Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2018/ДШМ/13

 

   С.Өлзийхутагт  холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Э.Нямбилэгт, нарийн бичгийн дарга Л.Мөнхсан, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс онлайнаар иргэний хариуцагчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу нарыг оролцуулан

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2018/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолтой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч С.Өлзийхутагт холбогдох 1717000310013 дугаартай 2 хавтас 330 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч иргэний хариуцагч С.Эрдэнэцогтын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  С.Өлзийхутаг нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын “Аварга” цайны газрын хажуу талын уулзварт С.Эрдэнэцогтын эзэмшлийн Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас А.Цолмонгийн жолоодож явсан Toyota allion маркийн 20-41 УБЧ улсын дугаартай автомашиныг мөргөж жолооч А.Цолмон, зорчигч Э.Гантулга нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Э.Гантулгын 20-41 УБЧ улсын дугаартай автомашинд 4 945 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан зам тээврийн осол гаргасан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Гучид овогт Самьюугийн Өлзийхутагийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өлзхийхутагийг 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өлзийхутагт оногдуулсан 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өлзийхутаг нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.Өлзийхутаг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 10 дугаар байрны 7 тоотод оршин суух иргэний хариуцагч Сын Эоос /РД:УД63081513/ 7 442 952 /долоон сая дөрвөн зуун дөчин хоёр мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 10-27 тоотод оршин суух хохирогч Э.Гантулгад, 1 781 805 /нэг сая долоон зуун наян нэгэн мянга найман зуун тав/ төгрөг гаргуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 2-174 тоотод оршин суух хохирогч А.Цолмонд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Өлзхийхутагт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч С.Эрдэнэцогт давж заалдах гомдолдоо: С.Өлзийхутагт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.08-ны өдрийн 2018/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолын С.Эрдэнэцогтод холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дугаарт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 10 дугаар байрны 7 тоотод оршин суух иргэний хариуцагч С.Эрдэнэцогтоос 7,442,952 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Гантулгад, 1,781,805 төгрөг гаргуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 2-174 тоотод оршин суух хохирогч А.Цолмонд тус тус олгосугай” гэж заасан нь иргэний хууль болон онолын түвшинд буруу үнэлж дүгнэсэн байна. Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэдгээс үзвэл өмчлөг нь Монроуд ХХК бөгөөд иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэдгээс үзвэл захиран зарцуулах эрхтэй улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөгч гэж үзэх бөгөөд тус 49-04 УБИ улсын дугаартай Стевр маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн болохыг шүүхээс үзсэн боловч иргэн С.Эрдэнэцогтод гэм хорыг хариуцуулсан үйлдэл нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иргэний хуулйн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан эзэмшигч, “ашиглагч” гэсэн нэр томьёотой холбон тайлбарлавал энэ тохиолдолд жолоочийг “эзэмшигч” гэхээсээ илүү “ашиглагч” гэж үзнэ. Иймд тээврийн хэрэгсэлийг эзэмшилдээ хэсэг хугацаанд авсан хүн бүрийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан эзэмшигч гэж туйлшруулан ойлгох боломжгүй юм. Мөн тээврийн хэрэгсэлийг шилжүүлэн өгсөн эзэмшигчийн хариуцлагыг зааснаас үзэхэд түрээслэгчийн хувьд тээврийн хэрэгсэл бодитой хяналтдаа байлгах боломжгүй байгаа бол эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд С.Өлзийхутагт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.08-ны өдрийн 2018/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолын С.Эрдэнэцогтод холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                        Иргэний хариуцагчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч Монроуд ХХК. Тухайн машиныг Эрдэнэцогтод худалдахаар харилцан тохиролцсон байдаг. Эрдэнэцогт Баяраа гэх хүнд өөрийн итгэмжлэлээр ашиглаж яваарай гэдэг үүрэг даалгавар өгсөн. Баяраа Өлзийхутаг гэх хүнд өгсөн. Тэгэхээр энэ тээврийн хэрэгслийг шууд болон шууд бусаар эзэмшиж байгаа этгээд нь Эрдэнэцогт болон Баяраа нар, харин Өлзийхутаг тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байсан этгээд. Тиймээс Иргэний хуулийн 499.4-т зааснаар шууд томилсон этгээд учруулсан хохирлыг арилгана гэхээр Монроуд ХХК хууль ёсны эзэмшигчийн хувьд тухайн тээврийн хэрэгслийн гэм хорыг арилгуулах үүрэгтэй юм. Эрдэнэцогт Баяраа нар нь эзэмшигч гэж үзэх боломжгүй. Яагаад гэхээр өөрийнхөө шууд эзэмших эрхэд байлгаагүй учраас шууд эзэмшигч гэж үзэх боломжгүй. Өлзийхутаг тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байсан учраас хариуцах боломжгүй. Тийм учраас Монроуд ХХК хохирлыг өөрөө төлөх нь үндэслэлтэй гэж гомдлын гол агуулга гаргаж ирсэн байгаа гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:          

