Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 610

 

Т.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч О.О, түүний өмгөөлөгч Т.Баярдалай, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 793 дугаар магадлалтай, Т.Б-т холбогдох 1910000850236 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Т овогт Т-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн  505.1 дэх хэсэгт зааснаар Т.Б-ээс 2,973,909 төгрөг гаргуулж, хохирогч О.О-д олгохоор шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой 5 дахь заалтын “...2,973,909 төгрөг” гэснийг “...5,023,909 төгрөг” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Б- болон өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нар хамтран гаргасан гомдолдоо “Т.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд хохирогч О.О-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт яллагдаж, улмаар анхан шатны шүүхээс 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Мөн шүүх 2,973,909 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дээрх хохирлыг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр 3,050,000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байтал давж заалдах шатны шүүх хохирогчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцэхдээ уг мөнгөнөөс 2,050,000 төгрөгийг хангахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас гадна хоёр шатны шүүх хохирлын баримтыг өөрөөр үнэлж байгааг ойлгохгүй байна. О.О нь шүдний чулуу түүлгэх, сувгийн эмчилгээ хийлгэх, бүрээсээр бүрэх, цайруулах зэрэг “Ган-Эвээ” ХХК-ийн бичэн эмчилгээнүүд нь энэхүү гэмтлийн улмаас үүссэн гэж үзэхгүй байна. Үүнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй бөгөөд хуучин эмчилгээ шаардлагатай шүд, түүнтэй холбоотой гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Т.Баярдалай хэлсэн саналдаа “Эрүүнд хийсэн төмөр бэхэлгээ нь шүд, буйл руу шигдэж хийгдсэн учир хохирогчийн шүдний суваг тасарч, цус гоожилттой байсаар байгаад шүдэнд чулуу үүссэн. Иймд шүдний эмчилгээг зайлшгүй хийх шаардлага гарсан талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр эмнэлэгт үзүүлж, эмчилгээ бичүүлсэн. Бэхэлгээ авагдсанаас хойш эмчилгээ тасралтгүй 5 сарын хугацаанд үргэлжилсэн. Шүүгдэгчийн хувьд хуучин шүдээ эмчлүүлсэн гэж маргадаг. Гэтэл хохирогчид хуучин шүдний гэмтэл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарч байгаа. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг нэг бүрчлэн карттай нь тулгаж үзсэн. Шүүх нотлох баримтыг зөв үнэлсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Б нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийн эмчилгээний зардалд гарсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Т.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд хохирогч О.О-той хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Хэрэгт авагдсан амбулаториор эмчлүүлэгчдийн картад 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн эмчийн үзлэгээр хохирогчийн шүдэнд сувгийн эмчилгээ хийлгэх, бүрээсээр сэргээх, шүд цайруулах, чулуу түүлгэх зэрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай болохыг зөвлөж, тэмдэглэсний дагуу О.О нь дээрх эмчилгээг “Ган-Эвээ” ХХК-д хийлгэж, 2,050,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хангахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Хэдийгээр дээрх эмчилгээний зардал гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй боловч хохирол учруулснаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдоно.

Иймд шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарын  хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоол, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 793 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН