Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/40

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ч,

улсын яллагч Э.Н,

хохирогч Э.Г, А.Ц,

шүүгдэгч С.Ө, түүний өмгөөлөгч А.О, М.Ш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гучид овогт Сгийн Өт холбогдох эрүүгийн 1717000310013 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Гучид овогт Сгийн Ө /РД:СР63060311/, Хэнтий аймгийн Биндэр суманд 1963 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч С.Ө нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын “Аварга” цайны газрын хажуу талын уулзварт С.Эын эзэмшлийн Стевр маркийн 49-04 УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас А.Цгийн жолоодож явсан Toyota allion маркийн 20-41 УБЧ улсын дугаартай автомашиныг мөргөж жолооч А.Ц, зорчигч Э.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Э.Гын 20-41 УБЧ улсын дугаартай автомашинд 4 945 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан зам тээврийн осол гаргасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч С.Ө нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Аварга” цайны газрын хажуу талаар өнгөрөх Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замыг нэвтрэх уулзвараар С.Эын эзэмшлийн Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай өөрөө буулгагч автомашиныг жолоодон зам хөдлөн гарахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж гол замаар А.Цгийн жолоодож явсан Toёота Аллион маркийн 20-41 УБЧ улсын дугаартай автомашинд зам тавьж өгөхгүйгээр уулзварыг нэвтэрсний улмаас мөргөлдөж зам тээврийн осол гаргаж Э.Г, А.Ц  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Э.Гын автомашинд 4 945 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч С.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Таван толгойд ажиллаж байгаад буцах замдаа цайны газар луу орсон. Төв зам руу орохдоо зам тавьж өгнө үү гэсэн тэмдгийг харсан. Баруун, зүүн талаа сайн харж уулзварт орсон. Хөдөлгөөн хийхэд даланг хараад зогсох үед осол гарсан. Толинд хартал жижиг машин мөргөсөн байсан. Миний машины арын дугуй зуураатай байсан. Би 4-5 миллтэй явж байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, том машин бариад 5 жил болж байна. Тухайн үед машины гэрэл харагдахгүй байсан. Машин гэнэт гарч ирсэн, хонхор газар орох явцад би зам руу орсон байх. Би зам дээр чулуу байхаар тойроод гарах гэж байгаад уулзварын хажуу руу буусан. Миний жолоодож явсан Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай машин Эын машин. Би унаад 2 жил гаруй болж байна. Машиныг жолоодож ажилд яваад 1 000 000 төгрөг авдаг. Тээврийн хэрэгслийн гэрэл дохио бүрэн ажилладаг байсан. Таван толгойд өглөө болгон ажилд гарахдаа шалгуулдаг байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ авбал машин барьж ажил хийгээд хохирлоо төлнө. Гэмт хэрэг гарахад миний буруу байгаа. Урд талын дугуй руу мөргөөгүй, мөргөсөн бол энэ машин доогуур орох байсан. Зам тавьж өгөөгүй нь миний буруу гэв.

