Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 00015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан нөхөн олговорыг гаргуулах тухай” шаардлага бүхий Н.П-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ө, нэхэмжлэгч, Н.П, хариуцагч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч  М.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие шүүхэд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Би Цэцэрлэг сумын Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаартай захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд томилогдсон. Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж, зохих журмын дагуу уг албанд томилогдон төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөн ажиллаж байсан. Гэтэл сумын Засаг дарга Д.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай “Н.П сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар нэг жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах тухай шийдвэр гаргасан. Уг шийдвэртээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26,1.3, 26.3, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2,43.1, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн  5.3.1, 5.3.4, 5.3.5, 5.5.1, дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 5.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлснийг би дараах үндэслэлээр эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.

Үүнд: Сүүлийн 2 жил гаруй хугацаанд миний бие аймгийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох газруудаас хийгдсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтын коммист олон удаа ажлаа шалгуулж ирсэн ба уг шалгалт, ажлын хэсгийг ахалж ирсэн хүмүүс нь батлагдсан удирдамж, төлөвлөгөөнд тусгагдаагүй зүйлээр ажил шалгах, бусад сумдад нэг ижил удирдамж төлөвлөгөөтэй хийгдэж байгаа шалгалт нь манай суманд, зөвхөн миний ажлыг шалгахаар өөр болон хувирах гэх мэтээр зөвхөн над руу чиглэсэн олон удаагийн шалгалт хийж ирсэн ба хамгийн сүүлд аймгийн Засаг даргаар ахлуулсан 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд зөвхөн манай Цэцэрлэг суманд ажилласан. Жолооч техникийн ажилчдаас бусад хүмүүс нь ороод 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байсан. Хамгийн сүүлд хийгдсэн аймгийн Засаг дарга Л.Г-ын ахлан ирсэн хяналт шалгалтын ажлын дүнгийн хурал дээр “Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П-ийн талаар нэр бүхий иргэд гомдол гаргасан” тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Г.Г танилцуулсан ба гомдол гаргаад байгаа иргэдийг Цэцэрлэг сумын Засаг дарга Д.Ц урьдчилан бэлтгэж, миний эсрэг Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын нэр бүхий ажилтнуудаар гомдол гаргуулж, аймгийн Засаг даргаар ахлуулан ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зориуд бэлтгэсэн байсан. Тухайлбал надад холбогдуулж гомдол гаргасан гэх манай Тамгын газрын дотоод ажил эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Б, татвар хураагч А.С, архив албан хэрэг хөтлөлтийн ажилтан Ш.П, газрын даамал Н.Ц, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.