Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01816

 

 

 

 

 

 

 

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/02693 дугаар шийдвэртэй “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Бт холбогдох гэрээний үүрэгт 12,094,143 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цалингийн зээлийн гэрээг “К” ХХК-тай байгуулж, уг гэрээгээр 11,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч А.Б нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 2,365,024 төгрөг, хүү 1,797,438 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,589 төгрөг, нийт 4,169,051 төгрөг төлсөн.

А.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ 2019 оны 11 сараас хойш зөрчиж, үндсэн зээл 8,634,976 төгрөг, зээлийн хүү 3,225,181 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 233,986 төгрөг, нийт 12,094,143 төгрөгийн өртэй байна. Энэ талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж мэдэгдэл хүргүүлж байсан. Ковид-19 цар тахалын улмаас үйл ажиллагаа нь зогссон гэдгийг нотолсон баримт байхгүй, зээлдэгч нь цахимаар хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд зээлийн хугацааг хойшлуулдаг. Хариуцагчаас зээлийг хойшлуулах хүсэлт ирээгүй гэжээ.

Иймд 2018 оны 12 сарын 14-ний өдөр 3019-2018/401 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,094,143 төгрөг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б би “К” ХХК-аас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан бөгөөд эгчтэйгээ хамтран ажил хийж байсан. Ковид-19 цар тахалын улмаас 2019 оны 11 дүгээр сараас үйл ажиллагаа доголдож бараа материалын гачигдалд орж хөрөнгө оруулсан салбар хаагдсаны улмаас зээлээ эргэн төлөх боломжгүй болсон.

Миний эрүүл мэндийн байдал хүнд, ажилгүй байгаа учраас үндсэн зээл 11,000,000 төгрөгөөс төлсөн 4,169,051 төгрөгийг хасч 6,830,949 төгрөгийг хуваарьт оруулж төлөх боломжтой. Тухайн банкинд удаа дараа хүсэлт тавьсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Гэр бүлийн хүн элэгний өвчтэй, би бас өвчтэй, ажилгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж үндсэн зээл төлөх боломж олгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан зохигч талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 сарын 24-ний өдрийн 3018-2018/238 тоот цалингийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч А.Баас цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,094,143 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,656 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.Баас 278,656 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “К” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч А.Б нь нэхэмжлэгч “К” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цалингийн зээлийн болон хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, “Хэруб” ХХК-ийн тогтмол цалингийн 2 жилийн орлого болох 22,680,000 төгрөгийн цалинг барьцаалж, 11,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр авсан.

Хариуцагч А.Б нь зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчид нийт 4,169,051 төгрөгийг төлсөн бөгөөд тэрээ тогтмол цалингийн орлого барьцаалж “Хэруб” ХХК- д ажиллаж байх үедээ уг зээлийг авснаас хойш “Хэруб” ХХК-ийн ашиг, орлого 2019 оны 11 дүгээр сараас доголдсон тул зээлийн эргэн төлөлт алдагдаж эхэлсэн.

Хариуцагч А.Б нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “Добу кредит” ХХК-д барьцаанд байсан Митцубиши Делика маркийн 45-91 УНЗ улсын дугаартай авто машины зээлийг чөлөөлж барьцаалсан ба “Добу кредит” ХХК-иас “К” ХХК-ийн нэр дээр тус автомашиныг шилжүүлэн өгсөн. А.Бын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Митцубиши Делика маркийн 45-91 УНЗ улсын дугаартай автомашинтай холбоотой нотлох баримтыг Авто тээврийн үндэсний төв болон нэхэмжлэгчээс албадан гаргуулах хүсэлтийг гаргасан боловч хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа болно.

Нэхэмжлэгч “К” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Митцубиши Делика маркийн 4591 УНЗ улсын дугаартай авто машиныг эзэмшилдээ шилжүүлэн авсан атлаа дахин шүүхийн шийдвэрээр 12,094,143 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч А.Бын зүгээс “К” ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184\Ш32021\12105 дугаар захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч А.Баас цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,094,143 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч “К” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн Митцубиши Делика маркийн 4591 УНЗ улсын дугаартай авто машиныг буцаан шилжүүлэх санаа зорилгогүй байгаа ба өөрөөр хэлбэл үндэслэлгүйгээр дахин хөрөнгөжих санаа зорилготой байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч А.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,094,143 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь үндсэн зээлд 6,634,976 төгрөг төлөхийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргажээ.

 

“К” ХХК нь А.Бтай 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 11,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх8-11/

 

Талууд мөн өдөр хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, А.Б нь “Херуб” ХХК-ийн 2 жилийн 22,680,000 төгрөгийн цалин хөлсийг барьцаалжээ. /хх12-13/

 

Анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн ба мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд гэрээндээ тухайлан тохиролцсон байна. /хх8-10/

 

Хариуцагч А.Б зээлийн гэрээний хавсралт 1-д тохиролцсон зээлийг хуваарийн дагуу эргэн төлөх үүргээ 2019 оны 11 дүгээр сараас эхлэн зөрчсөн, зээлийн төлбөрт зээл 2,365,024 төгрөг, хүү 1,797,438 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,589 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

“К” ХХК нь А.Бт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хэсэгчлэн төлөх үүргийн хугацаа хэтэрсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, талаар мэдэгдэл өгч байсан талаар талууд маргаагүй, зээлдүүлэгч нь гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан урьдчилан сануулах үүргээ гүйцэтгэсэн гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 8,634,976 төгрөг, зээлийн хүү 3,225,181 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 233,986 төгрөг, нийт 12,094,143 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч А.Б нь нэхэмжлэгч “К” ХХК-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/Ш32021/12105 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзахдаа талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний зүйл нь “Хэруб” ХХК-аас А.Бт олгох цалин хөлс байх бөгөөд автомашин нь барьцааны гэрээний зүйл болоогүй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг зөв тайлбарлажээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэрэгт 45-91 УНЗ улсын дугаартай Митцубиши Делика маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтаар авагдсан байх бөгөөд өмчлөгчийн хэсэгт “К” ХХК гэж бүртгэгдсэн байна. Уг автомашины өмчлөл, эзэмшилтэй холбоотой нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/02693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА