Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 867

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 6-76 тоотод оршин суух Өлзий овогтой Отгонбаатар /Ш. Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/,   

Хариуцагч: Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч З.Дэлгэрмаа,

Хариуцагч: Улаанбаатар хот дахь гаалийн газрын Бүрдүүлэлтийн албаны дарга Н.Уранчимэг,  

Нэхэмжлэлийн шаардлага: Гаалийн улсын байцаагч З.Дэлгэрмаа болон Бүрдүүлэлтийн албаны дарга Н.Уранчимэг нарын 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ц.Баяртогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Отгонбаатар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Довчинсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “...Тус шүүхэд хянагдаж буй захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ш.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ө.Отгонбаатар миний бие оролцож байгаа билээ. Бид 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Kia Retona’’ маркийн автомашиныг “суудлын автомашин” гэж үзээд БТКУС-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтын дагуу 8703.32.70 кодод хамааруулан ангилна” гэсэн дүгнэлтийг эс зөвшөөрч, энэхүү шийдвэрийг гаргасан гаалийн улсын байцаагч З.Дэлгэрмаа болон Бүрдүүлэлтийн албаны дарга Н.Уранчимэг нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа  “Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч З. Дэлгэрмаа болон Бүрдүүлэлтийн албаны дарга Н.Уранчимэг нарын 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэж өөрчилж байна. 

 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгааг минь хүлээн авч, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчийг сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ үү.

2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр БНСУ-аас Монгол Улсын гаалиар оруулж ирсэн “Kia Rеtоnа Cruiser GX” маркийн автомашиныг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасны дагуу бүрдүүлэлтээ хийж мэдүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд машиныг маань гадаа байлгасаар өдий хүрлээ. Машин маань ч элэгдэл хорогдолд орж, эд анги нь зэвэрч муудан, ажиллагаагүй болж, улмаар уг автомашин нь БТКУС-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтын дагуу 87.04 кодод хамаарах шинжийг агуулж байгаа бөгөөд 2 бүхээгтэй, арын хэсэг битүү, цонхгүй, битүү төмөр хаалттай, энэхүү хаалт нь суурь болон таазандаа бэхлэгдэж арын хэсгээс тусгаарласан бүхээгтэй, мөн агааржуулалтгүй, сандал суурилуулах зориулалтгүй, арын хэсэг нь төмөр шалтай гэх мэт шинжтэй болохыг Гааль, Татварын ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх газраас 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 02-3/3997 дугаар албан бичгээр, Авто тээврийн үндэсний төвийн Техникийн хяналтын үзлэгийн төвөөс мэргэжилтэн үзээд дээрх шинжийг агуулж байгааг 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 07/02 дугаар албан бичгээр дүгнэж хариу өгсөн юм.

Мөн уг тээврийн хэрэгслийг үйлдвэрлэсэн БНСУ-ын “Киа” үйлдвэрээс ирүүлсэн, гэрчилгээндээ “Van Retona” машины төрлийг нь “Ачааны 138400” гэж тодорхойлж өгсөөр байтал хариуцагч нар суудлын автомашин байна гэж дүгнэлт гаргасан. 

Иймд гаалийн улсын байцаагч З.Дэлгэрмаа болон Бүрдүүлэлтийн албаны дарга Н.Уранчимэг нарын 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Kia Retona Cruiser GX” маркийн автомашиныг “суудлын автомашин” гэж үзээд БТКУС-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтын дагуу 8703.32.70 кодод хамааруулан ангилна гэсэн дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Ш.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Отгонбаатарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчаар оролцох Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч З.Дэлгэрмаа нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан барааны ангилал, гаалийн үнэлгээтэй холбоотой гарсан хүсэлт, гомдол, маргааныг хянах ажил үүргийн хуваарийн дагуу тухайн автомашины барааны ангиллын маргааныг Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах гомдлыг гаалийн байгууллагын дарга эрхлэгчид гаргана” гэж заасны дагуу хянан тус гаалийн газрын бүрдүүлэлтийн албаны даргад танилцуулан шийдвэрлэсэн. 

