Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 9

 

                                   

 

 

 

 

 

 

 

М.Даш нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Б.Энхбат

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          Н.Баяр, Ц.Хүрэлбаатар, Б.Энхтуяа, Ш.Маам

Шүүгдэгч                                           М.Даш, Ц.Мөнх-Очир,

Нарийн бичгийн дарга                 Б.Байгалмаа  нарыг оролцуулан

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Ц.Мөнх-Очирийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, М.Дашийн өмгөөлөгч Н.Баяр нарын гаргасан гомдлоор М.Даш нарт холбогдох эрүүгийн 201519000737 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 2-237 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1162 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, Тайж овогт Мөнхбаатарын Даш, /РД:ИЙ90082114/

Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эмээ, эгч нарын хамт Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг 09-04 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Цэвээн-Очирын Мөнх-Очир, /РД:НН92010518/

 

Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 17 нас 2 сар 9 хоногтой, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, 3 дүүгийн хамт Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг 3 дугаар хэсэг Баруун дэнжид оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хар Хуурчид овогт Ганхуягийн Эрдэнэбаяр, /РД:НН98122014/

           

Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн үндэсний технологийн сургуулийн 2 дугаар курсэд сурдаг, ам бүл-4, аав, ээж, эгч нарын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуурын 4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Баярсайханы Отгонтэнгэр, /РД:НН97102715/

 

Монгол улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Монголын Үндэсний их сургуулийн Хууль эрх зүйн 2 дугаар курсэд сурдаг, ам бүл-6, аав, ээж, ах, эгч нарын хамт Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг 2 дугаар хороо 3-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Батмөнхийн Мягмардорж, /РД:НН97122310/

 

Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа малчин, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багт Агьт гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бэсүүд овогт Нямхүүгийн Лхагвадэлгэр, /РД:ДР90013114/

 

Шүүгдэгч Н.Лхагвадэлгэр нь шүүгдэгч М.Даш, Ц.Мөнх-Очир, Г.Эрдэнэбаяр, Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар сумын чиглэлд 83-72 УБЗ улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа Ятуут уулаас Мануулт уул руу явах орон нутгийн шороон замд хажуугаар нь зөрсөн 33-86 УНК улсын дугаартай Ланз круйзер маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэн зогсоож, улмаар согтуу М.Даш, Ц.Мөнх-Очир, Г.Эрдэнэбаяр, Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж нартай бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн, догшин авирлаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.Батжаргал, Д.Мэндхүү нарыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан, танхайрах явцдаа шүүгдэгч Г.Эрдэнэбаяр нь чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Д.Мэндхүүг цохихыг завдсан,

Мөн шүүгдэгч М.Даш, Ц.Мөнх-Очир нар нь дээр гэмт хэрэгт насанд хүрээгүй буюу 17 настай Б.Мягмардорж, 16 настай, Г.Эрдэнэбаяр нарыг сэтгэлийн хөөрөлд оруулж гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ны 113 дугаар шийтгэх тогтоолоор: Яллагдагч Тайж овогт Мөнхбаатарын Дашийг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оруулах,

 Мөн бүлэглэн бусдыг илтгэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт Цэвээн-Очирын Мөнх-Очирыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оруулах,

 Мөн бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч Хар хуурчид овогт Ганхуягийн Эрдэнэбаярыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан, танхайрах явцдаа зэвсэг болон зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн танхайрахыг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт Батмөнхийн Мягмардоржийг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч Бэсүүд овогт Нямхүүгийн Лхагвадэлгэрийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан бүлэгдэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Отгонтэнгэрийг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овогт Мөнхбаатарын Дашийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ганхуягийн Эрдэнэбаярыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цэвээн-Очирын Мөнх-Очирыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Баярсайханы Отгонтэнгэрийг 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Батмөнхийн Мягмардоржийг 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лхагвадэлгэрт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дашид хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Ц.Мөнх-Очирын хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Г.Эрдэнэбаярын хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

 Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Даш, Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж, Н.Лхагвадэлгэр, Ц.Мөнх-Очир нарт оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид,

Мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.8 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Эрдэнэбаярын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар Г.Эрдэнэбаярт оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.5 дахь хэсгүүдэд зааснаар ялтан Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж, Н.Лхагвадэлгэр нарт оногдуулсан хорих ялыг тус тус тэнсэж, 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар шийдвэрлэжээ.

 

Яллагдагч Ц.Мөнх-Очирын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах гомдолдоо: “... Ц.Мөнх-Очир нь 2015.11.06-нд бусадтай бүлэглэн танхайрсан, мөн насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт татан оролцуулсан, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм. Шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Очирт 3 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагааар баривчлах ялаар шийтгэснийг хуульзүйн үндэслэлгүй ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн санал маргаан байхгүй байна. Шүүгдэгч анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэргийн хор аюулыг арилгасан, хэргийн улмаас иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлууд тогтоогдож байхад нийгмээс тусгаарлан ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоо бүрэн төлсөн, цаашид засарч хүмүүжих найдвартай, ар гэртээ 90 гарсан хөгшин ээжтэйгээ байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж, оногдуулсан ялыг эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү гэжээ.

