Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0555/з |
Дугаар | 257 |
Огноо | 2019-09-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 257
“Э....” ХХК-ийн
нэхэмжлэлтэй,
Барилга, хот байгуулалтын яам,
“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т
тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалагч
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Барилга байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүйгээр магадлал хийж байгаа Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагаагаа зогсоосон шийдвэр гаргаж нийтэд мэдээлэхийг Барилгын хөгжлийн төвд даалгуулах, барилга байгууламжийн зураг төсөлд хууль бусаар магадлал хийж байгаа үйлдлийг таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Барилга хот, байгуулалтын яаманд даалгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн 128/ШШ2019/0148 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0268 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, Б.Ж, хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарыг оролцуулж,
Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн 128/ШШ2019/0148 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.16, 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.2, 39 дүгээр зүйлийн 39.4, 39.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан “Барилга байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүйгээр магадлал хийж байгаа Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагаагаа зогсоосон шийдвэр гаргаж нийтэд мэдээлэхийг Барилгын хөгжлийн төвд даалгуулах, барилга байгууламжийн зураг төсөлд хууль бусаар магадлал хийж байгаа үйлдлийг таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Барилга хот, байгуулалтын яаманд даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий ”Э....” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0268 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0268 дугаартай магадлалын хянавал хэсэгт: “... нэхэмжлэгчээс “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь олон зуун барилгын магадлалыг хууль бусаар хийж, үлэмж их хөлс төлбөр хурааж ашиг олсоор байна ...” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласаар байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн үндэслэлийн шаардлагыг бүрэн шалгаж тогтоогоогүй, түүнд холбогдох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хэргийг шийдвэрээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасантай нийцэхгүй...”.
4. Түүнчлэн “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын “магадлалын хөлс” гэсэн утга бүхий орлогууд нь “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын магадлал зохион байгуулсны хөлс эсхүл магадал хийсний хөлс эсэхийг тодруулах, Улсын дээд шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 264 дүгээр тогтоол гарсны дараа нэхэмжлэгч нь магадлал хийх эрх авсан эсэх, авсан бол сонгон шалгаруулалтанд орсон эсэх, улмаар магадлал хийх эрхтэй эрх авсан эсэх, авсан бол сонгон шалгаруулалтанд орсон эсэх, улмаар магадлал хийх эрхтэй холбоотой нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Ямар эрх зүйн баримтыг үндэслэн хийж байгаа, экспертүүдийг хэрхэн сонгон шалгаруулж авдаг нь тодорхойгүй..., ... магадлал хийгээгүй гэдгээ хэрхэн нотлож байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ олон зуун барилгын магадлалыг хууль бусаар хийж, үлэмж их хөлс төлбөр хурааж ашиг олсоор байна” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласаар байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн үндэслэлийг бүрэн шалгаж тогтоогоогүй, түүнд холбогдох нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хэргийг шийдвэрлээгүй...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцэхгүй байна гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай гэж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч “Э....” ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03/2019 тоот албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан ба шаардлагын тухайд:
6. Барилга байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүйгээр магадлал хийж байгаа Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагаагаа зогсоосон шийдвэр гаргаж нийтэд мэдээлэхийг Барилгын хөгжлийн төвд даалгах, Барилга байгууламжийн зураг төсөлд хууль бусаар магадлал хийж байгаа үйлдлийг таслан зогсоосон шийдвэр гаргаж олон нийтэд мэдээлэхийг Барилга хот, байгуулалтын яаманд даалгуулах зэрэг шаардлага тус тус гаргажээ.
7. Засгийн газрын 2012 оны “Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай 47 дугаар тогтоол, 2014 оны “Төрийн өмчийн зарим чиг үүргийг мэргэжлийн этгээдээр гүйцэтгэүүлэх тухай 251-р тогтоол, 2018 оны “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгуулалгаар гҮйцэтгүүлэх тухай 51-р тогтоол зэргийг үндэслэн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т шилжүүлсэн.
