Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/00049

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/02247 дугаар шийдвэртэй,

Б.Ээгийн нэхэмжлэлтэй Убзам нгт холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 7,355,808 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ээг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ээг миний бие 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс Улаанбаатар төмөр замын Сайншанд өртөөний гэрээт техникчээр, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Хүний нөөцийн менежерээр, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хүний нөөцийн мэргэжилтнээр тус тус ажиллаж байгаад 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан.

Миний хувьд байгууллагын даргын хууль дүрэм, журам зөрчсөн үйлдэлтэй эвлэрч чадахгүй гэдгийг үнэнээр нь хэлдэг байсан. Би хууль эрх зүйн хүрээнд, нгээс мөрдөгдөж буй дүрэм, журмыг чанд мөрдөж ажилласаар ирсэн. 2020 оны 11 дүгээр сарын үр дүнгийн шагналт цалингаа үндэслэлгүйгээр тэглүүлсэнд гомдолтой байсан учир байгууллагын хурлын үеэр үнэнийг хэлсэн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсонд гомдолтой байна. Тухайн үед миний хэлсэн үгийг мушгин гуйвуулж, С.Бан дарга захиргааны бусад ажилтнуудад тэдний ажлын цагаар ажлын байранд архидан согтуурсныг цагдаад очиж матсан мэтээр буруу ойлгуулж миний нэр хүндийг унагаасан.

Миний хувьд байгууллагын дарга С.Баны бэлгийн дарамтад удаа дараа өртөж байсан ба тухайн үед хүний нөөцийг хариуцсан мэргэжилтэн, хүний нөөцийн албаны дарга нарт удаа дараа хэлж байсан. Намайг ажилд орсон өдрөөс хойш С.Бан дарга шөнө орой шалтгаангүйгээр дуудах, гарын үсэг зуруулах гээд өрөөнд нь орохоор би чамд санал тавиад байгаа шүү гээд чихэн дээр амьсгаадах, энд тэндээс барьж авдаг байсан. Энэ байдал дахин давтагдаж байсан тул удирдах газарт 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлын байрны бэлгийн дарамт үзүүлээд байна, ажлын байрны дүрэм, журмыг зөрчсөн асуудал хэрээс хэтэрлээ ирж шалгаж өгнө үү гэсэн гомдол гаргасан.

Ажилчдын гомдлыг программаар У.Лн даргад явуулсан. Ингээд 2021 оны 05 дугаар сарын 20-28-ны өдрүүдэд хамтарсан шалгалт ирж, хурлын дундуур намайг дуудаж 11 хурлын тэмдэглэл яагаад дутуу байгааг асуухад нь “шаардлага тавьж нэхдэг, гаргахгүй болохоор нь даргад хэлдэг, мөн зарын дагуу ажилд авах ёстой боловч манай байгууллага дүрэм журмаа зөрчөөд өнгө, мөнгө хараад хүмүүс ажилд авдаг, миний хувьд сонгон шалгаруулалт шударга бус хийгддэг, үнэн зөв хийгддэггүйтэй холбоотой” байгууллагын даргатай зөрчилдөн энд зогсож байгаагаа хэлсэн.

Ингээд энэ хурлаар намайг ажлаас халж, тушаал гаргасан юм. Би тушаал гарч халагдаад сууж байхад Н.Баттуяа над руу ярьж “Б.Ээгээ тайван байгаарай, битгий тэнэг юм хийгээрэй, чамайг хохироосон байна, чи н.Батжаргалтай солигдчих, хүсэлтээ бичээд зургийг нь дараад явуулчих” гэж хэлсэн. Би “хурлын шийдвэр гарчихсан” гэж хэлэхэд “зүгээрээ бичээд өгчих” гэж хэлсэн.

Намайг шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгааг дарга нар мэдээд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдээллийн техникчээр туршилтын 3 сарын хугацаатайгаар авч ажиллуулах тухай Замын даргын тушаал гаргасан байсан. Уг нь энэ тушаалыг Замын дарга биш салбар нэгжийн дарга гаргах ёстой албан тушаал юм.

