Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00164

 

 

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00164

 

С.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/03194 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.А-ын хариуцагч Зорчигч тээвэр-3 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие Зорчигч Тээвэр-3 ОНӨААТҮГ-т 2009 оны 5 дугаар сард анх ажилд орж 2013 он хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарч өөр байгууллагад ажиллаж байгаад 2015 онд Зорчигч Тээвэр-3 ОНӨААТҮГ-д буцаж ажилд орж 2021 он хүртэл ажилласан.

Намайг буруу ойлгосон эсхүл үл ойлголцлоос болж одоо өрнөж буй маргаан энэ хэмжээнд хүртэл үргэлжилж байна. Зорчигч Тээвэр-3 ОНӨААТҮГ-ын зүгээс намайг байгууллагын эд хөрөнгийг шунахайн сэдлээр хулгайгаар авсан гэж буруутсан бөгөөд надад ямар ч шунахайн сэдэл байгаагүй.

Манай баазын газар 2020 онд дуудлага худалдаагаар худалдсан учир 2021 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр лүү нүүх ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр миний бие нь өөрийн шууд удирдлага болох тус байгууллагын техник технологийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий инженер Ц.М-с маргаан бүхий 2 тоног төхөөрөмжийг авч болох талаар асуухад зөвшөөрсөн, мөн тус байгууллагын ахлах нягтлан н.О-ээс тухайн 2 төхөөрөмжийг байгууллагын дансанд байгаа эсэх, мөнгөн дүнгээр үнэлэгдэх эсэхийг асуухад тус төхөөрөмжүүд нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр актлагдаж, байгууллагын дансанд байхгүй гэсэн хариулт өгсөн болно.

Надад зөвшөөрөл өгсөн Ц.М нь шүүх хуралдаанд гэрчээр оролцох хүсэлгүй, түүний бичгээр үйлдэж, нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт хэрэгт авагдсан. Токарийн суурь машиныг 2012 онд анх 19,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдан авснаас хойш уг төхөөрөмжийг нэг ч удаа ашиглаагүй бөгөөд уг төхөөрөмж нь ажилладаггүй, байгууллагын нэг ч эд ангийг засаагүй болно.

Харин өрмийн суурь машиныг анх 1993 онд 461,376 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд миний мэдэхээр уг төхөөрөмжийг сүүлийн 10 гаруй жил ашиглаагүй, уг төхөөрөмжийн гол нь савладаг учир өрмөө амархан хугалдаг, нарийн эд анги нүхлэх, цоолох боломжгүй болсон. Байгууллага 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт 87 төрлийн 122 ширхэг нийт 242,846,721 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг бааз цаашид ашиглах боломжгүй учир акталж данснаас хасаж өгнө үү гэсэн. Энэхүү хүсэлтэд дурдагдсан 122 ширхэг эд зүйлд маргаан бүхий токарийн болон өрмийн суурь машинууд багтсан байдаг.

Дээрх хүсэлтээр Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/734 тоот тушаалаар 77,846,721 төгрөгийн үнэ бүхий 74 нэр төрлийн эд зүйлийг акталж, данснаас хассан. Уг тушаалаас үзэхэд миний авсан гэх 2 төхөөрөмж нь ямар ч үнэгүй болсон буюу хоёрдогч түүхий эд болсон юм. Ийнхүү үнэгүй болсон эд зүйлийг байгууллагын удирдлага ямар ч үндэслэлгүйгээр 5,800,000 төгрөгөөр үнэлэн, намайг байгууллага хохироосон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, Цагдаагийн байгууллагад надад холбогдуулан гомдол гаргаж шалгуулсан бөгөөд уг гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж намайг Зорчигч Тээвэр-3 ОНӨААТҮГ-ын засварчны ажилд эгүүлэн томилж, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулж, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Зорчигч Тээвэр-3 ОНӨААТҮГ-ын зүгээс С.А ыг ажлаас халах тухай 169 дүгээр тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хулийн 40.1.4, 141.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 7.18.2, 7.18.7, 7.18.8, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5.2 дахь хэсгийг үндэслэсэн байдаг.

