Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 396

 

 

 

 

 

 

 

     

       

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч У.Э , түүний өмгөөлөгч А.Ариунаа, Г.Наранбаатар, Э.Ганбат

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч Ч.Ням

шинжээч Т.Амартүвшин

иргэдийн төлөөлөгч С.Баярцэцэг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

У.Э д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626023157 тоот, 2 хавтас бүхий хэргийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 15-нд Булган аймгийн Хангал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 6; эцэг, эх, дүү нарын хамт Булган аймгийн Хангал сум, 4 дүгээр баг, Хялганат тосгонд хаягийн бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, ............... дугаар гудамж, ...............тоотод оршин суух, ялгүй, ..................... дугаарын регистртэй, С овогт Уын Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч У.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө “Ланд” нэртэй зочид буудлын 203 тоот өрөөнд Д.Дгийн нүүрэн тус газарт цохиж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч У.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай “Засагт Хан” дээд сургуулийн шинэ жил болсон. Тухайн үед би сургуулийнхаа шинэ жилд оролцоогүй. Гэтэл орой 22 цагийн үед манай ангийнхан над руу залгаад “шинэ жил тарчихлаа, бид нар зочид буудалд өрөө авчихсан байна, сүүлийн шинэ жил ш дээ, хүрээд ир, хэдүүлээ жаахан юм ярьж, ганц хоёр шил архи ууя” гэж дуудахаар нь ажил тарчихсан байсан учир 22 цаг өнгөрч байхад тэдэн рүү очсон. Намайг очиход манай ангийнхан болон нөгөө ангийн хүүхдүүд бүгд архи уусан согтуу байдалтай байсан. Би очоод архи уугаагүй хэрэг болох үед эв эрүүл байсан. Талийгаачийг цохиж зодоогүй. Сүхбаатар, талийгаач хоёр архинаас болж маргалдаж байхад нь салгах зорилгоор дундуур нь орж түлхэхэд талийгаач газар унаж нас барсан. Талийгаачийг гараараа цохиж зодоогүй. Намайг маргааш өглөө нь мөрдөн байцаагч дээр очиход энгийн хувцастай ах нар миний гарыг ард гавлаж байгаад Маам гэдэг өмгөөлөгч болон мөрдөн байцаагч нар “чи гараа атгаж байгаад нэг удаа цохисон гэж хэл, тэгэх юм бол ялгүй гарна” гэж албан шахалтаар хэлүүлсэнд нь маш их гомдолтой байна.

Гэхдээ надад хүнийг алъя гэсэн санаа зорилго, санаатай үйлдэл байгаагүй. Талийгаачийн ар гэрээс уучлалт гуйя. Талийгаачийн ар гэрт манай ар гэрийн зүгээс хохирлын мөнгө төгрөг гэж өгсөн байгаа. Энэ талаар өмгөөлөгч нар тодорхой тайлбарлаж хэлэх байх. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би хоёр хүүхэдтэй, талийгаач Д бол миний том хүү. Эмээгээрээ овоглодог байсан юм. Надад маш их хэцүү байна. Миний хүүг Э  ганцаараа алаагүй, бусад хүмүүсийг нь яагаад шалгахгүй байгаа юм бэ. Эд нар олуулаа нийлж миний хүүг алсан. Миний хүүг шороонд булж хаячихаад, намайг хүн гэж тоохгүй, эх хүний сэтгэлийг ойлгохгүй байна.

Талийгаач хүүгийн маань хүүхэд болох Итгэлтэд тэтгэмж тогтоолгомоор байна. Түүнээс гадна 16.000.000 төгрөг нэхэмжилнэ. Ялын дээд хэмжээг өгүүлнэ. Та нар бол шоронд байгаа хүүхдээ эргээд байж чадна. Харин надад эргэж очих хүүхэд байхгүй. Маш их гомдолтой байна гэв.

 

Шинжээч Т.Амартүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Талийгаачийн биед шинжилгээгээр тархины битүү гэмтэл, их бага тархины орой, суурь, завсрыг хамарсан зөөлөн бүрхүүлийн доорхи тархмал цус харвалт, ховдол дахь цус, тархи, уушгины хаван, дотор эрхтний цус дүүрэлт, цус эргэлтийн хямрал, уушги, зүрхний гадаргууны толбо, ховч ясны зөрүүгүй хугарал, зүүн хацар, эрүү, хүзүү, эгэмний шинэ цус хуралт, хамар, 2 нүдний доод зовхины хуучин цус хуралт, хүнд зэргийн согтолт, тунгалагын булчирхайн үрэвсэл зэрэг гэмтэл илэрсэн. Тархины битүү гэмтэл нь үхэлд хүргэх хүнд зэргийн гэмтэл хамаарна. Ховч ясны хугарал нь үхэлд хүргэхгүй. Хохирогчийн зүүн талд цохисоноор тархмал цус хуралт ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй болгодог гэв.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Э г “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 201626023157 тоот хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл 2016 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ланд” нэртэй зочид буудлын 203 тоот өрөөнд Д.Д нас барсан байна.

 

“Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэгдсэн дээрх үйл баримтыг хэргийн бодит байдалтай шүүх харьцуулан дүгнэвэл:

 

Гэмт хэрэг гарсан тухайн үеийн нөхцөл байдал хийгээд гэмт хэргийг хэн үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

гэрч Б О “… би хажуу талын нягтлан бодох бүртгэлийн 4 дүгээр курсынхны авсан өрөөнд ганцаараа ороод утсаар ярьчихаад буцаад ороод ирэхэд Сүхбаатар, талийгаач хоёр заамдалдчихсан, дунд нь Э  салгах гээд зогсож байсан тэгээд би орж ирээд болиоч та нар яах гээд байгаа юм гэхэд Сүхбаатар тасалгаатай өрөөний нэг өрөө рүү орсон. Э  намайг өөрсдөөсөө холдуулаад би хараад зогсож байтал Э  талийгаачийн хаалганы наана аваачаад баруун гараараа зүүн шанаа руу нь хоёр цохихоор нь би хажуугаар нь гараад нягтлан бодох бүртгэлийн 4 дүгээр курсынхны өрөө рүү ороод Базарсадыг дуудаад зодоон болоод байна, очоод салгаач ээ гээд оруулж ирсэн. Тэгээд бид хоёрыг орж ирэхэд талийгаач газар ухаан алдаад унасан байсан. Би гаднаас орж ирэхэд эхний өрөөнд талийгаач Сүхбаатарыг заамдсан байсан ба Сүхбаатар бас нэг гараараа заамдсан байсан. Тухайн үед заамдалцсанаас өөрөөр ямар нэгэн байдлаар хэн нэгнийгээ цохиж зодсон зүйл байхгүй.  Юу  гэж маргалдаж байсныг нь би сонсож чадаагүй ба би харчихаад болиочээ гэтэл Э  чи яах гээд байгаа юм бэ цаашаа бай гэсэн тэгэхээр нь би болиод хараад зогсож байсан ба тэгэхэд Сүхбаатарыг Э  салгаж байсан ба тэгээд би орны дэргэд очоод яг эргээд харахад Э  талийгаачийг зүүн гараараа заамдчихсан баруун гараа атгаж байгаад зүүн шанаанд нь 2 удаа цохьсон. Яг тэгэхэд би тэр хоёрын хажуугаар нь гарч хажуугийн өрөөнд ороод Базарсадад хэрүүл маргаан болоод байна салгаарай гэж хэлсэн. Тэгээд эргээд Базарсадтай өрөөнд орж ирэхэд талийгаач газар унасан байсан толгой дээшээгээ харсан байдалтай ширээ сандалны дэргэд унасан, Э , Мягмар, Сүхбаатар, Даянбаатар нар тойроод зогсчихсон байсан ба би яачихсан юм бэ, яаж байгаа юм бэ гэтэл Э  цохиод уначихлаа гэж хэлсэн. Тэнд байсан хэд бүгдээрээ их сандарсан байсан. Э  ч их сандарсан байсан. Тухайн үед Э  дунд зэргийн согтолттой байсан ба талийгаач нэлээд согтсон байсан. Э  талийгаачийг шанаан тус газар нь буюу зүүн шанаанд 2 удаа л гараараа цохьсон өөрөөр цохиж зодоогүй. Хэрэг болсон өдөр намайг өрөөнд орж ирэхэд Сүхбаатар талийгаач 2 харилцан заамдалцсан байдалтай зогсож байсан. Хоорондоо яагаад юунаас болж тэгсэн талаар мэдээгүй тэгээд салгах гэж очиход урдуур Э  ороод салгасан. Тухайн үед Сүхбаатар талийгаачийн цамцнаас нь заамдсан байсан. Би салгах гээд очиж байтал Э  намайг цаашаагаа гэж түлхээд салгахаар нь би салгахаа болиод зөрж өнгөрөөд эргээд харсан чинь Э  талийгаачийг гадагшаа гардаг хаалганы наахан нөгөө зогсож байсан газраасаа хөдөлсөн байдалтай талийгаачийг баруун гараараа нүүр хэсэг рүү нь 2 удаа зүүн шанаа хэсэг рүү нь цохьсон тэгэхэрэ нь би нөгөө өрөө рүү хажуугаар нь зөрч өнгөрч ороод Базарсадад хэлчихээд буцаад нөгөө өрөөнд орж ирэхэд талийгаач газар уначихсан байсан. Тухайн үед талийгаач Сүхбаатартай зодолдсон асуудал байхгүй зүгээр харилцан цамцнаасаа заамдалцсан байсныг Э  салгасан. Даянбаатар, Мягмар хоёр үүдний хажууханд сандал дээр зэрэгцээд сууж байсан. Гэхдээ талийгаачийг Сүхбаатартай заамдалцаж байхад болон Э д зодуулж байхад харсан үгүйг нь мэдэхгүй байна. Анзаарч хараагүй. Гэхдээ харж байсан бол харах боломжтой байрлалд сууж байсан. Миний мэдэхээр талийгаачийг тухайн өдөр Э гаас өөр хүн цохиж зодсон асуудал байхгүй” /1 дүгээр хх-н 127-130, 131, 132/ гэж,

