Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01739

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01739

 

 

 

 

 

                                       Д.Мгийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/02306 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Мгийн хариуцагч Д.Б, Б.Онарт холбогдуулан гаргасан 1 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хариуцагч Д.Бгаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эмийн сангийн зориулалтаар талбай түрээслэхээр Д.Б ярилцаж, Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ............. худалдааны төвийн 1 давхарт байрлах зоогийн газрын зориулалтаар ашиглаж байсан талбайг түрээслэхээр болсон. Сарын түрээсийн төлбөр 3 500 000 төгрөгөөс урьдчилгаа 1 500 000 төгрөгийг төлсөн тохиолдолд талбайг хадгална гэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилгаа 1 400 000 төгрөгийг Д.Бнэрлэн заасан н.Оджаргал гэх хүний Хаан банкны 5057390009 тоот дансанд шилжүүлсэн. Түрээсийн гэрээ байгуулах талаар хэлэхэд шинэ Ды оффистой гэрээ байгуулвал түрээсийн хоног шууд бодогдоно, тусгай зөвшөөрөл нь гарахаар гэрээгээ байгуулна гэсэн. Мөнгө авсан баримтыг гараараа бичиж өгсөн. Түрээсийн талбайн түлхүүрийг өгөөгүй, ямар нэгэн шалтаг хэлдэг байсан. Түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй тул өгсөн мөнгөө буцааж авъя гэхэд өгөөгүй. Тухайн үед коронавирус цар тахал гарч бүх нийтийн онцгой байдал зарлаж хөл хорио тогтоосон байсан. 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шинэ Ды оффист очиж уулзахад Д.Б асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй гэсэн. Д.Б утсаа авдаггүй, эсвэл карантины үед нөхцөл байдал хүнд байна гэдэг байсан тул хэсэг хугацаанд хүлээсэн. 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ярихад Д.Б нь ажлаасаа гарч байгаа, мөнгийг нь хувааж өгнө гэж хэлээд өгөөгүй. Урьдчилгаанд өгсөн мөнгийг Д төвд тушаасан, захиралтай уулзаад мөнгөө аваарай гэсэн. Гэтэл Д.Б талбай түрээслэх урьдчилгаа мөнгийг тушаагаагүй байсан. Иймд 1 400 000 төгрөгийг Д.Б, Б.Онараас гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч нарын тайлбарт: 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Д.Мд түрээсийн талбайг үзүүлсэн. Өмнө нь уг талбайг цайны газрын зориулалтаар түрээсэлж  байсан. Д.М эмийн сангийн зөвшөөрлөө авч ирнэ гээд урьдчилгаа төлбөрт 1 400 000 төгрөгийг хариуцагчийн охины дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш Л.М ямар нэгэн холбоогүй байсан. Эцэг, эхтэйгээ ирээд түрээсийн талбайн талд нь цайны газар ажиллуулан, талд нь эмийн сангаа ажиллуулна гэсэн. Д.М эмийн сангийн зөвшөөрлөө авч чадахгүй болж талбай түрээслэхээ больсон. Түрээсийн талбайг өөр хүн түрээслэх гэж байхад болиулсан учраас урьдчилгаа төлбөрийг буцаахгүй. Д.Б “Дхолдинг” ХХК-д давхар түрээсийн гэрээтэй ажилладаг, өндөр түрээс төлдөг, түрээсийн төлбөрөөр хохироосон. Хэрэв түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулах бол эмийн сангийн зөвшөөрлөө авсан өдрөөс 1 400 000 төгрөг тооцогдох талаар Д.Мд хэлсэн. Түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулах шаардлагыг нэхэмжлэгчид тавьж байсан. Түлхүүрээ авах талаар нэхэмжлэгчид хэлж байсан. Д.Б одоо Д холдинг компанид ажиллахаа больсон, түрээсийн гэрээний хугацаа дууссан, дахин сунгаагүй. 1 400 000 төгрөгийг тус компанид тушаасан тул Д төвөөс мөнгөө нэхэмжлэх хэрэгтэй. Нэхэмжлэгчээс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1 400 000 төгрөг хүлээн авч, өөр хүмүүсийн түрээсийн төлбөртэй нийлүүлж Д холдинг компанийн ажилтан Б.Н данс руу шилжүүлсэн. Хариуцагч нэхэмжлэгчийн мөнгийг хэрэглээгүй. “Дхолдинг” ХХК-д 5 жилийн хугацаанд түрээслэгчийн нэрээр бус Д.Бгаас гэж шилжүүлдэг байсан.

