Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00019

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00018

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Б.Агийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/03172 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Агийн хариуцагч Г.Чд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 31 500 000 төгрөг гаргуулах үндсэн, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1478 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрдалай, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Агийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Г.Чээс зээлийн төлбөрт 21,000,000 төгрөг, алдангид 10,500,000 төгрөг, нийт 31,500,000 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Г.Чд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 44 удаагийн үйлдлээр нийт 23,552,000 төгрөг зээлдэн авч, 7-30 хоногийн хугацаатай, тухай бүрт нь 10 хувийн хүү өгнө гэж хэлж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар тооцоо нийлэхэд 21,000,000 төгрөг өгөхөөр байсан тул уг дүнгээр зээлийн гэрээ байгуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 21,000,000 төгрөг зээлдүүлээгүй. Харин Г.Чд өмнө нь зээлдүүлсэн 23,552,000 төгрөгийн зээлийн төлбөр, хүүг тооцож Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу өмнөх үүргийг сольж, дахин зээлийн гэрээнд заасны дагуу 10 хоногийн хугацаанд төлбөрийг төлөх, хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Гэтэл хариуцагч нь энэ хугацаанд төлөлт хийгээгүй. Г.Чий эрүүгийн хэрэгт өгсөн “Б.Агаас 26 сая төгрөг зээлсэн нь үнэн”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “А Г.Чд 26,411,000 төгрөг зээлж байсан” гэх тайлбараар өмнө нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа байсан гэдэг үйл баримт нотлогддог. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан, хэн аль нь гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээ байгуулагдсан, гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаангүй. Хариуцагч төлбөрийн үлдэгдэл 7,467,000 төгрөг гэх боловч нийт төлсөн дүнг тооцоход 5,000,000 төгрөг хүрэхгүй хэмжээний төлбөрийг буцаан шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогддог. Мөн 7,500,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн гэх боловч баримтаар тогтоогдоогүй. Гэрч Д.М Г.Чд 8,000,000 төгрөг зээлдүүлсэн гэх үйл баримтыг нотолж байгаа боловч Г.Ч тухайн мөнгөөр юу худалдаж авсан, хүнд өр өгсөн эсэх, эсхүл байр барьцаанаас чөлөөлүүлэхдээ зарцуулсан эсэхийг хэлж мэдэхгүй, хараагүй гэж мэдүүлдэг. Хариуцагч 11,744,000 төгрөг дансаар буцаан шилжүүлснээ нотлох ёстой. Тэрээр насанд хүрсэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд бөгөөд энэ талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Агаас 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд аман тохиролцоогоор 26,411,000 төгрөг зээлдэн авч, 19,944,000 төгрөг буцааж төлсөн. Дээрх хугацаанд ямар нэгэн бичиг үйлдэж гарын үсэг зураагүй, зөрүү мөнгө болох 6,467,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрвөл төлнө. Б.Атай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ..... дүүргийн тойргийн нотариатч Ш.С дэргэд 1478 дугаартай зээлийн гэрээ байгуулсан ба гэрээгээр 21,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл бодит байдал дээр тус өдөр Б.Агаас Г.Чд мөнгө зээлдүүлээгүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус заасан зээлийн гэрээний нөхцөлүүд хангагдаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд:

3.1 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ..... дүүргийн тойргийн нотариатч Ш.С гэрчилсэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1478 дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулна.