А зэрэг нэр бүхий иргэдээр урьдчилан бэлтгүүлж, гомдол гаргуулсан. Зохион байгуулалттай гомдол гаргуулсан дээрх нэр бүхий иргэдтэй холбогдуулан нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Аймгийн ёс зүйн хорооны нотлох баримт гэж үзээд үнэлээд байгаа нэр дурьдсан 17 зүйлийн нотлох баримтуудыг үнэлж дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй ба болсон бодит үйл явдлыг тогтоогоогүй, гомдол гаргасан этгээдүүдийн гомдол үндэслэлтэй эсэхийг шалгаж тогтоохгүйгээр хэт нэг талыг барьж туйлширч, дүгнэлт гаргаж байгаа ёс зүйн хорооны гишүүд нь албан тушаалтан, улс төрийн хүчний нөлөөлөлд автаагүй, нотлох баримтад үндэслэж дүгнэлтээ гаргасан гэж үзэхгүй байгаа ба Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг зөрчиж дүгнэлтийг гаргасан тул миний бие дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч аймгийн Төрийн албаны салбар зөвлөл, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд тус тус гомдлоо гаргасан. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны оролцогч болох миний нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоож, бодитой үнэлээгүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар нотлох баримт цуглуулах үйл ажиллагаа нь зөвхөн нэг талыг барьсан хууль бус дүгнэлт, тогтоолуудыг миний эсрэг ашигласан. Тиймээс 29 дүгээр зүйлд зааснаар надад сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийн хувийн хэрэг дагалдах хуудас болон бусад материалуудыг нотлох баримтаар татан авч шүүхээр үнэлүүлэх хүсэлтэй байна. Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.1-т дурдснаар миний бие албан тушаалтын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж төрийн үйлчилгээг чирэгдэл ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх, үүргээ зөрчсөн гэж үзэхгүй байгаа бөгөөд харамсалтай нь намайг ажилтнуудын хэрэгцээн дээр тоглолт хийж тэднийг миний эсрэг ашиглаж, хууль бус үндэслэлгүй өргөдөл гомдлуудыг бичүүлж авсан. Мөн тус дүрмийн 5.3.4-т зааснаар албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаагүй, аймгийн Ёс зүйн хорооныхон гэж өөрсдийгөө танилцуулаад байгаа нэр бүхий 5 албан тушаалтны дүгнэлт гаргасанчлан Засаг дарга Д.Ц-ын ятгалгаар хууль бус үндэслэлгүй өргөдөл гомдол гаргагчдын гүтгэж байгаа шиг ажлын байрны дарамт шахалтыг нэг иргэн болон төрийн албан хаагчид үзүүлж байгаагүй. Тус дүрмийн 5.3.5-т дурьдсан бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх саад болох, хууль бус үйлдэл үзүүлэхийг шаардах, үүрэг даалгавар өгөхийг хориглох зэрэг үйлдэл гаргаагүй. Мөн тус дүрмийн 5.5.1-т зааснаар албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэхийг зөрчсөн ямар ч үйлдэл гаргаж байгаагүй. Иймд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга Д.Ц-ын надад “Сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийн үндэслэлд дурдсан Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дүгнэлт гаргаж хүргүүлсэн аймгийн Ёс зүйн хорооны дүгнэлтийг хурлын тэмдэглэл болох миний өгсөн тайлбар, аймгийн Ёс зүйн хорооны дарга Г.Г-ийн надтай харилцсан байдлын бичлэгийг аймгийн Ёс зүйн хорооноос болон “ЛХА” телевизээс татан авч нотлох баримтад үнэлүүлэх талаар хүсэлтээ нэхэмжлэлдээ дурдаж байна. Дүнгийн хурал дээр аймгийн Ёс зүйн хорооны дарга Г.Г-ийн ярьсанчлан Н.П-ийн талаар нэр бүхий 17 төрийн албан хаагч гомдол гаргасан. Зарим нь бүүр уйлаад чичрээд ярьж чадахгүй байсан гэж танилцуулсан тул яг ямар нэр бүхий 17 төрийн албан хаагчийн эрхийг зөрчиж, ярьж чадахгүй болтол нь дарамталсан тухай Г.Г-ээс тайлбар авч, хурлын тэмдэглэл, бичлэг, Цэцэрлэг сумын ЗДТГ-ын ажилтнууд болох дотоод ажил эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Б, газрын даамал Н.