Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01774

 

 

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01774

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/02464 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч УБТЗ-д холбогдох 3 829 005 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г , Б.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, протез, урвалж оношлуур, вакцин импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт Улаанбаатар хотоос Сайншанд чиглэлд В серийн 62816 тоот тээврийн бичиг баримттай 21 байр /хайрцаг/ 171 кг эм бараа /ачаа тээш/-г хүлээлгэн өгч тээвэрлүүлсэн. Тээвэрлүүлсэн ачааг 2020 оны 12 дугаар сарын 03-ны 03 цагийн үед Сайншанд өртөөнд хүлээн авах үед 1 байр ачаа дутсан. Уг ачаа дутсан талаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт болон Улаанбаатар төмөр замын Сайншанд өртөөд бичгээр мэдэгдэж, олж өгөхийг хүссэн боловч шийдвэрлэж өгөөгүй. Дээрх асуудлыг шийдвэрлэж өгөөгүй тул бид Тээврийн Цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулсан боловч Тээврийн прокурорын газраас М ХХК-аас 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт Улаанбаатар хотоос Сайншанд өртөө чиглэлд 21 байр 171 кг ачаа тээвэрлүүлэхээр хүлээлгэн өгсөн нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна, мөн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус компанийн тээвэрлүүлсэн 21 байр ачаанаас 1 байр ачаа дутсан нь тогтоогдож байгаа ч уг ачаа бараа тээвэрлэлтийн аль шатанд алга болсон нь тогтоогдохгүй байгаагийн улмаас ачаа бараа хулгайлагдсан эсхүл ачаа барааг эд хөрөнгө хариуцсан ажилтнууд завшсан эсэхийг тогтоох боломжгүй тул гэмт хэргийн шинжгүй, талуудын харилцаа нь Иргэний хуульд заасан тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой харилцаа байх тул маргааныг Иргэний хуульд заасан тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх боломжтой байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Уг алга болгосон 1 хайрцаг буюу 1 байр ачаанд нийт 3 826 005 төгрөгийн үнэ бүхий эд зүйл байсан. Хариуцагч тал нь уг ачаануудыг хүлээн авахдаа нийт үнийг захиалгын маягт бичээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, бид хариуцагч байгууллагын дотоод дүрэм журмыг мэдэхгүй. Иймд хариуцагчаас тээвэрлэлтийн явцад дутаасан 1 байр ачааны үнэ буюу 3 829 005 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд заасан дутсан гэх ачаа тээшний үнэлгээг нэхэмжлэлд заасан үнийн дүн болох 3 829 005 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дутсан гэх 1 байр ачаанд 3 829 005 төгрөгийн ачаа буюу эм байсныг нотолсон баримт байхгүй байна. Тухайн ачаа тээшинд 1 000 000 төгрөгийн эм байсан уу, 100 000 төгрөгийн эм байсан уу гэдгийг бид өнөөдөр тогтоох боломжгүй. Нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадаагүй гэж үзэж байна. Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан Төмөр замаар зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэх журмын 6.1 дүгээр зүйлийн 6.1.1 дэх хэсэгт Ачаа тээш гэж илгээгчээс зорчих тасалбар шаардалгүйгээр захиалгын маягтыг бөглүүлж, хүлээн авсан эд юмс байна, 6.2 дугаар зүйлийн 6.2.5 дах хэсэгт илгээгч нь тогтоосон журмын дагуу ачаа тээшиндээ заавал үнэ зарлана. УБТЗ ХНН-ийн Замын даргын 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/124 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Улаанбаатар-төмөр замаар зорчигч, тээш тээвэрлэх дүрмийн 34 дүгээр зүйл Хэрэв тээшийн дутагдал төмөр замын буруугаас болсон бол хохирлыг баглаа тус бүрийн зарласан үнийн дагуу буюу хэрэв зарласан нийт үнэтэй байвал дутсан тээшийн жинтэй пропорциональ хамаарлаар хохирлыг эзэнд нь төлнө. Хэрэв тээшиндээ үнэ зарлаагүй бол дутагдсан хүндийн хэмжээгээр хохирлыг төлнө. Тээш ачаа тээш төмөр замын буруугаас алдагдсан, дутагдсан, гэмтсэн тохиолдолд учирсан хохирлын хэмжээг 1кг тутмыг 2 Швейцар франкаар тооцож тухайн өдрийн Монгол банкны тогтоосон тооцооны ханшаар төгрөгт шилжүүлэн бодож төмөр замын байгууллага нөхөн төлнө гэж тус тус заасан. Бид дээрх хууль, төмөр замын нийтлэг багц дүрэм болох Төмөр замаар зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэх журам болон өөрийн Улаанбаатар төмөр замаар зорчигч, тээш тээвэрлэх дүрмээр ачаа тээш тээвэрлүүлэх нөхцөл болон тухайн ачаа тээшийн үнэ зарлах ажиллагаа, үнэ зарлаагүй тохиолдолд гарах үр дагавар, хариуцлагын хэмжээ, зааг хязгаарыг зохицуулсны дагуу Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон гэрээний стандарт нөхцөл болох үнэ зарлах тухай санамжийг тээш, ачаа тээш хүлээн авах складандаа ачаа илгээгч нарт харагдахуйцаар ил байрлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл үнэ зарлах буюу ачааны өртөг бичих нь ачаа дутах, алга болох, гэмтэх улмаар үүний улмаас яг ийм төрлийн маргаан талуудын хооронд гарсан тохиолдолд маргааныг шударга, үнэ зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд бид талуудын эрх ашгийг шударга үнэн зөвөөр хангаж хамгаалахын тулд ачаа, тээшиндээ үнэ зарлах боломжийг ачаа илгээгч нарт олгодог. Гэтэл М ХХК нь тухайн өдөр тээшээ тээвэрлүүлэхдээ тээвэрлэлтийн гэрээ буюу тээш явуулах захиалгын маягт дээр тээшийн өртөг бичээгүй буюу үнэ зарлахаас татгалзсан. Энэ нь М ХХК-ийн ачаа тээшийг тээвэрлэлтэд хүлээлгэн өгсөн захиалгын маягтад ачааны өртөг, үнэ зарлах хэсгийг бичээгүй орхисон байдал, ачаа тээш хүлээн авах, манай нийгэмлэгийн складад байрлуулсан байсан гэрээний стандарт нөхцөл буюу үнэ зарлах санамж зэргээр тус тус нотлогддог. Дэлхий нийтэд төдийгүй манай улсад бусад салбарын тээвэрлэгч нар ч мөн энэхүү хэрэгтэй адил маргааны улмаас бий болсон дутсан, алга болсон ачаа, тээшийн өртгийг үнэ зарлаагүй тохиолдолд кг тутмыг нь өөрийн ачаа тээвэрлэлтийн дүрэм журамдаа заасан хэмжээгээр тооцоолж төлж барагдуулдаг. Иймд М ХХК-ийн нэхэмжилсэн 3 829 005 төгрөгийг төлөх үндэслэлгүй бөгөөд харин нэхэмжлэгчийн танилцсан гэрээний салшгүй хэсэг болох манай нийгэмлэгийн тээш тээвэрлэх гэрээний стандарт нөхцөлийн дагуу тээш дутсан тохиолдолд учирсан хохирлыг хэмжээг 1кг тутмыг 2 Швецайрь франкаар тооцож тухайн өдрийн Монгол банкны тогтоосон ханшаар төгрөгт шилжүүлэн бодож төмөр замын байгууллага нөхөн төлнө гэж заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Монгол банкны албан ханш болох 3 165 төгрөгөөр буюу 6 330 төгрөгөөр 1кг тутмыг нь тооцож дутсан гэх ачаа тээшийн үнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин М ХХК-ийн