Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2016/0619/З |
Дугаар | 221/МА2017/0214 |
Огноо | 2017-03-16 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2017/0214
2017 оны 03 сарын 16 өдөр | Дугаарh221/МА2017/0214 | Улаанбаатар хот |
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагч Г.А, Т.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.А, Т.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-с гаргасан Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэггт заасныг тус тус баримтлан Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар актаар ногдуулсан 2,727,272.7 төгрөгийн торгууль, 3,797,793.5 төгрөгийн алданги, нийт 6,525,066.2 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү.
Анхан шатны шүүх, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох “С Т” ХХК-ийн захирал Ц.Ж-ыг гэрчээр асуусан байх ба тэрээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр шалгагдан, олон аж ахуйн нэгжид НӨАТ-ын падаанд хуурамч бичилт хийсэн гэм буруугаа хүлээж, улсад учруулсан хохирлыг барагдуулахаа нэгэнт илэрхийлсэн байгаа, энэ эрүүгийн хэрэгт татварын алба иргэний нэхэмжлэгчээр оролцсон бөгөөд хохирлыг нэхэмжлэх эрхтэй билээ /хэрэгт авагдсан БЗД-ийн прокурорын 2016.10.25-ны өдрийн 2703 дугаар тогтоол - хавтаст хэргийн 201-204-р хуудас/.
Татварын ерөнхий хуулийн 74.1.10-т заасан “хуулийн этгээдийн нэр, хаяг, тамга, тэмдэг, данс, улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөл болон эд хөрөнгө, баримт бичгийг бусдад шилжүүлэх, ашиглуулах” үйлдэлд нь татварын алба уг компанид татварын акт тавих ёстой байтал худалдан авагч “М” ХХК-д төлбөр тавьсан нь шударга бус юм. Хохирлын нэг дүнг хоёр этгээдээс давхар нэхэмжлэх эрх татварын албанд байхгүй.
“М” ХХК нь ноос худалдан аваад эцсийн бүтээгдэхүүн хийсэн нь өртөгт шингэсэн болох нь санхүүгийн баримтуудаар нотлогдож байгаа, тус компани бодитой худалдан авалт хийсэн болохыг шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн билээ.
Татварын акттай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцэхдээ үнэхээр бараа материал худалдан авсан нь нотлогдсон тохиолдолд татвар төлөгчийг буруугүй гэж үзэн татварын актыг хүчингүй болгон шийдвэрлэж байгаа практик нэгэнт тогтсон байгааг шүүх анхаарна уу.
Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэгзн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.18-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчдын 2015.04.08-ны өдрийн 220017230 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хуулийг зөв хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “... анхан шатны шүүх ашиг сонирхлын зөрчилтэй “С Т” ХХК-ийн захирал Ц.Ж-ыг гэрчээр асуусан ...” гэжээ.
Нэхэмжлэгч “М” ХХК нь “С Т” ХХК-иас 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 01/07/13 тоот гэрээ байгуулж тэмээ, хонины ноос худалдан авч, С Т ХХК-д 90.909.091 төгрөгийг шилжүүлснээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, кассын орлогын баримт, бараа, материалын зарлагын баримтыг үйлдэж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 9.090.109 төгрөгийн татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хассаныг татварын улсын байцаагч нар “худалдан авалт хийсэн мэтээр баримт бүрдүүлж татвар бууруулсан ...” зөрчил гэж үзэж акт гаргасан байна.
Нэхэмжлэгч нь уг актыг эс зөвшөөрсөн үндэслэлдээ ноос худалдан авч утас ээрэх үйл ажиллагаа явуулдаг, “С Т” ХХК-иас ноос гэрээний дагуу худалдан авалтыг бодитой хийж, бэлэн мөнгөөр үнийг төлсөн” гэж маргасан байх тул уг зөрүүтэй асуудлыг нотлох зорилгоор гэрээ байгуулсан гэх бэлтгэн нийлүүлэгч компанийн захирал Ц.Ж-ыг гэрчээр татаж, худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан эсэх талаар хуульд заасан журмын дагуу хууль сануулж мэдүүлэг авсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.
Мөн татварын улсын байцаагчийн актаар нэмэгдсэн өртгийн албан татварыг үндэслэлгүйгээр хасаж тооцсоныг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь бусдаас суутган авч төсөвт төлөх ёстой байсан нэмэгдсэн өртгийн албан татвараас үндэслэлгүй хасалт хийсэн учраас түүнийг нөхөн гаргуулахаар акт гарсан, харин “С Т” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.10-д зааснаар баримт бичгээ бусдад ашиглуулсан зөрчилдөө 74.1-д заасны дагуу эрүүгийн хариуцлагад татагдан улмаар өршөөгдсөн, мөн нэхэмжлэгчид тухайн барааг худалдаагүй, нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган аваагүй тул уг нэмэгдсэн өртгийн албан татварыг “С Т” ХХК-иас давхар авах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Татварын ерөнхий хуулийн 74.1.10-т заасан үйлдэлд нь “С Т” ХХК-д акт тавих ёстой байтал худалдан авагч “М” ХХК-д төлбөр тавьсан нь шударга бус юм. Хохирлын нэг дүнг хоёр этгээдээс давхар нэхэмжлэх эрх татварын албанд байхгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.
Давж заалдах гомдолд “М” ХХК нь ноос худалдан аваад эцсийн бүтээгдэхүүн хийсэн нь өртөгт шингэсэн болох нь санхүүгийн баримтаар нотлогдож байгаа. ... шүүх хянан хэлэлцэхдээ бараа худалдан авсан нь нотлогдсон тохиолдолд татвар төлөгчийг буруугүй гэж үзэн актыг хүчингүй болгож байгаа практик нэгэнт тогтсон байгааг анхаарна уу” гэжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заажээ.
Худалдан авагч “М” ХХК нь бэлтгэн нийлүүлэгч “С Т” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нотлогдоогүй, “С Т” ХХК нь ноос худалдах үйл ажиллагаа явуулдаггүй, “М” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь төсөвт төлөх татвараас энэ хуулийн дагуу хасч тооцох эрхгүй байна.
Нэхэмжлэгч нь тухайн үед дагаж мөрдөж байсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д заасан санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх, 7 дугаар зүйлийн 7.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж заасны дагуу худалдан авалтын талаарх баримтаа бүрдүүлээгүй, гэрээ, падаан, бусад баримтад бэлтгэн нийлүүлэгчийг төлөөлж хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй, бараа материалын нэр, тоо, ширхэг зөрүүтэй зэргээс үзвэл дээрх хуулийн дагуу төсөвт төлөх татвараас хасч тооцох үндэслэлгүй байна. Иймд татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, уг актаар тогтоосон хариуцлагаас өршөөсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