Н.Баттуяа инженер н.Батжаргал гэх хүнийг миний ажлын байранд оруулж ажиллуулсан. Надад өмнө нь ч н.Батжаргалтай солигдчих гэж хэлж байсан. Намайг түр хугацаанд ажилд авсан нэртэй аргацааж байгаад хөөн хэлэлцэх хугацааг дуусгачих үүднээс түр тушаал гаргасан. Иймд Сайншанд өртөөний хүний нөөцийн мэргэжилтний ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан 72 хоногийн хугацааны олговорт 7,355,808 төгрөг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн төлүүлж, бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Б.Ээг нь тус нгийн Сайншанд өртөөний хүний нөөцийн менежерээр 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд тус өртөөний орон тоо, албан тушаалын жагсаалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан хүний нөөцийн мэргэжилтнээр 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс томилогдсон.

Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нгийн замын 1 дүгээр орлогч даргын төлөвлөгөөт бус хамтарсан шалгалтын удирдамж 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гарч, удирдамжийн хүрээнд Сайншанд өртөөний үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилт, хүний нөөцийн бодлого, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, нийт ажилтнуудын сахилга, ёс зүйн байдал, өртөөний санхүү орлого бүрдүүлэх, ачаа тээврийн үйл ажиллагааг шалгасан. Сайншанд өртөөнд хэд хэдэн асуудал хөндөгдсөн, тайланд тусгагдсан байгаа.

Б.Ээг удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, сэлгүүцдэг, хэл ам хийж маргаан шуугиан хийдэг гэсэн асуудал хөндөгдсөн ба нийт 10 дуу хураагуурт хураагдсан бичлэгээс 2 нь сахилгын шийтгэл оногдуулах хугацаанд хамаарч байгаа тул Сиди-д үзлэг хийлгэсэн.

Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд багтаж байгаа тул ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний 5.3.7, 5.3.14-т зааснаар цуцалсан. Б.Ээг нь ажилд орсноосоо хойш ажлынхаа удирдлагын удирдах удирдуулах, захирах захирагдах зарчимд баригдаж ажиллаагүй. Байгууллагын даргатайгаа байнга хэрүүл маргаан хийж, хэл амаар доромжилдог талаар хурлын тайланд дурдсан байна.

Б.Ээг “цаашид тасралтгүй ажиллах хүсэлтэй байна” гэх хүсэлтээ хүний нөөцөд тавьсан тул ажилд томилсон тушаал гарсан. Нэхэмжлэгч нь одоо албан ёсоор Сайншанд татах хэсгийн мэдээллийн техникчээр ажиллаж байна.

Албан ёсоор тушаал гарсан боловч ажилдаа очихгүй байгаа тул цалин гараагүй. Иймд ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх эрхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ээгийг Сайншанд өртөөний хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нг Улаанбаатар төмөр замаас 5,699,652 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ээгт олгож, үлдэх 1,656,456 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ээгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нг Улаанбаатар төмөр замд үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нг Улаанбаатар төмөр замаас 106,140 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сайншанд өртөөний дарга С.Бан, хүний нөөцийн менежер Б.Ээг нарын хооронд С.Баны өрөөнд маргалдсан бичлэгийн агуулгаас үзвэл уг маргаан нь С.Баны өрөөнд болж байгаа нь нотлогдож байх бөгөөд Б.Ээгийн зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.3.7-д заасан "... хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, ажилтнуудыг үл хүндэтгэх..." гэсэн зөрчлийг гаргаж байгаа нь уг баримтаар нотлогдож байхад шүүхээс "... зөрчлийг гаргасан гэх үндэслэлгүй..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дуу хураагуурт бичигдсэн бичлэгээс үзвэл С.Бан, Б.Ээг нар хувийн асуудал бус тухайн өртөөний хүний нөөц сонгон шалгаруулалттай холбоотой асуудал яригдаж, уг асуудлыг хэлэлцэхэд Сайншанд өртөөний орлогч дарга н.Сэлэнгэ байгаа нь нотлогдох бөгөөд С.Бан болон н.Сэлэнгэ нарыг үл хүндэтгэх, хэл амаар доромжлох зэрэг Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргаж байгаа нь нотлогдож байхад хувийн таарамжгүй харьцаанаас үүдсэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасныг зөрчсөн байна.