                 Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан иргэний хариуцагчийн гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд бүхэлд нь хянав.

          Шүүгдэгч  С.Өлзийхутаг нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын “Аварга” цайны газрын хажуу талын уулзварт С.Эрдэнэцогтын эзэмшлийн Стевр маркийн 49-04 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас А.Цолмонгийн жолоодож явсан Toyota allion маркийн 20-41 УБЧ улсын дугаартай автомашиныг мөргөж жолооч А.Цолмон, зорчигч Э.Гантулга нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Э.Гантулгын 20-41 УБЧ улсын дугаартай автомашинд 4 945 000 төгрөгийн хохирол  учруулсан болох нь хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хавтаст хэргийн материал болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон, хэргийн зүйлчлэл зөв болсон байна.

          Иргэний хариуцагч С.Эрдэнэцогт нь Стевр маркийн 49-04 УБЕ улсын дугаартай автомашиныг Монроуд ХХК-наас ажлын хөлсөнд авсан болох нь С.Эрдэнэцогтын ... Стевр маркийн 49-09 УБИ улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийн машин байгаа юм. Би Монроуд ХХК-д хийж өгсөн ажлынхаа хөлсөнд авсан. Монроуд ХХК-ийн дотоод асуудлаас болоод машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлэн аваагүй яваад байгаа юм. Монроуд ХХК-ийн захирал Г.Тэнгис албан бичиг дээр надад ажлын хөлсөнд өгсөн гэдгээ бичсэн байгаа гэсэн мэдүүлэг /1-р хх-40/,

            Монроуд ХХК-ийн ... эзэмшлийн 49-09 УБИ улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэсэн цагаан өнгийн STEYR F 2000 маркийн авто самосвалыг 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Өрөмдлөгийн ажлын гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 04-ний 01 тоот өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээний гэрээт ажлын төлбөрт ММ Бласт дриллинг ХХК-ний захирал С.Эрдэнэцогтод худалдсан болно гэсэн албан бичиг /1-р хх-138/ зэргээр тогтоогдож  байна.

          Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д  “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан.

          Хэдийгээр С.Эрдэнэцогт нь Стевр маркийн 49-04 УБЕ улсын дугаартай автомашиныг Монроуд ХХК-иас ажлын хөлсөнд авсан ч уг хөдлөх эд хөрөнгө болох автомашин нь  түүний эзэмшилд шилжсэн байх тул түүнд энэхүү хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь үүсэж, өмнөх өмчлөгч Монроуд ХХК-ны өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

          Мөн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заасан ба  үүний дагуу С.Эрдэнэцогтийг бүрэн эрх олгосон эзэмшигч гэж үзэх тул түүнийг иргэний хариуцагчаар татан энэ хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

            Харин С.Эрдэнэцогт нь өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч С.Эрдэнэцогтын давж заалдах  гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2018/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                      Х.БАЙГАЛМАА

                                                                                   О.ОДНЯМАА