Харин автомашины барааны ангиллын талаар гаргасан тус гаалийн газрын шийдвэрийг мэдүүлэгч иргэн зөвшөөрөөгүй учир Гаалийн тухай хуулийн 17.1.2-т “Гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт гаргах гомдлыг холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргана” гэж заасны дагуу дараагийн шатны байгууллага Гаалийн ерөнхий газарт хандахад, Гаалийн ерөнхий газраас маргааныг хууль, журмын дагуу хянаж БТКУС-ийн ангиллын дүрмийн дагуу 87.03-т хамаарах автомашин гэж гаалийн улсын байцаагч З.Дэлгэрмаагийн гаргасан шийдвэр зөв гэсэн дүгнэлт гаргасан байна. Тухайн гомдлын эцсийн шийдвэрийг Гаалийн тухай хуулийн 17.1.1, 17.1.2-д заасны дагуу Гаалийн удирдах дээд байгууллага гаргасан тул гомдлын хариуцагч нь Гаалийн ерөнхий газар болно. Гаалийн улсын байцаагч З.Дэлгэрмаа нь Гаалийн ерөнхий газрын  даргын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/705 тоот тушаалаар 2016 оны 7 дугаар сарын  26-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөөтэй байгаа.

Гаалийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын бүрдүүлэлтийн албаны дарга Н.Уранчимэг нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн мэдэгдэх хуудсыг өөрийн биеэр хүлээн авч, бичгээр тайлбар гарган өгсөн болно” гэжээ. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Довчинсүрэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой тайлбартаа: “...Гаалийн байгууллагын хувьд иргэд, байгууллагын зүгээс гаргах гомдол, маргааныг шийдвэрлэх шат дараалал, эрх зүйн чадамжийг Гаалийн тухай хуулийн Тавдугаар бүлэг “Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаар гомдол гаргах” -д 16-аас 23 дугаар зүйлд хуульчлан зохицуулж өгсөн байдаг. 

Тус хуулийн 23 дугаар зүйл “Гомдлыг хянан шийдвэрлэх”-ийн 23.2-т шийдвэрийн бүрдүүлбэрийг зааж өгсөн. Харин 23.3-т гаргах шийдвэрүүдийн хэлбэрүүдийг тодорхойлсон байдаг. 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр дээрх хоёр хүний гарын үсэг зурсан нэхэмжлэгчийн тодорхойлсноор “дүгнэлт” нь байгууллагын даргын гаргах шийдвэрт зориулсан “танилцуулга”-ын хэлбэрийг агуулж байх бөгөөд мөн өдөр тус газрын даргын гаргасан “Гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан тухай шийдвэр” нь Гаалийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг ханган гарсан байна.

Танилцуулга нь газрын даргын шийдвэртээ барих чиглэл болох бөгөөд түүнийг хууль зөрчсөн эсхүл бүрэн үндэслэлтэй хийгдээгүй гэж үзвэл тухайн шийдвэрт өөрчлөх боломж нээлттэй байдаг ажлын процессын баримт юм. Гаалийн тухай хуулийн 17 зүйлд гомдол гаргах журмыг тогтоосон байдаг бөгөөд 23 дугаар зүйлийн 23.1-д “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь энэ хуулийн 17.1-д заасан гомдлыг хянаж гаргасан шийдвэрээ гаалийн удирдах төв байгууллагын даргаас баталсан загварын дагуу бичгээр үйлдэнэ” гэсний дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 641 тоот тушаалаар баталсан загварын дагуу “Шийдвэр” гарч түүн дээр газрын дарга гарын үсэг зурж байгууллагын тамга дарснаар хүчин төгөлдөр болсон байна. 

Иймд 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр иргэн Ш.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг шийдвэрлэсэн “Шийдвэр” нь байгууллагын гаргасан шийдвэр болохоос ажилтан Н.Уранчимэг, З.Дэлгэрмаа нарын гаргасан шийдвэр биш юм. Мөн Гаалийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Энэ хуулийн 23.3.2, 23.3.3-т заасны дагуу гаргах шийдвэрт биелүүлэх хугацааг нь заах бөгөөд түүнийг холбогдох гаалийн байгууллага, албан тушаалтан заавал биелүүлнэ” гэж тусгаснаар бол Улаанбаатар дахь гаалийн газрын гаргасан шийдвэрийг гомдол гаргагч иргэн үл хүлээн зөвшөөрч дээд шатны байгууллага буюу Гаалийн Ерөнхий газарт түүнийг өөрчлүүлэхээр гомдол гаргаснаар гомдлын хариуг албан бичгээр өгөхдөө манай байгууллагын шийдвэрийг хэвээр үлдээж, тухайн тээврийн хэрэгсэл нь БТКУС-ын 87.03 зүйлд хамрагдана гэж зааж өгсөн байна.