М.Дашийн өмгөөлөгч Н.Баяр давж заалдах гомдолдоо: “... М.Дашид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Гэтэл М.Дашийн үйлдэл нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэдгээрээ хүндэрч ЭХ-ийн 181.2.5 болж байгаа учраас ЭХ-ийн 56.2-д зааснаар шүүх түүнийг ял оногдуулахдаа харгалзаж үзэхгүй байх байтал, харгалзан үзэж ялыг хүндрүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ М.Даш уг хэрэгт хэр хэмжээний оролцоотой вэ гэдгийг төдийлөн анхаарч үзээгүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд М.Даш зодоон болохоос өмнө “Энэ ландтай гэхээрээ ингэдэг юмуу?” гэж хэлсэн, мөн жолоочийн гараас татаж машинаас буулгасан. Өөр ямар нэг хүнийг зодож цохьсон зүйл байхгүй. Энэ талаар бусад шүүгдэгч бүгд мэдүүлдэг. Харин хохирогч Батжаргал учиргүй зодуулсан гэж ярьсан боловч тухай өдөр үзсэн эмчийн үзлэгээр түүний биед нурууны зүүн доод хэсэгт зулгарснаас өөр гэмтэл илрээгүй. Харин М.Даш нь тухайн үед жолоочоос уучлал гуйгаад Ц.Мөнх-Очироос машиных нь түлхүүрийг авч өгөөд явсан. Энэ нь түүнд бусдын амь биед ямар нэг хор хохирол учруулъя гэсэн санаа зорилго байгаагүй, болсон асуудалд чин санаанаасаа гэмшиж байсныг харуулж байгаа тул анхаарч үзнэ үү... М.Даш нь багаасаа сэргэлэн цовоо, биеэ дайчлах чадвар сайн, олон төрлийн спортоор хичээллэдэг байсан. Тэр дотоодын цэргийн 805-р ангид түрүүч цолтойгоор ажиллаж байсан ба ажил, сурлагаараа байнга анги хамт олноо хошуучилж байдаг тэргүүний албан хаагч байсан гэдгийг хавтаст хэргийн 267-271-р хуудсанд байгаа Эрүүл мэнд спортын сайдын 2016-02-08-ны тушаалаар шагнагдсан “Биен тамир сдортын тэргүүний ажилтан” цол тэмдэг болон бусад дмплом, медалиуд нотолж байгаа юм...М.Даш цаашид дахин алдаа гаргахгүй, хэрэг зөрчилд холбогдохгүй, хоёр нялх хүүхдийнхээ ирээдүйн төлөө шулуун шударгаар хөдөлмөрлөж, амьдарч чадах нийгэмд их зүйл бүтээх чадвартай сэхээтэн залуу.  Төр түүнд боломж олгож шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хөнгөн ял оноон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...Анхан шатны шүүхээс М.Даш, Ц.Мөнх-Очир нарт оногдуулсан ялыг тэнсэхэд татгалзах зүйлгүй ...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

-2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар сумын чиглэлд 33-86 УНК улсын дугаартай Ланз круйзер маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан  иргэн Г.Батжаргал, Д.Мэндхүү нарыг  83-72 УБЗ улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгсэлийг  Н.Лхагвадэлгэр нь  жолоодож гүйцэт түрүүлэн зогсоож, улмаар М.Даш, Ц.Мөнх-Очир, Г.Эрдэнэбаяр, Б.Отгонтэнгэр, Н.Лхагвадэлгэр, Б.Мягмардорж нар бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн, догшин авирлаж, зодож, хохирогч нарын бие махбодид нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан,

 -Шүүгдэгч Г.Эрдэнэбаяр бусадтай бүлэглэн, танхайрах явцдаа нь чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэн иргэн Д.Мэндхүүг цохихыг завдсан,

 -Шүүгдэгч М.Даш, Ц.Мөнх-Очир нар нь  танхайрах гэмт хэрэгт  насанд хүрээгүй буюу 17 настай Б.Мягмардорж /1997 оны 12 дугаар сарын 23-нд төрсөн/, 16 настай Г.Эрдэнэбаяр /1998 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн/ нарыг сэтгэлийн хөөрөлд оруулж гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь  шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Батжаргал, хохирогч Д.Мэндхүү нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгч нарт оногдуулсан шийтгэл нь тэдгээрийн гэм бурууд тохирчээ.

 Гэвч хорих ял биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн М.Даш, Ц.Мөнх-Очирын нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хувийн нөхцөл байдлын хувьд М.Даш нь аав, ээж, эхнэр,  0-2 насны  хүүхдүүдийн хамт амьдардаг, Дотоодын цэргийн 805 –р ангид түрүүч цолтой ажиллаж байсан, ажил сурлагаараа хамт олноо хошуучилж тэргүүний албан хаагч болж байсан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан, Ц.Мөнх-Очирын хувьд ам бүл 3, 90 настай эмээ, эгчийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тэдгээрт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.            

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, өмгөөлөгч Н.Баяр нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дугаарыг алдаатай бичсэн байх тул зөвтгөж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн Байцаан шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай.

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.5 дахь хэсгүүдэд зааснаар ялтан Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж, Н.Лхагвадэлгэр нарт оногдуулсан хорих ялыг тус тус тэнсэж, 2 жилийн хугацаагаар, тус тус хянан харгалзсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.5 дахь хэсгүүдэд  зааснаар ялтан М.Даш, Ц.Мөнх-Очир, Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж, Н.Лхагвадэлгэр нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, М.Дашийг 3 жилийн хугацаагаар, Ц.Мөнх-Очир, Б.Отгонтэнгэр, Б.Мягмардорж, Н.Лхагвадэлгэр нарыг 2 жилийн хугацаагаар  тус тус хянан харгалзсугай”  гэж өөрчилж;

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 12 дахь заалт  “нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга авч” гэснийг  хассугай.

в/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “6,7,8,9,10,11,12” гэсэн дугаарыг “5,6,7,8,9,10,11” гэж  өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгдэгч Ц.Мөнх-Очирын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, шүүгдэгч М.Дашийн өмгөөлөгч Н.Баяр нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-д зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Очир, шүүгдэгч М.Даш нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

5. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                             Г.БОЛОРМАА

                                                                                   Т.ЭНХМАА