Хөдөлмөрийн гэрээний 5.3.7, 5.3.14-т ажлын байранд хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, ажилтнуудыг үл хүндэтгэх гэсэн зөрчил гаргавал ноцтой зөрчил гэж үзэхээр заасан байхад шүүхээс хувийн харьцааны улмаас ажлын байр дээр маргаан үүсгэвэл зөрчил гэж үзэхээргүйгээр дүгнэсэн нь гэрээний холбогдох заалтыг буруу тайлбарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...тус баримт нь хуульд заасан аргаар нотлох баримтыг цуглуулсан гэж үзэж шүүхээс үнэлэх боломжгүй байна” гэсэн байна. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Хэргийн нотлох баримт нь...дууны бичлэг... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт нь нотолгооны хэрэгслээр баталгаажсан, хуульд заасан хэлбэрт нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг баримтыг үгүйсгэсэн болон няцаасан тодорхой баримт гаргаж өгөөгүй, мөн шүүхээс хуульд заасан ямар журмыг зөрчиж гаргасан талаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй зэрэг нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасныг зөрчсөн байна.

Нгийн дүрмийн 24-д "... Замын даргын эзгүйд 1-р орлогч дарга нь түүний үүргийг бүрэн хариуцаж биелүүлнэ" гэж заасан байхад шүүх эрх шилжүүлсэн баримтгүй гэж дүгнэсэн, тус дүрмийн 22.а/-д "тушаал шийдвэр гаргах", 22.3/-д "ажилчин, албан хаагчдыг ажилд авах ба халах" гэж замын даргын эрхэд заасан бөгөөд мөн дүрмийн 24-д "... Замын даргын эзгүйд 1-р орлогч дарга нь түүний үүргийг бүрэн хариуцаж биелүүлнэ" гэж тодорхой заасан байхад "... тус дүрмээр Замын орлогч даргад эрх олгогдоогүй тул ... тушаал хуульд нийцээгүй байна" гэж шүүх дүгнэсэн нь хууль зөрчсөн байна.

Тус дүрмийн 22.ж/-д "нгийн нэрийн өмнөөс итгэмжлэх олгох" эрхийг Замын даргад олгосон бөгөөд Замын дарга эзгүй тул мөн дүрмийн 24-д "... Замын даргын эзгүйд замын 1-р орлогч дарга нь түүний үүргийг бүрэн хариуцаж биелүүлнэ" гэж заасны дагуу тус нгийн 1 дүгээр орлогч дарга хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Билгүүн болон Б.Баттуяа нарыг томилсон.

Байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд нь итгэмжлэл олгосон бол тухайн итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож тайлбар, нотлох баримт гарган шүүх хуралдаанд хууль бус итгэмжлэлийн үндсэн дээр оролцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаад тооцогдоно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлын талаар гаргасан тайлбарын агуулга: Гомдлыг зөвшөөрөхгүй. Удирдлагадаа удирдуулах зарчмыг зөрчсөн байна гэдэг боловч хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.7, 5.3.14-т ийм үг, өгүүлбэр байхгүй. Дуу бичлэгийг хэзээ, хэн, хэдэн цагт хийсэн, ажлын цагаар уу, ажлын бус цагаар уу гэдэг тодорхой бус учраас шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Ажил хэргийн маргаан гарсан байхад хэрүүл маргаан хийсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй. Б.Ээг нь тэр хүний бэлгийн дарамтад ороогүй, ажиллахад хэцүү байсан тул шаардлага тавьсны төлөө захирагдах эрхэд ороогүй гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан нь үндэслэлгүй.

Улаанбаатар төмөр замын нгийн дүрмийн 22-т замын дарга тушаал гаргах, ажилтан албан хаагчдыг ажилд авах, халах эрхтэй гэсэн байдаг. Мөн дүрмийн 22.ж-д нгийн нэрийн өмнөөс итгэмжлэл олгох эрхийг замын даргад олгосон байгаа. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нгийг хариуцагчаар татсан. Хэрэгт авагдсан Улаанбаатар төмөр зам нгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр замын дарга н.Жигжиднямаа гэж байдаг. Дүрмийн дагуу нэгдүгээр орлогч дарга хийх ёстой гэдэг тайлбар үндэслэлгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу итгэмжлэл авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Хариуцагч талаас хуулийн дагуу баримтаа гаргаж өгөх ёстой байтал гаргаж өгөөгүй атлаа хэргийг дахин шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

3.1 Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэв. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