Ц, архив бичиг хэргийн эрхлэгч Ш.П түүний эцэг Ц.Ш болон бусад гомдол гаргасан гээд байгаа хүмүүсээс тайлбар авахуулж эдгээр хүмүүсийн аймгийн ёс зүйн хороонд гаргасан гомдлыг татан авч нотлох баримтанд үнэлүүлэх хүсэлттэй байна. Иймд Цэцэрлэг сумын Засаг даргын ажилтай Д.Ц-д холбогдох энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч зохих шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга Д.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.П нь хүмүүсийг миний ятгалгаар түүний талаар мэдээлэл цуглуулсан мэт ярьж байна. Энэ олон жил ажиллаж байхдаа ямар байдлаар хэрхэн ажиллаж байсан талаар манай сумын иргэдээс судалгаа авахад ажлаа ямар байдлаар хийж байсан нь мэдэгдэнэ. Архив бичиг хэргийн ажилтан Ш.П, эрх зүйн сургалт сурталчилгаа дотоод ажил хариуцсан ажилтан Б.Б нарыг өөрөө томилж ажилд авсан. Газрын даамал, татварын байцаагч нар босоо удирдлагатай. Дээрх албан хаагчдад аймгийн төрийн албаны зөвлөлийн төлөөлөгч нараас нөлөөлөх зүйл байхгүй. Н.П нь удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж байсан. Үүнийг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд баримтаар хүргүүлсэн байх гэж бодож байна. Аймгийн Засаг даргаар ахлуулсан мэргэжилтнүүд очиж бүх ажилтан мэргэжилтнүүдэд шалгалт хийсэн. Энэ үеэр Н.П-тэй холбоотой гомдол саналыг манай ажилтнууд хэлж байсан. Ажилтнуудынхаа хооронд хов ярьж ар гэртэй нь хүртэл муудалцуулсан тохиолдол байсан. Ийм байдлаар албан хаагч нартайгаа харьцаж байсан нь хүмүүсийн гомдол болж хувирчээ гэж би бодож байна.  Анх 2016 онд намайг ажлаа аваад удааггүй байхад үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэх гээд ороод ирэхэд би томилогдоод удаагүй учир ажлаа хэрхэн хийдгийг нь сайн мэдэхгүй байна гэхэд өөрөө 95 хувьтай гэрээгээ дүгнүүлэхээр бариад ороод ирэхэд нь би өөрийнх нь тавьсан үнэлгээгээр нь үр дүнгийн гэрээг нь дүгнэж өгсөн. Тэгээд би тавьсан дүн шигээ сайн ажиллаарай гэж хэлсэн. Гэтэл энэ хугацаанд ажилд нь ахиц гараагүй. 2017 онд үр дүнгийн гэрээгээ 85 хувьтай дүгнүүлсэн. 2017 онд Төрийн албаны салбар зөвлөлийн шалгалтаар байгууллагадаа ёс зүйн хороог хууль бусаар байгуулсан болох нь тогтоогдож байсан юм. Ёс зүйн хорооны гишүүд нь ёс зүйн хорооны гишүүн болсон гэдгээ мэдээгүй, Н.П дарга өөрөө оруулсан байсан гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Тэгээд Төрийн албаны салбар зөвлөлөөс танай байгууллагын ёс зүйн хороо хууль бус учир дахин ёс зүйн хороогоо байгуул гэж чиглэл өгсөн. Ингээд ёс зүйн хороо байгуулагдахгүй байсан учир манай байгууллагын албан хаагч нар аймгийн ёс зүйн хороонд хандахаас өөр аргагүй болсон. Би 2018 оны 7 дугаар сард үр дүнгийн гэрээг нь дүгнэхдээ байгууллагын үйл ажиллагааг сайжруулах талаар ямар нэгэн арга хэмжээ авсангүй, хамт олонд чиглэсэн үйл ажиллагаа явуулаагүй, хамт олны эв нэгдэл байхгүй болсон гээд 75 хувьтай дүгнэсэн. 2018 оны 7 дугаар сард үр дүнгийн гэрээгээ батлуулахад нь би хамт олны ажил тарж бутарч байна гэж хэлсэн. Би удаа дараа байнга ажлаа сайжруулах талаар шаардлага тавьдаг болсон. 2013 оноос хойш манай сумын ажлын үзүүлэлт нь буурсаар яваад Хөвсгөл аймгийн хэмжээнд ажлаараа хамгийн сүүлд ордог болсон. 2016, 2017 онуудад манай сум ажлынхаа үзүүлэлтээр хамгийн сүүлд орж байгаа учир сум орон нутгийнхаа ажлыг сайжруулах, ажил мэргэжлийг дээшлүүлэхээр тодорхой хандлага гаргаач гэж шаардлага тавьсан. Гэтэл мөн арга хэмжээ авч ажиллахгүй байсаар байгаад 2017 ондоо мөн Хөвсгөл аймгийн бүх сумдын хэмжээнд манай сум ажлын үзүүлэлтээрээ сүүлийн байранд орсон. Н.