1.2. Хохирогч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Говьсүмбэр аймгийн гудамж талбайд хяналтын камер суурилуулах ажлаа хийж дуусгаад 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой Цгийн хамт Улаанбаатар хот руу буцсан. Би гэдэс эвгүйрхээд байхаар нь Цгоор машинаа бариулж явсан. Тайвшруулах эм уусан байсан болохоор нойр хүрээд замдаа унтсан. Намайг унтаж байхад тоормосны АВС дуугараад Ц уулга алдахаар нь сэртэл том машиныг түс гэж мөргөөд машин дотор шороо ороод, нэг хэсэг амьсгаа авч чадахгүй болсон. Бид хоёр машиндаа 3-4 минут болсон. Ө ах машинаасаа гарч ирээгүй, яаж байна гэж асуугаагүй. Миний гар хөдөлж чадахгүй байсан. Ц түрүүлж машинаас буугаад та хүн аллаа шүү дээ, яаж байгаа юм бэ гэхэд Ө ах та хоёр яасан хурдан явдаг юм бэ гэсэн. Тэгээд Ц Чойрт үлдсэн М руу яриад М ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очиж зураг авахуултал мөр хугаралтай, мултрал байна гээд бүтэн наркозод ороод мөрөө хийлгүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 6 цагт Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлж хагалгаанд орсон. Ө анхнаасаа болсон зүйлийг мэдэж байсан мөртлөө яагаад ингэж ярьсныг ойлгохгүй байна. Ө ахын өгсөн мэдүүлэг зөрөөтэй байна гэж бодож байна. Ө ах зам руу зөөлөн гараад, зөөлөн зогсоогүй. Шороон зам дээрээс тоормостой гарч ирсэн байх. Миний машины урд талын дугуйн дээр аккумляторын шингэн цацагдсан байсан. Урд дугуйг мөргөөд том машин цаашаа өнгөрөөд зогссон. Осолд орсны дараа копутын түгжээ эвдэрсэн, нэг нугасан дээрээ тогтож байсан нь одоо болтол хэвээрээ байгаа. Хэрэгт өгсөн баримтаар тооцож эмчилгээний зардал 7 442 952 төгрөг, автомашины мөнгө 4 945 000 төгрөг нэхэмжилж байна. Би унтаж байсан болохоор хурдыг сайн мэдэхгүй байна гэв.

1.3. Хохирогч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Г бид хоёр Чойроос Улаанбаатар хот руу хөдөлсөн. Г гэдэс өвдөөд байна гэхээр нь за за би машин баръя гээд машиныг барьсан. Г гэдэсний эм уугаад төмөр замын гарам өнгөрөөд унтсан. Би машин барьж яваад Ө ахын машины гэрлийг харсан. Гэхдээ уг гэрлийг машины гэрэл гэж бодоогүй замын хажуу талын цайны газрын гэрэл байна гэж бодсон. Ө ахын машины гэрлийг зориулалтын гэрэл гэж бодохгүй байна. Ө ахын машин шороон замаас засмал зам руу орох үед миний машины гэрэлд орж ирсэн. Би тоормос гишгээд том оврын машины урд дугуйг мөргөсөн. Миний унаж явсан машин жижиг тэрэг байсан учраас шууд зогссон. Ө ах урагшаа явсаар байгаад хойд дугуйн дээр ирж зогссон. Ө ах машинаас бууж ирээд ах нь өглөө Таван толгойгоос гараад хоол идээгүй явж байна. Хажууханд хоол идэх гэж яарч яваад ийм зүйл боллоо гэж хэлсэн. Ө нь машинаас бууж ирээд бид хоёрыг тоосон шинжгүй, эмч намайг үзэж байхад миний хажууд халуун сүүтэй цай уугаад хоол идээд сууж байсан. Тэгэхээр Ө ахыг хоёр талаа сайн хараагүй, өлссөн байсан болохоор айл руу яарч явсан гэж бодож байна. Ачааны гэрэл асаалттай байгаагүй. Нэхэмжлэх зүйлийн хувьд хэрэгт өгсөн баримтын дагуу төлбөрөө нэхэмжилж байна. Би 80 километр цагийн хурдтай явж байсан. Осол Ө ах зам тавьж өгөөгүй, мөн зориулалтын бус гэрэлтэй явж байснаас болж гаргасан гэж үзэж байна гэв.

