Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0248

 

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаарh221/МА2017/0248 

Улаанбаатар хот

 Ж.Г-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ж.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 62 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Г-ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цагдаагийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 62 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн  Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын Ж.Г-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоохыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд шинэ акт гаргаагүй бол нэхэмжлэгч Ж.Г-г ажлаас чөлөөлсөн Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын Ж.Г-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Г давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхэд “Тахарын Ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б\247 тоот тушаалаар илт хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн тул уг тушаалыг илт хууль бусад тооцон хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд томилох захирамжилсан шийдвэр гаргуулах, ажилгүй байсан үеийн цалинг нөхөн олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Уг нэхэмжлэлийг Захиргааны анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 62 тоот шүүхийн шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгчийн хувьд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэрийг гардан авч танилцаад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорхи гомдлыг гаргаж байна.

 Анхан шатны шүүхийн 62 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах эрэн сурвалжлах газрын чиг үүрэг шилжсэн талаар талууд маргаагүй боловч уг газрын даргын орон тоо, цалингийн сангийн хамт шилжсэн, орон тоо хасагдсан талаар тодорхойгүй байхад маргаан бүхий Тахарын ерөнхий газрын даргын Б/247 тоот тушаалаар нэхэмжпэгч Ж.Г-г Төрийн албаны 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар үурэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэл муутай болжээ” гэсэн. Мөн хэсэгт “... нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил албан тушаалын чиг үүрэг, цалингийн сан ЦЕГ-т шилжсэн нь тодорхой байхад түүнийг газрын даргын орон тоо байхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг зөвтгөх боломжгүй байна” гэж, “.....татан буугдсан Тахарын Ерөнхий газрын дарга тушаал гаргаж, нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэснийг зөрчсөн гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарыг буруутгахааргүй байна зэрэг хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийж, илт хууль бус болохыг тогтоосон атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтад “... Ж.Г-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоохыг захиргааны байгуулагаас дахин шинэ акт хүртэл …” гэж түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: хариуцагч тал нэхэмжлэгч намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөн тушаалыг дахин гаргах, засах боломжгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлээд байхад шүүх тушаалыг дахин шинээр гаргах хүртэл түдгэлзүүлж байгаа нь хуулийг буруу тайлбарлан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүхэд Тахарын Ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын   02-ны өдрийн Б/247 тоот тушаалаар илт хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн тул уг тушаалыг илт хууль бусад тооцон хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд томилох захирамжилсан шийдвэр гаргуулах, ажилгүй байсан үеийн цалинг нөхөн олгох,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх”   нэхэмжлэлийн шаардлагыг шүүх орхигдуулж шийдвэрлэсэн.

Уг нэхэмжлэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй нь ЗХШХШТХуулийн 106 зүйлийн 106.3.12,106.3.13,106.3.14-д заасан заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж байна.

Миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн захиргааны актыг эс зөвшөөрч хуулийн дагуу судлан үзэж илт хууль бус шийдвэрээ эргэн харж хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгөхийг хүссэн өргөдлийг Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Б-ын гаргасан боловч Хууль зүй Дотоод хэргийн яамнаас ажил орохыг хүссэн өргөдөл гэж буруу ойлгон ЦЕГазарт шилжүүлсэн байдаг.

Цагдаагийн ерөнхий газраас эргүүлийн цагдаагийн ажлын байрыг надад санал болгосон. Энэ нь илт хууль бус шийдвэрийн дагуу миний эрх зүйн байдлыг дордуулсан талаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад шүүх “ажлын байр санал болгоход зввшөөрөөгүй эвлэрэх боломжтой байсан” гэж нотлох баримтыг илт буруу дүгнэж хууль буруу тайлбарласан гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 62 дугаар шийдвэрийг бүхэлд хянаж анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Одонбаяр давж заалдах гомдолдоо: “Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай”, “Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай”, “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиуд батлагдаж төрийн зарим байгууллагуудыг нэгтгэх, салгах, татан буулгах шийдвэр гаргасан.

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолыг гаргаж, уг тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагуудын холбогдох албан хаагчдын орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Ч, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Б, холбогдох бусад сайд нарт даалгасан.

Засгийн газрын тогтоолын дагуу Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/01, 277 дугаар тушаалаар “Засгийн газрын шинэчилсэн бүтэц, яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлагдсантай холбогдуулан Тахарын албыг татан буулгах Ажлын  хэсэг”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/02 дугаар тушаалаар “Тахарын албыг татан буулгах үүрэг бүхий Ажлын хэсэг” тус тус байгуулагдсан.