П-ийн ажил иймэрхүү хүнд нөхцөлтэй явсаар байгаад өнгөрсөн жил би цалингийн хувиар арга хэмжээ авсан. Ингээд аймгийн Засаг даргаас сумын Засаг даргад ажлаа хангалттай биелүүлээгүй тул арга хэмжээ ав, холбогдох шат шатны албан тушаалтнууддаа арга хэмжээ ав гэсэн чиглэл ирүүлсэн. Гэсэн хэдий ч би монгол хүний ёс жудаг гаргаж, Н.П-д сануулаад арга хэмжээ авахгүй өнгөрөөж байсан. Иймэрхүү байдалтай ажил үүргээ гүйцэтгэж явсаар байсан учир би 2018 онд цалингийн хувиар арга хэмжээ авсан. Хүн өөрийн буруутай үйлдэл байвал хүлээн зөвшөөрөх нь ёс зүйтэй холбоотой гэтэл Н.П үүнийг бас хүлээн зөвшөөрөөгүй.   Удирдах албан тушаалтан хариуцлага хүлээхгүй дандаа түдгэлзүүлж байх юм бол төрийн ажил явахгүй. Аймгийн ёс зүйн хороо нь гомдол гаргасан хүмүүстэй уулзаж, уулзсан уулзалтаа баримтжуулаад хуурцаг дээр бичлэг хийж энэ талаарх дүгнэлтээ гаргасан гэж хурал дээр хэлж байсан. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолоор Н.П-д арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн тогтоол гаргасан.  Иймд энэ хүнийг өөртөө дүн шинжилгээ хийх шаардлагатай гэж бодож байна. Миний өмнө сумын Засаг даргаар ажиллаж байсан Д гэдэг дарга ажил төрлөө гүйцэтгэж чадаагүй гэж ажлаас халж байсан байдаг. Гэтэл шүүхэд хандаад ажилдаа эргэн орсон. Миний бие Н.П-ийн дүү нь шүүхэд ажилладаг учир нөлөөлөл байдаггүй байх гэж бодож байна. Энэ хүн хариуцлага хүлээдэггүй хүмүүсийг хохироогоод яваад байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Энэ хэргийг шийдвэрлэхэд хууль зүйн хувьд анхаарах шаардлагатай дараах зүйлс байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл дунд ийм ийм баримтуудыг гаргуулах талаар хүсэлт байна гээд дурдсан байдаг. Энэ хүн хүсэлт гаргаад байгаа юм бол энэ хүний хүсэлтийг шүүх шийдэх ёстой. Яаж шийдэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Хэрэгт хамааралтай үгүй эсэхийг шүүгч захирамжаар шийдвэрлэх ёстой. Энэ хэрэг дээд шатны шүүх хүртэл явах хэрэг байх гэж бодож байна. Дээрх хүсэлтийг шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хүчингүй болох вий гэж бодож байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн дараа нэхэмжлэгч хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийг мөн шүүх шийдээд явах байсан. Хүсэлт шийдвэрлээгүйгээс шийдвэр хүчингүй болох вий гэж болгоомжилж байна. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын  Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Б/05 дугаартай захирамжид үндэслэж тайлбараа хэлье. Н.П рүү чиглэсэн 3 захиргааны акт байна гэж миний бие харж байгаа. Хөвсгөл аймгийн ёс зүйн хорооны дүгнэлтээр Н.П-г төрийн захиргааны албан хаагчийн хувьд ёс зүйн зөрчил гаргасан байна. Ёс зүйн зөрчил гаргахдаа ёс зүйн дүрмийн нэлээдгүй заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн байдаг. Үүнийг Төрийн албаны салбар зөвлөлийн 48 дугаартай актаар баталсан байдаг. Ингээд сумын Засаг даргад энэ хүн ёс зүйн зөрчил гаргасан байна арга хэмжээ ав гэсэн чиглэлийг өгсөн байдаг. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын дагуу явагдаж байгаа нь мэдээж тул Төрийн албаны салбар зөвлөл арга хэмжээг шууд авах боломжгүй учир сахилгын шийтгэл ногдуулах тухай саналаа сумын Засаг даргад нь хүргүүлсэн.  