8. “Барилгын хөгжлийн төв” нь аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьд “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын дүрмийн 8.1.2-т заасан тус үйлдвэрийн газар нь орлогын эх үүсвэр нь ажил үйлчилгээнээс олсон бүх орлого зэрэг орлогоос бүрдэхээр заасан байх тул нэхэмжлэгчийн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагаагаа зогсоосон шийдвэр гаргаж нийтэд мэдээлэхийг даалгах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм.
9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн албан бичгээр холбогдох татварын албанаас “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-аас санхүүгийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй лавлагааг гаргуулан авсан ба “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж, барилга байгууламжийн зураг төслийн боловсруулапт, магадлалын ажлын чанарыг сайжруулах зорилгоор зураг төсөлд магадлал хийх этгээдэд хуваарилах зардлын 30 хувийг Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 107 дугаартай “Барилгын норм ба дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 2-т заасны дагуу суутган авч байгаа болно.
10. Мөн нэхэмжлэгчээс “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохиох эрхийг олгосон талаар талууд маргаагүй болно.
11. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн: Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 107 дугаартай “Барилгын норм ба дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 2-т “Барилга байгууламжийн зураг төслийн боловсруулалт, магадлалын ажлын чанарыг сайжруулах зорилгоор зураг төсөлд магадлал хийх этгээдэд хуваарилах зардлыг тухай магадлалын ажлын зардлын 70 хувиар тооцсугай” гэж тусгаж өгснийг;
12. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 179 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам” хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зэргийг харгалзан үзэлгүй хэтэрхий нэг талыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэт, харилцан уялдаа холбоогүйгээр үнэн зөвөөр үнэлэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэтэрхий нэг талыг баримталсан, хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргасан гэж үзэж байна.
13. Мөн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 321-р шийдвэрээр “...”Э....” ХХК-ийн барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа болохыг тогтоож, эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож хүлээн зөвшөөрөх, Барилга хот байгуулалтын яамны 2014 оны 6/713 дугаар албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 04-р сарын 13-ны өдрийн 1/533 тоот албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...”,
14. Захиргааны давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06-р сарын 23-ны өдрийн 221/МА2016/0418 дугаар магадлалаар “... нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай...”, Улсын дээд шүүхийн 2016 оны 08-р сарын 03-ны өдрийн 264 дугаар тоот тогоолын 1 дэх заалтаар “...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 10-р сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалыг хүчингүй болгож, барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа болохыг тогтоолгох, эрх зүйн храилцаа байгаа болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж тус тус шийдвэрлэсэн болно.
15. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтуудад эргэлзээгүй тал бүрээс нь бүрэн бодитойгоор хууль зүйн үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харгалзан үзэлгүйгээр үндэслэлгүйгээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна.
16. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасан үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 221/МА2019/0268 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
17. Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... шүүхийн магадлалын хянавал хэсэгт “... “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь магадлалын ерөнхий дүгнэлтийг ямар эрх зүйн баримтыг үндэслэн хийж байгаа, экпертүүдийг хэрхэн сонгон шалгаруулж авдаг нь тодорхойгүй..., ... магадлал хийгээгүй гэдгээ хэрхэн нотлож байгаа тапаарх баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх энэ талаарх нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй атлаа “... Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор Барилгын хөгжлийн төвд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрх олгосон байх ба уг Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна..." гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцэхгүй байна” гэж дүгнэхдээ:
18. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1/5688 тоот албан бичгээр Чинэглтэй дүүргийн Татварын хэлтэст хандан “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын 2016, 2017 оны санхүүгийн тайланг ирүүлэхийг шаардсаны дагуу Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 05/1115 тоот албан бичгээр хариуг ирүүлснийг;
19. Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 107 дугаартай “Барилгын норм ба дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 2-т “Барилга байгууламжийн зураг төслийн боловсруулалт, магадлалын ажлын чанарыг сайжруулах зорилгоор зураг төсөлд магадлал хийх этгээдэд хуваарилах зардлын тухай магадлалын ажлын зардлын 70 хувиар тооцсугай” гэж тусгаж өгснийг;
20. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 179 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам” хүчин төгөлдөр мөрдөгдөж байгааг харгалзан үзээгүй нь шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хангалтгүй үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлийг бүрдүүлж байна.
21. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт “... нэхэмжлэгчээс “Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ-т барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг олгосон талаар талууд маргаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх ... нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар буюу “Барипгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ыг магадлал зохион байгуулах эрхтэй эсэх асуудалд дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ” гэж дүгнээд “... нэхэмжлэгчээс “...”Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ олон зуун барилгын магадлалыг хууль бусаар хийж, үлэмж их хөлс төлбөр хурааж ашиг олсоор байна” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласаар байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн үндэслэлийг бүрэн шалгаж тогтоогоогүй, түүнд холбогдох нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харъцуулан үнэлж, хэргийг шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасантай нийцэхгүй” гэж дүгнэхдээ:
22. “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж, барилга байгууламжийн зураг төслийн боловсруулалт, магадлалын ажлын чанарыг сайжруулах зорилгоор зураг төсөлд магадлал хийх этгээдэд хуваарилах зардлын 30 хувийг Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 107 дугаартай “Барилгын норм ба дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 2-т заасны дагуу суутган авч байгааг нэхэмжлэгч тал хууль бус магадлал хийсэн гэж үзэж маргаж байгаад анхан шатны шүүхийн үнэлэлт өгснийг давж заалдах шатны шүүх харгалзан үзэлгүйгээр шийдвэрээ гаргасан нь хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж болохоор байна.
23. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасан үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 221/МА2019/0268 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
24. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “... нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, ... шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, ... хэргийн үйл баримтыг дутуу дүгнэсэн” гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь зөв байна.
25. Нэхэмжлэгч “Э....” ХХК-иас “... барилга байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүйгээр магадлал хийж байгаа Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох” үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Барилгын хөгжлийн төв нь зөвхөн магадлал хийх ажлыг зохион байгуулах үүрэгтэй, ...барилгын зураг төсөлд магадлал хийх эрхийг Барилгын хөгжлийн төвд /ямар нэг/ актаар олгоогүй ... /байхад/ ... барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж байгаа нь хууль бус” гэж маргажээ.
26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “... нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”-ийг, 106 дугаар зүйлийн 106.3-т “... хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд /гаргах/ шийдвэр”-ийн төрлүүдийг тоочин заасан, нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь агуулгын хувьд мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “… захиргааны акт ... /-ыг/ хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох…”, эсхүл 52 дугаар зүйлийн 52.5.3-т заасан “… эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийн алинд нь хамаарч байгаа нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу, давж заалдах шатны шүүх уг асуудлаар зөв дүгнэлт хийсэн байна.
27. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “... /захиргааны байгууллагын/ үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн аль төрөл болох нь тодорхойгүй, нэхэмжлэгчээс “Барилгын хөгжлийн төв нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрхгүй, ... зөвхөн магадлал хийх ажлыг зохион байгуулах үүрэгтэй” гэж маргаж байгаа нь хариуцагч Барилгын хөгжлийн төвийн эрх зүйн байдлыг тогтоолгох, тодруулбал, маргааны үйл баримтад холбогдох асуудлаар хариуцагчид тухайн “эрх байгаа эсэх”-ийг тогтоолгох буюу “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” агуулгатай эсэх талаар зайлшгүй тодруулах шаардлагатай юм.
28. Түүнчлэн, хэргийн оролцогч нараас “Барилгын хөгжлийн төв нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах үүрэгтэй эсэх” талаар маргаагүй, харин “...магадлал хийх ажлыг зохион байгуулах эрх”-тэй гэсэн нь “... магадлал хийх эрх мөн эсэх” талаар маргаж байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагатай, түүнчлэн, нэхэмжлэгчээс “...Барилгын хөгжлийн төв нь зөвшөөрөлгүйгээр магадлал хийж байгаа” гэж, хариуцагч Барилгын хөгжлийн төвөөс “... /манайх/ магадлалын дүгнэлт гаргадаггүй” гэж маргасан, уг маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг шүүх цуглуулж дүгнэлт хийх нь зүйтэй байна.
29. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэт, харилцан уялдаа холбоогүйгээр үнэн зөвөөр үнэлэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэтэрхий нэг талыг баримталсан, хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргасан” гэх гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0268 дугаар магадлалыг хэвээр үлдээж хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрбаатар, Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА