Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2021/02365

 

2021 11 02 182/ШШ2021/02365

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: П.Х-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч:   “ГБ” ХХК -д холбогдох,  

 

Ажлаас буруу халсныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Х, хариуцагчийн төлөөлөгч Б.Г, Н.О, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Х нь 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс Голомт банкинд Харилцагчийн үйлчилгээний ажилтнаар, 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс Зээлийн ажилтан, 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс Харилцааны менежер, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс Хөвсгөл аймаг дахь “ГБ” ХХК-ийнХөвсгөл салбар-ын захирал, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс Мөрөн тооцооны төв-ийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр шинэчлэн байгуулж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан болно. 

Гэтэл “ГБ” ХХК-ийнгүйцэтгэх захирал 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр №422 тоот Ажил хүлээлцүүлэх тухай тушаал гаргасан ба тушаалд “ГБ” ХХК-ийнХөвсгөл салбар-ын захирлаар А.Цийг томилж байгаатай холбогдуулан П.Х миний үүрэгт ажил, баримт бичиг, эд хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөрт багтан хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн. “ГБ” ХХК-ийнгүйцэтгэх захирлын тушаалыг биелүүлэхээр ажлын хэсэг надад ямар нэгэн тушаал, шийдвэр өгч танилцуулаагүй буюу одоог хүртэл ямар шалтгаанаар болон ямар хууль, дүрэм, журам, эрх зүйг үндэслэн тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй, учир дутагдалтай байна.  

Миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Иймд Үндсэн хуулийн 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 5.2, 43.2, 43.3 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 2.26, 3.2.10, 3.3.1, 3.3.2, 3.3.6, 3.3.7, 3.3.9, 3.3.11 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 1.4, 2.14, 3.1, 3.2, 3.12, 4.1, 6.1, 6.2 дах заалтыг үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна. 

Иймд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлаас буруу халсныг тогтоож, урд эрхэлж байсан салбарын захирал-ын албан тушаалд эргүүлэн томилуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд ирүүлсэн хариу тайлбартаа: П.Х нь “ГБ” ХХК-д холбогдуулан ажлаас буруу халсныг тогтоолгож, урьд эрхэлж байсан Салбарын захирал-ын албан тушаалд эргүүлэн томилуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Банкны зүгээс уг шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 

 

Нэхэмжлэгч нь “ГБ” ХХК-ийнГүйцэтгэх захирлын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн н/383 тоот тушаалаар "Хөвсгөл салбарын захирлаар ажиллаж байсан. Улмаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр н/1571 тоот Шилжүүлэн томилох тухай тушаал үйлдэн, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр нэхэмжлэгчийг Тусгай активын хэлтэст Эрсдлийн мэргэжилтэн албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллуулсан.  

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар үүсэх бөгөөд уг маргааны хувьд талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан 19/001 дугаартай Хөвсгөл салбарын захирлын албан тушаалд томилох Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар тооцож, дараах хууль зүйн үр дагавар гарахаар байна.  

1.  Хөдөлмөрийн гэрээний 6.3-т Гэрээний талууд харилцан тохиролцсоноор нэмэлт өөрчлөлт оруулж болох ба энэ тохиолдолд нэмэлт өөрчлөлтийн гэрээг бичгээр үйлдэж гэрээнд хавсаргана. Ийнхүү оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь гэрээний нэгэн адил хүчин төгөлдөрт тооцогдоно. гэж заасан ба нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу талууд харилцан тохиролцож 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан Эрсдэлийн мэргэжилтэн албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан.  

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж, 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж тус тус зааснаас үзвэл мөн хуулийн 43.2-т заасан хугацаанаас хойш буюу халагдсан гэх өдрөөс хойш даруй 2 жилийн хугацаа өнгөрсөн байна.  

 

Иймд банкны зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.  

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч П.Х нь хариуцагч “ГБ” ХХК-д холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, “ГБ” ХХК-ийнХөвсгөл салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, “ГБ” ХХК нь нэхэмжлэгчийг ажлаас халсан, шилжүүлсэн аливаа тушаал шийдвэр гаргалгүйгээр ажлыг нь хүлээлцсэн. Өөрөөр хэлбэл түүнийг “ГБ” ХХК-ийнХөвсгөл салбарын захирлын ажлаас буруу халсан, өнөөдрийг хүртэл түүнийг халах тухай ямар нэг тушаал шийдвэр огт гараагүй байна гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, өөр ажилд шилжүүлэн томилсон, шилжүүлэн томилогдсон ажлаасаа хууль ёсны дагуу өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Ажлаас буруу халагдсан, шилжүүлсэн тухай маргааныг хянан хэлэлцэх хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дуусгавар болсон гэж хариу мэтгэлцэж байна.  