Эдгээрээс дүгнэхэд нэгд тухайн тээврийн хэрэгслийн ангиллын кодыг маргаан гарсантай холбогдуулан тогтоосон 2015 оны 8 дугаар сарын 3-ны “шийдвэр” нь Н.Уранчимэг, З.Дэлгэрмаа нарын шийдвэр бус харин Улаанбаатар хот дахь гаалийн газрын буюу байгууллагын шийдвэр байхад нэхэмжлэгч дээрх хоёр албан хаагчийнх мэтээр эндүүрч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хоёрт: Анхан шатны шийдвэрийг Гаалийн улсын байцаагч хяналт шалгалтын явцдаа гаргаж, дараагийн шатны шийдвэрийг байгууллагын дарга гаргаж, харин гуравдагч шатны шийдвэрийг Гаалийн Ерөнхий газраас гаргасан болохоор Гаалийн тухай хуулийн 23.4-д заасны дагуу дээд шатны байгууллагын гаргасан шийдвэр нь эцсийнх байх бөгөөд түүнийг доод шатны гаалийн “... байгууллага буюу албан тушаалтан заавал биелүүлэх” зарчмаар хийгдсэн хуулийн зохицуулалтаар бол дунд шатны гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон ч гэсэн дээд шатны шийдвэр хүчинтэй болохоор иргэний гомдол барагдах боломжгүй харагдаж байгааг шүүгч анхааралдаа авахыг хүсье.

 2. Нэхэмжлэгч тал “2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр БНСУ-аас Монгол Улсын хилээр оруулж ирсэн “Kia Retona cruiser GX” маркийн машиныг 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасны дагуу гаалийн бүрдүүлэлтийг хийж мэдүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд машиныг маань гадаа байлгасаар өдий хүрлээ. Машин маань ч элэгдэл хорогдолд орж, эд анги нь зэвэрч муудан. ажиллагаагүй болж, улмаар үнэгүйдэж, иргэн Ш.Бат-Эрдэнэ нь хохирч байна” гэжээ.

Гаалийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Гаалийн байгууллага албан тушаалтны шийдвэрийн талаар гомдол гаргасан нь гомдол гаргагчаас тэрхүү шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэж зохицуулсан нь тухайн гомдол гаргагч иргэн, байгууллага нь хэдийгээр гаалийн улсын байцаагчийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа ч гэсэн гаалийн бүрдүүлэлтийг хийж дуусгах боломжийг хадгалж, иргэнийг бусад эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж өгдөг. Нөгөө талаар гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслүүдийг хадгалах, хамгаалах үүргийг “Гаалийн хяналтын бүс” байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд хариуцдаг бөгөөд төрийн зүгээс “Гаалийн баталгаат агуулах”, “Гаалийн түр агуулах” зэрэг барааг хадгалах зориулалтын агуулахуудыг аж ахуйн нэгжүүд байгуулан аж ахуйн тооцоогоор ажиллуулж, улсын хилээр бараа нэвтрүүлж байгаа иргэд үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангадаг олон улсын жишгээр эрх зүйн боломжоор хангаж өгсөн байдаг. Үүнийг улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаа субьектүүд ашиглах бүрэн бололцоотой юм.

Тухайн тохиолдолд иргэн Ш.Бат-Эрдэнэ нь дээрх боломжуудыг ашиглах боломж нээлттэй байсан бөгөөд одоо ч нээлттэй гэдгийг энд дурдах нь зүйтэй юм.