Уг Ажлын хэсэг нь Тахарын албаны хуулиар хүлээсэн зарим чиг үүргийг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх арга хэмжээг авч Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулж ажилласан.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн   8.3.5-д “Хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” заасан бүрэн эрхийг Агентлагын дарга хэрэгжүүлнэ гэж заасан. Энэхүү бүрэн эрхийнхээ дагуу 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/248 дугаар тушаалаар Тахарын албаны нийт 556 алба хаагчийг төрийн албанаас чөлөөлжээ.

Харин Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Ц-ийн А-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Өөрөөр хэлбэл Тахарын алба нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Монгол Улсын хэмжээнд шүүх, шүүгчийн аюулгүй байдал, гэрч, хохирогчийг хамгаалах, сэжигтэн, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргосон сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй явуулж байсан.

Засгийн газрын тухай хууль болон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар агентлагийн даргыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ зөвхөн Засгийн газарт, Дэд даргыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ Сайдад, алба хаагчдын томилох, чөлөөлөх эрх хэмжээ агентлагийн даргад олгосон байна. Харин Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд агентлагийн алба хаагчдыг томилж, чөлөөлөх шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдоогүй бөгөөд Тахарын алба /хуучнаар/-ны дарга Ц.А эрх зүйн чадамжтай байхдаа буюу 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тушаал гаргасан нь эрх зүйн үндэслэлтэй юм.

Мөн иргэн Ж.Г-д Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу нэг удаагийн тэтгэмж олгосон байна.

Иймд Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/248 дугаар тушаалыг хууль бус гэж үзэн гаргасан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 62 тоот шийдвэр, нэхэмжлэгч Ж.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, хариуцагчаар татсан Цагдаагийн ерөнхий газрын дарга болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын ямар үйл ажиллагааны талаар хэрхэн маргасан, шүүх түүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг тодруулаагүй, холбогдох нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн зэрэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нь Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргахдаа хариуцагчаар Хууль зүй, дотоод хэргийн яамыг  татсан бөгөөд шүүх 10 дугаар сарын 05-ны өдрийн 8109 дүгээр захирамжаар “... хариуцагчийн ямар захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхойгүй” гэх үндэслэлээр бүрдүүлбэр хангуулахаар буцаажээ.

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлээ дахин гаргахдаа дээрх алдааг засалгүй  хариуцагчаар Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг татан ирүүлснийг үндэслэн шүүх захиргааны хэрэг үүсгэсэн, нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийг өөрчлөх хүсэлт гаргасны дагуу хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг сайдаар солихдоо түүний ямар хууль бус үйл ажиллагаатай нь холбогдуулж жинхэнэ хариуцагч гэж үзсэн нь тодорхойгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж заасныг зөрчсөн байна. 

 Нэхэмжлэгч нь Тахарын ерөнхий газрын даргын тушаалыг хүчингүй болгуулж, албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэл гаргасан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд маргаан бүхий актыг гаргаагүй, түүнд нэхэмжлэгчийг ажилд томилох бүрэн эрх хуулиар олгогдоогүй байхад дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь “... урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэл гаргахдаа түүний ажиллаж байсан Тахарын ерөнхий газар татан буугдсантай холбоотой Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар “албан тушаалын орон тоо хэвээр хадгалагдсан гэж үзэж, Цагдаагийн ерөнхий газарт шилжсэн албан тушаалын орон тоонд үргэлжлүүлж ажиллах”, эсхүл мөн хуулийн 27.2.4-т зааснаар “... орон тоо хасагдсан гэж үзэж мэргэжил, мэргэшлийн дагуу цалин хөлс бууруулахгүйгээр өөр ажилд томилуулах” нэмэгдэл баталгаагаар хангагдах төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийн аль нь зөрчигдсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байхад маргаан бүхий актын үндэслэлтэй холбоогүй “... нэхэмжлэлийн хүрээнд өөр албан тушаал санал болгосон нь эвлэрэн хэлэлцэх боломжтой ...” гэж хариуцагчийн тайлбарыг буруу үнэлж, улмаар дахин шинэ акт гартал маргаан бүхий актыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч нарын эрх зүйн байдлыг тодруулаагүй, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Тахарын ерөнхий газар татан буугдсантай холбоотой хэргийн оролцогчийн эрх залгамжлалын асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй байхад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, гомдлуудыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулж, тэдгээртэй холбоотой (албан тушаалын орон тоо хасагдсан, цөөрсөн, чиг үүрэг хэвээр хадгалагдсан эсэхтэй холбоотой) баримтыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 62 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.

 

                                    ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