1.4. Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай автомашин нь “Монроуд” ХХК-ний машин байгаа юм. “Монроуд” ХХК-ний ажилтан Э гэдэг хүн “Монроуд” ХХК-аас авсан гэдэг. Ө бид хоёр энэ машины жолооч хийдэг. Энэ машин түрээсээр ажилладаг. Ажил хийж байгаа нөхцөлд би 1 200 000 төгрөгийн цалин, Ө 1 000 000 төгрөгийн цалин тус тус авдаг. Таван толгой гэдэг газар “Дэлгэрэх Од” ХХК-д хөрс хуулалтын ажил хийж байгаад Говьсүмбэр аймгийн Баянтал сум орохоор 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой явж байгаад осолд орсон байна. Би тухайн үед Улаанбаатар хотод гэртээ харьсан байсан. Ө Баянтал суманд айлын хашаанд машинаа тавиад Хэнтий аймаг руу гэр лүүгээ явах байсан. Машинд ослоос болж ямар нэгэн эвдрэл гэмтэл нүдээр харахад учраагүй байна. Нөгөө машин нь баруун гар талын хойд хоёр цувраа дугуй руу мөргөсөн юм байна. Би Этой ажил олоод түрээсээр авъя гэж амаар ярьж байсан. Түүнээс би өөрийнхөө эзэмшилд аваагүй. Машин одоо хэвийн ажиллагаатай байгаа. Ослоос болж ямар нэгэн эвдрэл, гэмтэл учраагүй. Машин одоо Хөөтийн уурхайн хөрс хуулалтад явж байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38-39 хуудас/

1.5. Гэрч С.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийн машин байгаа юм. Би “Монроуд” ХХК-нд хийж өгсөн ажлынхаа хөлсөнд авсан. “Монроуд” ХХК-ний дотоод асуудлаас болоод машинаа өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй яваад байгаа. Би 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Монроуд” ХХК-ний захирал Г.Тэнгистэй уулзаад албан бичиг хийлгэж авсан. Б, Ө жолооч нь байгаа юм. Б ер нь машинаа хариуцаад явдаг. Надад машинтай холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй. Машинд учирсан эвдрэл байхгүй. Хаана ажил олдоно тэр газар луу явж байдаг. Машинаараа ажил хийж байж энэ жолооч нар цалин авдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40 хуудас/

1.6. Гэрч Л.Мө мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Манай Би Си Ти ХХК нь Говьсүмбэр аймагт хяналтын камер суурилуулж байгаа юм. 2017 оны 08 дугаар сарын 24-ний 20 цагийн үед хамт ажилладаг Ц, Г нар Улаанбаатар хот руу явахаар гарсан. Удаагүй байж байтал Ц утсаар залгаад осолд орчихлоо гэсэн. Хаана юм бэ гэсэн чинь 18 дугаар зөрлөгийн хажууд гэж хэлсэн. Тэгээд хамт ажилладаг Оюу-Маргадын хамт өөрийнхөө машинтай 18 дугаар зөрлөг дээр осолд орсон газар нь очиход Г машиндаа суусан. Ц машинаасаа буусан зогсож байсан. Тухайн үед засмал замаар хөндлөн гарч явсан том ачааны машины баруун хажуу талаас Гын Аллион маркийн машин мөргөсөн байдалтай зогсож байсан. Том оврын ачааны машин туслах замаас урдуур орж ирсэн байдалтай зогсож байсан. Тухайн том ачааны машины баруун гар талын урд дугуй руу Гын машин мөргөсөн байдалтай тос болсон байгаа харагдсан. Мөн Гын машины хамар хэсгийг баруун гар тал руу нь хуулсан байдалтай байсан. Гыг машинаас буулгахад биеэ хураасан атийсан байдалтай сууж байсан. Гыг буулгаад өөрийнхөө машинд суулгаад Говьсүмбэр аймгийн эмнэлэг дээр авч ирсэн. Г урд талын жолоочийн хажуу тал дээр сууж байсан. Г, Ц нарын хувьд архи уугаагүй эрүүл байсан. Том ачааны машин гэрлээ асаагаагүй байсан” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 41 хуудас/

1.7. Гэрч Н.Ба мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 24-ний 22 цагийн үед замын цагдаагийн зохицуулагч д/ч Ц.Р, кримналистикийн шинжээч д/х Д.Цэдэвсүрэн нарын хамт Баянтал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Аварга” цайны газрын зүүн талаар өнгөрдөг засмал зам дээр том оврын цагаан өнгийн өөрөө буулгагч Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай авто машины баруун хажуу талаас Аллион маркийн 20-41 УБЧ улсын дугаартай авто машин мөргөсөн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн. Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай авто машин засмал замын ертөнцийн зүгээр баруун талаас нь засмал зам хөндлөн зүүн тийшээ гарч байсан байдалтай байсан. Аллион маркийн 20-41 УБЧ улсын дугаартай авто машин нь Чойроос Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай засмал замаар ертөнцийн зүгээр хойшоо буюу Улаанбаатар хот чиглэлд явж байгаа байдалтай засмал замынхаа ертөнцийн зүгээр зүүн талын эгнээнд том оврын ачааны Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай авто машины баруун хажуу талаас мөргөсөн урд хамар хэсэг нь нэлээн эвдэрсэн байсан. Хоёр машины байдлыг харахад Стевр маркийн 42-04 УБИ улсын дугаартай авто машины баруун гар талын урд дугуй руу Аллион маркийн 20-41 УБЧ улсын дугаартай автомашин анх мөргөсөн байсан. Том оврын ачааны авто машин урагшлаад зогссон байсан. Тухайн уулзвар нь “Аварга” цайны газар талаасаа буюу баруун талаасаа засмал замд нийлсэн уулзвартай. Нөгөө тал руугаа буюу засмал замаас зүүн тал руугаа буух замгүй гурван замын уулзвар байсан. Т.Аллион маркийн 20-41 УБЧ улсын дугаартай авто машины ирсэн чиглэл буюу зам дээр ямар нэгэн тоормосын мөр гэх зүйл илрээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 42 хуудас/

1.8. Гэрч Д.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 24-ний 22 цаг өнгөрч байхад засмал зам дээр том оврын ачааны 49-04 УБИ улсын дугаартай автомашины баруун хажуу талаас Аллион маркийн 20-41 УБЧ улсын дугаартай автомашин мөргөсөн байдалтай байсан. Том оврын ачааны автомашин нь ертөнцийн зүгээр засмал замынхаа баруун талаас зам хөндлөн зүүн тийш буюу Баянтал сумын чиглэлд давж гарч байсан байдалтай зогссон байсан. Аллион маркийн 20-41 УБЧ улсын дугаартай автомашин нь Чойроос Улаанбаатар чиглэлд явж байгаа байдалтай засмал замынхаа ертөнцийн зүгээр зүүн талын эгнээнд хамар хэсэг нь хойшоо харсан том оврын ачааны автомашины зүүн гар талаас мөргөсөн байдалтай хамар хэсэг нь нэлээн эвдэрсэн байсан. Аллион маркийн 20-41 УБЧ улсын дугаартай автомашины ар талаар засмал зам дээр үзэхэд тоормос гишгэсэн гэх ул мөр байхгүй байсан. Аллион маркийн автомашин нэлээн хүчтэй мөргөсөн гэхээр урд хэсэг нь эвдрэлтэй байсан” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 43-44 хуудас/

1.9. Шинжээч Ц.Р мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би ахлах дэслэгч Ц-ын тогтоолын дагуу 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Замын Хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн байдаг. Жолооч Ц тухайн үеийн замын үзэгдэлт орчныг тооцоолон аливаа саад учирсан үед уг зүйлийг мөргөхгүй, шүргэхгүйгээр зогсох хэмжээний хурдыг явах ёстой. Хэргийн газрын үзлэгээр Аллион маркийн автомашин тоормос гишгэсэн гэх ул мөр байгаагүй. Тийм учраас зогсоох арга хэмжээ аваагүй байх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан. Хэргийн газраас харахад Аллион маркийн автомашин нь Стевр маркийн автомашины баруун гар талын урд дугуй руу мөргөсөн байдалтай байсан. Стевр маркийн автомашин нь бага зэрэг урагшлаад зогссон байсан” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 66 хуудас/

1.10. Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10922 дугаар дүгнэлтэнд: Э.Гын биед зүүн бугалга ясны, хүзүүний далд хугарал, хэвлий, хүзүү, тохойн үений зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Т.А гэжээ. / х.х-ийн 48 хуудас/

1.11. Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10916 дугаар дүгнэлтэнд: А.Цгийн биед баруун эгэм ясны хугарал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Т.А гэжээ. / х.х-ийн 53 хуудас/

1.12. Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 310 дугаартай дүгнэлтэнд: С.Өийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 58 хуудас/

