Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00200

 

 

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00200

 

Ө.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/02561 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө.Э-ийн хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 41,327,160 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие Ө.Э нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар Хууль сахиулах их сургуулийн захирлаар томилогдсон. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халсан. Миний бие дээрх тушаалыг эс зөвшөөрч 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ө.Э ийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, нэхэмжлэгчид 14,334,194 төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг тус тус хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж шийдвэрлэсэн. Тухайн шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалинг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх 7 сар 7 хоногийн хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ үндсэн цалин 1,026,128 төгрөг ба төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 45 хувь 439,799 төгрөг, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл 25 хувь 244,333 төгрөг, цолны нэмэгдэл 30 хувь 239,199 төгрөгөөр тус тус тооцож, сүүлийн гурван сарын цалингийн дунджийг тогтмол тоонд хуваан /977.332 т : 21.2 = 93.079/ өдрийн цалинг тооцон гаргаж, нийт ажиллаагүй хугацаа болох 7 сар 7 хоногоор бодож, нийт /1,954,663 * 7 + 93,079 * 7/ 14,334,194 төгрөгийн цалин, түүнтэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Ө.Э ийг Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага эрхэлсэн дэд даргаар 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн томилсон болно. Иймд миний бие хариуцагчийн шүүхийн шийдвэрийг удаан хугацаанд гүйцэтгээгүй эс үйлдэхүйгээс шалтгаалж 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 1 жил 9 сар 5 хоног хугацаанд ажилдаа эгүүлэн томилогдоогүйн улмаас цалин, түүнтэй тэнцэх олговроо авч чадалгүй хохирсон. Иймд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл буюу шүүхийн шийдвэр гарснаас ажилд томилсон хугацааны 21 сар 3 хоногийн олговор /1,954,663 * 21 + 93.079 * 3/ 41,327,160 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ө.Э нь хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаас хойш буюу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилд эгүүлэн томилуулах тухай өргөдлийг албан ёсоор гаргаж байгаагүй. Хэргийн материалд албадан гүйцэтгүүлэхтэй холбоотой ямар нэгэн баримт авагдаагүй. Ө.Э нь шүүхийн шийдвэр гаргуулсан хэрнэ, ажилдаа эргэж орох хүсэлгүй, ажилгүй байж байгаад тухайн үеийн цалинг авах хүсэл сонирхолтой байна гэж үзэж байна. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжтой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 41,327,160 /дөчин нэгэн сая гурван зуун хорин долоон мянга нэг зуун жаран/ төгрөгийг гаргуулж Ө.Э д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Ө.Э-ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдаас улсын тэмдэгтийн хураамжид 364,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Э д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтын "...Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 41,327,160 төгрөгийг гаргуулж, Ө.Э д олгосугай. гэснийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

а/ Уг шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ө.Э-ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг даалгаж шийдвэрлэснийг хариуцагчийн зүгээс хүндэтгэн үзэж, хүлээн зөвшөөрч байна. Харин шүүхийн шийдвэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 41,327,160 төгрөгийг гаргуулж, Ө.Э д олгосугай гэж тогтоосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны 97 дугаар тогтоолыг бүрэн биелүүлж, Ө.Э ийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Хил хамгаалах Ерөнхий газрын Захиргааны удирдлагын эрхэлсэн дэд даргаар томилж, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 7.0 сая төгрөг, 8 дугаар сард 7.4 сая төгрөгийг тус тус шилжүүлж ажилласан. Гэвч Ө.Э нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сар хүртэл шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилуулах хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд гаргаагүй, хэргийн материалд албан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас зэрэг ямар нэг баримт огт авагдаагүй байгаа нь ажилдаа эргэж орох хүсэлгүй байсныг нотлож байна. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд төрийн албан хаагч нь тухайн албан тушаалыг эрхэлж, чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажилласан тохиолдолд цалин хөлс авах ёстой гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хууль зүйн сайдтай удаа дараа уулзаж, улмаар Хил хамгаалах ерөнхий газрын захиргаа удирдлагын газрын даргаар өөр ажилд томилсон учраас энэ хугацааны зөрүү цалинг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан журмын дагуу гарсан. Гомдол нь ямар хуулийг үндэслэж байгааг тусгаагүй, үндэслэлгүй байна. Гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ө.Э нь хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 41,327,160 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаар тогтоолоор Ө.Э ийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

/хх-4-13, 23-27 дахь тал/

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч нь биелүүлж Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Ө.Э ийг Хил хамгаалах Ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргын албан тушаалд томилсон болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

 

Шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр олгоно.

 

Ажил олгогчийн буруугаас ажилтан цалин хөлсөөр хохирсон тул ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаардаг байна.

 

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн буруугаас ажил үүргээ гүйцэтгээгүй, цалин хөлс аваагүй болох нь хэргийн баримаар тогтоогдсон тул тэрээр ажилгүй байсан 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардсан нь үндэслэлтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв болжээ.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эрх зөрчсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой өдрөөс 3 сарын дотор Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дах хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолдог бөгөөд шаардах эрх нь зөрчигдсөн эсхүл эрх зөрчигдсөнөө мэдсэн үеэс үүсэх тул нэхэмжлэгч нь хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн үеэс нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж өөрт учирсан хохирол нэхэмжилсэн нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэдэг байна. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа хийлгээгүйгээс хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

3.Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөж цалин хөлс авах эрхийн зөрчил өмнө эрхэлж байсан ажил албан тушаал эгүүлэн авч шүүхийн шийдвэр биелүүлэх хүртэлх хугацаагаар үргэлжилсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ө.Э-ийн үндсэн цалинг 1 026 128 төгрөг, нэмэгдлийг 923 331 төгрөг нийт 1 954 663 төгрөг гэж тогтоосныг дахин нотлох шаардлагагүй болно. Иймд анхан шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ө.Э-ийн нэг өдрийн цалинг 93,079 төгрөгөөр тооцвол 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 41,699,392 төгрөг болсон боловч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр буюу 41,327,160 төгрөгийг хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдаас гаргуулж нэхэмжлэгч Ө.Э д олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /4а/

 

Түүнчлэн, шүүх нэхэмжлэгч Ө.Э-ийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийхийг хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн боловч шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 

4. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн талаар хариуцагч байгууллагад хандаж байсан эсэх талаар тодруулахад нэхэмжлэгч нь Хууль зүйн яаманд очиж биечлэн уулзаж байсан. Бичгийн баримт байхгүй гэж тайлбарласан, нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж зааснаар заавал биелүүлэх үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилуулах хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд гаргаагүй, хэргийн материалд албан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас зэрэг баримт авагдаагүй нь түүнийг ажилдаа эргэж орох хүсэлгүй байсан гэж үзэж болохгүй. Энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4а/

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/02561 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдьсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