| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2021/01204/И |
| Дугаар | 210/МА2022/00172 |
| Огноо | 2022-01-26 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2022/00172
Б.Млын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/02445 дугаар шийдвэртэй,
Б.Млын нэхэмжлэлтэй, Р.Ннд холбогдох,
109,389,989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
хөрөнгө оруулж, ашиг хувааг гэрээний дагуу өгсөн төлбөр 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Мл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батболд, хариуцагч Р.Нн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа оролцов.
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: 1.1. Би Р.Надминцэдэнтэй олон жилийн өмнөөс найз нөхдийн холбоотой байсан бөгөөд бие биедээ шаардлага гарсан үед мөнгө төгрөг өгч, авалцдаг байсан. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл миний зүгээс Р.Ннгийн данс руу нийт 136,481,989 төгрөг шилжүүлсэн. Харин Р.Нн миний данс руу нийт 27,092,000 төгрөг хийсэн. Тиймээс би үлдэгдэл авлага болох 109,389,989 төгрөгөө шаардах эрхтэй гэж үзэн нэхэмжлэл гаргаж байгаа болно. Р.Ннд бэлнээр өгсөн мөнгөнүүд энэхүү тооцоонд ороогүй байгаа.
Хамгийн сүүлд Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 141 тоот тогтоолоор Б.Млд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд Р.Ннгээс 109,389,989 төгрөг гаргуулж өгнө үү.
1.2. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Р.Нн нь банкнаас зээл авах нөхцөл шаардлага хангасан орлоготой гэдгээ нотлох зорилгоор Хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээн дээр гуйж гарын үсэг зуруулж авсан. Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээ нь бодитой биш, дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Энэхүү гэрээний дагуу Р.Ннгийн зүгээс Б.Млд нэг ч төгрөг өгөөгүй гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: 2.1. Нэхэмжлэгчийн гаргасан 109.389.989 төгрөг гаргуулах шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй бөгөөд Б.Млаас мөнгө зээлсэн зүйл байхгүй болно. Р.Нн нь хариуцагч бус хохирогч бөгөөд энэ асуудлаар эрүүгийн журмаар гомдол гаргасан боловч иргэн хоорондын маргаан байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Б.Млын нэхэмжилсэн төлбөр нь үндэслэлгүй буюу талууд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээ” байгуулж, Р.Нн хөрөнгө оруулалт оруулж, харин Б.Мл нь Р.Ннд ямар нэгэн байдлаар мөнгө зээлж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Б.Мл нь надад санал тавьснаар бид 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээ” байгуулж, тус гэрээний дагуу Б.Млд миний бие мөнгө зээлж байсан. Гэрээний 1.3-т заасны дагуу 40,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаанд Б.Млд өгч 10,000,000 төгрөг тутамд хоногийн 40,000 төгрөг байхаар тохиролцсон. Б.Млын дээрх үйлдэлтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргахад 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 141 дугаар тогтоолоор Д.Надмидцэдэнгээс нийт 110,000,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэх асуудал нь залилах гэмт хэргийн шинжгүй иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлбэл зохих маргаан байх тул хяналтын прокуророос яллагдагч Б.Млд холбогдох зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээж, иргэн Д.Надмидцэдэнгээс гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээний дагуу өгсөн төлбөр 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Ннгээс 19,069,995 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Млд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 90,319,994 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Млд холбогдуулан Хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээний дагуу 40,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Р.Ннгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Млын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 704,900 төгрөг, хариуцагч Р.Ннгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага төлсөн 357,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Ннгээс улсын тэмдэгтийн хураамжид 253.299 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Млд олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд хийгдсэн гүйлгээний агуулгад юу гэж бичигдсэн эсэхээс хамаараад мөнгө зээлсэн, зээлсэн гэж үзэх боломжгүй гэж хоёр хувааж үзсэнд гомдолтой байна. Хариуцагч нь Б.Млаас мөнгө зээлээгүй, хөрөнгө оруулах гэрээний дагуу мөнгөө буцааж авч байсан гэж мэдүүлдэг боловч энэ талаараа нотлох баримт гаргаж өгөөгүй. Тиймээс зээлсэн гэж үзэх боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон 35,431,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт тооцож хариуцагч талаас гаргуулах үндэслэлтэй болно.
