Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00017

 

 

 

 

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00017

 

 

 

 

 

                                        П.Хын нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/02365 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Хын хариуцагч ГБ ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ГБ ХХК-ийн Хөвсгөл салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгоно.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: П.Х нь 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс Голомт банкинд харилцагчийн үйлчилгээний ажилтнаар, 2010 оны 5 дгаар сарын 24-ний өдрөөс зээлийн ажилтан, 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс харилцааны менежер, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс ГБанкныХөвсгөл салбарын захирал, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс Мөрөн тооцооны төвийн захирлын албан тушаалд томилогдон ажилласан. Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй шинэчлэн байгуулан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Гэтэл ГБанкныгүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 422 тоот ажил хүлээлцүүлэх тушаалаар ГБанкныХөвсгөл салбарын захирлаар А.Ц томилж, П.Хын үүрэгт ажил, баримт бичиг, эд хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн. Ажлын хэсгээс ямар нэгэн тушаал, шийдвэр танилцуулаагүй, одоог хүртэл ямар шалтгаан, хууль, дүрэм, журмыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй.  П.Хын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөнд гомдолтой байна гэжээ.

2. Хариуцагч талын тайлбарт: П.Х ГБанкныгүйцэтгэх захирлын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн н/383 тоот тушаалаар Хөвсгөл салбарын захирлаар ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлэн томилох тухай тушаал гарч, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орж нэхэмжлэгчийг тусгай активын хэлтэст эрсдлийн мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллуулсан. Хөдөлмөрийн гэрээний 6.3-т гэрээний талууд харилцан тохиролцсоноор нэмэлт өөрчлөлт оруулж болох ба энэ тохиолдолд нэмэлт өөрчлөлтийн гэрээг бичгээр үйлдэж гэрээнд хавсаргана. Ийнхүү оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь гэрээний нэгэн адил хүчин төгөлдөрт тооцогдоно гэж заасан ба нэхэмжлэгчийн хүсэлтээр талууд харилцан тохиролцож 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж эрсдэлийн мэргэжилтэн албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2, 43.2 дах хэсэгт тус тус заасан хугацаанаас хойш буюу халагдсан гэх өдрөөс хойш даруй 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч П.Х нь хариуцагч ГБ ХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ГБанкныХөвсгөл салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч П.Х давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1 Нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээж авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүхээс ГБанкныажил хүлээлцэх журам, ажил хүлээлцэх тухай тушаал, ажил хүлээлцсэн акт, хүний нөөцийн сонгон шалгаруулалтын журам, “Анхааруулга” өгсөн баримт, “эрсдлийн мэргэжилтэн” албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, “эрсдэлийн мэргэжилтэн” албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт зэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг хангаагүй нь хэргийг үнэн зөв шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлээгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүх бүрдүүлээгүй.

4.2 Мөн .... цахим хаягаас 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ... цахим хаяг руу илгээсэн хүсэлтийг үнэлээгүй. 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн ... мэйл хаягаас ... хаяг руу илгээсэн хоосон мэйлийн хавсралт хөдөлмөрийн гэрээ, тушаал гэсэн файлаар нэхэмжлэгчийг салбарын захирал албан тушаалаас чөлөөлөгдсөн буюу шилжүүлсэнг мэдсэн ба хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, учир дутагдалтай.

4.3 Шилжүүлэн томилох тухай тушаалыг Хөдөлмөрийн дотоод журмын 2.1-д заасан эрх бүхий этгээд гаргаагүй болохыг үнэлээгүй. Хууль, журмыг зөрчсөн шийдвэр болохыг харгалзаж үзээгүй.

4.4 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралд хариуцагчаас 11 хуудас нотлох баримт гаргаж өгсөн ба нэхэмжлэгч талд шинжлэн судлуулах, тайлбар гаргах, нэхэмжлэлээ өөрчлөх боломжит хугацааг олгоогүй хэргийг шийдвэрлэсэн.

4.5 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, “Салбарын захирал” албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг гаргуулахыг даалгах нэхэмжлэлийг буруу тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Нэхэмжлэгч П.Х хариуцагч ГБ ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, тус банкны Хөвсгөл салбарын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.Хт хэргийн материалыг 2021 оны 10 дугаар сарын 25, 10 дугаар сарын 28-ны өдөр тус тус танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч үүнээс хойш хэргийн 50-64, 113-121 тал дах нотлох баримтууд, шүүхээс хийсэн ажиллагааны талаарх баримтуудыг танилцуулаагүй байна. /хх.18, 45/

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж үзэх боломжгүй. Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчийн шүүхийн журмаар гаргуулахаар шаардсан нотлох баримтуудаас   ГБанкныгүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хөвсгөл салбарын захирлын ажил хүлээлцүүлэх тушаал, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ажил хүлээлцэх акт, П.Хыг шилжүүлэн томилох тушаал, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ хэрэгт авагджээ. Хэргийн 112 дугаар тал дахь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хүний нөөцийн удирдлагын газрын анхааруулга гэх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй байна. /хх.38-42, 119/

 

Шүүх хүсэлтийг шийдвэрлэхдээ бусад баримтууд нь тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх талаар тодорхой дүгнэлт өгөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тохиолдолд маргааны үйл баримтын талаар урьдчилсан дүгнэлт хийх нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх тул гомдлын 4.2, 4.3, 4.5 дах хэсгийн талаар дүгнэлт хийхгүй орхив. 

 

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/02365 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

         ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                                     А.МӨНХЗУЛ