Уг саналыг сумын Засаг дарга хүлээж аваад 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийг гаргасан. Захирамжаа Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэж гаргасан. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-т заасан үндэслэлийг шүүх хэрэглэх  ёстой. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргүүдийг тусгаж өгөөд 13.1-т төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүргийг хүлээнэ гээд энэ дотор  13.1.5-т  төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн албан хаагчийн соёл дэг журмыг сахиж, төрийн албан хаагчийн нэр төрийг эрхэмлэн дээдлэх үүргийг хүлээнэ. Ёс зүйн хэмж хэмжээг зөрчиж болохгүй, ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх ёстой гэж үүрэг болгосныг Н.П- зөрчсөн байна. Үүнийг зөрчсөн байна гэсэн Хөвсгөл аймгийн Ёс зүйн хорооны дүгнэлт гарсан байдаг. Энэхүү дүгнэлтийг нь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор баталсан. Батална гэдэг нь дүгнэлт үндэслэлтэй болсныг баталж байна гэсэн үг юм. Тиймээс сумын Засаг даргад саналаа хүргүүлсэн байдаг. Энэ дүгнэлтүүдэд нэхэмжлэгч тал маргахгүй юм байна. Энэ дүгнэлтүүдийг үндэслэж акт гарч байгаа учраас би дүгнэлтэд ач холбогдол өгч тайлбараа хэлнэ. Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол бол захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн. Төрийн албаны салбар зөвлөл нь Н.П-д арга хэмжээ аваагүй, арга хэмжээ авах саналаа хүргүүлсэн. Н.П-ийн Төрийн албан салбар Зөвлөлийн тогтоол, Ёс зүйн хорооны дүгнэлтэд маргаагүй байгаагаас нь харахад маргаан бүхий захиргааны актад гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээж авах боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Яагаад гэвэл акт гаргах болсон үндэслэл дээр нь нэхэмжлэгч маргаагүй. Ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрх нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчид байсан. Энэ талаар эрхийг шүүгч шүүх хуралдааны явцад тайлбарлаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн шүүгчийн туслах тайлбарлаж өгсөн байх.  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын захирамжийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-т заасан ёс зүйн хэм хэмжээгээ зөрчсөн албан хаагчдаа Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэж Засаг дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд захирамжаа гаргасан. Уг захирамжийг хүчингүй болгох үндэслэлүүдийг хуульд заасан байдаг. Эрх зүйн зөрчил байгаа эсэхийг нь шүүх хянана. Үүнд бол эрх зүйн зөрчил байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлээр төрийн албан хаагчид оногдуулах сахилгын шийтгэлийг заасан байдаг. Сумын Засаг дарга бол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар арга хэмжээ авсан. Маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх саналтай байна. Нэхэмжлэгч аймгийн Ёс зүйн хорооны дүгнэлт, Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг баталсан тогтоолтой маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангалаа гэж бодоход аймгийн Ёс зүйн хорооны дүгнэлт, Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол яаж шийдэгдэх нь тодорхойгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Н.П “Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан үеийн нөхөн олговорыг гаргуулах тухай“ шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.    

Шүүх, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгүүд зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Маргаан бүхий Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Н.П-д Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/05 дугаар захирамжаар:  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.3 дахь заалт, Захиргааны Ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27, 29, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан  “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.3.1, 5.4.3, 5.3.5, 5.5.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 5.1 дэх хэсгийг тус тус үндэслэн:

Хөвсгөл аймгийн Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 48 дүгээр тогтоол, Ёс зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 08-ны  өдрийн 03 дугаар дүгнэлтийг ... баримтлан  Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н-н П-д төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас  халж, сахилгын шийтгэл  ногдуулсан нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 13.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнэч байх”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, ... нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй”, 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13, 15,40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн ... төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна”, 26.1.3-д “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас  халах” гэж заасныг зөрчөөгүй байна. /ХХ- 5 дугаар хуудас/

2. Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлоо Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандан гаргаж, Төрийн албаны салбар зөвлөл өргөдлийг хуралданаараа хэлэлцээд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3/2569 дугаар албан бичгээр түүнд “... аймгийн Ёс зүйн хорооны дүгнэлт, Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэр, сумын Засаг даргын гаргасан шийдвэр үндэслэлтэй байх тул  гомдлоо хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариу өгснөөр Н.П нь Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн байна /хх-12 дугаар хуудас/

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт хууль журмын дагуу цугларсан бусад нотлох баримтдуудаас үзвэл: Н.П нь “...Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.1-т заасан “ албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил, тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй, харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх” үүргээ зөрчсөн, мөн зүйлийн  5.3.4-т “ ... албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашигласан”, мөн зүйлийн 5.3.5-т “ ... бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл үзүүлэхийг шаардах, үүрэг даалгавар өгөхийг хориглох”, 5.5.1-т “албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны сонирхлыг дээдлэн хүндэтгэх” гэсэн заалтуудын хэм хэмжээг  тус тус зөрчиж, сахилгын зөрчил гаргасан болох нь   Хөвсгөл аймгийн Ёс зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар дүгнэлт, Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолоор тогтоогджээ. /хх-23, 49 дүгээр хуудас/

4. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийн хянан шийдвэрлэх орон тооны бус ёс зүйн хороог  нэр бүхий 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байх бөгөөд харин нэхэмжлэгчийн тухайд уг хороог албан тушаалын үүргийн хувьд байгуулсан байх тул сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П-д холбогдох  ёс зүйн зөрчлийг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэдэх Ёс  зүйн хороо эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэсэн нь Төрийн албаны хууль болон холбогдох журамтай нийцэж байна.  

5. Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолыг  холбогдох хууль журмын дагуу  тухайн үед шүүхэд гомдлоо гаргаагүй бөгөөд  харин шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс энэхүү тогтоолд маргаж, тайлбарлах боловч шүүхээс сумын Засаг даргад холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх тул аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс гаргасан захиргааны актыг  хянаж дүгнэх  боломжгүй байна. 

6. Хөвсгөл аймгийн Ёс зүйн хороо нь Н.П-д холбогдох зөрчлийг хянан шийдвэрлэж, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5.2, 2.5.3, 2.5.3, 2.5.4, 2.5.5-д заасны дагуу гомдол гаргагч болон Н.П-г оролцуулан хуралдаж, ...  ёс зүйн хэм хэмжээг зөрчиж зөрчил гаргасан” гэж дүгнэлт гаргасан байх ба энэхүү шийдвэрт Н.П 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн огноотой  гомдол гаргаж, улмаар Ёс зүйн хорооны дээрхи дүгнэлтийг хянаж, уг дүгнэлтээр Н.П нь ёс зүйн зөрчил гаргасан болохыг тогтоож, дүгнэлт гаргасан нь  үндэслэлтэй гэж үзэн Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоол гаргасан ба, эрх бүхий байгууллагын дүгнэлт, тогтоолыг үндэслэн хариуцагчаас Н.П-д сахилгын шийтгэл ногдуулсныг  буруутгах үндэслэлгүй, тухайн үед нэхэмжлэгч нь дээрхи ёс зүйн  хорооны шийдвэрт 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн огноотой гомдол гаргаж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандсан боловч уг гомдлыг Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Х.Г-т шилжүүлсэн ба хувийг Н.П-д хүргүүлсэн боловч тэрээр энэ тогтоолд дахин гомдол гаргаагүй, өөрөөр хэлбэл Төрийн албаны салбар зөвлөлд  холбогдуулан 2018 оны 48 дугаар тогтоолыг эс зөвшөөрөх тухай гомдлоо тухайн үед нь буюу хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргах байжээ.

