Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/24

 

 

 

 

 

 2024        04        17                                        2024/ДШМ/24

 

   Б.Бад холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Т,

Шүүгдэгч: Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч: Э.Н,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: И.А,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бад холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

“Ц” овогт Бгийн Б, 000 оны ... дугаар сарын ....-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын ... дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн ........................дугаартай/.

Шүүгдэгч Б.Б: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000 оны ... дугаар сарын Х-ний орой Хөвсгөл аймгийн Т сумын 1 дүгээр баг “Х” гэх газарт 000ХӨВ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Сгийн Эыг дайрч улмаар эрүүл мэндэд нь хэнхэрцгийн битүү гэмтэл учруулж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц овогт Бгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас оршуулгын зардлын үлдэгдэл хохирол 1,771,189 (нэг сая долоон зуун далан нэгэн мянга нэг зуун наян ес) төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 (наян хоёр сая таван зуун мянга) төгрөг, нийт 84,271,189 (наян дөрвөн сая хоёр зуун далан нэгэн мянга нэг зуун наян ес) төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Над олгож, Эрүүгийн 000 дугаар хэрэгт битүүмжилсэн 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий “Приус-11” загварын 000ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 000 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор “Приус-11” загварын 000ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,499 дүгээр зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас оршуулгын зардлын үлдэгдэл 1,771,189/ нэг сая долоон зуун далан нэгэн мянга нэг зуун наян ес/ төгрөг сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга / төгрөг, нийт 84,271,189 /наян дөрвөн сая хоёр зуун далан нэгэн мянга нэг зуун наян ес/ төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Над олгосугай” гэж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 он 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн зүйл заалтыг баримтлан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

1.Б.Бын энэ үйлдэл нь 000.07.Х-ний орой гарсан байхад дээрх тогтоол батлагдан гарахаас өмнө үйлдэгдсэн хэрэгт Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 он 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын дагуу энэ журмыг хэрэглэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Над сэтгэцэд учирсан хохирол гэж 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байгаа.

Ингэж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан заалтуудыг хэрэглэсэн нь 000 оны 12 дугаар сард Иргэний хуульд шинээр нэмэлт өөрчлөлтөөр орсон заалтуудыг баримтлан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгийн заалтууд нь хэрэг гарсны дараа Иргэний хуульд нэмэлт өөрчлөлтөөр орсон байгаа нь Иргэний хуулийг буцаан хэрэглэсэн гэж үзэх бас нэг үндэслэл болж байгаа юм.

2.Хэдийгээр гэм хорын асуудал хэлэлцэх нь зайлшгүй боловч Иргэний хуулийн заалтуудад “гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах...” гэж заасан байгаа.

Э.Нын хувьд хамт амьдарч байгаагүй, гэр бүлийн гишүүн нь байсан гэж үзэх үндэслэлгүй юм. Хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоогоогүй байна.

3.Хэрэг гарсан үйлдэгдсэн цаг хугацаа нь 000 оны 07 дугаар сарын Х-ний өдөр байтал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тооцохдоо 2023 оны хэмжээгээр баримтлан гэм хорын хохирлыг тооцсон байна. 000 онд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөг байсан байна.

4.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг буюу уг тогтоолын 8 дугаар нүүрэнд “Иймд шүүгдэгч Ө.Тээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж Э.Над олгуулахаар шийдвэрлэв” гэсэн нь ойлгомжгүй байна. Энэ хэрэгт Ө.Т гэсэн ямар нэг оролцогч байхгүй байгаа. Үүнийг засаж залруулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнийг бичиг техникийн алдаа гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байгаа тул анхан шатны шүүхийн 2024.01.11-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянадаг болохоор доорх зүйлсийг анхаарч үзнэ үү.

-А. Б.Бын 2.6 жилийн хорих ял хөнгөдсөн эсэх

-Б.Бын ялыг эдэлж дуусгах, эсвэл нээлттэй хорих ангид байгаа болохоор хоног аваад ч юм уу, магадлангаар гарч ирээд гэр бүлийнхэнтэйгээ уулзана. Тэгвэл манай аав 26 жилийн дараа ч гэсэн зүсээ харуулж ар гэрийнхнийхээ уулзаж, сэтгэлийг дэвтээх билүү гэдгийг харьцуулах

...- Б.Б осол болсонг мэдэх боломжтой байхад осол болсон тухайн цаг мөчид байгаагүй, бусдаас тусламж аваагүй, хэрэв цагдаагийн газарт мэдэгдэхээр байсан бол бусдад хэлээд ойлгуулаад явах нөхцөл нь байхад дараа нь ах дүүтэйгээ үгсээд цагдаа дуудахаар явсан гэдгийг үнэмших боломжгүй. ...Тухайн мөчид шүүгдэгч хэргийн газар байхгүй байсныг ул мөрөө баллах, хэргийг илрүүлэхэд бэрхшээл учруулах, зугтаах үйлдэл гэж ойлгоход хүрч прокурорт гомдол гаргаж байсан ч гомдлыг хэрэгсэхгүй болгож байсныг анхаарна уу.

Эцэст нь тэмдэглэхэд Н.Б өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхэд татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүх сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Иргэний хуулийг буцаан хэрэглэх боломжгүй, буруу хэрэглэсэн гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй байна.” гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1.Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 206а дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Б.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000 оны 07 дугаар сарын Х-ний орой Хөвсгөл аймгийн Т сумын 1 дүгээр баг “Х” гэх газарт 000ХӨВ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Сгийн Эыг дайрч улмаар эрүүл мэндэд нь хэнхэрцгийн битүү гэмтэл учруулж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2.Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, аймгийн начин гэгээнтэн овогт Б.Т агсны хань, үр хүүхдүүдээс зохион байгуулж буй Т хутагтын 9-р дүр Жалханз гэгээн Тын Тийн авшиг хүртсэн ураг төрлийн гэгээнтний баярын хөтөлбөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нын мэдүүлэг, гэрч Т, Ларын мэдүүлэг, Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 000 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 000 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 000 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 142 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 000 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 173 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

3.Шүүх 2024/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4.Шүүгдэгч Б.Бад холбогдох хэргийг зөв зүйлчилсэн, оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хувийн байдал зэрэг бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бийн гаргасан “...Анхан шатны шүүх нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 он 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн зүйл заалтыг баримтлан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Б.Бын энэ үйлдэл нь 000.07.Х-ний орой гарсан байхад дээрх тогтоол батлагдан гарахаас өмнө үйлдэгдсэн хэрэгт Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 он 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын дагуу энэ журмыг хэрэглэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Над сэтгэцэд учирсан хохирол гэж 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй.” гэж, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж  тус тус зааснаар хохирогч, түүний төлөөлөгч өөрт учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхээр шаардах, шүүх нөхөн төлүүлэх төлбөрийг тооцох, тогтоох  эрх нээлттэй байсан. Түүнчлэн  сэтгэцэд учирсан хор уршгийг хэрхэн тооцох аргачлал, хэмжээг зохицуулсан Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалт 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс буюу шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж  эхэлсэн.

Иймд анхан шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хууль, Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтуудад нийцсэн байна.

Мөн “...Э.Нын хувьд хамт амьдарч байгаагүй, гэр бүлийн гишүүн нь байсан гэж үзэх үндэслэлгүй юм. Хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоогоогүй байна, ...Энэ хэрэгт Ө.Т гэсэн ямар нэг оролцогч байхгүй байгаа. Үүнийг засаж залруулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнийг бичиг техникийн алдаа гэж үзэх үндэслэлгүй юм...” гэх агуулга бүхий гомдлын тухайд:

Мөрдөгч, прокурор нь хохирогч нас барсан тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хуульчлан тодорхойлсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн 000 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор Э.Ныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байх ба тэрээр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...Би талийгаач С.Эын хамгийн бага хүү нь юм. Би дээрээ хоёр ахтай, хоёр ахын том ах Э.НТ сумын 6 дугаар багт малчин, дунд ах Э.Б Архангай аймгийн Цэцэрлэг хотод ажиллаж амьдардаг юм. ...Тэгээд ах, дүү нартайгаа ярилцаж зөвлөлдөөд энэ хэрэгт би хохирогчоор орохоор болсон. ...Аав маань манай ээж Бтай 1989 онд гэр бүл болоод 4 хүүхэд дундаасаа гаргаад өсгөж хүмүүжүүлсэн. Миний яг дээд талын эгч маань 2016 онд бурхан болсон. Ээж маань 2014 онд өвчний улмаас бурхан болсон юм. ...” гэж мэдүүлжээ /1-р хх-н 24, 28-р тал/

Өөрөөр хэлбэл талийгаач С.Эыг ганц бие байсан талаар тодорхой мэдүүлсэн байх тул Э.Ныг энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1-д “1.Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэж заасны дагуу шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/111 дүгээр захирамжаар “...шүүгдэгч Ө.Тээс...” гэх үгийн алдааг залруулж, зөвтгөснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ                            

                             ШҮҮГЧИД                            Н.БАЯРХҮҮ

                                                                                    Л.ЭРДЭНЭБАТ