1.13. Говьсүмбэр аймаг дахь Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Ргийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаар дүгнэлтэд:

- Тоёота Аллион маркийн 20-41 УБЧ улсын дугаартай автомашины жолооч А.Ц нь Замын Хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг, мөн МУ-н Замын Хөдөлгөөний дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

- Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай автомашины жолооч С.Ө нь Замын Хөдөлгөөний дүрмийн 12-р бүлгийн 12.9-д заасан Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

- Осол гарах шалтгаан: Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай автомашины жолооч С.Ө нь гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэснийг зөрчсөнөөс давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй түүнчлэн анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон. Тоёота Аллион маркийн 20-41 УБЧ улсын дугаартай автомашины жолооч А.Ц нь хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй түүнчлэн хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдыг тохируулан яваагүй, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон.

Дүгнэлт гаргасан: Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ахлах дэслэгч Ц.Р гэжээ. /х.х-ийн 62 хуудас/

1.14. Замын цагдаагийн албаны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 596 дугаар дүгнэлтэнд:

- Говьсүмбэр аймаг дахь Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Ргийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

- 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн а/д Ц.Р, а/х Н.Ба, д/х Цэдэвсүрэн нарын үйлдсэн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт хангалтгүйгээс жолооч А.Цгийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй.

- Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Ө нь Замын Хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн а/д Ц.Р, а/х Н.Ба, д/х Ц нарын үйлдсэн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зурагт Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйны тоормосны мөр зурагдаагүй байх бөгөөд хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтийн Зураг №3-т /Баруун талаас нь харуулав/ тодорхой харагдаж байна.

- Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Ө нь Замын Хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс хэрэг осол болох шалтгаан болсон гэж үзэж байна. Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Өийн Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалтыг зөрчсөн буруутай үйлдлээс болсон гэж дүгнэв.

Дүгнэлт гаргасан: Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахмад Л.О,  ахмад А.Н, ахлах дэслэгч Б.Т гэжээ. /х.х-ийн 72-73 хуудас/

1.15. Техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаар дүгнэлтэд:

- Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт "Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна." гэж заасан тул урьд гаргасан шинжээч нарын дүгнэлтийн үндэслэлтэй эсэх гэсэн энэхүү асуултад хариулах боломжгүй байна.

- Тоёота Аллион маркийн 20-41 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

- Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Ө нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэснийг зөрчсөн байх 

- Осол гарах болсон шалтгаан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдлээс болсон байна.

            Дүгнэлт гаргасан: дэд хурандаа Ж.Энхбат, хошууч Б.Гомбосүрэн, ахмад Л.У, дэслэгч Ш.Б, ахмад Ш.А гэжээ. /х.х-ийн 82-83 хуудас/

1.16. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5280 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Аллион маркийн автомашины урд бамбай байхгүй, урд нүүр байхгүй, капот дотогш хонхойсон, баруун, зүүн талын гэрэл байхгүй, гэрлийн суурь дотогш шахагдсан, баруун урд талын далбаа зүүн талын урд далбаа дотогш хонхойсон, баруун урд талын хаалга хонхойсон, баруун урд талын далбаа хэлбэр дүрсээ алдаж урд талын үзүүр хэсэг дотогш нугарсан, зүүн талын далбаа хонхойж нугарсан, хойд бамбай байхгүй, хөдөлгүүрийн зүүн урд хэсэг дотогш шахагдсан, радиатор гулзайж хэлбэрээ болон битүүмж алдсан, аккумлятор хагарсан, зүүн талын лонжерон гулзайсан, агаар шүүгчийн гэр хагарсан, гал хамгаалагч хагарсан, агаарын хоолой шахагдсан, баруун талын лонжерон цуурсан хөдөлгүүрийн дээд талын тогтоогч /лап/ хагарсан, урд бамбайн дотор хөндөл төмрийн зүүн хэсэг дотогш шахагдаж гулзайсан, радиаторын доод суурь хөндлөвч төмөр хурдны хайрцаг руу шахагдаж гулзайсан, жолоочийн аюулгүйн хийн дэр задарч гарсан, хянах самбарын заалтууд гацсан зэрэг гэмтлүүдтэй байна. 20-41 УБЧ улсын дугаартай автомашины тоормосны болон жолооны механизмын эд анги бүрэн, тоормосны механизм ажиллаж байна. Асаалтын түлхүүр ирүүлээгүй тул жолооны механизмын ажиллагааг шалгах боломжгүй байв. Автомашины тоормос шингэн дамжуулгатай, АВS системтэй байна. Хатуу хучилттай асфальтан зам дээр тоормос гишгэсэн үед тоормосны мөр ямар байдлаар үүсэх эсэхийг туршилтаар тогтооно. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй.

Дүгнэлт гаргасан: Автотехникийн лабораторийн шинжээч, дэслэгч С.М гэжээ. /х.х-ийн 89-90 хуудас/

1.17. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /х.х-ийн 7-8 хуудас/

1.18. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 9-12 хуудас/

1.19. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 13-21 хуудас/

1.20. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 22-23 хуудас/

1.21. “Ашид билгүүн” ХХК-ний авто машины техникийн үнэлгээний тайлан /х.х-ийн 104-105 хуудас/

1.22. “Монроуд” ХХК-ний 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 01/93 тоот албан бичиг, итгэмжлэл /х.х-ийн 138-139 хуудас/

1.23. Амбулаториор эмчлүүлэгчдийн карт, өвчний түүхийн хуулбар /х.х-ийн 153-156, 193-200 хуудас/

1.24. Хохирогч Э.Г, А.Ц нарын хохирлын баримтууд /х.х-ийн 166-175, 213, 216-217 хуудас/

1.25. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /х.х-ийн 201-205 хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч С.Өийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.О, М.Ш нар нь шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: Хохирогч А.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг, мөн 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн болох нь 3 удаа шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул С.Өт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: 3 удаагийн шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч С.Өийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэснийг зөрчсөн болохыг тогтоосон байна.

Харин шинжээч Д.Ргийн гаргасан дүгнэлтэд хохирогч А.Цг Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтыг тус тус зөрчсөн гэсэн боловч Замын цагдаагийн албаны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 596 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаар дүгнэлтүүдээр тус тус үгүйсгэгдэж байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, гэрч Н.Ба, Д.Ц, хохирогч А.Ц, Э.Г нарын мэдүүлгүүдийг дүгнэн үзэхэд Тоёота Аллион маркийн 20-41 УБЧ улсын дугаартай автомашины жолооч А.Ц автомашиныг хараад тоормослож зогсоох арга хэмжээ авсан ба зам хөндлөн гарч байсан Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай автомашины баруун гар талын урд дугуй руу мөргөсөн, Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай автомашины жолооч С.Ө нь уулзваргүй буюу замгүй газраас засмал замаас доошоо буух үйлдэл гаргасан нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл уг зам тээврийн осол нь Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай автомашины жолооч С.Өийн Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасныг зөрчсөнөөс үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь Замын цагдаагийн албаны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 596 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаар дүгнэлтүүдээр тус тус нотлогдож байна.

ХОЁР. Шүүгдэгч С.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

2.1. Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Ө нь зан байдлын хувьд төлөв даруу зантай, хариуцсан ажлаа үнэнч шударгаар хийдэг, хүнтэй эвсэг харьцаатай. Архи, тамхи огт хэрэглэхгүй. Хариуцсан машин техникээ сайн арчилдаг, элдэв янзын муу зуршил байхгүй. Амьдрал ахуйн хувьд дундаж, эхнэр нь хөдөө хэдэн цөөхөн малтай байдаг юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 33 хуудас/

2.2. Гэрч С.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Өийн хувьд архи, тамхи огт хэрэглэхгүй, ажил хийж ар гэрээ тэжээдэг хүн. Үнэнч шударга зантай, өөрт ноогдсон ажлыг сайн хийдэг, машин тэргээ арчилж барихдаа сайн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40 хуудас/