7. Хариуцагч нь  ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухайгаа  2018  оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Н.П-д мэдэгдэж, энэ талаар холбогдох тайлбарыг Н.П нь өгч байсан болох нь захиргааны шийдвэр гаргахтай холбогдуулан хийсэн сонсох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлээс нотлогдож байна. Улмаар  дээрхи маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд шийдвэр гаргахад ач холбогдолт бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгосон, улмаар  түүнд хариуцлага тооцсон нь  тогтоогдож байна. /хх-62-65 дугаар хуудас/ 

8. Иймээс хариуцагчаас гаргасан маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д  заасан захиргааны акт гаргахдаа тухайн нөхцөл байдлыг судлах, шалгаж тогтоох, дүгнэлтийг үндэслэх гэх зэрэг шаардлагад нийцсэн төдийгүй, Уг хуулийн 27 дугаар зүйлд: Захиргааны акт гаргахдаа ямар зөрчил гаргасныг ямар үндэслэлээр ажлаас халах болсон тухайгаа, зөрчлийг хэрхэн яаж тогтоосноо мэдэгдэж сонсгох ажиллагаа заавал хийгдсэн байхыг шаардсан шаардлагыг биелүүлсэн гэж үзлээ.  

9. Мөн түүнчлэн Төрийн Захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийн хянан шийдвэрлэх журам”-ын 4.3-д “... Ёс зүйн хороо нь төрийн албан хаагчийг зөрчил гаргасныг тогтоож, ... дүгнэлтийг томилох эрх бүхий албан тушаалтанд холбогдох, баримт, материалын хамт хүргүүлэхээр”, мөн журмын 5.1-д “ ... Ёс зүй хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26.1-д заасан сахилгын аль нэгийг ногдуулах шийдвэр гаргана” гэж зааснаас дүгнэхэд Н.П нь төрийн албан хаагчийн ёс зйүн хэм хэмжээг зөрчсөн зөрчил гаргасан нь  Ёс зүйн хорооны хурлаар батлагдсан нөхцөлд ажлаас халах үндэслэл болно” гэсэн зохицуулалттай бөгөөд  дээрхи хууль, журмын шаардлагад нийцүүлэн  хариуцагч хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг нотолсон баримтууд болох  холбогдох эрх бүхий байгуулллагын Ёс зүйн хорооны дүгнэлт, тогтоолыг  үндэслэн  захирамж  гаргасаныг  хууль бус гэж буруутган  үзэх боломжгүй байна.  

10. Дээрх байдлаар Цэцэрлэг сумын Засаг дарга Д.Ц-ын шийдвэр гаргах  үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим”  үйлчлэх бөгөөд түүнчлэн  Захиргааны  Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” зарчмуудыг баримтласан байна.

11. Иймд хариуцагчийн Төрийн албаны тухай хуулийн /хуучин/ 54 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх Төрийн албаны үндсэн зарчим, Захиргааны Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны   байгууллага өөрийн санаачлагаар, ... шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэв.

 Түүнчлэн хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн /хуучин/ 13 дугаар зүйлийн 13.1.4-д “харьяа дээд шатны албан тушаалтны биелүүлэх”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” нь төрийн албан хаагчийн үүрэг байхаар хуульчлан зохицуулсан заалт болон Н.П-ийн албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа гаргасан үйлдлүүдийг зөрчил мөн эсэхийг тогтоосон хөндлөнгийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн хуулиар зөвшөөрсөн хэмжээ хязгаар, өөрийн эрх хэмжээний хүрээнд  шийдвэрээ гаргасан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй  байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 13. Ийнхүү хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн /хуучин/ 26 дугаар зүйлийн 26.1-д” энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан болон ... тохиолдолд тухайн зөрчлийн  шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан... /сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах/  сахилгын шийтгэл  аль нэгийг ногдуулах” эрхийг эрх бүхий этгээдэд  хуулиар олгосон байх тул маргаан бүхий актаар ёс зүйн зөрчил гаргасан Н.П-д Төрийн албаны тухай /хуучин/-хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг  “хууль зөрчсөн”  гэж үзэх үндэслэлгүй.

14. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн: “Цэцэрлэг суманд зохион байгуулах хяналт шалгалтын ажлын удирдамж, төрийн албаны салбар зөвлөл сонсож байна” өдөрлөг шалгалтын дагуу хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, 2018 оны 10 сард Н.П-ээс Авлигатай Тэмцэх газарт хүргүүлсэн тайлбар, засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгах тухай удирдамж, Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст 2018 оны 09 сард гаргасан өргөдөл, Санхүүгийн хяналтын 2018 оны 36-01/10, 36-01/26, 396-01/02 дугаар улсын байцаагчийн актууд, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 8/2208 дугаар албан тоот, Сангийн Яамны 2019 оны 13-2/560 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн нөөцөөс нэр дэвшүүлсэн тогтоолууд,  хавсралт, Цэцэрлэг сумын ЗДТГ-ын даргын 2017 оны 111, 61, 182, 189 дүгээр албан бичиг, 2017 оны тушаал, А/23 дугаар тушаал, хавстралт,  А/11, 2018 оны 28, 83, 18, 71, 82,128, 129, 132, 149, 139, 169, 172, 190 дүгээр тоотууд, 2018 оны Б/05 дугаар тушаал,  Авлигатай тэмцэх газрын 2017 оны 05/5072 дугаар албан бичиг, иргэдээс гаргасан өргөдлийн хуулбарууд, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн 2018  оны 97, 264, 305 дугаар тоотууд, ... шүүхийн 2018 оны 08 сарын 205, 209 дүгээр тогтоол, 3/870 дүгээр албан бичиг, шүүгчийн 2018 оны 21 дүгээр захирамж, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 3/1353, 3/1733, 11/2222, 11/1382, 3/1066  дүгээр албан бичиг, Цэцэрлэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 13 дугаар албан бичиг, 2018 оны 7 сарын байдлаар хийж гүйцэтгэсэн ажлын нэгтгэсэн тайлан, Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 157 дугаар албан бичиг, уг албан бичгийн дагуу хийж гүйцэтгэсэн ЗДТГ-ын хэрэгжүүлсэн ажлын тайлан, ЗДТГ-ын бензин зарцуулсан тухай санхүүгийн шаардах баримтууд, Цэцэрлэг суманд 2018 оны 10 сард зохион байгуулсан хяналт шалгалттай холбогдуулан иргэдтэй хийсэн уулзалт ярилцлагын тэмдэглэлүүд, Цэцэрлэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны  2017 оны 03 дугаар тоол, хавсралтууд, Н.П-ийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 09 сарын 13-ны өдөр  хийсэн уулзалтын тэмдэглэл, Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 146 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2017 оны А/127дугаар  захирамж, хавсралтууд, 2018 оны хамт олны хурлын тэмдэглэл, Цэцэрлэг сумын ЗДТГ-ын дарга Н.П-ийн 2017 оны үйл ажиллагааны тайлан /21 хуудас/, үр дүнгийн гэрээний биелэлт, тайлан Цэцэрлэг сумын ЗДТГ-ын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилт, тайлан, сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарын 2018 оны хагас жилийн үйл ажилагааг дүгнэсэн тухай тайлан, нэгтгэл зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаас  дүгнэх шаардлагагүй  болно. Өөрөөр хэлбэл: дээрхи баримтуудийг шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэгчийн шаардлагын хамааралтай маргаанд ач холбогдолгүй, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамааруулан шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй болохыг;

 15. Мөн нэхэмжлэгчээс: Урамшуулал олгох тухай Цэцэрлэг сумын ЗДТГ-ын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр тушаал,  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил болон бараа ажил үйлчилгээний талаар 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар Үнэлгээний хорооноос ЗДТГ-ын дарга Н.П-д хүргүүлсэн дүгнэлт болон хурлын тэмдэглэлүүдийг гаргуулан авч хэрэгт хавсаргуулах тухай хүсэлтийг хангах шаардлагагүй буюу уг хүсэлт нь маргаанд буюу нэхэмжлэлийн шаарлагад хамааралгүй баримтыг гаргуулахыг шаардсан тул хүлээн авах боломжгүйг тус тус дурьдаж байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4-д /хуучин/ заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдох  “Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан олговорыг гаргуулах тухай” шаардлага бүхий Н.П-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ЭНХТАЙВАН