3. Нэхэмжлэгч тал Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ болох Барааг тодорхойлох кодлох уялдуулсан системийн “ 87.04 кодод хамаарах шинжийг агуулж байгаа...” гэж маргаанд холбогдох тээврийн хэрэгслийг тодорхойлон “...2015 оны 8 дугаар сарын 3-ны ... 8703.32.70 кодод хамруулан ангилна гэсэн дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Киа Ретона маркийн тээврийн хэрэгсэл нь:

- Жийп загварын

- Хоёр талдаа 2 хаалга, ардаа нэг хаалгатай

- Зорчигчийн хэсэг болон ачаа ачих хэсэг нь тээврийн хэрэгслийн нэг бүхэл бүхээгт багтаж байгаа

- Ачаа ачих хэсэг нь зорчигчийн бүхээгээс тусдаа бус

- Тээврийн хэрэгслийн даац нь 350 кг гэсэнд тухайн бүхээгт орох бүх зүйлийн даацын хэмжээ орох бөгөөд зорчигч болон ачааны хэмжээ хоёулаа ордог. Эдгээрээс харахад маргаанд холбогдох тээврийн хэрэгсэл нь “Жийп” загварын тээврийн хэрэгсэл гэдэг нь эргэлзээгүй байна.

Харин гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэл болгоод байгаа:

- 2 бүхээгтэй

- Арын хэсэг битүү

- Цонхгүй

- Битүү төмөр хаалттай

- Энэхүү хаалт нь суурь болон таазандаа бэхлэгдэж арын хэсгээс тусгаарласан

бүхээгтэй

- Агааржуулалтгүй

- Сандал суурилуулах зориулалтгүй

- Арын хэсэг нь төмөр шалтай

гэх шинжүүд нь нэгд тухайн тээврийн хэрэгслийн “жийп” загварынх болохыг үгүйсгээгүй, хоёрт нэг бүхэл бүхээгтэй тээврийн хэрэгслийг 2 бүхээгтэй, арын хэсэг битүү гэж андуурсан, гуравт бүхээг дотор суурилуулсан хаалт, хамгаалалт, шаллагаа зэрэг нь БТКУС-ын зүйлчлэлийг “зөвхөн ачаа бараа ачих тээврийн хэрэгсэл” болгох үндэслэл болно гэж үзвэл буруу юм.

Дэлхийн худалдааны байгууллагын дэргэдэх БТКУС-ын конвенцийн 3 дугаар зүйл “Хэлэлцэн тохирогч Талуудын хүлээх үүрэг” 1. /а/ л/-д “Уялдуулсан системийг бүх зүйл, тэдгээрийн тоон кодын хамт ямар нэг нэмэлт буюу шинэчлэлтгүйгээр ашиглах” гэснээр, мөн тухайн конвенцид экспорт, импортын статистик мэдээнүүдийг дэлхийн улс орнуудын хувьд нэгдсэн байдлаар зөрүүгүй гаргах үндэслэл нь тухайн уялдуулсан системийн кодчилол болж байхаар зохицуулсан нь барааны кодыг аливаа улс орнууд дураараа өөрчлөх боломжийг үгүйсгэсэн байдаг.

Мөн ямар нэг барааны кодтой холбоотой маргаан хоёр улсын хооронд гарсан тохиолдолд мөн конвенцын 10 дугаар зүйл “Маргаан шийдвэрлэх талаар”-д 

1. “Энэхүү конвенцийг тайлбарлах, хэрэглэхээс үүдэн гарсан маргааныг Хэлэлцэн тохирогч Талууд аль болох хэлэлцээний журмаар зохицуулахыг эрмэлзэнэ”,