2.3. Гэрч Ц.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Өтай би нэг нутгийн хүмүүс байгаа юм. 1980-д оны үед Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн сургуульд Ө цахилгаанчнаар, би нярваар ажиллаж байсан. Сүүлд сургуульд Газ 53 маркийн машин авахад жолоочоор ажиллаж байсан Ө нь их даруухан дөлгөөхөн зантай, архи, тамхи огт хэрэглэдэггүй, өөрийнхөө хийж байгаа ажлыг их үнэнч шударга хийдэг байсан. Ажиллаж байх хугацаандаа ажил төрлөө тасалдаггүй, хариуцсан ажлаа сайн хийдэг, өгсөн үүрэг даалгаврыг маш сайн биелүүлдэг, хүний хэлсэн үгийг их дуулгавартай сонсдог байсан” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 45 хуудас/

2.4. Гэрч З.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Ө нь дөлгөөхөн даруухан замтай, ажил хөдөлмөрт их сайн, хүнд их тусархуу зантай. Архи, тамхи огт хэрэглэдэггүй. Ер нь их томоотой мөрөөрөө хүн байгаа юм. Анх цэргээс халагдаж ирээд Өмнөдэлгэр сумын сургуульд жолоочоор ажиллаж байсан. Ахуй амьдралын хувьд дундаж амьдралтай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 46 хуудас/

2.5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 124-125 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна түүний хувийн байдлыг буюу хөлсөөр автомашин жолоодон орлого олж гэр бүлээ авч явдгийг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай автомашин нь хэдийгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон лавлагаанд эзэмшигчийг “Монроуд” ХХК гэж тэмдэглэгдсэн боловч иргэний хариуцагч С.Эын эзэмшлийнх ба шүүгдэгч С.Ө нь хөлсөөр жолоодож ажил гүйцэтгэн иргэний хариуцагч С.Эоос цалин хөлс авдаг болох нь “Монроуд” ХХК-ний 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 01/93 тоот албан бичиг, гэрч С.Э, Б.Б, шүүгдэгч С.Ө нарын мэдүүлгээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 тус тус зааснаар хохирогч А.Ц, Э.Г нарт учирсан эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохирлыг иргэний хариуцагч С.Эоос гаргуулж хохирогч нарт олгох үндэслэлтэй байна.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 187-ны өдрийн 2018/ШЗ/50 дугаар шүүгчийн захирамжаар Асан овогт Сын Эыг иргэний хариуцагчаар татаж энэ тухай түүнд мэдэгдэж, шүүхэд ирэхийг удаа дараа мэдэгдэж дуудсан боловч шүүхэд ирээгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргаагүй болно.

Хохирлын тооцоо:

            1. Хохирогч Э.Г нь шүүх хуралдаанд хохиролд нийт хавтаст хэрэгт авагдсан баримтаар буюу 7 442 952 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

- Автомашинд 4 945 000 төгрөг /х.х-ийн 134/

- Ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 786 151 төгрөг /х.х-ийн 216/

- Эмчилгээний болон бусад зардал 1 711 801 төгрөг /х.х-ийн 166-170, 217/

Бүгд 7 442 952 төгрөг болно.

2. Хохирогч А.Ц нь шүүх хуралдаанд хохиролд нийт хавтаст хэрэгт авагдсан баримтаар буюу 1 781 805 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

- Ажилгүй байсан хугацааны цалин 897 723 төгрөг /х.х-ийн 213/

- Эмчилгээний болон бусад зардал 884 082 төгрөг /х.х-ийн 172-175/

Бүгд 1 781 805 төгрөг болно.

Шүүгдэгч С.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гучид овогт Сгийн Өийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өийг 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өт оногдуулсан 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 10 дугаар байрны 7 тоотод оршин суух иргэний хариуцагч Сын Эоос /РД:УД63081513/ 7 442 952 /долоон сая дөрвөн зуун дөчин хоёр мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, д оршин суух хохирогч Э.Гд, 1 781 805 /нэг сая долоон зуун наян нэгэн мянга найман зуун тав/ төгрөг гаргуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, д оршин суух хохирогч А.Цд тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.