2017 оноос хойш түрээсийн төлбөрийг Б.Одансаар Б.Н данс руу Байгалмаа гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн. Хариуцагч Д.Б Д.Мгийн шилжүүлсэн 1 400 000 төгрөгийг охиныхоо дансаар шилжүүлж, хүлээж авсан учир Б.О хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Дхолдинг ХХК-ийн тайлбарт: Дхолдинг ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр түрээсийн талбайг Д.Б бусдад дамжуулан түрээслэх эрхтэй байгуулсан. Гэрээнд заасан төлбөрийг сар бүр Дхолдинг ХХК-д төлдөг байсан. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд түрээсийн төлбөр өгсөн, авсан гэх асуудал тус компани хамааралгүй. Харин хариуцагч нь нэхэмжлэгчтэй төлбөр тооцооны асуудлаа шийдсэний дараа тус компанитай тооцоо нийлэх байдлаар асуудлыг шийдэх боломжтой. Хариуцагч Д.Б байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээний хугацааг сунгаагүй. Талуудын хооронд төлбөр тооцооны асуудал шийдэгдэж дуусаагүй гэжээ.

   Шүүх:  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Бгаас 1 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгож, хариуцагч Б.Од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.М 37 350 төгрөг төлснийг дурдаж, хариуцагч Д.Бгаас 37 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Бдавж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Д.М Д төвөөс талбай түрээслэхээр мөнгө тушаасныг бүгдийг нь Д төвд өгсөн. Хэрэв нэхэмжлэгч уг талбайг түрээслэх гэж мөнгө өгөөгүй бол хоосон талбайн төлбөрийг Д төвд тушаахгүй байсан. Хүн түрээслэж аваагүй хоосон талбайгаас мөнгө тушаах нь байтугай түрээслэгчтэй талбайнууд ковидийн үед хэцүү байсан. Д.М үйлчилгээ явуулаагүй, талбай хоосон байсан. Төлбөрийг би аваагүй болох нь дансны хуулгаар харагдана. Мөн Д.Мтай бичиг үйлдэж, гарын үсэг зурсан асуудлыг авч хэлэлцээгүй. Энэ нь гэрээ хийгдсэнд тооцогдоно. Д.М Д.Бгаас биш Д төвөөс мөнгөө нэхэх, эсвэл тус талбайгаа түрээслээд ажиллах хэрэгтэй. Шүүх нэхэмжлэгч түрээсийн талбайн түлхүүрийг аваад зурвас бичсэнийг авч хэлэлцээгүй. Эмийн сангийн зөвшөөрлөө аваагүй атлаа түлхүүр өгөөгүй гэж худал ярьсаныг шүүх анхаараагүй. Тус талбайн түлхүүр үйлчлэгч эмэгтэйд байсан ба түлхүүрээ аваад ч эмийн сангийн тусгай зөвшөөрөл нь байхгүй байсан. Эмийн сан ажиллуулахад хорио тавиагүй. Эмийн сангийн зөвшөөрлөө авч чадаагүй больж байгааг нь Д.Бгаас шалтгаалсан гэж үзэж байгаад гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.М хариуцагч Д.Б, Б.Онарт холбогдуулан 1 400 00 төгрөг нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ “Д.Б Д худалдааны төвийн 1-р давхарын талбайг түрээслэхээр тохиролцож, урьдчилгаа төлбөрт 1 400 000 төгрөг шилжүүлсэн боловч түрээсийн талбайг эзэмшиж, ашиглах боломжийг олгоогүй тул өгсөн мөнгөө буцааж авна” гэж тайлбарласныг хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.Б, гуравдагч этгээд “Дхолдинг” ХХК эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

