Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 436

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

Улсын яллагч Т.Мижиддорж,

Хохирогч О.О, түүний өмгөөлөгч Т.Баярдалай / ҮД: 2319 /,

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг /ҮД:169/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Т овогт Т-н Б- т холбогдох эрүүгийн 1910000850236 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Т-н Б

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Т.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд хохирогч О.Оыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй... гэв.

Хохирогч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   “...Миний бие 2018 оны 12 сарын 28 наас 29-нд шилжих шөнө 2 найзтайгаа хамт 3 уулаа “Минт” бааранд орж булангийн ширээнд суусан. Гэтэл Т.Б-ийн  найз зам хаагаад зогсоод байхаар нь  холдуулах гэтэл үгийн зөрөөгүй шууд л цохиод авсан. Дахиад дайраад байхаар би өөрийн биеэ хамгаалаад нэг цохьсон. Тэгээд цагдаа ирээд Т.Б бид хоёрыг  эрүүлжүүлэх рүү авч явсан. Би гэртээ харьж хоноод маргааш нь сэрээд гэмтэл орсон. 2019 оны 1 дүгээр сарын 2-нд Цагдаад гомдол гаргасан. Миний зүүн эрүү гэмтсэн байна гэсэн. Миний эрүү нь далий хугарсан учраас сар хамгаалалт зүүсэн, бантангаа хүртэл шүүж идэж байсан. Ажлаасаа 14 хоногийн чөлөө авсан. Гэмтлийг оношлуулах зардал 93.000 төгрөг, эмчилгээний зардал 4.095.000 төгрөг, Эрүүний төмөр бэхэлгээ тавиулсан зардал 300.000 төгрөг, 14 хоногийн дутуу олгогдсон цалин 535.909 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 нийтдээ 6.023.909 төгрөг нэхэмжилж байна..”  гэв.

Хохирогч О.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “…Намайг ална гэж хэлээд гараараа миний зүүн шанаа руу нэг удаа цохиж нөгөө найз нь миний баруун ташаа руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд би нилээн арагшаа болоод ширээн дээр сууж байсан 2 найзыгаа дуудтал тэр 2 намайг сонсоогүй, цаанаас баарны хамгаалагч намайг өшиглөсөн залууг барьж авсан. Гэтэл намайг цохисон залуу намайг дахиад цохих гээд хүрээд ирэхээр нь би биеэ хамгаалаад буцаагаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон...”

 “...2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Б-т цохиулсаныхаа дараа би өмнө нь эрүүндээ төмөртэй байсан шүү гэж айлгах байдлаар хэлсэн. Өмнө нь би эрүүндээ аппарат хийж байсан тохиолдол байхгүй. Өмнө нь би эрүүндээ ямар ч гэмтэл авч байгаагүй гэжээ. /хх-15-16, 18-р тал/,

Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “…Ананд бид хоёр 0,75 граммын “Абсолют” нэртэй архи уусан. О тамхи татах гээд явахад А бид 2 суудалдаа үлдсэн. Тэгээд удалгүй тэр хэсгээр хүмүүс бужигнаад хартал манай О найз цохиулчихсан, эрүүний доод хэсгээ барьчихсан байдалтай байсан...” гэжээ / хх-22-р тал/,

Гэрч О.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...Юу болсон миний хүү нийллэг нь тарсан юм уу” гэж асуусан чинь тэрээр “үгүй ээ, Оюу толгойд хамт ажилладаг залуугийн найз охиныг нэг залуу татаж хоргоогоод байхаар нь би тэр залууг цохьчихлоо гэж хэлсэн...” гэжээ  /хх-27-28-р тал/,

 Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Камерийн бичлэгийг ухрааж үзэхэд зодуулсан гэх үл таних өндөр залуу нь бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад ширээ рүүгээ суух гээд нэг саарал костюм пиджактай залуугийн хажуугаар зөрөх гэтэл өөдөөс нь түлхээд маргалдаж зүүн шанаа хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохиход нь араас нь очоод дахиад өшиглөх гэсэн чинь биед нь хүрч чадаагүй. Цохиулсан өндөр залуу нь буцаж хүрч ирээд саарал костюм пиджактай залууг баруун гараараа хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон байсан...” гэжээ /хх-27-28-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 835 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...О.О-н биед эрүү ясны хугарал, зүүн шанаа, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... ” гэжээ /хх-32-р тал /,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2079 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Т.Б-н биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ / хх-37-р тал/

Хохирлын баримт /хх-44-50/, ял шалгах хуудас /хх-43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-54-58/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гаргасан хохиролын баримт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд хохирогч О.Оын явах замыг хаалаа гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас цохиж, түүний биед эрүү ясны хугарал, зүүн шанаа, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөн хохирогчийн  “...Т.Б н  найз зам хаагаад зогсоод байхаар нь  холдуулах гэтэл үгийн зөрөөгүй шууд л цохиод авсан. Дахиад дайраад байхаар би өөрийн биеэ хамгаалаад нэг цохьсон. Тэгээд цагдаа ирээд Т.Б бид хоёрыг  эрүүлжүүлэх рүү авч явсан. Би гэртээ харьж хоноод маргааш нь сэрээд гэмтэл орсон” гэх мэдүүлэг, гэрч Б.Э “...Камерын бичлэгийг ухрааж үзэхэд зодуулсан гэх үл таних өндөр залуу нь бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад ширээ рүүгээ суух гээд нэг саарал костюм пиджактай залуугийн хажуугаар зөрөх гэтэл өөдөөс нь түлхээд маргалдаж зүүн шанаа хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохьсон” гэх мэдүүлгээр, болон шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹835 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Бт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогч О.О нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүхийн хэлэлцүүлэгт 6.023.909 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангасан баримтаар 2.973.909 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Т.Бээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.

Хохирогч О.О нь цаашид гаргах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т овогт Т-н Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-н Бийг 900 нэгж буюу 900.000 / есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Б нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдсүгэй.

4. Шүүгдэгч Т.Бт оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бээс 2.973.909 / хоёр сая есөн зуун далан гурван мянга есөн зуун есөн / төгрөг гаргуулж, оршин суух хохирогч О.О / /-д  олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч О.О нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