Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 279

 

“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

             Даргалагч:                        Танхимын тэргүүн М.Батсуурь

             Шүүгчид:                           Л.Атарцэцэг,

                                                       Д.Мөнхтуяа,

                                                       Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                   П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:    Ч.Уранбилэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах,

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 113/ШШ2019/0007 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0353 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн захирал С.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.П, Б.М нарыг оролцуулж,

Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 113/ШШ2019/0007 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны  хэргийн  давж  заалдах  шатны  шүүхийн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0353 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 113/ШШ2019/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн захирал С.Д болон түүний өмгөөлөгч Б.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх зөвхөн 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ хүчин төгөлдөр байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодитой, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 529 тоот тогтоолын тогтоох хэсэгт “...газар эзэмшүүлэх  эрх шилжүүлэх гэрээг үндэслэн гарсан Засаг даргын захирамж хууль бус гарсан үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дурьдсан. Энэхүү захиргааны маргаан бол газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг үндэслэн гарсан захиргааны акт буюу Дундговь аймгийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамжийг хүчингүй болгосон захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой маргаан юм. Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 дугаар тогтоолыг гаргахдаа иргэний хэрэг, захиргааны хэрэг хоёрыг ялган шийдвэрлэж, зөвхөн захирамжтай холбоотой асуудлаар хэргийг анхан шатанд буцааж хэргийн бодит байдлын талаарх баримтад тулгуурлан үндэслэл бүхий хуулийн заалтыг хангаагүй тодорхойлсныг магадлалд анхаарч үзээгүй.

4. Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/391 тоот захирамжид “...иргэн Ц.С /”Х б” ХХК/-т шилжүүлэн эзэмшүүлэхдээ газрын хэмжээ, байршил зэргийг нягт тооцолгүй дээрх 7929 мкв газарт ороогүй аймгийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар захирамжаар “Б” ХХК-д автомашины зогсоолын зориулалтаар олгосон 1786 мкв талбай бүхий газрыг оруулан тооцож...” гэсэн агуулгыг нарийн заасан бөгөөд уг захирамжийг гол үндэслэл болсон гэж үзэж байна.

5. Засаг дарга захирамж гаргахдаа газрын хэмжээ, байршил зэргийг нарийн тооцолгүй шийдвэр гаргасан алдаагаа залруулан захирамж гаргасан захиргааны акттай холбоотой маргааны үндэслэлийг нэгэнт шүүхийн шийдвэрээр хуулийн хүчин төгөлдөр болсон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг нотлох баримт болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

6. Энэхүү захиргааны маргааны талаарх Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 дугаар тогтоолд газрын хэмжээ, байршлыг нарийвчлан тогтоосон дүгнэлтийг үнэлээгүй талаар заасан бөгөөд Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт, шинжээч нарын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт тайлбар зэрэг нотлох баримтыг давж заалдах шатны шүүх огт үнэлээгүй, мөн тэдгээр нотлох баримтыг үгүйсгэх үндэслэл бүхий няцаалт өгч чадаагүй. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б.Т, Д.Б, Т.С нарын гаргасан шинжээчийн дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Л.М, Ц.Л, Б.М нарын шинжээчийн дүгнэлт, шинжээч нарын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт тайлбар зэргээр 018 тоот гэрээ хийгдсэн 7929 мкв газарт аймгийн Засаг даргын 2005 оны 06 сарын 10-ны өдрийн 157 захирамжаар олгогдсон машины зогсоолын зориулалттай 1786 мкв газар ороогүй болно гэж дүгнэсэн байдаг.

7. 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нд заагдсан 7929 мкв газар нь шинжээчийн дүгнэлт болон нэмэлт тайлбар зэргээс харахад 018 тоот гэрчилгээний 5424 мкв, 2000 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 86 тоот захирамжаар 2400 мкв газрыг бөөний худалдааны цэг байгуулах зориулалтаар, 2000 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 139 тоот захирамжаар 105 мкв газрыг үйлчилгээ явуулах цэг байгуулах зориулалтаар олгосон газрууд нь 7929 мкв байдаг. Харин Дундговь аймгийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар захирамжаар олгосон газар дээрх гэрээгээр тогтоогдсон гэх газарт хамаарахгүй байгаа. 1999 оны 06 дугаар сарын 24-нд бичигдсэн 018 тоот гэрчилгээнд бичигдсэн 5424 мкв газарт 2005 онд аймгийн Засаг даргын 157 тоот захирамжаар олгогдсон 1786 мкв газар 6 жилийн дараа олгоно гэж урьдчилан бичээгүй нь ойлгомжтой тул энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй.

8. “Б” ХХК нь Дундговь аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 тоот шийдвэрт тусгагдсан гурилын бөөний дэлгүүрийг өнөөг хүртэл ашиглаж чадахгүй мөртлөө үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлж байхад “Х б” ХХК нь сард 440 000 төгрөгөөр түрээсэлж 10 гаруй жил ашиг олж байна. Гэрээ хийгдсэн 018 тоот гэрчилгээнд хамааралгүй авто машины зогсоолын зориулалттай 1786 мкв газрыг дээрх хэмжээнд багтаж байгаа болно гэж буруу бичилт хийсний дагуу эзэмшиж байна.

9. Газрын тухай хуульд гэрээний нэмэлт нөхцөлөөр газрыг эзэмшүүлэх тухай зохицуулалт байхгүй, харин нэмэлт нөхцөлд гэрээ хийгдсэн газарт тодотгол хийж болно гэж үзэж байна. 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 02 сарын 18-ны өдөр гаргасан тайлбартаа А/391 тоот захирамжтай холбоотой асуудлыг бодит баримтад тулгуурлан тодорхой дурьдсныг шүүх анхаарч үзээгүй.

10. Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

12. Нэхэмжлэгч “Х б” ХХК нь Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд уг захирамжаар “газар шилжүүлэн эзэмшүүлэхдээ газрын хэмжээ байршил зэргийг нягт тооцоолоогүй, 7929 мкв газарт хамаарахгүй машины зогсоолын зориулалтаар “Б” ХХК-д олгосон 1786 мкв газрыг оруулан тооцож, алдаа гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

13. Анх “Б” ХХК нь Мандалговь хотын Засаг даргын 1997 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр захирамжаар 5424 мкв, Сайнцагаан сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 86 дугаар захирамжаар 2400 мкв, 2000 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 139 дүгээр захирамжаар 105 мкв, нийт 7929 мкв газрыг тус тус эзэмших эрхтэй байсан бөгөөд сүүлд 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар захирамжаар машины зогсоолын зориулалтаар 1786 мкв газар эзэмшүүлсэн, дараа нь Дундговь аймгийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамжаар худалдааны төвийн 4180 мкв, машины зогсоолын 1780 м.кв газрыг тус тус “Х б” ХХК-д шилжүүлсэн байх ба  нэхэмжлэгчээс “гэрээгээр шилжүүлж авсан газарт зогсоолын газар хамаарч байгаа” гэж, хариуцагч болон гуравдагч этгээдээс “хэмжилт буруу хийсэн, нэхэмжлэгчид хамааралгүй газрыг олгосон” гэж тус тус маргажээ.

14. Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 500 дугаар шийдвэр, Дундговь аймгийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 529 дүгээр тогтоолоор “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Х б” ХХК-д холбогдох “хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэж, “...үйлчилгээний өмнөх баруун талын машины тохижуулсан талбай нь дээрх хэмжээнд багтаж байгаа болохыг зааж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан” гэж дүгнэж байснаас үзэхэд тухайн үед “Б” ХХК-д өөрийн эзэмшлийн зогсоолын зориулалт бүхий 1786 мкв газрыг шилжүүлэх хүсэл зориг байсан, ямар нэгэн байдлаар төөрөгдөөгүй болох нь тогтоогдож байна.

15. Иймээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар газар шилжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй, 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурахдаа машины тохижуулсан талбайг шилжүүлэн өгөхөөр тусгайлан заасан, тухайн үед ийнхүү тохиролцохдоо уг тохижуулсан талбай нь 7929 мкв газарт багтаж байгаа гэж ойлгож байжээ. Өөрөөр хэлбэл, “Б” ХХК нь машины тохижуулсан талбайг бусдад эзэмшүүлэхээр тохиролцсон байна.

16. Харин хожим шинжээчийн дүгнэлтээр уг 1786 мкв газар нь 7929 мкв газар багтаагүй болох нь тогтоогдсон байдал нь “Б” ХХК-ийн дээрх хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэл биш, 7929 мкв газарт багтсан эсэхээс үл хамааран, “тохижуулсан талбай” гэх нэрээр бусдад шилжүүлсэн, иргэд хоорондын гэрээний үнийн дүнгийн маргаан, амалсан төлбөрөө төлөөгүй зэрэг асуудал нь тусдаа иргэний шүүхээр шийдэгдэх маргаан юм.

17. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “иргэний шүүхийн шийдвэр энэ маргаанд хамааралгүй” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий газрыг шилжүүлсэн эсэх үйл баримт нь талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээтэй шууд холбогдож байх тул дээрх шүүхийн шийдвэрийг энэхүү хэрэгт нотлох баримтаар үнэлэх шаардлагатай. Тодруулбал, газар шилжүүлэх харилцаа нь газар эзэмшигчийн санаачлагаар эхлэх бөгөөд “Б” ХХК нь ийнхүү хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар маргах эрхгүй.

18. Захиргааны байгууллагаас “гуравдагч этгээдээс шилжүүлэн авсан газарт хамаарахгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 1786 мкв газрыг хүчингүй болгож байгаа нь бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэрээр “Б” ХХК нь уг газрыг бусдад шилжүүлсэн болох нь нэгэнт дээрх байдлаар тогтоогдсон байхад холбогдох баримтыг бүрэн судлаагүй, нөгөө талаар газрын хэмжилт буруу хийсэн байдал нь захиргааны байгууллагыг буруутгах, алдаатай шийдвэрийн үр дагаврыг захиргааны  байгууллага өөрөө хариуцах болохоос нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш юм.

19. Маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшлийн худалдааны төвийн 4180 мкв газрыг “өмчлөлийн маргаантай” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй, хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

20. Гуравдагч этгээдийн “шүүхүүд газрын хэмжээ, байршлыг нарийвчлан тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй, энэ нотлох баримтыг үгүйсгэх үндэслэл бүхий няцаалт өгч чадаагүй” гэх гомдлын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талыг нь үнэлснийг буруутгах боломжгүй, тухайлбал шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээдийн нэхэмжлэгчид шилжүүлсэн 7929 мкв газарт машины зогсоолын 1786 мкв газар багтсан эсэхээс үл хамааран гуравдагч этгээд нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, машины зогсоолыг бусдад шилжүүлсэн үйл баримт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх тул энэхүү гомдол үндэслэлгүй.

21. Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 113/ШШ2019/0007 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0353 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

         ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