Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0144

 

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0144

Улаанбаатар хот

 

 

 

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, түүний өмгөөлөгч П.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 867 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О-ын гаргасан давж заалдах гомдлоор, Ш.Б-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч З.Д, тус газрын Бүрдүүлэлтийн албаны дарга Н.У нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 867 дугаар шийдвэрээр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч З.Д, Бүрдүүлэлтийн албаны дарга Н.У нарын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн Ш.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О давж заалдах гомдолдоо: “...Ш.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 867 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, шийдвэрийн үндэслэл нь маргааны бодит нөхцөл байдлаас зөрүүтэй дүгнэлт хийгдлээ гэж үзэж, давж заалдах гомдол байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар маргаж буй үйл баримтад бодит байдалд нийцсэн үнэн зөв дүгнэлт хийгдснээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болох бөгөөд 867 дугаартай шийдвэрийн үндэслэлээс үзэхэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэн зөвийг тогтоох, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөгдөж байгаа эсэх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим, захиргааны үйл ажиллагааны зөрүүтэй үйл баримт, нотлох баримт зэргийг анхаарч үзсэнгүй, түүнд дүгнэлт хийсэнгүй.

Шийдвэрийн үндэслэл хэсэгт “... автомашиныг 87.03 ангилалд хамаарагдах суудлын авто машин гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна” гэж үзсэн нь Конвенцийн Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрэм хэсэгт “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн Жагсаалтын дагуу барааг ангилахад дараахь зарчмыг баримтална” гээд “хэсэг бүлэг болон дэд бүлгийн гарчиг нь барааг ангилахад зөвхөн анхан шатны лавлагаа баримжаа болно” Хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбараар тодорхойлогдохын зэрэгцээ эдгээр зүйл болон тайлбарт өөрөөр заагаагүй бол дор дурьдах дүрмийн заалтыг баримтална гэж, мөн хэсэгт 2 /b/ дүрмийг хэрэглэх буюу бусад шалтгаанаар тухайн бараа, бүтээгдэхүүн нь 2 буюу түүнээс дээш зүйл ангиар ангилагдаж болох тохиолдолд дараах байдлаар ангилна” гээд “Тухайн барааны шинжийг ерөнхийд нь тодорхойлж заасан зүйл ангийг эрхэмлэнэ” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

Мөн захиргааны шийдвэр болон шүүхийн шийдвэр аль аль нь бодит амьдралд хэрэгжих боломжтой, зорилгодоо нийцсэн байх байтал “Kia Retona” маркийн автомашиныг “суудлын автомашин” гэж үээж хүн тээвэрлэх боломжгүй, энэ ч нөхцөл байдлынхаа улмаас суудлын автомашин гэсэн онцгой албан татвар төлөгдөж байгаагүй.

Хэрэв онцгой албан татвар төлөгдөж байсан бол гаалийн байгууллагаас түүнийг нотлож баримт өгөх үүрэгтэй байсан.

Миний өмнө нь худалдаж авч байсан, өөр бусдын эзэмшиж байгаа Авто тээврийн үндэсний төвд бүртгэгдсэн “Kia Retona” маркийн автомашины гаалийн баримтаар 12 сая төгрөгийн онцгой албан татвар төлж байгаагүй учраас энэхүү машиныг дахин оруупж ирсэн.

Монгол улсын хэмжээнд “Kia Retona” маркийн автомашиныг БТКУС-ын 87.03 ангилалд хамаарагдаж, “онцгой татвар” төлж байсан тохиолдол байхгүй байгаа нь уг тээврийн хэрэгслийн онцлог шинжээр нь тодорхойлох БТКУС-ын ерөнхий тайлбар дүрмын зарчимд нийцэж байсан байх ба энэ л захиргааны үйл ажиллагаанд иргэний зүгээс итгэж, уг тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирсэн юм.

Мөн уг авто машин нь 2 бүхээгтэй байхад шүүх нэг бүхээгтэй гэж, түүнчлэн ачааны хэсэг нь жолоочийн хэсгээс тусгаарлагдсан өндөр шалтай, арын хэсгээс тусгаардлагдсан, цонхгүй, хүн суух сандалны нүх, үнсний сав, хамгаалалтын бүс тогтоогч, халуун хүйтэн сэлгэх төхөөрөмж, агааржуулалт байхгүй, жижиг ачаа буюу нийт 400 кг ачаа ачих даацтай, “Vаn” загварын зэрэг бодит нөхцөл байдлыг үнэлж үзсэнгүй.