С.А ыг халах болсон шалтгааны хувьд 2021 оны 06 дугаар сарын 07-ны шөнө байгууллагынхаа кузов засвараас өрмийн суурь машин болор токерийн суурь машинуудыг Майти маркийн автомашиныг газрын даргын зөвшөөрөлгүй байгууллагын хашаанаас авч явсан. Энэ үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо руу нүүх гээд бүх камераа буулгачихсан байсан үед авсан. Тус шөнө харуул хамгаалалтын алба нь С.А-ын үйлдлийг зогсоох гээд дийлээгүй, С.А нь би мэднэ гээд авч явсан байдаг.

Энэхүү үйл явдлыг байгууллагын удирдлагууд маргааш нь мэдээд 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр С.А-ын үйл явдалтай холбогдуулан байгууллагын шуурхай хуралдаан болоод С.А ыг дуудаад хуралдсан бөгөөд С.А нь 2 машины зөвшөөрөлгүй авч явсан гэдгээ ойлгоод, буцааж авч ирж өгөхөөр тайлбар бичиж өгсөн байдаг. Тэрээр тайлбартаа токарийн болон өрмийн суурь машинуудыг техник технологийн хэлтсийн дарга Ц.М-с асууж байгаад санхүүгийн ахлах нягтлан н.Одчимэгээс актлагдсан эсэхийг тодруулж асуусны үндсэн дээр баазын хашаанаас гаргасан. Байгууллагын дотоод журмын дагуу бусад байгууллагын удирдлагаас зөвшөөрөл авах ёстой байсныг мэдэлгүй ийм үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч зохих хариуцлагаа хүлээнэ гэж тайлбар гаргадаг.

Тухайн үед манай байгууллага нь нүүдэл суудал ихтэй хүн хүч муу байсан учир С.А ыг 2 машиныг буцааж авч ирж өгөх боломж олгон 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүлээгээд түүнийг авч ирж өгөхгүй болохоор түүнийг ажлаас нь халсан байдаг. Түүнийг халахдаа 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр даргын зөвлөлийн хурлаар оруулсан бөгөөд С.А т энэ хуралд ирж суугаарай гэж мэдэгдсэн байдаг. С.А нь акталсан барааг авсны төлөө намайг халсан үйлдэл нь үндэслэлгүй байна гэж маргадаг.

Гэвч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлд үндсэн хөрөнгийг актлах, данснаас хасах асуудлыг зохицуулсан байдаг. Энэхүү журмын 4.2-т данснаас хасах шийдвэр гарч, шийдвэрийг хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд тухайн эд хөрөнгийн иж бүрдэл, чанар байдлыг бүрэн бүтэн байлгах асуудлыг хуулийн этгээдийн удирдлага хангаж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдвал хариуцлагыг зохих хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээдийн дарга, захирал хүлээнэ гэж заасан. Мөн дээрх журмын 4.8-т хуулийн этгээд нь холбогдох шийдвэрийн дагуу өмч хамгаалах байнгын хяналт дор өмч хөрөнгийг устгах, сэлбэг материалыг хоёрдогч түүхий эд болгон ашиглах, худалдах ажлыг зохион байгуулах гүйцэтгэлийг устгалын акт, худалдсан тухай акт хэлбэрээр баталгаажуулан гүйцэтгэлийн үр дүнг холбогдох данс бүртгэлд тусгана гэж заасан. Худалдан борлуулахдаа нийт ажилчдаа зарлан мэдэгдсэний дараа арилжих бөгөөд орлогын 30 хувийг Өмчийн харилцааны газарт төвлөрүүлнэ. Мөн журмын 7.2-т Эд хөрөнгө бүртгэх, актлах, шилжүүлэх, худалдах шийдвэрийг хэрэгжүүлэх, шийдвэрийн дагуу явагдах үйл ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих үүргийг тухайн хуулийн этгээдийн дарга, захирал хариуцна гэж тус тус заасан.

Хавтаст хэргийн 7 дугаар хуудаст авагдсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаалд эргэлтийн бус хөрөнгийн хөдөлгөөн хариуцсан комисс 77 сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгийн актлаад Зорчигч Тээвэр-3 ОНӨААТҮГ-ын данснаас хассан байдаг. Энэхүү данснаас хасагдаж буй 77 сая төгрөгийн 29 сая төгрөгийг устгаарай, 48 сая төгрөгийг татан төвлөрүүлээрэй гэж тушаал дээр шийдвэрлэж өгсөн байдаг. Мөн уг тушаалын 3 дугаар заалтад татан төвлөрүүлэх хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулахыг захиргаа, санхүүгийн хэлтэст даалгасан тул татан авах эд хөрөнгийн хадгалах, хамгаалах үүргийг Зорчигч Тээвэр-3 ОНӨААТҮГ хүлээсэн учраас С.А ыг ажлаас халсан.

С.А ыг ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн үндэслэлийн хувьд хөдөлмөрийн гэрээний 4.5-т ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг зааж өгсөн. Хөдөлмөрийн гэрээний 4.5.2-т заасан шунахайн сэдлээр үйлдвэрийн газрын болон бусдын эд зүйлсэд хохирол учруулсан нь баримтаар нотлогдсон бол гэх заалтыг үндэслэн ажлаас халсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Сартуул овогт Сэрээнэгийн Анхбаярыг Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын техник технологийн хэлтсийн засварын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын газраас ажилгүй байсан хугацааны цалин олговор 4,564,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.А т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 4,564,980 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамжаас 87,989.6 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

а/ Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан нөхцөлийг хангасан баримт ирүүлээгүй байна, ирүүлсэн баримт нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд хамааралгүй байна гэж хэт нэг талыг барьж дүгнэсэн. Ажилтны зөрчлийг хурлын тэмдэглэл, нэхэмжлэгчийн захиргаанд гаргаж өгсөн өргөдөл, цагдаагийн газарт хандсан гомдол, тухайн өдрийн харуул хамгаалалтын ажилтны тэмдэглэл зэргээр нотолж байхад хэт нэг талыг барьж дүгнэсэн. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч би 2 тоног төхөөрөмжийг аваад гарсан тэрийгээ хэнээс ч нуухгүй, 300,000 төгрөгийн ашиг олсон гэж тайлбар гаргасан байхад шүүх дүгнэлт хийгээгүй. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд харш үйлдэл биш гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Мөн шүүх тухайн өдрийн харуул хамгаалалтын ажилтны тэмдэглэлд дүгнэлт гаргаагүй.

б/ Шүүх С.А-ын нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагчийн маргааны нэг үндэслэлийг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргадаг. Манай байгууллагын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн ахлах ажилтан Г.Сарантуяа нь С.А-ын ажлаас халагдах тушаал гарсан өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 99039141 утас руу нь залгаж, ажлаас халагдсан тушаалаа аваарай гэж мэдэгдсэн. Нэхэмжлэгч ирэхгүй байсан тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөн утасдсан боловч С.А нь ирж тушаал шийдвэрээ авахгүй байсан учир өөрийнх нь идэвхитэй ашигладаг фэйсбүүк /Fасеbоок/ хаяг Сэрээнэн Анхбаяр /Sereenen Anhbayar/ хаяг руу нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 45 минутад Анхаа өдрийн мэнд тушаал гарсан ирж аваарай. Нийгмийн даатгалаас тэтгэмж авахад тушаал 14 хоногт багтаан өгөх учиртай тул ирж аваарай, утсаар яриарай гэж чат бичсэн хариуд нь С.А лайк дарж явуулсан. Нэхэмжлэгч байгууллагын даргын зөвшөөрөлгүйгээр гаргасан суурь машинуудыг авчирч өг, өгөхгүй бол ажлаас халж, цагдаагийн байгууллагад гомдол гаргана гэдгийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн. Мөн тушаал хүлээн авсан өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл гомдол гаргах хугацаа ч мөн адил хэтэрсэн.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч даргын зөвлөлийн хурал 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болоход хоцорч ирсэн, намайг ирэхэд хурал дууссан байсан гэж хэлдэг хурлын шийдвэрийг тухайн өдөр сонссон. Ер нь 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс ажилгүй болоод ажил хийхгүй байгаагаа мэдсээр байж халагдсанаа, мэдэхгүй байж болохгүй. Үүнд шүүх дүгнэлт хийгээгүй.