2. “Маргаанд оролцогч Талууд өөрсдөө шийдвэрлэж чадаагүй аль ч маргаанаа Уялдуулсан системийн Хороонд оруулах бөгөөд уг хороо түүнийг авч үзээд шийдвэрлэх талаар зөвлөмж гаргана” гэж зохицуулсан байна. Иймээс гомдол гаргагчийн үндэслээд байгаа дээр дурдсан хаалт хамгаалалт гэх мэт үзүүлэлтүүд нь дээрх Хорооны тээврийн хэрэгсэлтэй холбоотой маргааныг шийдвэрлээд гаргасан зөвлөмжүүд дээр харагддаг гэдгийг анхааралдаа авч, барааны ангиллын асуудлаар зохицуулалт хийх чиглэл бүхий Гаалийн Ерөнхий Газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын эрх бүхий албан тушаалтанд байдаг Дэлхийн худалдааны байгууллагын Уялдуулсан системийн Хорооны холбогдох цахим мэдээлэлд үзлэг хийн төсөөтэй маргаануудыг шийдвэрлэсэн үндэслэл, зөвлөмжүүдийг нягтлан харж тухайн маргаанд холбоотой тээврийн хэрэгслийн ангиллыг тогтооход дурьдагдаад, үндэслэл болох гээд байгаа үзүүлэлтүүд нь шийдвэрлэх ач холбогдолтой эсэхэд үнэлэлт өгөх саналтай байгааг харгалзан үзнэ үү. Жийп загварын тээврийн хэрэгслүүдийн хувьд ардаа ачаатай “Пик ап” загвар дээр ачааны мөн биш гэсэн маргаан гардаг. Харин нэг бүхээгтэй тээврийн хэрэгслийн хувьд “Виз” загварын тээврийн хэрэгсэл дээр маргаан гарч байсан байдаг.

3. Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1.4-д заасан “Суудлын автомашин” гэх ойлголтыг Уялдуулсан системийн тухай конвенцтэй уялдуулж хэрэглэхэд гарсан хүндрэлийг шийдвэрлэхийн тулд 2006-2007 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан эрх зүйн зохицуулалтын хүрээнд хуулийг тайлбарлах эрх бүхий субьект болох Улсын Дээд Шүүхэд хандсанаар 2007 оны 03 дугаар сарын 12-ны Улсын Дээд Шүүхийн 13 дугаар тогтоол гарсан байдаг. Тус тогтоолын нэгд “Суудлын автомашин гэдэгт Монгол Улсын нэгдэн орсон “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай” 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон Улсын конвенцийн 87.03 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашиныг ойлгоно...” гэж тодорхой зааж өгсөн. Маргаанд хамаарах тээврийн хэрэгсэл нь хүн ба ачаа тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй тээврийн хэрэгсэл байгаатай холбоотой маргаан байхгүй байгаа учраас нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Отгонбаатар нь шүүхэд “Гаалийн улсын байцаагчийн 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр, Гаалийн ерөнхий газрын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 02/3240, 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02-8/3808, 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/4212 дугаар албан бичгүүд хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн ангиллыг үнэн зөв тогтоолгох” шаардлага гаргаж байсан бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Гаалийн улсын байцаагч З.Дэлгэрмаа болон Бүрдүүлэлтийн албаны дарга Н.Уранчимэг нарын 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлсон байна. 

Шүүх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс Бүгд Найрамдах Солонгос улсаас Монгол Улсын гаалиар оруулж ирсэн “Kia Retona Cruiser GX” маркийн 2002 онд үйлдвэрлэгдсэн, цилиндрийн багтаамж 1998 см3, дизель хөдөлгүүртэй, KN3HSS3K12K311522 арлын дугаартай авто машиныг Барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тухай Олон улсын конвенцын барааны ангилалын жагсаалтын 87.03-д хамааруулан ангиллыг тогтоосон хариуцагч нарын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтийг эс зөвшөөрч “...Барааг тодорхойлох, коджуулах уялдсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтын дагуу 87.04 ангилалд хамаарах шинжийг агуулж байгаа бөгөөд 2 бүхээгтэй, арын хэсэг битүү, цонхгүй, битүү төмөр хаалттай, энэхүү хаалт нь суурь болон таазандаа бэхлэгдэж арын хэсгээс тусгаарласан бүхээгтэй, мөн агааржуулалтгүй, сандал суурилуулах зориулалтгүй, арын хэсэг нь төмөр шалтай..., мөн уг тээврийн хэрэгсэлийг үйлдвэрлэсэн БНСУ-ын “Киа” үйлдвэрээс ирүүлсэн гэрчилгээндээ “Van retona” машины төрлийг нь “Ачааны 138400” гэж тодорхойлж өгсөн байхад суудлын автомашины ангилалд оруулж дүгнэлт гаргасан нь хууль бус гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байна.

“Барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тухай” 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон улсын конвенцийн 1 дүгээр зүйлийн /а/-д “Барааг тодорхойлох, коджуулах уялдсан систем” /цаашид БТКУС/ гэж зүйл, мөр болон тэдгээрийн тоон код, хэсэг, бүлэг болон мөрийн тайлбар бүхий жагсаалт, мөн энэхүү Конвенцид хавсаргасан БТКУС-ийн тайлбар дүрмийг хэлнэ” гэж зааснаар уг конвенцийн “Төмөр замын буюу трамвайн замын хөдлөх бүрэлдэхүүнээс бусад тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, тоног төхөөрөмж” гэсэн бүлгийн 3-т хамаарах 87.03 ангилалд “Хөнгөн тэрэг, гол төлөв хүн тээвэрлэх зориулалтаар зохион бүтээгдсэн бусад моторт тээврийн хэрэгсэл, 87.04 ангилалд “Ачаа бараа тээвэрлэх моторт тээврийн хэрэгсэл” хамаарахаар тус тус заасан байна.

БТКУС-ийн ерөнхий тайлбар дүрмийн 1 дэх хэсэг, “БТКУС-ийн тайлбар толь бичиг V боть”-ийн 87.03-ын /6/, 87.04, Дэлхийн гаалийн байгууллагын зөвлөмж зэрэг баримт бичгүүдэд зааснаар 87.03 ангилалд хамаарах тээврийн хэрэгслийн ангиллыг бараа тээвэрлэх гэхээсээ илүү хүн тээвэрлэх зориулалттай болохыг нь тодотгосон зарим онцлог шинж чанараар нь тодорхойлоход хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, хүн бүрийн аюулгүй байдлыг хангах хэрэгсэл болох хамгаалалтын бүс, суурин суудалтай болон суудлыг суурилуулах бэхэлгээний суурь, суудлууд нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн, эвхэгддэг, бэхэлгээний сууринаасаа салдаг буюу хураагддаг, хоёр хажуу тал буюу хойд талдаа шилэн цонх бүхий гүйгддэг, онгойдог, сөхөгддөг хаалгатай, 2 хажуу талдаа шилэн цонх бүхий, жолоочийн эгнээний хэсэг хүн ба ачааны алиныг нь ч тээвэрлэж болох хойд хэсгийн хооронд хөдлгөөнгүй суурилсан хаалт буюу хамгаалалтгүй, эсвэл салгаж авч болдог хамгаалалттай, 87.04 ангилалд хүн тээвэрлэх гэхээсээ илүү бараа тээвэрлэх зориулалттай болохыг нь тодотгож онцлог шинжүүдээр нь тодорхойлоход хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэж болох нэгдсэн нэг талбайтай, бараа тээвэрлэх зориулалтын хэсэг нь тусгаарлагдсан битүү эсвэл задгай тэвштэй аль нь ч байх, урд талын суудлын хойно ямар ч вандан сандал суурилуулах бэхэлгээний нүхгүй, хойд цонх нь битүү, хоёр хажуу талдаа шилэн цонхгүй, ачаа ачих хэсгээс жолооч болон зорчигчийн хэсгийг хамгаалсан хаалт буюу хамгаалалттай, зорчигчийн хэсэгт байдаг тохижилт, дотоод засал тоноглолгүй /шалны хивс, агааржуулагч, дотоод гэрэлтүүлэг, үнсний сав, бариул, хамгаалалтын бүс.../ байх гэх мэт шинжүүдээр тодорхойлогдохоор заагдсан.

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай “Онцгой албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан “Суудлын авто машин” гэдэгт Монгол Улсын нэгдэн орсон “Барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тухай” 1983 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Олон улсын конвенцийн 87.03 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй авто машиныг ойлгоно. Түүнчлэн авто машины үндсэн онцлог шинжийг хадгалж буй бүрэн бус суудлын авто машин болон суудлын авто машины анхны зориулалтыг нь өөрчилсөн тээврийн хэрэгсэл мөн үүнд хамаарна” гэж тайлбарласан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн гаалиар оруулж ирсэн тээврийн хэрэгсэлд хийсэн шүүхийн үзлэгийн баримт зэргээр “Kia Retona Vruiser GX” маркийн 2002 онд үйлдвэрлэгдсэн, цилиндрийн багтаамж 1998 см3, дизель хөдөлгүүртэй, KN3HSS3K12K311522 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тухай” 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон улсын конвенцийн 87.03 ангилалд хамаарагдах суудлын авто машин буюу хүн буюу ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай тээврийн хэрэгсэлд хамаарахаар байна.

Тодруулбал, уг авто машины бодит байдал дээр очиж хийсэн шүүхийн үзлэгээр нэг бүхээгтэй, хүн бүрийн аюулгүй байдлыг хангах хэрэгсэл болох хамгаалалтын бүс, бариул тогтоох зориулалтын нүх нь жолоочийн арын хэсгийн баруун зүүн талын дээд хэсэгт зориулалтын тагаар бөглөсөн байдалтай, арын ачааны гэх хэсгийн төмрөн шалыг зориулалтын зөөлөвч, хулдаасаар давхарлан бүтээсэн, тусгаарлах хэсгийг болон шалны хулдаасыг хуулахад суудал суурилуулах зориулалт бүхий бэхэлгээний суурь болон суудлын боолтыг бэхэлж тогтоох зориулалтын нүхнүүдтэй, таазанд тогтоосон гэрэлтүүлэгтэй, хоёр хажуу тал буюу хойд талдаа шилэн цонхтой, жолоочийн эгнээний хэсэг хүн ба ачааны алиныг нь ч тээвэрлэж болох хойд хэсгийн хооронд салгаж авч болдог хамгаалалттай, бүхээгийн доторлогоо нь жолоочийн хэсэг болон зорчигчийн хэсэгтэй адил материалаар хийгдсэн, дуу өсгөгч суурилуулсан, хойд талын хаалга нь хажуу тийш онгойдог, дотроосоо онгойлгож болох түгжээ, бариултай, цонхны болон жолоочийн хойд хэсгийг тусгаарласан хаалтын дээд хэсгийг үйлдвэрийн бус аргаар тогтоож байрлуулсан болох нь илэрхий байдалтай байсан ба дээрх баримт бичиг тайлбаруудад дурдсан суудлын авто машинд хамаарах онцлог шинжүүд тогтоогдсон болно.

Өөрөөр хэлбэл Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Барааг гаалийн тарифын болон тарифын бус хязгаарлалтад хамааруулах, түүнчлэн гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээг эрхлэн гаргах зорилгоор уялдуулсан системийг хэрэглэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Мэдүүлэгч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны ангиллын кодыг Уялдуулсан системийн дагуу тодорхойлж мэдүүлнэ” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын нэгдэн орсон “Барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тухай” 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон улсын конвенцийг баримтлан дээрх авто машиныг 87.03 ангилалд хамаарагдах суудлын авто машин гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хэдийгээр Монгол Улс нь авто машин үйлдвэрлэдэг улс биш ч гэлээ энэ төрлийн барааг хил гаалиар нэвтрүүлэх, импортлохдоо тус улсын нэгдэн орсон “Барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тухай” 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон улсын конвенцийн 3 дугаар зүйлд хэлэлцэн тохирох улсуудын үүргийг зааж өгсөн бөгөөд уялдуулсан системийн бүх зүйл, тэдгээрийн тоон кодын хамт ямар нэг нэмэлт буюу шинэчлэлтгүйгээр ашиглахаар зааснаар дэлхийн улс орнуудын хувьд тухайн уялдуулсан системийн кодчилолыг нэгдсэн байдлаар зөрүүгүй ойлгох үндэслэл нь болж байхаар зохицуулсан, барааны кодыг аливаа улс орнууд дураараа өөрчлөх, өөрт ашигтай байдлаар тайлбарлах боломжийг үгүйсгэсэн нь энэхүү уялдуулсан системийн кодыг манай улсын хувьд олон улсын жишиг ойлголтын дагуу нэг мөр ойлгон хэрэглэх нь зүйтэй болно. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагчийн З.Дэлгэрмаа болон Гаалийн бүрдүүлэлийн албаны дарга Н.Уранчимэг нарын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч З.Дэлгэрмаа болон Бүрдүүлэлтийн албаны дарга Н.Уранчимэг нарын 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн Ш.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Отгонбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ОЮУМАА

                     ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН

                                                                                         Ц.САЙХАНТУЯА