Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2016/0849/З |
Дугаар | 221/МА2017/0295 |
Огноо | 2017-04-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2017/0295
2017 оны 04 сарын 19 өдөр | Дугаар221/МА2017/0295 | Улаанбаатар хот |
Т.П-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Т.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 121 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.П-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 121 дүгээр шийдвэрээр: “1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.П-ийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б-13 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоон, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж,
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Т.П-ийн ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нийт 5 сар 7 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг хуульд заасан татвар, хураамж, шимтгэлийг суутгуулан хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо: “... Шүүх нэг хүний эрх ашгийг хүчээр хамгаалж, бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөж болохгүй юм.
Засгийн газар 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 03 дугаар тогтоол гаргасны дагуу манай яамны Төрийн нарийн бичгийн дарга 08 дугаар сарын 04-ний өдөр албан хаагчдын ажил, чиг үүргийн давхардал зэргийг арилган “Орон тоо батлах тухай” А/04 тоот тушаал гаргаж бүх албан хаагчдыг томилсон. Одоо тус яам Засгийн газрын дээрх тогтоолын 3 дугаар хавсралтад зааснаар 121 хүнтэй ажиллаж байгаа бөгөөд нэмж хүн авах хууль, эрх зүйн хувьд боломжгүй юм.
Төрийн нарийн бичгийн даргын дээрх “Орон тоо батлах тухай” тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэний орон тоо хасагдаж батлагдсан. Т.П-ийн хариуцаж байсан ахлах мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг рүү нэмэгдэн шилжсэн. Мөн нэхэмжлэгчийн мэргэжил тухайн хэлстийн албан хаагчдын ажлын байранд тавигдсан шаардлагад нийцэхгүй байсан. Эдгээр нөхцөл байдлын улмаас Т.П-ийн хариуцан ажиллаж байсан ажлын байрны нэр байгаа хэдий ч хариуцан ажиллах чиг үүрэг нь байхгүй болсон учраас 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Тэтгэлэг олгох тухай” Б/35 тоот тушаалаар тэтгэлэг олгож Төрийн албаны тухай хууль тогтоомжийг биелүүлж ажилласан.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг өөр албан тушаалд томилохыг даалгасан шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрх тэгш байх зарчим, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим болон Төрийн албан хаагчдын эрхэд халдсан шийдвэр болсон.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 121 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэсэн атлаа хууль буруу хэрэглэсэн, шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, үр дагавар үүсгээгүй тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй байх тул зөвтгөсөн нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Т.П-гээс “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаарын тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эсвэл цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэгт тохирсон өөр албан тушаалд намайг томилохгүй байгаа эс үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ харицсан ахлах мэргэжилтний албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор яамдын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаарын тушаалаар тус яамны бүх албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлсний дотор нэхэмжлэгч Т.П-г түүний эрхэлж байсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Анхан шатны шүүх Т.П-г “чөлөөлсөн” дээрх тушаалыг “... эрх зүйн ямар нэгэн үр дагавар бий болгоогүй, уг тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй ...” гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул төрийн байгууллагын орон тоо, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой төрийн албаны хаагчийг бүгдийг чөлөөлсөн тушаал нь дотогшоо чиглэсэн, үр дагавар үүсгэхгүй, өөрөөр хэлбэл захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.
Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана: .... 27.2.3.төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, …” гэж заажээ.
Төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн боловч Т.П-ийн ажиллаж байсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын 2 орон тоо хасагдаагүй, өөрчлөгдөөгүй нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт, бүтэц, орон баталсан Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А/02, А/04 дүгээр тушаалууд, бусад баримтуудаар тогтоогдож байх тул тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулж төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг нь эдлүүлэлгүй, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар уг орон тоог хасагдсан гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т зааснаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгохоор шийдвэрлэсэн нь уг хуулийн заалтуудад нийцээгүй байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Т.П-ийн ажиллаж байсан ажлын байрны нэр байгаа боловч чиг үүрэг нь байхгүй болсон ...” гэх боловч хэрэгт авагдсан бүтэц өөрчлөгдөхөөс өмнөх ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд ажлын байрны зорилтын хүрээнд “... иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ дүгнэлт хийж тайланд шүүмж хийх” чиг үүргийг гүйцэтгэхээр заасныг 2016 оны 8 дугаар сард баталсан ажлын байрны тодорхойлолтоор “... уул уурхайн хайгуул, ашиглалт, холбогдох төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлт гаргах, тайланд шүүмж хийх ...” гэж нарийвчлан заасныг /бусад чиг үүрэг өөрчлөгдөөгүй/ албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдсөн гэж үзэхээргүй байна. Учир нь Т.П нь урьд нь иргэн, аж ахуй нэгжээс ирүүлсэн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулах төсөлд дүгнэлт хийж, тайланд шүүмж хийдэг чиг үүрэг гүйцэтгэж байсан бол бүтэц өөрчлөгдсөнөөс хойш зөвхөн уул уурхайн төслийн дүгнэлт гаргаж, тайланд шүүмж хийх чиг үүрэгтэй болж багассан байх тул гомдлыг хангах үндэслэлгүй.
Харин шүүх хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын нэр, чиг үүрэг хэвээр байна гэж дүгнэсэн атлаа дүйцэхүйц албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан нь ойлгомжгүй, тодорхойгүй болсноос шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ үүсэхээр байх тул чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан албан тушаалд томилохыг даалгаж зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч “... 2016 оны Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээс нэхэмжлэгч татгалзсаныг батлахаар үндэслэх хэсэгт заасан атлаа тогтоох хэсэгт шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул мөн Тогтоох хэсэгт нэмэлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээс шалтгаалж шүүх шийдвэрлэх асуудал тул нэхэмжлэгчийн “улсын тэмдэгтийн хураамж буруутай этгээдээр төлүүлэх” хүсэлтийг нэхэмжлэлийн бие даасан шаардлага гэж үзэхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 121 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 27.2.3-д заасныг баримтлан Т.П-ийн нэхэмжлэлийг хангаж, Байгаль орчин, ачлал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын Т.П-г тус яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг даалгасугай” гэж өөрчлөн, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Т.П-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б-13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 3 дахь заалт, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Т.П-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 4 дэх заалтыг тус тус нэмж, 3 дахь заалтын дугаарыг 5 гэж өөрчилсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