в/ Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлсэн атлаа хариуцагчийн тайлбарыг үнэлж дүгнээгүй. Хариуцагч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар үндсэн хөрөнгийг зөвхөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр данснаас хасах буюу борлуулах, устгах эрхтэй гэж маргахад дүгнэлт хийгээгүй.

г/ Шүүх хэрэгт ирүүлсэн дотоод журамд ажил олгогчийн эрх үүргийг 11.1.1-11.2.8 хүртэл 10 зүйл заалтаар тодорхойлсон байх ба дотоод журамд заасан дагуу Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тушаалыг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзлээ гэж дүгнэжээ. Гэтэл байгууллагын хөдөлмөрийн дотоод журам бол аж ахуй нэгж байгууллагын захиргаа ба ажилтны хооронд байнга үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хэм хэмжээ болохоос байгууллагын эд хөрөнгө, эд хөрөнгийг данснаас хасах, борлуулах, устгах харилцааг зохицуулаагүй. Тусдаа журмаар зохицуулагддаг гэдгийг шүүх хуралдааны явцад тайлбарласан боловч үнэлээгүй.

Мөн шүүх хариуцагч байгууллагын Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаар тогтоолын 4.2-т зааснаар гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухай нотолсон баримтаа хэрэгт ирүүлээгүй гэж дүгнэжээ. Энэ тогтоол байхгүй ч гэсэн хавтаст хэргийн 7 дугаар талд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2018 оны 12 дугаар сарын 20-ны а/734 дугаар тушаалын 3 дахь хэсэгт татан төвлөрүүлэх хөрөнгийг төвлөрүүлэн үнэлж, худалдан борлуулах ажлыг зохион байгуулахыг Захиргаа, санхүүгийн хэлтэс Жаргалсайханд тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Өмчийн төлөөлөл, менежмент, хувьчлалын хэлтэс Энхболдод тус тус даалгасугай гэж тушаал гаргажээ. Тушаал хэрэгжих хүртэл манай байгууллага хадгалалт хамгаалалтыг нь хариуцахаас өөр эрх мэдэл байхгүй.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын өмчийн төлөөлөл менежментийн хэлтсийн мэргэжилтэн Б.Адъяагийн гэрчийн мэдүүлэг нь хариуцагч байгууллагын удирдлагын зүгээс холбогдох байгууллагын 2019 оны тушаал шийдвэрийг 2021 оны 6 сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлээгүй байдлыг нотолж байгаа ба хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үнэлэв гэж дүгнэжээ. Дээрх тушаалыг хэрэгжүүлдэг субьект нь бид биш. Гэрч дахин ашиглах боломжтой эд хөрөнгийг түүхий эдийн зориулалтаар татан төвлөрүүлж авдаг. Яагаад аваагүйг нь мэдэхгүй байна гэж хариулдаг гэтэл шүүх нэхэмжлэгчид ашигтай гэрчийн мэдүүлгийг үнэлсэн хэрнээ хариуцагчийн гэрчээс асуусан асуултын хариултыг үнэлээгүй.

д/ Шүүх 2 төхөөрөмж нь данснаас хасагдсан, байгууллагын өмч биш учир байгууллагын эд хөрөнгийг шамшигдуулсан гэж үзэх үндэслэл тогтоохгүй байна гэж дүгнэсэн. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн а/734 дугаар тушаалын 3 дахь хэсэгт татан төвлөрүүлэх хөрөнгийг төвлөрүүлэн үнэлж, худалдан борлуулах ажлыг зохион байгуулахыг Захиргаа, санхүүгийн хэлтэс Жаргалсайханд, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмчийн төлөөлөл, менежмент, хувьчлалын хэлтэс Энхболдод тус тус даалгасугай гэсэн тушаалаас үзэхэд энэ 2 төхөөрөмж манай байгууллагын өмч, мөн Нийслэлийн өмч болохыг дээрх тушаал нотолсон. Мөн ямар ч зөвшөөрөл авахгүйгээр нэхэмжлэгч шөнийн цагаар авч гарч худалдаад 300,000 төгрөгийн ашиг олсон гэж тайлбар гаргаад байхад үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.

е/ Мөн шүүх хариуцагч нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг баримтаар няцаагаагүй, нүүхдээ авч явах байсан эсэх талаар удирдлагын зүгээс ямар арга хэмжээ авч зохион байгуулах байсан эсэх талаарх холбогдох баримт хэрэгт, авагдаагүй ба баримтаар тогтоохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн өрмийн болон токорийн суурь машинуудыг үлээдээгээд нүүх байсан, зөвшөөрлийн дагуу авсан нь үнэн гэж тайлбар гаргахад үүнийг баримтгүйгээр үнэлсэн, суурь машинуудыг үлдээгээд нүүхийг, ямар зөвшөөрлийн бичгээр С.А авч явснаа баримтаар нотлоогүй байхад үнэлсэн ийм шударга бус байж болохгүй. Мэдээж нүүж байгаа айл бүх л өөрийн гэсэн зүйлсээ авч нүүх нь тодорхой юм.

ё/ Шүүх ажил олгогчоос ажилтны хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг үл ялих зүйлээр шалтгаалан хохироосон ажил олгогчийн зүй бус нөлөөллөөр ажилтныг ажлаас чөлөөлж хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэжээ. С.А-ын хөдөлмөрлөх эрхийг ажил олгогч ноцтой зөрчөөгүй. Харин С.А нь байгууллагын даргын зөвшөөрөлгүйгээр байгууллагын хашаанд байгаа тоног төхөөрөмжийг худалдаж 300,000 төгрөгийн ашиг олсон нь зүйд нийцнэ гэж дүгнэсэн гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: 2018 оны 12 дугаар сарын 20-ны А/734 тоот тушаалаас харахад миний авсан гэх 2 тоног төхөөрөмжийг татан төвлөрүүлнэ гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Өөрөөр хэлбэл, тушаалын хавсралтад бүх эд анги, бараа материалын нэрийг бичээд, ар талд нь актлах, үлдэх өртөг 0 гэж бичсэн байгаа. Үүнийг татан төвлөрүүлэх байсан, хурааж авах байсан гэдэг байдлаар тайлбарлаж болохгүй гэж үзэж байна. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр халагдаж байгаагаа мэдсэн. Гэхдээ 2021 оны 07 дугаар сарын 18-19-ний өдөр тооцооны хуудсаа холбогдох албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулж дууссаны дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажлаас халагдсан тушаалаа гардаж авсан. Харин 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаандаа багтсан. Надаас тухайн эд хөрөнгийг шилжүүлж авсан хүн хөдөө явах явуулах байсан. Том оврын автомашин Нарны хороолол руу орох цагийн хязгаартай байсан тул 22:00 цагаас хойш очиж эд хөрөнгийг авсан. Мөн зөвшөөрөл олгох эрхгүй этгээдээс зөвшөөрөл авч, эд хөрөнгийг авсан гэж хэлж байна. Би засварын инженерээр ажиллаж байсан бөгөөд Ц.Мөнхбаатар нь манай хэлтсийн дарга бөгөөд ерөнхий инженер байсан. Намайг удирдаж ажилладаг учир байгууллагын эд хөрөнгө хариуцах комиссын гишүүн тул надад зөвшөөрөл өгөх эрх бүхий албан тушаалтан мөн гэж бодсон. Энэ нь миний өөрийн алдаа байсан гэдгийг маргаан гарсны дараа мэдсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Зорчигч тээвэр-3 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж маргажээ.

 

3. Хариуцагч байгууллага нотлох баримтаар хэргийн 21 дэх талд авагдсан фэйсбүүкийн мессенжер чатын хуулбарыг зурган хэлбэрээр гаргаж өгсөн бөгөөд дээрх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах ажиллагааг анхан шатны шүүх хийх учиртай.

 

Улмаар дээрх баримтыг нотлох баримтаас хассан тохиолдолд хариуцагч нь хуульд заасан журмын дагуу нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр уг баримтыг нотлох баримтаар гаргаж өгөх боломж бүрдэх юм. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

Түүнчлэн, зохигчид хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байхад 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс хойш нэхэмжлэгч ажлаа хийж байсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой тул энэ талаар тодруулах шаардлагатай.

 

4. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул бусад гомдолд тайлбар өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

5. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/03194 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