манай УБТЗ ХНН-т холбогдуулан гаргасан тээвэрлэлтийн явцад дутаасан 1 байр ачааны үнэ гэх 3 829 005 төгрөгийг бүхэлд нь төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн материал болон тээврийн прокурорын материал авч үзэхэд нийт 171 кг 21 байр ачаа гэх боловч алга болсон 1 байр ачаанд хэдэн кг байгааг нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Төмөр замын нийтлэг багц ачаа тээш тээвэрлэх журмын, ачаа тээш хүлээн авах хэсгийн 6.1.4 дэх хэсэгт 1 ачаа тээшийн хүндийн жин нь 10 кг-с бага, 100 кг-с ихгүй байж болох заалтыг заасан. Манай зүгээс захиалгын хуудас буюу дагалдах хуудас бөглүүлсэн нь тээврийн гэрээ болдог учир нэгэнт тээврийн гэрээ байгуулсанд тооцож 21 байр ачааг хүлээн авч, манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж 1 байр ачааг дутаасан тул огт төлөхгүй гэх үндэслэлгүй бөгөөд манай байгууллагын зүгээс 63 300 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 3 829 005 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлджээ, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 76 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох баримтаар бүрэн нотлож чадаагүй буюу нотлох баримт байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлосон баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх, үүрэгтэй боловч М ХХК нь дутсан гэх ачаа тээшинд 3 829 005 төгрөгийн эм байсан болохыг нотлох баримтаар бүрэн нотолж чадаагүй буюу нэхэмжлэлийн үнийн дүнг нотлосон нотлох баримт байхгүй байхад шүүхээс нотлогдсон гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь зөвхөн өөрийн дотоод зарлагын баримт гэх материал болон хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус хөрөнгийн үнэлгээний тайлан нь хэрэв дутсан ачаа тээшинд 17 төрлийн 362 ширхэг эм тариа байсан бол ийм хэмжээний үнэлгээтэй байхаар байсан байна гэсэн агуулга бүхий тайлан байх бөгөөд яг дутсан ачаа тээшинд тус тайланд дурдагдсан 17 төрлийн 362 ширхэг эм тариа байсан болохыг нотлосон баримт байхгүй байгаа тул энэхүү тайланг үндэслэл болгон нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотоод зарлагын баримт-ын дагуу ачаа тээшийг нэг бүрчлэн манайд буюу тээвэрлэгчид хүлээлгэн өгөөгүй түүнчлэн Монос дорноговь ХХК нь биднийг оролцуулан актаар ачаа тээшийг нэг бүрчлэн шалган хүлээж авч 3 829 005 төгрөгийн эм аваагүй гэдгээ нотлоогүй тул 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тээвэрлэлтэд хүлээлгэн өгсөн 21 байр ачаанд тус баримтад заагдсан 31,0 сая төгрөгийн ачаа тээш байсан эсэхийг буюу алга болсон ачаа тээшинд 3 829 005 төгрөгийн эм байсан гэдгийг дотоод зарлагын баримт-аар бүрэн баттай нотолж байна гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл дотоод зарлагын баримт гэх баримт нь тухайн дутсан ачаа тээшинд ийм хэмжээний, ийм нэр төрлийн эм тариа байсан эсэхийг баталсан баримт биш бөгөөд энэ нь хэрэгт хавсаргасан М ХХК-аас дутсан ачаа тээшийн үнэ хэмээн 4,1 сая төгрөг манай нийгэмлэгээс шаардаж ирүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №1467 дугаартай албан бичгээс харагддаг.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь тээвэрлэлтийн явцад алга болсон 1 байр ачаанд нийт 3 829 005 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл байсан болохоо нотлохоор М ХХК-ийн дотоод хөдөлгөөний баримт гэх санхүүгийн баримтууд болон хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар өгсөн гэснээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ийм нотлох баримтаар тогтоогдож байна гэсэн үнэлэлт, дүгнэлт огт байхгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг тайлбар, нотлох баримтаар үгүйсгэсэн боловч дээрх нотлох баримтыг үндэслэлгүйгээр үнэлэлгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №А/154 дүгээр тушаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан Төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх журам-ын 6.2 дугаар зүйлийн 6.2.5 дах хэсэгт илгээгч нь тогтоосон журмын дагуу ачаан тээшиндээ заавал үнэ зарлана гэж заасан байх бөгөөд энэхүү журмын дагуу ачаа бараа тээвэрлүүлэгч нь үнэ зарлаагүй тохиолдолд хүлээх, хариуцлага, үүсэх эрсэдлийн талаар тээвэрлэгч тал нь тээвэрлүүлэгчид танилцуулах үүрэгтэй, хариуцагч байгууллага нь гэрээний стандарт нөхцөл буюу үнэ зарлах санамж зэргийг бараа хүлээн авах хэсэгтээ нийтэд илэрхий байрлуулсан байдаг гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, захиалгын хуудсанд тээвэрлүүлэх ачааны үнийг бичээгүйгээс хүлээх хариуцлага, үүсэх эрсэдлийн талаар нэхэмжлэгч талд мэдэгдээгүй гэж үзэхээр байна гэж анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь өөрөө үндэслэлгүй юм. Учир нь бид дээрх хууль, төмөр замын нийтлэг багц дүрэм болох Төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх журам болон өөрийн Улаанбаатар төмөр замаар зорчигч, тээш тээвэрлэх дүрэм-ээр ачаа тээш тээвэрлүүлэх нөхцөл болон тухайн ачаа тээшийн үнэ зарлах ажиллагаа, үнэ зарлаагүй тохиолдолд гарах үр дагавар, хариуцлагын хэмжээ, зааг хязгаарыг зохицуулсаны дагуу Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон гэрээний стандарт нөхцөл болох үнэ зарлах тухай санамжийг тээш, ачаан тээш хүлээн авах складандаа ачаа илгээгч нарт харагдахуйцаар ил байрлуулсан байсан. Түүнчлэн УБТЗ ХХК нь дээрх гэрээний стандарт нөхцөлтэй холбогдуулан үнэ зарлалт гэсэн хэсгийг нөхөж бичихээр захиалгын хуудасны маягтыг бэлтгэж ачаа илгээгчээр өөрөөр нь бөглүүлж ачаа тээвэрлүүлэх захиалгыг авдаг бөгөөд нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тухайн захиалгын хуудсыг бөглөхдөө дээрх үнэ зарлах хэсгийг өөрийн сайн дураар бөглөөгүй буюу үнэ зарлахаас татгалзсан байдаг. Хэрэв бид тухайн үед гэрээний стандарт нөхцөл болох Үнэ зарлах тухай санамжийг тээш, ачаан тээш хүлээн авах складандаа ачаа илгээгч нарт харагдахуйцаар ил байрлуулаагүй эсвэл захиалгын хуудсанд үнэ зарлах гэсэн хэсэг байгаагүй байсан бол гэрээний стандарт нөхцөл гэсэн асуудал яригдах боломжгүй байх байсан. Ийнхүү ачаа илгээгч буюу нэхэмжлэгчид үнэ зарлаагүй тохиолдолд үүсэх эрсэдлийг хуульд заасны дагуу танилцуулж, мэдэгдэн үүнийг нотлосон баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч тайлбарласаар байтал мэдэгдээгүй танилцуулаагүй гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор гаргаж өгсөн баримтыг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлосон баримт гаргаж өгөөгүй байхад нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй гэж дүгнэх нь өөрөө боломжгүй.

Үнэ зарлах нь ачаа дутах, алга болох, гэмтэх улмаар үүний улмаас яг ийм төрлийн маргаан талуудын хооронд гарсан тохиолдолд маргааныг шударга, үнэ зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой тул бид талуудын эрх ашгийг шударга үнэн зөвөөр хангаж хамгаалахын тулд ачаа, тээшийндээ үнэ зарлах боломжийг ачаа илгээгч нарт олгодог. Дэлхий нийтэд төдийгүй манай улсад бусад салбарын тээвэрлэгч нар ч мөн энэхүү хэрэгтэй адил маргааны улмаас бий болсон дутсан, алга болсон ачаа, тээшийн өртгийг үнэ зарлаагүй тохиолдолд кг тутмыг нь өөрийн ачаа тээвэрлэлтийн дүрэм журамдаа заасан хэмжээгээр тооцоолж төлж барагдуулдаг. Тухайн ачаан тээшинд 3 829 005 төгрөгийн эм байсан уу 100 000 төгрөгийн эм байсан уу гэдгийг бид тогтоох боломжгүй нотлох баримтгүй энэхүү нөхцөлд байдалд хэрэв 3 829 005 төгрөгийн эм байсан бол энэ дүнгээр үнэ зарлаж алдагдсан тохиолдолд 100 хувь зарласан дүнгээр шаардан авах боломжийг бидний зүгээс нэхэмжлэгчид олгосоор байхад үнэ зарлахаас татгалзаж, гэрээний стандарт нөхцөлийг зөвшөөрсөн нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд харшилсан, манай нийгэмлэгийн хувьд хохиролтой үйлдэл болсон. Хэрэв нэхэмжлэгч нь тээвэрлүүлэх ачаа тээшиндээ үнэ зарласан бол бид ийнхүү үнэ зарласантай холбогдуулан зарласан үнийн хэмжээгээр нь тарифын дагуу тээвэрлэлтийн хөлс, зардлыг нэмж төлүүлдэг бөгөөд үүнийг шүүхэд тайлбарласан боловч үүнд үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй, хэргийг хэт нэг талыг баримтлан нотлох баримтгүйгээр шийдвэрлэсэн. Бид нэхэмжлэгчийн танилцсан гэрээний салшгүй хэсэг болох манай нийгэмлэгийн тээш тээвэрлэх гэрээний стандарт нөхцөлийн дагуу тээш дутсан тохиолдолд учирсан хохирлыг хэмжээг 1кг тутмыг 2 швецайрь франкаар тооцож тухайн өдрийн Монгол банкны тогтоосон ханшаар төгрөгт шилжүүлэн бодож төмөр замын байгууллага нөхнө гэж заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Монгол банкны албан ханш болох 3165 төгрөгөөр буюу 6330 төгрөгөөр 1кг тутмыг нь тооцож дутсан гэх ачаа тээшийн үнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Дутсан гэх 1 байр ачааны хэмжээ буюу тухайн ачаа нь хэдэн кг болохыг тодорхойлсон баримт байхгүй бөгөөд Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар батлагдсан Төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх журам-ын 6.1 дүгээр зүйлийн 6.1.4 дах хэсэгт нэг ачаан тээшийн хүндийн жин нь 10 кг-аас бага, 100 кг-аас их байж болохгүй гэж заасны дагуу хамгийн их 100кг-р бодож нийт 633 000 төгрөгийг төлөхөд УБТЗ ХНН-ийн зүгээс татгалзахгүй болно. Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлож чадаагүй, нотлох баримт өгөөгүй, харин хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлыг нотлох баримтаар нотлож нотлох баримт гаргаж өгсөөр байхад анхан шатны шүүх хариуцагчийн хариу тайлбарт бодитой дүгнэлт хийгээгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй, нотлох баримтгүйгээр хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн 3 196 005 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч УБТЗ-д холбогдуулан 3 829 005 төгрөг гаргуулах тухай гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

М ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 21 байр /хайрцаг/ нийт 171 кг эм бараа /ачаа тээш/-г Улаанбаатараас Сайншанд хүртэл тээвэрлүүлэхээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд хүлээлгэн өгсөн, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь уг ачаа барааг тээвэрлэн Сайншандад хүлээлгэж өгөх үед 1 байр /хайрцаг/ ачааг дутаасан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байгааг дараах байдлаар залруулах боломжтой.

 

Хариуцагч гэрээний зүйл болох 21 байр /хайрцаг/, 171 кг ачаа тээшийг тээвэрлэхээр хүлээн авсан, 1 байр /хайрцаг/ ачааг дутаасан талаар маргаагүй, харин дутсан гэх 1 байр /хайрцаг/ ачааны үнэлгээг хэрхэн тооцох талаар талууд маргаж байна.

 

Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна гэж, мөн хуулийн 386 дугаар зүйлийн 386.4 дэх хэсэгт дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 21 байр /хайрцаг/ нийт 171 кг эм бараа /ачаа тээш/-г хүлээлгэн өгч, хөлс төлж, ачаа тээш явуулах захиалгын маягт буюу дагалдах бичгийг үйлджээ. Уг дагалдах бичигт тээвэрлүүлэгч нь ачааны өртөгийг бичээгүй боловч Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.4 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээ, түүний агуулгыг хүчинтэй гэж үзнэ. /хх-97/

 

Ийнхүү тээвэрлэлтийн явцад дутсан ачааны өртөг тодорхойгүй байгаа нөхцөлд тээвэрлэгч нь хууль болон тодорхой төрлийн тээврийн дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээх учиртай.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 390 дугаар зүйлийн 390.2 дахь хэсэгт зааснаар дутсан 1 байр /хайрцаг/ ачааны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч М ХХК нь дутсан ачааны доторх барааны үнийг нотлох зорилгоор дотоод хөдөлгөөний гэх баримт гаргаж өгсөн боловч уг баримтууд нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй тул эргэлзээгүй баримт гэж үзэхгүй, анхан шатны шүүх нэг талын буюу дээрх санхүүгийн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хариуцагч нь татгалзлаа нэхэмжлэгч нь ачаа тээш явуулах захиалгын маягт дээр үнэ зарлаагүй тул хэдэн төгрөгийн эд зүйл байсныг тогтоох боломжгүй тул тус нийгэмлэгийн Улаанбаатар Төмөр замаар зорчигч, тээш тээвэрлэх дүрэмд зааснаар хохирлыг нөхөн барагдуулна гэх агуулга бүхий тайлбар гаргасан байна.

 

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар батлагдсан Төмөр замаар зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэх журмын 6.1 дүгээр зүйлийн 6.1.4-т нэг ачааны тээшийн хүндийн жин нь 10 килограммаас бага, 100 килограммаас их байж болохгүй гэж, Улаанбаатар Төмөр замаар зорчигч, тээш тээвэрлэх дүрмийн 34-т хэрэв тээшиндээ үнэ зарлаагүй бол дутагдсан хүндийн хэмжээгээр хохирлыг төлнө. Өртөө буюу буудлын холбогдох ажилтан, цагдаагийн газрын ажилтан, тээшийн оролцоотойгоор уг дутагдсан тээшинд акт тогтооно. Тээш, ачаа тээш, төмөр замын ажилтаны буруугаас алдагдсан, дутагдсан, гэмтсэн тохиолдолд учирсан хохирлын хэмжээг 1 килограмм тутмыг 2 швейцарь франкаар тооцож тухайн өдрийн Монгол банкны тогтоосон тооцооны ханшаар төгрөгт шилжүүлэн бодож төмөр замын байгууллага нөхөн төлнө гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь ачаа дутсан талаар хариуцагч байгууллагад хандаж 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар төмөр замын Сайншанд өртөөнд 1 байр /хайрцаг/ ачаа дутсан талаар акт үйлдсэн болох нь хэргийн 12-13 дугаар тал дахь баримтаар тогтоогдсон байна.

 

Ачаа дутсанд хариуцагч байгууллага буруутай боловч нэхэмжлэгч нь ачааны дагалдах бичигт ачааны өртөгийг бичээгүй, өөрөөр хэлбэл үнэ зарлаагүй тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзнэ. Иймд хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдлыг үндэслэн дутсан гэх ачааг 100 кг-аар тооцож Улаанбаатар Төмөр замаар зорчигч, тээш тээвэрлэх дүрэмд заасны дагуу учирсан хохирлыг хэмжээг 1 кг тутмыг 2 Швецайрь франкаар тооцож, тухайн өдрийн Монгол банкны тогтоосон ханшаар төгрөгт шилжүүлэн бодож нийт 633 000 төгрөгийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 196 005 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангав.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/02464 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 3 829 005 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай гэснийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 633 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 196 005 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлджээ, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 76 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай гэснийг үлдээж, хариуцагч УБТЗ 19 640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч УБТЗ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 215 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