Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 291

 

Н.П-ийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                      Д.Мөнхтуяа,

                                                      Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нөхөн олговрыг гаргуулах

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 126/ШШ2019/0015 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0348 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Н.П-г оролцуулж,

Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 126/ШШ2019/0015 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4-д /хуучин/ заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдох Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан олговрыг гаргуулах тухай шаардлага бүхий Н.П-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0348 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгож, Н.П-г Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.П-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс шүүхийн магадлал гарсан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцон, зохих журмын дагуу бодож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Н.П нь ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэх мэт олон хууль тогтоомжуудыг зөрчсөн олон үйлдлүүдийг гаргаж байсан. Мөн өөрийн удирдлага дор ажилладаг ажилтнууд, иргэд үйлчлүүлэгч нартай харилцах харилцаа хандлага, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх ажилд хайнга хандаж ирсэн. Манай сумын иргэд, Засаг даргын тамгын газрын ажилтнуудыг загнаж зандрах, шахаж хавчих зэргээр зүй бус үйлдлүүдийг гаргадаг байдал нь олон удаа давтагдаж хэрээс хэтэрсэн. Үүнтэй холбоотойгоор Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Ш.Пүрэвбаясгалан, Дотоод ажил, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Б, Газрын даамал Н.Ц нараас Засаг даргын Тамгын газрын дарга Н.П-д холбогдуулан ёс зүйн зөрчлийн талаар Хөвсгөл аймгийн Ёс зүйн хороонд гомдол гаргасан байдаг. Энэхүү гомдлыг үндэслэн Хөвсгөл аймгийн Ёс зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт гарч уг дүгнэлтээр Н.П-г ёс зүйн зөрчлүүдийг гаргасанг тогтоож улмаар уг дүгнэлтийг Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор баталсан. Төрийн албаны салбар зөвлөлийн 48 дугаар тогтоолд Н.П-д Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл хүлээлгэж эргэж хариу мэдэгдэхийг даалгасан саналаа ирүүлсэн. Ийнхүү ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул Сумын Засаг даргын хувьд Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг ногдуулж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийг гаргасан болно.

4. Ийнхүү Н.П-д сахилгын шийтгэл ногдуулах үед Сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/01 дугаартай захирамжаар Н.П-д 3 сарын цалинг тус бүр 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байсан. Тэрээр дээрх сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг эс зөвшөөрч Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ба энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ нөхцөл байдлыг мөн сахилгын шийтгэл ногдуулахдаа харгалзан үзсэн.

5. Ёс зүйн хорооны дүгнэлт, тухайн дүгнэлтийг баталсан Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол зэрэг нь Н.П-д сахилгын шийтгэл ногдуулах хангалттай нотлох баримт тул түүнд сахилгын шийтгэл хүлээлгэсэн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай захирамж үндэслэл бүхий болсон.

6. Мөн Н.П-ийн өөрөө өөртөө урамшуулал олгосон тушаал гаргаж, урамшуулал авсан, Дунд албан хоршооны нэрийг ашиглан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж өөрийн хамаарал бүхий этгээдэд эрх олгосон гэх мэт асуудлуудаар Авилгатай тэмцэх газарт Сумын Засаг даргын зүгээс гэмт хэргийн талаарх мэдээлэл хүргүүлсэн. Энэхүү гомдол, мэдээллийг Авилгатай тэмцэх газраас хүлээн авч шалгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж Эрүүгийн 1938001520197 дугаартай хэрэг үүсгэж яллагдагчаар татаж улмаар яллах дүгнэлт үйлдэн шийдвэрлүүлэхээр Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно.

7. Иймд магадлал үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Хариуцагчийн өмгөөлөгч М.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сумын Засаг даргын тухайд Засаг даргын тамгын газрын даргын гаргасан ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг бүрдүүлэх цуглуулах эрх үүргийг эдлэх боломжгүй бөгөөд Ёс зүйн хороо, Төрийн албаны зөвлөлөөс тус тус ирүүлсэн дүгнэлт, тогтоолд үндэслэн Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлээс сонгож оногдуулах боломжтой байдаг юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Н.П-ийн гаргасан ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд Сумын Засаг даргын зүгээс шууд оролцож нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах эрх, үүргийг эдлэх боломжтой байсан мэт дүгнэлт хийж хариуцагч Засаг даргыг буруутгасан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болжээ.

9. Төрийн албан тухай хуулийн 13 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг тусгасан бөгөөд 13.1.5-д заасан Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ Н.П зөрчсөн болох нь Хөвсгөл аймгийн Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 48 дүгээр тогтоол, Ёс зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдсон. Гэтэл давж заалдах шатны шүүх зөрчил гаргасныг хариуцагч бүрэн тогтоогоогүй атлаа түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэсэн нь хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

10. Давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ захирамжид ямар эрх зүйн зөрчил байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд Захиргааны Ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу болсон. Захирамж гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн ямар зохицуулалтыг зөрчсөн гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн нь ойлгомжгүй байна. Засаг даргын хувьд маргаан бүхий актыг гаргахдаа 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Н.П-д мэдэгдэж, энэ талаар холбогдох тайлбарыг нэхэмжлэгч гаргаж байсан. Мөн нөгөөтэйгүүр Н.П нь ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд өөрөө оролцож санал, хүсэлтээ эрх бүхий ёс зүйн хороонд гаргаж байсан ба өөрт нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл бүхий нөхцөл байдлын талаар ёс зүйн дүгнэлт гарч уг дүгнэлтийг Төрийн албаны салбар зөвлөлөөс баталж тогтоол гаргасан болохыг өмнө нь мэдэж байсан.

11. Магадлалын хянах хэсэгт “гэрчийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргаж, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг... гэх сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна....” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт гэрчээр хэн нэгэн этгээдийг асуух ажиллагаа хийсэн талаарх баримт байхгүй бөгөөд шүүх гэрч асуух ажиллагааг огт хийгээгүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй гэрчийн мэдүүлэг гэх нотлох баримтыг зааж магадлалд бичсэн нь ойлгомжгүй байна.

12. Цэцэрлэг Сумын Засаг даргаас нэхэмжлэгч Н.П-д холбогдуулан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үйлдлийн талаар Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан бөгөөд Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Н.П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж одоо энэхүү эрүүгийн хэрэг нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа. Энэхүү гэмт хэрэгт холбогдож яллах дүгнэлт үйлдэгдэж шүүхээр эцэслэн шийдвэрлэж Н.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 348 дугаартай магадлал биелэгдэх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл магадлал, эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр нь хоорондоо харшлах нөхцөл байдал бий болох юм. Гэтэл энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй нь үндэслэлгүй.

13. Өмгөөлөгч би энэхүү хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа талаар болон үүнтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлэх талаарх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэж захирамж гарсан.

14. Ийнхүү магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

16. Н.П-ээс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нөхөн олговрыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий захирамжаар “аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоол, Ёс зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг үндэслэн” нэхэмжлэгчид төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

17. Хөвсгөл аймгийн Ёс зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийг “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.4, 5.3.5, 5.5.1 дэх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” гэж дүгнэсэн байна.

18. Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын хоёрын 4-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд, захиргааны байгууллагаас ямар ёс зүйн зөрчлийг хэрхэн гаргасныг нэрлэн заагаагүй, холбогдох баримтыг цуглуулаагүй, тодорхойгүй асуудлаар нэхэмжлэгчийг буруутгажээ.

19. Тухайлбал, “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх” хэм хэмжээг зөрчсөн гэх боловч Н.П нь бусадтай хэрхэн яаж, ямар байдлаар хүндэтгэлтэй харилцаагүй болох нь тодорхойгүй, “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох” хэм хэмжээг зөрчсөн гэх боловч бусдыг хэрхэн дарамталж гадуурхсан тухай баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, Ёс зүйн хорооны 03 дугаар дүгнэлтээр ярианы бичлэг, Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлээр дээрх зөрчлийг “тогтоогдсон” гэх боловч хэрэгт уг ярианы бичлэг болон хурлын тэмдэглэл авагдаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д зааснаар хариуцагч шийдвэрийнхээ үндэслэлд холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. 

20. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл, ёс зүйн зөрчлийг гаргасан гэдэг нь тогтоогдоогүй байна.

21. Өмнө нь Н.П-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдох “2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/01 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/02 дугаар цалингийн нэмэгдэл бууруулах тухай захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор хянан хэлэлцэж, “үр дүнгийн гэрээний биелэлтийн дүнг харгалзан өөртөө урамшуулал олгохоор шийдвэрлэсэн, бүрэн эрхээ хэтрүүлсэн” гэж дүгнэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Б/02 дугаар цалин хөлс бууруулах тухай захирамжийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчид хариуцлага ногдуулсан зарим захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзжээ.

22. Дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгч зөрчил гаргасан нь тогтоогдсон боловч одоогийн маргаан бүхий Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжид заасан зөрчлийг гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй, хариуцагчийн “өөртөө урамшуулал бодож олгосон асуудлаар сахилгын зөрчил гаргасан болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон, үүнийг сахилгын шийтгэл ногдуулахдаа харгалзсан” гэх гомдол үндэслэлгүй.

23. Хариуцагчийн “өөрийн удирдлага дор ажилладаг ажилтнууд, иргэд үйлчлүүлэгч нартай харилцах харилцаа хандлага, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх ажилд хайнга хандаж ирсэн, сумын иргэд, Засаг даргын тамгын газрын ажилтнуудыг загнаж зандрах, шахаж хавчих зэргээр зүй бус үйлдлүүдийг гаргадаг байдал нь олон удаа давтагдаж хэрээс хэтэрсэн” гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, Ёс зүйн хороонд иргэдээс гаргасан гомдлыг үндэслээд нэхэмжлэгчийг буруутгах биш, уг гомдолд дурдсан үйл баримт бодитоор болсон эсэхийг шалган тогтоосны эцэст нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх ба Ёс зүйн хорооноос ийнхүү зөрчлийг шалгаж тогтоогоогүй байна.

24. Тухайлбал, нэхэмжлэгчээс “албаны чиг үүргийн хүрээнд Засаг даргын Тамгын газрын ажилтнуудад шаардлага тавих, үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих эрхийн хүрээнд хариуцлага тооцох, алдааг засахыг шаардах эрхтэй” гэж маргасан, хариуцагчаас албан чиг үүргийн хүрээнд шаардлага тавьсан эсэхийг ялгаж зааглаагүй, ямар учраас ёс зүйн зөрчил болох талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй нь Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.1-д заасан “...ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах” үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.  

25. Маргаан бүхий захирамж нь Ёс зүйн хорооны тогтоолыг үндэслэсэн, гэтэл бодит байдалд уг тогтоолоор заасан зөрчил гарсан болох нь тогтоогдоогүй тул Ёс зүйн хорооны тогтоолд үндэслэсэн захирамж нь өөрөө бодит байдалд нийцэхгүй буюу захирамжийн үндэслэл үгүйсгэгдсэн учир хариуцагчийн өмгөөлөгчийн “Ёс зүйн зөрчлийг шалгах ажиллагаанд сумын Засаг дарга шууд оролцохгүй, ёс зүйн зөрчил гаргасан болох нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон” гэх гомдол үндэслэлгүй.

26. Хариуцагчийн “Н.П нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа” гэх гомдол нь  энэхүү хэрэгт шууд ач холбогдолгүй, нэхэмжлэлийн хүрээнд захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах ба эрүүгийн журмаар шалгагдах ажиллагаа нь тусдаа бөгөөд захиргааны актын үндэслэлд хамааралгүй асуудлаар нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

27. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0348 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

         ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