Хэргийн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Талууд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Д төвийн 1-р давхарт байрлах цайны газрын зориулалттай талбайг эмийн сангийн зориулалтаар түрээслүүлэхээр тохиролцож, нэхэмжлэгч Д.М урьдчилгаа төлбөрт 1 400 000 төгрөгийг хариуцагчийн нэрлэн заасан Б.Одансанд шилжүүлсэн байна. Хэрэгт талуудын гарын үсэгтэй “... түрээслэгч Мн, з/б Байгалмаа нар нь харилцан тохиролцож 2020.11.05-ны өдөр хуучнаар “Азоог” цайны газрыг эмийн сангийн зориулалтаар М түрээслэхээр тохиролцов. Хэрэв Мөнхнасан тохиролцсоноосоо татгалзвал 2020.11.05-ны өдрөөс хоногоор түрээс бодогдон урьдчилж өгсөн 1 500 000 төгрөгөөс суутгаж авна .., түлхүүрийг 2020.11.05-ны өдөр Мөнхнасанд өөгхөөр тохиров.” гэх утгатай гараар бичсэн бичгийн баримт байна. /хх6-8/

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчтэй тохиролцсон гэрээний зүйлийг шилжүүлэн өгөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Д.М, Д.Б нарын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд гар утсаар харилцсан зурваст үзлэг хийхэд хариуцагч нь түрээсийн зүйлийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад бодитойгоор шилжүүлж өгөөгүй болох нь тогтоогджээ. Тодруулбал, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд “ ... Д.Мгаас: түлхүүр өгөх хугацаа зөндөө байсан өдий болтол түлхүүрийг өгөөгүй тул цаашид иргэний харилцаа үүсэх итгэл төрүүлэхгүй байна, мөнгөө буцааж авъя .., ямар үйл ажиллагаа явуулахаа өөрөө мэднэ, цаг тухайд нь түлхүүрийг өгсөн бол ийм асуудал үүсэхгүй байлаа .., Д.Бгаас: чи зөвшөөрлөө аваагүй байгаа биз, би чамайг зөвшөөрлөө авч чадахгүй болж байна гэж ойлгож байна .., би юмаа авчихад чи онгойх зөвшөөрөлгүй байгаа биз дээ ..., ажлаа эхлээ түлхүүр 00 дээр байгаа ..,” гэж тусгагдсан байна. /хх41-43/ 

Дээрхээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгөөгүй,  мөн тэрээр “Дхолдинг” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээг байгуулж, гэрээгээр талууд түрээсийн талбайг дамжуулан түрээслэхээр тохиролцсон байх ба тус гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 31-ны өдөр дуусгавар болж, дахин сунгаагүй байна. /хх88-92/ Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Дхолдинг” ХХК-ийн түрээсийн талбайг бусдад дамжуулан түрээслэх эрхгүй этгээд байжээ. Иймд талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцогдохгүй бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзнэ. Шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв.

Хариуцагч Д.Б“нэхэмжлэгчид түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулах боломжийг олгосон, тус объектыг өөр хүнд түрээслэх гэж байсныг нэхэмжлэгч болиулсон тул төлбөрийг буцааж өгөхгүй, 1 400 000 төгрөгийг охин Б.Одансаар дамжуулан авч “Дхолдинг” ХХК-руу шилжүүлсэн тул хариуцах этгээд нь би биш” гэх татгалзал үндэслэлгүй болно.

Шүүх хариуцагч Б.Од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Бг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж түүнээс 1 400 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд 1 400 000 төгрөгөөс 200 000 төгрөгийг хасч тооцоход татгалзахгүй гэж тайлбарласан тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй болно.

Харин хариуцагч Д.Б нь “Дхолдинг” ХХК-д холбогдуулан тухайн асуудлаар шаардлага гаргахад энэ магадлал саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагч Д.Бдавж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/02306 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Бгаас 1 200 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мд олгож, хариуцагч Б.Од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 2 дах заалтын “... хариуцагч Д.Бгаас 37,350 ...” гэснийг “... хариуцагч Д.Бгаас 33 350 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх  хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.Булсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 350 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ЦОГТСАЙХАН

                                         ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

                                                    А.МӨНХЗУЛ