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

 

1.  Нэхэмжлэгч П.Х нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс Хөвсгөл аймаг дахь “ГБ” ХХК-ийнХөвсгөл салбар-ын захирал, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс Мөрөн тооцооны төв-ийн захирлын албан тушаалд тус тус томилогдон хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр шинэчлэн байгуулсан, “ГБ” ХХК-ийнгүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 422 дугаар тушаалаар, мөн сарын 11-ний өдөр салбарын захирлын үүрэгт ажлыг хүлээлцсэн /хх-ийн 38-41 дүгээр тал/,  ”ГБ” ХХК-ийнгүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн н/1571 дугаар тушаалаар банкны Тусгай активын хэлтэст Эрсдлийн мэргэжилтнээр томилогдож /хх-ийн 42 дугаар тал/, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 339 дугаартай тушаалаар тус албан тушаалаас чөлөөлөгдсөн /хх-ийн 91 дүгээр тал/ үйл баримтын тухайд зохигчид харилцан маргаагүй болно.  

 

2.  Нэхэмжлэгч П.Х нь “ГБ” ХХК-ийнгүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр №422 тоот Ажил хүлээлцүүлэх тухай тушаалаас өөр аливаа тушаал шийдвэр гаргалгүйгээр түүнийг ажлаас чөлөөлсөн явдал нь хууль бус болсон бөгөөд нэгэнт ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн шийдвэр гараагүй тул ажлаас буруу халагдсан асуудлаар шүүхэд маргах эрх өнөөдрийг хүртэл нээлттэй, захирлын албан тушаалаас хууль бусаар халагдсан хэдий ч ажил хөдөлмөр эрхлэх зайлшгүй шалтгааны улмаас эрсдлийн мэргэжилтний ажилд сонгон шалгаруулалт өгч сонгогдон томилогдсон, энэ нь захирлын ажлаас чөлөөлөгдсөн явдалтай хамааралгүй гэж үзэж байгаагаа шүүх хуралдаанд тайлбарласан бол хариуцагч тус үндэслэлийг эс зөвшөөрч, ажилтны удаа дараа гаргасан нийслэлд шилжин ирж ажиллах тухай хүсэлтийг хүлээн авч Улаанбаатарт шилжүүлэн томилох зорилгоор ажлыг нь хүлээлцсэн боловч энэ тухай шийдвэрийг ажлыг бодитой хүлээлцсэнээс хойш гаргасан нь ажил олгогчийн алдаа болсон. Гэвч ажилтан ажлаас буруу халагдсан, шилжүүлсэн талаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж тайлбарласан.  

 

Нэхэмжлэгч П.Хыг “ГБ” ХХК-ийнХөвсгөл салбарын захирлын ажлаас чөлөөлж, ажлыг хүлээлцэхдээ түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн аль үндэслэлийг удирдлага болгон дуусгавар болгосон нь ойлгомжгүй, энэ талаар тухайлсан эрх зүйн акт гаргалгүйгээр ажил хүлээлцэж, хөдөлмөрлөх үйл явцыг дуусгавар болгосон үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэснийг зөрчсөн байна.  

Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэхээр заасан бөгөөд ийнхүү 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлаа хүлээлцсэнээс хойш 2021 оны 03 дугаар сарыг хүртэл хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй байна. Нэхэмжлэгч ийнхүү шүүхэд гомдол гаргаагүй шалтгаан үндэслэлээ ажлаас халагдсан тухай тушаалыг гардаж аваагүйтэй холбон тайлбарлаж байна. Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тухай ямар нэг эрх зүйн акт гардаж аваагүй боловч түүнийг ажилд шилжүүлэн томилсон тухай тушаалыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр хүлээн авсны зэрэгцээ тус тушаалын дагуу эрсдлийн мэргэжилтний ажлыг хэсэг хугацаанд эрхэлж байсан нь хэргийн оролцогчдын цахим шууданд хийсэн үзлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Хэрэв нэхэмжлэгч “ГБ” ХХК-ийнХөвсгөл салбарын захирлын үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа бол энэ талаар маргах эрх түүнийг ажил хүлээлцсэн өдрөөс, хэрэв түүнийг шилжүүлэн томилоогүй гэж үзэж байгаа бол ийнхүү шилжүүлэн томилсон гэх тушаалыг хүлээн авсан өдрөөс нэг сарын дотор гаргах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасантай нийцэх байжээ.   

 

Нэхэмжлэгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох хүсэлт гаргасан боловч ийнхүү сэргээх үндэслэлтэй болох хүндэтгэн үзэх шалтгааныг дурдаагүй, энэ талаар нотолсон аливаа баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ үндэслэлээр түүний хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.    

 

Иймд нэхэмжлэгч ажлаас буруу халагдсан, эсхүл ажилд буруу шилжүүлсэн гэх үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгч П.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь: 

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч П.Х нь хариуцагч “ГБ” ХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, “ГБ” ХХК-ийнХөвсгөл салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй. 

 

4.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА