. Гэвч зээлдэгч нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээл болон хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацаанд төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн.

Л.З , Л.О нар нь үндсэн зээлийн төлбөр 14 954 133 төгрөг, хүү 5 616 197 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 024 059 төгрөг нийт 21 594 133 төгрөгийг И ББСБ ХХК-д төлөхөөр байна.

И ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэг, зээлийн гэрээний 3.3.1-д заасны дагуу Л.З , Л.О нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2 966 900 төгрөгөөр, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3 445 433 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Л.З , Л.О нараас 28 006 722 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр И ББСБ ХХК-аас хариуцагч нар нь 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэхийг хичээн ажилласан боловч манай улсын улс төр, эдийн засгийн тогтворгүй гэнэтийн байдлаас шалтгаалан санхүүгийн хүндрэл гарч үүргийн гүйцэтгэл зогссон.

15 000 000 төгрөгийг зээлсэн талаар маргахгүй. Тооцож буй хүү, нэмэгдүүлсэн хүү нь хэт өндөр дүнтэй байна. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Тухайн үед нэхэмжлэгч байгууллагаас зээлдэгч нарт мэдэгдэж холбогдсон зүйл байхгүй.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдүүлэгч нь зээлийн гэрээнд заасан шаардах эрхээ огт хэрэгжүүлээгүй. 2020 оны 10 дугаар сард хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож шүүхэд хандсан. Шүүхэд хандсаны дараа нэмэгдүүлсэн байна. Шүүхэд хандсанаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах боломжгүй, талууд маргаантай байгаа гэж үзэж байна.

Гэтэл шүүхэд маргаантай байгаа тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож зээлдэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 13 сар 15 хоногийн дараа нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Зээлдүүлэгч тал фидуцийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой байсан. 2020 оны эхний хагаст автомашин бүрэн бүтэн байсан. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч тал эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй байна. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцож, багасгах нь зүйтэй.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.1.6-д заасан шаардах үүргээ биелүүлээгүй. Зээлийн үлдэгдэл, хүү тооцооллыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэт ихэсгэсэн дүн гэж үзэж байна. Зээлдэгч нарт нэг удаа ч гэсэн албан бичгээр шаардсан зүйл байхгүй. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.З , Л.О нараас 27 281 092 /хорин долоон сая хоёр зуун наян нэгэн мянга ерэн хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 726 630 /долоон зуун хорин зургаан мянга зургаан зуун гуч/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 983 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 294 355 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан тул цуцлагдсанаас хойшх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн үед 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль үйлчилж байсан ба тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2-т "...хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ нь зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэх ёсгүй" гэж зааснаас үзвэл 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ЗГ-2/02/190613/186 дугаартай зээлийн гэрээний хавсралт №1-д заасан зээл төлөх графикт зээл 15 000 000 төгрөг, үндсэн хүү нь 1 788 546 төгрөг, нийт зээлийн гэрээний хугацаанд 16 788 546 төгрөгийг төлнө гэж заасан.

Тухайн үед үйлчилж байсан буюу 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хүү нь зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүү болох 1 788 546 төгрөгөөс хэтэрч болохгүй байна.

Гэтэл нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт шаардаж байгаа нийт хүү нь 10 959 808 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 2 092 781 төгрөг, нийт 13 052 589 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Зээлийн гэрээний үндсэн хүү нь 1 788 546 төгрөг тул хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн нь үндсэн хүүнээс хэтэрч болохгүй тул нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Л.З , Л.О нар нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ-2/02/190613/186 дугаартай зээлийн гэрээгээр "И ББСБ" ХХК-аас 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй зээлж авсан ба зээл болон хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу 2019 оны 7 сарын 15-ны өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж дуусгах үүрэгтэй байсан.

Гэхдээ "И ББСБ" ХХК нь бидэнд зээлийн гэрээ байгуулагдсанаас өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч удаа зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардаж байгаагүй. Зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн зээлдэгч нь хуваарийн дагуу зээлийн төлөлтөө хийгээгүй байхад "И ББСБ" ХХК нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.6-д заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байж зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлснээс хойш 13 сар 15 хоног, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 8 сар 15 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгч нарын хариуцлагын хэмжээ нэмэгдэх үндэслэл болсон байна.

Зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зааснаар зээлээ хугацаанд нь огт төлөөгүй байхад "И ББСБ" ХХК нь зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.2-т зааснаар гэрээг цуцлаагүй, 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар үүргээ биелүүлэхийг зээлдэгч нараас шаардаагүй. Хэрэв ноцтой зөрчил бий болсон үед буюу 1 жилийн өмнө гэрээг нэг талын санаачилагаар цуцалсан бол зээлдэгч нарын эрх зүйн байдал дээрдэх байсан.

Ийнхүү "И ББСБ" ХХК нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгч нарын хариуцлагын хэмжээ нэмэгдсэн байх тул зээлдэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшх хугацааны хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хэсэгт "эрх"-ээ шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцох нь зүйтэй байна.

Зээлийн гэрээний 4.1.1, 4.1.6, 7.3.2-т зээлдэгч үүргээ биелүүлэхгүй бол үүргээ биелүүлэхийг шаардах, гэрээг цуцлах эрхүүдийг "И ББСБ" ХХК-д олгосоор байтал энэхүү эрхээ үнэнч шударгаар хэрэгжүүлээгүй, зээлдэгчид энэ талаар мэдэгдээгүй байж гэнэт үндэслэлгүйгээр их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй.

"И ББСБ" ХХК нь хууль болон гэрээгээр өөрт оногдсон эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэмэгдүүлсэн 6 412 333 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Л.З , Л.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 006 722 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

И ББСБ ХХК, Л.З , Л.О нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ЗГ-2/02/190613/186 тоот зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч И ББСБ ХХК нь зээлдэгч Л.З , Л.О нарт 15 000 000 төгрөгийг, сарын 3,2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон, энэ талаар талууд маргаагүй. /хх10-12 дахь тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон, зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Л.З , Л.О нар зээлийн гэрээний 3.2.1-д зааснаар зээлийг хуваарийн дагуу эргэн төлөх үүргээ 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс зөрчсөн, хариуцагч нар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн төлбөрт зээл 45 866 төгрөг, хүү 1 954 133 төгрөг, нийт 2 000 000 төгрөг төлсөнд зохигчид маргаагүй.

 

Харин Л.З , Л.О нар зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай байна.

 

Иймд нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Л.З , Л.О нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Зохигчдын байгуулсан гэрээнд хэтэрсэн хугацааны хүү тооцох арга журмыг тодорхой бус тусгасан байх нь энэ талаар тохиролцоогүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Тухайлбал талууд гэрээний 2.3-т зээлдэгч энэхүү гэрээний 2.1.4-д заасан хугацаанд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцогдсон хэвээр байна гэж тохиролцсон байна.

 

Гэрээний хүүний талаарх дээрх тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж зааснаар тайлбарлавал талууд хугацаа хэтэрсэн хүүгийн талаар тохиролцсон гэж дүгнэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүх хугацаа хэтэрсэн хүү, түүнтэй холбоотой нэмэгдүүлсэн хүүг тооцож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Иймээс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлгүй гэх хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч Л.З , Л.О нараас үндсэн зээл 14 788 546 төгрөг, зээлийн хүү 10 411 136 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 082 227 төгрөг, нийт 27 281 092 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХХ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 726 630 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

И ББСБ ХХК, Л.З нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ФГ-2/02/19613/186 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулагдсан бөгөөд 74-77 УБЗ улсын дугаартай Хаммер Эйч2 /Hummer H2/ маркийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон боловч нэхэмжлэгч фидуцийн гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй болно.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасантай нийцсэн хөөн хэлэлцэх хугацааны дотор байх тул зээлийн гэрээ цуцлагдсан, эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлээгүй гэх хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2021/02600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 548 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