3.2 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.А нь амаар тохирсон мөнгөө нэхэмжлэхийн тулд илт хууль бус, хуурамч дүр үзүүлсэн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж мөнгө шаардсан нь шударга ёсонд нийцэхгүй. Зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг зөрчсөн. Гэрээг нотариатаар гэрчлүүлсэн учраас хуулийн хүчин төгөлдөр гэсэн зүйл байхгүй. Уг гэрээ нь хууль зөрчсөн, гэрээ байгуулах үндсэн шаардлагыг хангаагүй. Мөн үүрэг сольсон талаар маргаагүй, харин тухайн гэрээ асуудалтай гэдгийг хэлж байгаа. Зээлийн гэрээг нөхөж гаргасан нь хууль зөрчсөн. Гэрээ шударга ёсонд нийцээгүй гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэх үндэслэлгүй. Хариуцагч тал хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй хэлцэл гэж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарт ямар нэгэн байдлаар хуурамч дүр үзүүлэх үр дагавар үүсгэх хүсэл зориг байгаагүй, харин өмнөх төлбөр тооцоогоо бичгийн хэлбэрээр баталгаажуулж гэрээ байгуулсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмнөх тооцоогоо нөхөж хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бусад тооцно гэсэн тайлбар гаргаж байгаа нь тухайн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хэлцлийн шинжийг агуулаагүй болохыг харуулж байна. Хариуцагч талын шүүхэд хандаж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гэж байна. Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцлээс хууль зүйн хувьд илт ялгаатай. Үндэслэлээ тодорхойлохдоо хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзчихээд шаардлагаа тодорхойлохдоо хүчин төгөлдөр бус гэж тооцуулъя гээд хоёр өөр зүйл яриад байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөө талаар хариуцагчийг хуурч мэхэлсэн, төөрөгдүүлсэн, залилсан гэж үзэж байгаа бол цагдаагийн байгууллагаар шалгуулах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлага хоорондоо зөрүүтэй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын агуулгатай тохироогүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж харж байна. Нэхэмжлэгч Б.А нь зохигчдын хооронд амаар тохиролцсон үйл явдлыг араас нь хөөж өмнөх тохироог албажуулахын тулд илт хууль бус, хуурамч, дүр үзүүлсэн зээлийн гэрээнд хариуцагчаар гарын үсэг зуруулсан, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасан үндэслэлүүд тогтоогдож байна гэсэн байдаг. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасан шаардлага тавигдана. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлдээ хэд хэдэн шаардлагыг холиод тусгаж бичсэн, нэхэмжлэлийн шаардлага агуулга хоорондоо зөрүүтэй байна. Тухайлбал Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 284 дүгээр зүйлийн 284.4-т заасан зохицуулалт нь энэ гэрээ анхнаасаа байгуулагдсан юм уу, үгүй юм уу гэдэг асуудлын талаарх зохицуулалт. Гэтэл сөрөг нэхэмжлэлдээ гэрээ байгуулагдсан, гэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн, 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл байна гэж бичсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага, агуулга болон хууль зүйн үндэслэлүүд хоорондоо нийцэхгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлж, холбогдох баримтуудаа гаргаж өгөх үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах ямар ч боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Г.Чээс зээлийн гэрээний үүрэгт 23,391,000 /хорин гурван сая гурван зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,109,000 /найман сая нэг зуун есөн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1478 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих хэмжээнээс илүү төлсөн 52,500 төгрөгийг хариуцагч Г.Чд буцаан олгож, хариуцагч Г.Чээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 274,905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч Г.Чий давж заалдах журмаар гаргасан гомдолд:

6.1 Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй тухай зээлийн гэрээг байгуулахаас өмнө зээлийн харилцаатай байснаа зөвшөөрч зээлийн үлдэгдэл төлбөр байгаа талаараа дурдаад 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээгээр мөнгө өгч, аваагүй, өмнөх зээлийн гэрээг дүгнэсэн гэж үзсэн нь хууль зөрчсөн. Хэрэв өмнөх зээлтэй холбоотой асуудлыг нэгтгэн гэрээ байгуулсан бол энэ талаар гэрээнд тусгаж бэлнээр мөнгө өгсөн гэх үгийг гэрээнд дурьдахгүй байсан. Б.А зээл олгоод өмнөх зээлийн үлдэгдлээ авна, үлдсэнээр нь өөр зүйл хийнэ гэж хэлэлцэж ярилцсан. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг байгуулаад ямар ч мөнгө бэлнээр болон дансаар аваагүй тул уг гэрээгээр аливаа үүрэг хүлээхгүй.

6.2. 21,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж аваагүй тул алданги төлөх үүрэг хүлээхгүй. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хохироож байна.

6.3. Хэрэгт авагдсан Б.Агийн дансны хуулгыг үзэхэд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойш Г.Чээс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Г.Ч гэх утгаар 300,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Г.Чингүүн гэх утгаар 350,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Г.Чээс Б.Ад гэх утгатай 1,186,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Г.Чээс Б.Ад гэх утгатай 2,000,000 төгрөг, нийт 3,736,000 төгрөг өгснийг дутуу тооцож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тухайн зээлийн гэрээгээр мөнгө шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өмнө зээлсэн мөнгөн дүнтэй маргаагүй үлдэгдэл 6,000,000 орчим төгрөгийг төлж болно. Хариуцагчийг илт хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Б.А зээлд 21,000,000 төгрөг, алдангид 10,500,000 төгрөг, нийт 31,500,000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Г.Ч 6,467,000 төгрөгийг зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1478 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр талууд 21,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлдүүлэх, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байх ба хариуцагч нь энэ өдөр бодитоор мөнгө шилжүүлж аваагүй тул үүрэг үүсэхгүй, зээлийн гэрээг хууран мэхэлж байгуулсан гэж маргаж байна.

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ирүүлсэн хэргийн 11-34 дүгээр тал дахь Хаан банкны дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд нийт 23,602,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Талууд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бодитоор мөнгө өгч, аваагүй боловч үүнээс өмнөх хугацаанд зээлдүүлж байсан мөнгөн дүнд бичгээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчид бэлнээр 7,500,000 төгрөг, бусдыг дансаар шилжүүлж, нийт 19,944,000 төгрөг буцааж төлсөн гэж тайлбарладаг бөгөөд хэргийн 11-34, 97-139 дүгээр тал дахь талуудын Хаан банк болон Голомт банкны дансны хуулгаар хариуцагч нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сары 23-ны өдрийн хооронд нийт 8,008,000 төгрөг дансаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Хариуцагч н.М 5,500,000 төгрөг зээлдэн авч бэлнээр нэхэмжлэгчид өгсөн гэх боловч гэрч н.М “ ... би машинаа барьцаалан зээлдэн газарт тавьж 8,000,000 төгрөгийн зээл авч Г.Чд өгсөн, Г.Ч надаас мөнгө аваад өөр хүнд өгнө гээд машинаас буугаад удаагүй эргэж ирсэн. Мөнгийг Б.А гэх хүнд өгсөн эсэхийг сайн санахгүй байна ...” гэж мэдүүлснээс үзэхэд 5,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид бодитоор өгсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. /хх178-179/

2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хууран мэхэлж байгуулсан, дүр үзүүлсэн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарладаг боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, хариуцагчийг хууран мэхэлж хүчээр гэрээнд гарын үсэг зуруулсан талаар баримтгүй.

3. Харин алдангийн талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлдэгч тал зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг үүснэ. Талууд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч уг гэрээний дагуу бодитойгоор мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй тул алданги шаардах эрх үүсэхгүй.

4. Хариуцагч нь нэхэмжлэгчийн данс руу 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 350,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1,186,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 3,736,000 төгрөг шилжүүлсэн байхад шүүх дутуу тооцсон гэдэг. Гэтэл хэрэгт хариуцагчаас 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд нэхэмжлэгчид нийт 23,602,000 төгрөг шилжүүлснээс өөр баримтгүй. Хариуцагчийн нэрлэн заасан дээрх хугацааны дансны хуулга хэрэгт авагдаагүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгаас харвал 3,736,000 төгрөг төлөгдсөн байсан. Хэрэгт энэ талаарх баримтыг өгөөгүй ...” гэх тайлбар гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөх дүн 23,602,000 төгрөгөөс түүний төлсөн 8,008,000 төгрөгийг хасч хариуцагчаас нийт 15,594,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/03172 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Чээс 15,594,000 төгрөг /арван таван сая таван зуун ерэн дөрвөн мянга/ гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,906,000 /арван таван сая есөн зуун зургаан мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 3 дах заалтын “... 274,905 ...” гэснийг “ ... 235,920 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

                                                   А.МӨНХЗУЛ