3.1.а. Нэхэмжлэгч Б.Ээг нь хариуцагч Убзам нгт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 72 хоногийн олговорт 7,355,808 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Ээг нь Убзам нгийн Сайншанд өртөөд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хүний нөөцийн мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, Монгол Оросын хувь нийлүүлсэн нг Улаанбаатар төмөр замын даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/ll/53 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “и” заалт, УБТЗ ХНН-ийн хөдөлмөрийн дотоод журмын 13.3, 14.2.7, 14.2.13, хөдөлмөрийн гэрээний 5.3.7, 5.3.14, Дотоод аудит хяналт шалгалтын албаны ТБ-81/01/14 тоот шалгалтын тайлан, Замын 1 дүгээр орлогч дарга И.В.Милостныхын удирдан хийсэн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийг тус тус баримтлан Б.Ээгийг Дотоод аудит, хяналт шалгалтын албаны шалгалтаар ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, удаа дараа ажлын байранд танхайрч, хэрүүл маргаан үүсгэж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан зэрэг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх18/

 

Хөдөлмөрийн гэрээний харилцааг гэрээнд заасан хугацаанаас өмнө ажил олгогч өөрийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг ажилтан гаргасан гэж тодорхойлсон бол ажилтны гаргасан уг зөрчлийг тогтоох ажиллагааг явуулсан байх учиртай.

 

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын нэгдүгээр орлогч даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн удирдамжийн дагуу явагдсан Сайншанд өртөөнд хийсэн төлөвлөгөөт бус хамтарсан шалгалтын тайлангийн дүгнэлтэд “С.Бан, Б.Ээг нар хоорондоо удаа дараа хүндэтгэлгүй харилцаж, хэрүүл маргаан үүсгэж байсан нь утасны бичлэгээр нотлогдож байна” гэж бичигдсэнээс өөрөөр нэхэмжлэгч Б.Ээгийн зөрчил гаргасан гэх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт байхгүй байна.  

 

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх тайлбараа нотлохоор С.Баны утасны бичлэгийг Сиди-д буулгаж, уг Сиди-д бичигдсэн 2 бичлэгт шүүхийн журмаар үзлэг хийлгэжээ. /хх96-98/ Бичлэгийн агуулгаас үзэхэд уг бичлэг нь албан ёсоор хийгдсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар уг бичлэгээр илэрсэн мэдээллийг хуульд заасан арга хэрэгслээр олж авсан гэж үзэхгүй тул нотлох баримт болохгүй юм.

 

Бусдын дуу дүрсийг эрх зөрчиж, зөвшөөрөлгүй хийгдсэн бичлэгт бичигдсэн С.Баярсайхан, Б.Ээг нарын хоорондын маргааныг үндэслэн Б.Ээгийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

 

Иймд ажилтан Б.Ээгийг хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон сахилгын ноцтой зөрчил гаргасан нь нотлогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

3.1.б. Хариуцагч талын гаргасан эрх шилжүүлсэн тушаал шийдвэр гаргах талаар нгийн дүрэмд заагаагүй, дарга эзгүй тохиолдолд уг эрхийг даргын 1 дүгээр орлогчид шууд хэрэгжүүлэхээр 1968 онд батлагдсан тус нгийн дүрэмд тодорхой заасан байхад шүүх “эрх шилжүүлсэн баримтгүй” гэж дүгнэсэн нь буруу гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Тус нгийн дүрмийн 24-т “Замын орлогч дарга нь замын даргаас өөрийн хариуцсан үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь туслах ба нгийн ерөнхий хорооноос тогтоосон эрхийн дотор ажлаа явуулна. Замын даргын эзгүйд замын I-р орлогч дарга нь түүний үүргийг бүрэн хариуцаж биелүүлнэ.” гэж заасан тохиолдолд замын даргаас тухайлан эрхийн акт гаргаж эрх үүргээ шилжүүлэх шаардлагагүй болно. Иймд хариуцагч байгууллагын 1-р орлогч даргыг тус нгийн дүрмийн 22-т заасан замын даргын эрхийг хэрэгжүүлж 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/II/53 тоот тушаалыг гаргах эрхтэй гэж дүгнэх юм.

 

 Энэхүү магадлалын хүрээнд шийдвэрийн уг дүгнэлтийг залруулан дүгнэв. Гэвч энэхүү гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах боломжгүй юм. Учир нь тушаал гаргах эрх олгогдсон албан тушаалтан сахилгын ноцтой зөрчлөөр ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд гаргасан гэх уг зөрчлийг нотлох үүрэгтэй юм.

 

 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор буюу Б.Ээгт 5,699,352 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/02247 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,144 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА