Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00037

 

 

 

 

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00037

 

Д.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2021/02650 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...гийн хариуцагч Б.Б, Б.Энарт холбогдуулан гаргасан 38 055 033 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, түүний өмгөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Б.Б, Б.Энараас олох ёстой байсан орлого болон хохиролд нийт 14 055 033 төгрөг, хүлээлгэн өгсөн 10 000 000 вонн буюу 24 000 000 төгрөг, нийт 38 055 033 төгрөгийг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хариуцагч Б.Б, Б.Энар 2012 оны 8 дугаар сарын сүүлээр нэхэмжлэгч ...тай холбогдож “танай хүү Я 10 000 000 вон аваад ир гэж хэллээ би удахгүй БНСУ-руу явах гэж байна” гэхэд нь итгэж 10 000 000 вон хүргэж өгсөн. Нэхэмжлэгч 2012 онд хариуцагч нараас 10 000 000 воноо авсан бол уг мөнгийг бодит зүйлд хөрөнгө оруулалт хийж олон байдлаар үр шимийг нь хүртэх боломжтой байсан. Зөвхөн хадгаламжийн хүүнд 10 350 000 төгрөг байсан. 10 000 000 воныг Хаан Банкнаас 15 000 0000 төгрөгийн зээл авч өгсөн ба уг төлбөрийг “Хаан банк” ХХК-д 18 322 233 төгрөг болгон төлж 3 322 233 төгрөгөөр хохирсон. Мөн энэ асуудлыг хөөцөлдөж хууль хяналтын байгууллагаар явж нийтийн тээвэрт 38 300 төгрөг зарцуулсан. Орчуулга болон нотариатын зардалд нийт 344 500 төгрөг зарцуулсан гэжээ.

2. Хариуцагч Б.Б тайлбарт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч Б.Б хариуцагч гэж үзэхгүй. ...г танихгүй, түүнтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй. Ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй. Нэхэмжлэгч нэг гэр бүлийн /ээж, хүү/ хүмүүс хамт явж байхад ...гаас мөнгө авсан бол хамтран төлөх ёстой гэсэн байдлаар хандаж нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул үндэслэлгүй. ... тухайн үед Б.Б уг асуудлаар эрүүгийн журмаар шалгуулсан ба Цагдаагийн байгууллагаас Б.Б уг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Хариуцагч Б.Эийн тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2012 оны 8 дугаар сард охин н.АСолонгос улсаас утсаар яриад н.Я ээж Монголоос Солонгос руу мөнгө өгч явуулна мөнгийг нь аваад ирээч гэж хэлсэн. Ингээд н.Я ярихад “манай ээж Мянганмаагаас өгсөн мөнгийг аваад ирээч, ээжид хэлсэн” гэсэн. Явах үед цаасанд боосон скотчдсон нэг боодол зүйлийг өгөхөөр нь Солонгос улсад очоод Яд өгсөн. н.Я, н.Анар 2012 оны 8 сард хамтран амьдарч байсан. Гэтэл тухайн үед хариуцагч Б.Э БНСУ-д очоод н.Яд 10 000 000 воныг хүргэж өгсөн. Дотор нь хэдэн төгрөг байсан гэдгийг мэдээгүй. Б.Б БНСУ руу тухайн үед яваагүй, ...гаас мөнгө аваагүй, н.Я гэдэг хүнтэй уулзаагүй байдаг. Энэ асуудлаар 2013 онд эрүүгийн хэрэг үүсгээд шалгахад н.Я нь н.А хамтран зоогийн газар, рестораны үйл ажиллагаа явуулахаар Монгол улсаас БНСУ руу н.А ээж Б.Эээр дамжуулан мөнгө авахуулсан бөгөөд БНСУ-д тухайн зоогийн газрыг нээн ажиллуулж байсан. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын тогтоолоор Б.Э нь 10 000 000 воныг н.Яд өгөөгүй гэх үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

4. Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Эээс 12 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...д олгож, нэхэмжлэлээс үлдэх олох байсан орлого, үр шим, зардалд 26 055 033 төгрөг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.3, 493.5-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-д заасныг баримтлан хариуцагч Б.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 506 250 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Эээс 206 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ...д олгож шийдвэрлэжээ.

            5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзулын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

5.1 Шүүх "... Хариуцагч Б.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа "...10 000 000 воныг БНСУ дахь Б.Аын гэрт нь Г.Яд өгсөн” гэж, хариуцагч Б.Б “... 500 000 төгрөг цагаан сараар хэрэглээрэй гэж өгсөн 10 000 000 вон хариу үүрэгт тооцож өгөөгүй” гэж тайлбарласныг гэрч Г.Я, нэхэмжлэгч ... нар нь 10 000 000 воныг бүхэлд нь аваагүй гэж тайлбарлан няцааж байна.” гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудад хариуцагч уг тайлбарыг гаргаагүй. Хариуцагчийн дурдаагүй зүйлийг ярьсан мэтээр тайлбарлан шүүхийн шийдвэртээ тусгах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт заасныг зөрчсөн. Анхан шатны шүүхээс гэрч Г.Ягийн мэдүүлгийг шийдвэрийн гол үндэслэл болгосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 10 000 000 воныг Б.Аын гэрт Г.Яд аваачиж өгсөн, Б.А нь Г.Ятэй хамтран амьдарч байсан гэдгийг нотлох зорилгоор тул Б.Аыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч хангаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан гэрчийн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан гэрэл зураг зэрэгтэй зөрчилдсөн, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй байхад шүүхээс Г.Ягийн гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5.2 Нэхэмжлэгч уг асуудлаар Цагдаагийн байгууллагад анх 2013 онд хандаж байсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2536 дугаартай Баянзүрх дүүргийн прокурорын тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон баримтууд нь удаа дараа зөрж байхад шүүхээс энэ байдлыг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

5.3 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дах хэсгийн агуулга нь үндэслэлгүй хөрөнгө олж авсан этгээд нь тухайн хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн байх шаардлага тавигддаг. Гэтэл хариуцагч Б.Э нь тухайн боодолтой зүйлийг өөрөө аваачиж өгсөн буюу өөрийн хүсэл зоригийн дагуу үйлдэл хийсэн, ямар нэг байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлээгүй болохыг шүүхээс тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч ... хариуцагч Б.Б, Б.Энарт холбогдуулан 38 055 033 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

1. Шүүх маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх хариуцагчийн Б.Аыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн байна. Уг хүсэлтийг хангах нь 10 000 000 вонныг хэн, хэнээс, хэзээ ямар шалтгаанаар авсан гэх үйл баримтыг тодруулахад ач холбогдолтой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... 10 000 000 вонныг БНСУ дах Б.Аын гэрт Г.Яд өгсөн” гэж, гэрч Г.Я “... Б.Э, Б.Б нараас 10 000 000 вонн аваагүй .., ” гэж маргадаг тул гэрчээр Б.Аыг асуух нь талуудын тэгш эрхийн зарчимд нийцнэ. /хх.189-199/

 

2. Нэхэмжлэгч ..., хариуцагч Б.Б, Б.Энарын Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар, мэдүүлгийн эхний хуудас хэрэгт авагдсан буюу тайлбар, мэдүүлэг өгсөн хүний гарын үсэг зурагдаж баталгаажсан хэсэг хэрэгт авагдаагүй, хэргийн 122, 123, 141-146 дугаар талд авагдсан баримтууд нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын хуулбар үнэн дарагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримт байхад шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчжээ.

 

3. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хариуцагч 2012 оны 8-11 дүгээр сард мөнгө өгсөн гэх газар байгаагүй, өөр хотод буюу сүлжээгүй газар байсан, Солонгос улсад ажиллаж байсан тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан” гэж тайлбарласан. Хэрэгт “Г.Я нь Чолланамду Хэйнамд 2012 оны 5 дугаар сараас 12 дугаар сарын хугацаанд ажиллаж байсан” гэх баримт хуулбар хувиар авагдсан байх байна. /хх.147,148/

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэлдүүлэх замаар хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2021/02650 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гарзгах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Д.ЦОГТСАЙХАН

 

         ШҮҮГЧИД               Г.ДАВААДОРЖ

 

                                А.МӨНХЗУЛ