Конвенцийн Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрэм болон Гаалийн тухай хуулийн 253 дугаар заалт зэрэг зохицуулалт хэрэглэгдсэнгүй.

Иймд шүүхийн 867 дугаартай шийдаэрийг хүчингүй болгож, захиргааны байгууллагын ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгааг тогтоож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 38 дугаар зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй баримтыг үнэлэн хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Солонгос Улсаас 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын гаалийн Прогресстранс дахь гаалийн хяналтын бүсэд дугаартай мэдүүлгээр арлын дугаар бүхий “Kia Retona Cruiser GX” маркын автомашиныг оруулж ирсэн бөгөөд нэхэмжлэлдээ “... Уг автомашин нь БТКУС-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтын дагуу 87.04 код буюу “ачааны” зориулалттай автомашинд хамаарах шинжийг  агуулж байгаа ...” гэж маргажээ.

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй уг захиргааны хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргасны дагуу хянан шийдвэрлэж, тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 429 дүгээр магадлалаар “... Уялдуулсан системийн 87.03-т заасан тээврийн хэрэгслийн шинжийг агуулж байгаа эсэхийг шүүх шалгаж тогтоолгүй, зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн ...” гэж үзэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан боловч шүүх дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй буюу зөвхөн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн үзлэгийн баримтад тулгуурлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Учир нь анхан шатны шүүх уг автомашиныг тодорхойлохдоо “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай” 1983 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Олон улсын конвенцийн 87.03 ангиллын тээврийн хэрэгслийн бараа тээвэрлэх гэхээсээ илүү хүн тээвэрлэх, 87.04 ангиллын хүн тээвэрлэх гэхээсээ илүү бараа тээвэрлэх зориулалтыг анхаараагүй, мөн шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлдээ “... жолооч болон хойд талын бүхээгийг заагласан хаалтыг авч үзэхэд сууринд байрлах бэхэлгээний төмөр нь үйлдвэрийн хийцийн /гараар хийсэн байх болхи шинжгүй/ гэж харагдаж байна. Хойд талын шалан хэсэгтээ үйлдвэрээс цоолсон нүхтэй байж болзошгүй байна.” гэсэн атлаа шийдвэртээ “цонхны болон жолоочийн хойд хэсгийг тусгаарласан хаалтын дээд хэсгийг үйлдвэрийн бус аргаар тогтоож байрлуулсан болох нь илэрхий байдалтай ...” гэж  шууд дүгнэсэн нь зөрчилтэй байна. Тухайн автомашин үйлдвэрлэгдсэн зориулалт, уг зориулалтыг өөрчилсөн эсэх, өөрчлөгдсөн бол 87.04, 87.03 ангиллын алинд нь хамаарах зэрэг асуудлыг тодорхойлоход техникийн мэдлэг зайлшгүй шаардлагатай байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно.” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр дээрх ангиллын алинд хамаарах тээврийн хэрэгсэл болох талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Мөн хэрэгт ачааны зориулалттай үйлдвэрлэгдсэн талаар нэхэмжлэгч нотлох баримт ирүүлсэн боловч нэхэмжлэгчээс ирүүлсэн “урьд нь гаалиар оруулж ирсэн маргаж буй машинтай адил гэх машины мэдүүлэг”-т зориулалтыг “суудлын” гэсэн байх тул маргаж буй машины үйлдвэрийн зориулалт, түүнийг өөрчилсний дараа Монгол Улсад импортолж оруулж ирсэн эсэх талаар тодруулах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Гаалийн улсын байцаагч З.Д болон Бүрдүүлэлтийн албаны дарга Н.У нарын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэж өөрчилжээ.

Гэтэл дээрх маргаан бүхий акт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.” гэсэн шаардлагыг хангахгүй байна.

Иймд шүүх маргаан бүхий актыг хуульд заасан шаардлага хангуулан авч, мөн шинжээч томилж зөрүүтэй байдлуудыг тогтоож хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 867 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Захиргаааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Отгонбаатараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.

                                  

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