4.2. Мөн анхан шатны шүүх Р.Ннгийн буцаан төлсөн төлбөр болох 22,497,000 төгрөгийг нийт зээлсэн 136,481,989 төгрөгөөс хасч тооцох ёстой байтал үлдэгдэл авлага болох 109,389,989 төгрөгөөс хасч тооцсон нь үндэслэлгүй. Иймд хариуцагчаас зээлийн төлбөрт нэмж 57,928,000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
4.3. Хариуцагчийн давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэжээ.
5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга: 5.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Р.Ннгийн зүгээс Б.Мл бид хоёрын хооронд ямар харилцаа үүссэн эсэхийг тогтоолгохын тулд и-мэйлд үзлэг хийлгэсэн боловч шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Энэ үзлэгийн баримтаас Б.Мл, Р.Нн хоёрын хооронд ямар нэгэн зээлийн харилцаа байгаагүй, харин хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээний дагуу ажиллаж байсан, Б.Мл нь Р.Ннд 40,000,000 төгрөгийн өглөгтэй болох нь харагдана.
5.2. Шүүх талуудын хоорондын маргааныг зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх талуудын хооронд хүүгүйгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэхдээ Р.Ннгийн данснаас Б.Млын данс руу орсон, мөн Б.Млын шүүх хуралдаанд гаргасан төлбөр төлөлтийн хуваарь зэргийг анхаараагүй. Р.Ннгийн данс руу “Наяа” гэж орсон гүйлгээ болгоныг зээлийн төлбөр гэж үзэх боломжгүй бөгөөд хэрвээ талуудын хооронд зээлийн харилцаа байсан бол зээл гэж шилжүүлсэн зээлийн гэрээ байгуулах бүрэн боломжтой байсныг анхаарч үзээгүй. Харин талууд хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээ байгуулж, түүний дагуу Р.Нн нь төлбөрт шилжүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаас харагдана. Нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэж зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Р.Ннгийн хувьд Б.Млд холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэний маргаан байна гэж үзсэн учраас иргэний журмаар асуудлаа шийдвэрлүүлж байгаа. Мөн Р.Ннгийн эрх ашиг зөрчигдсөн бөгөөд түүний энэ эрхийг хэрхэн сэргээх талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.
5.3. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудыг хариуцагчийн зүгээс бүх баримтыг гаргаж өгсөн боловч үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү.
5.4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй ямар нэгэн зээлийн харилцаанд орж зээлийн төлбөрийг төлөөгүй зээлийн гэрээг зөрчсөн зүйл огт байхгүй. Талуудын дансны тооцоог харахад хэрвээ зээлсэн гэж үзэж байгаа бол Р.Ннгийн зүгээс нийт 109,144,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мл руу шилжүүлсэн баримт байгааг анхан шатны шүүх харгалзан үзээгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргасан гомдол бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй, хэрэглэх ёстой хуулийн хэрэглээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэх үндэслэлд хамаарч байна.
3. Нэхэмжлэгч Б.Мл хариуцагч Р.Ннд холбогдуулан гэрээний үүрэгт 109,389,989 төрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөрөнгө оруулж ашиг хуваах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
4.а Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хүртэлх хугацаанд шилжүүлсэн 109,389,989 төгрөгийг хариуцагчаас шаардахдаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэх агуулгаар тайлбарлажээ.
Шүүхээс талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ уг мөнгөн хөрөнгийн зориулалт, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийх тохиолдолд талуудын хоорондын эрх зүйн харилцааны агуулгыг тодруулах шаардлагатай.
4.б Нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө зээл гэсэн агуулгаар тодорхойлж байгаа тохиолдолд талуудын хооронд мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэх нөхцөлийн талаар хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн гэх нөхцөл байдлыг гэрээний тал нотлох үүрэгтэй. Талуудын хүсэл зориг нэгдэж, зөвшилцсөнөөр гэрээ байгуулагдсан гэж үзэх учиртай. Харин бусдын мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авснаар гэрээний бус үүргийн харилцаа үүссэн бол уг үүргийг шаардах эрх, түүнийг үгүйсгэх нөхцөл байдал байгаа эсэхийг дүгнэх учиртай.
Дээрх байдлаар талуудын хооронд гэрээний болон эсхүл гэрээний бус үүргийг тодорхойлсноор тэдгээрт хамаарах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөх боломжтой болно.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талуудын маргааны үйл баримтын талаар шүүх нотлох баримтад үндэслэн дүгнэлт өгөх, улмаар шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болно.
5. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/02445 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 447,590 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 453,300 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
Э.ЗОЛЗАЯА