гэрч Б Б “... 2016 оны 12 дугаар сарын 22-ны орой 18 цагт манай сургуулийн оюутнуудын шинэ жил болсон. Миний хувьд шинэ жилийнхээ үйл ажиллагаанд оролцоогүй ба өөр Глобал удирдагч дээд сургуулийнхаа шинэ жилд орж байсан чинь манай ангийн Баянзул хүрч ирээд намайг аваадхаач гэхээр нь 23 цаг 50 минутын орчим би Засагт хан дээд сургуулийн шинэ жил болж байгаа газарт ирсэн. Шинэ жил болоод дуусаагүй байгаа байх гэтэл үйл ажиллагаа дуусаад дээр 2 өрөөнд 2 анги өрөө аваад ууж байсан.  Тэгээд би дээшээгээ гараад өөрийн Нягтлан бодох бүртгэлийн ангид орж ангийхантайгаа мэндэлчихээд Банкны эдийн засгийн ангид орж бас мэндлээд гарсан. Банкны эдийн засгийн ангийнхны өрөөнд орох үед Э , Мягмар, Сүхбаатар, Бикарис, Нямжаргал, тэгээд ангийнх нь охидууд байсан. Талийгаач намайг анх ороход манай өрөөнд байсан ба манай ангид талийгаачаас өөр гадны хүн байгаагүй. Би банкны эдийн засгийн ангийнхны өрөөнөөс гараад өөрийн ангийн өрөөнд орсон. Хэсэг байж байгаад Цолмонтой гарч коридорт юм ярьж зогссон. Хэсэг хугацааны дараа эргээд ангийнхаа өрөөнд орж ирсэн. Тэгэхэд Цолмон бөөлжилж бие засах өрөө рүү орсон ба байж байтал Оюунжаргал эд нар чинь муудалцаад байна гээд манай өрөөнд орж ирсэн. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бол гээд банкны эдийн засагч нарын ангийнхны орсон 203 тоот өрөөнд ороод хартал талийгаач газар дээш харан хэвтсэн 2 гар 2 хөл биеийн дагуу шулуун байдалтайгаар байсан. Ямар нэг цус гараагүй байсан байх. Тэгээд би харчихаад хөөе дуудлага дуудаачээ гэж хэлээд өрөөнөөс гараад 103 дуудсан. Тухайн үед талийгаач газар дээш харан хэвтсэн байсан бөгөөд өрөөнд Э  талийгаачийн хөлнийх нь орчим зогсож байсан, Оюунжаргал талийгаачийн хамрын доод хэсэгт дараад байж байсан, Мягмар, Даянбаатар нар ширээний эсрэг талд зогсож байсан ба тэгээд л нөгөө өрөөнөөс хүмүүс гараад ирж байсан. Сүхбаатар бас зогсож байсан. Э  ч согтсон байсан. Анх тэгж өрөөнд орж харахад Э  цагаан өнгийн цамцтай байсан ба ямар нэгэн улаан өнгийн зүйлээр бохирлогдоогүй байсан, өөр ямар нэгэн байдлаар шарх сорви нүүр болон биеийн бусад хэсэгт байгаагүй. Байгаа байдал нь тайван энгийн байдгаараа л байсан Талийгаачийн хувьд намайг ирээд ангийнханы өрөөнд ороход согтууруулах ундаа уусан согтолттой л байсан. Хар өнгийн костюмтай байсан хувцас нь цэвэрхэн ямар нэгэн бохирлогдсон зүйлгүй байсан. Нүүр царайны хувьд зүгээр ямар нэгэн  шарх  сорви байгаагүй бөгөөд байгаа байдал нь инээгээд бусадтайгаа  хөгжилдөөд энгийн хэвийн л байсан. Тэгээд Оюунжаргал ирээд эд нар муудалцаад байна гэж хэлсний дараа намайг орж харахад Э гийн  хувцас нь цэвэрхэн байдалтай яг хөлнийх нь дэргэд зогсож байсан ба юу болоод байгаа юм бэ гэтэл Э  өөрөө ухаан алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд харахад ямар нэгэн шарх сорви байгаагүй харин царай улайсан сандарсан байдал анзаарагдсан. Харин газар дээш харан хэвтсэн байгаа талийгаачийн царайг харахад царай нь цонхийсон байдалтай байсан. Хэн цохьсонг нь би хараагүй. Намайг утсаар яриад коридорт зогсож байхад хүүхдүүд бөөнөөрөө шуугилдаад гараад ирсэн ба тэгэхээр нь би яасан юм бэ гэтэл Э  бид нарыг явцгаа гээд байна гээд гүйлдээд гараад явцгаасан. Тэгэхээр нь би өөрийнхөө ангийнхны өрөө рүү орж Баянзулыг аваад нэг давхарт буугаад 103, 102 ирэхийг хүлээсэн. Э  өөр юм яриагүй. Бүгд гараад явсаны дараа Лхагвадорж Э тай хоёулаа тэр өрөөнд үлдсэн” /1 дүгээр хх-н 115/ гэж,

гэрч Б Л “… 2016 оны 12 дугаар сарын 22-ны орой 18 цагт “Ланд” зочид буудлын ресторанд манай сургуулийн шинэ жилийн үдэшлэг болсон бөгөөд 22 цагийн орчим тарсан. Тэгээд сургуулийн найзууд болох Баянзул, Цолмон, Энхзаяа, Ууганчулуун, Дарьсүрэн, Д бид хэд Ланд зочид буудалд өрөө авч ороод архи ууцгааж байтал араас манай ангийн Базарсад ирсэн тэгээд бид хэдийг архи ууж байхад манай хажуу талын өрөөнд манай сургуулийн Банк эдийн засгийн ангийн оюутнууд болох Э , Сүхбаатар, Бикарис, Мягмар, Оюунжаргал, Мөнхзул, Эрдэнэчимэг, Баярсайхан, Нямжаргал, Даянбаатар нар байсан архи ууж байсан учраас бид хэд тус тусдаа архи уухаа болиод нийлж ууцгаасан. Тэгээд бид хэд нийлээд архи ууж байтал Д Э  хоёр юунаас болж муудсанг мэдэхгүй, ямартай ч гэсэн тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Э  Дтэй маргаж байснаа л шууд гараар атгаж байгаад нүүр рүү нэг удаа хүчтэй цохиж авахад Д шууд тархиараа газар маш хүчтэй унасан. Юунаас болсныг нь би мэдэхгүй, удаан маргалдаагүй.

Намайг нөгөө өрөөнөөс талийгаач нарын байсан өрөөнд ороход Э  талийгаачийн шанаан тус газар нь 1 цохьсон тэгэхэд талийгаач яг хойшоогоо саваад газар маш хүчтэй унасан. Дээшээ хараад ар толгойн дагз хэсгээрээ газар унасан бөгөөд тэгж унаад хөдлөөгүй. Талийгаачийг Э  цохиж байхыг нь би нүдээрээ харсан өөр хэн нэгэнтэй талийгаачийг маргалдаж байгааг би хараагүй. Оюунжаргал  миний сууж байсан өрөөнд  орж ирээд хэлсэн даруйд нь нөгөө өрөөнд ороход талийгаачийг Э  цохиж байгаа харагдсан. Уг өрөөнд архи уугаад удаагүй байхад Э  Дг цохиж авсан ба би Баярсайхан, Эрдэнэчимэг нарыг яг тухайн үед бол анзаарч хараагүй. Маргаан яг юунаас болсныг би мэдэхгүй байна. Манай ангийнхны авсан өрөө дотроо 2 өрөөтэй байсан ба би нөгөө өрөөнд нь байсан учраас юунаас болон маргалдсаныг мэдэхгүй байна. Намайг нөгөө өрөөнөөс талийгаачийн байсан өрөөнд ороход Э  талийгаачийн шанаан тус газар нь 1 удаа цохьсон тэгэхэд талийгаач яг хойшоогоо саваад газар унасан. Дээшээ хараад яг толгойн ар хэсгээрээ унаад дахиж хөдлөөгүй. Би аль гараараа цохьсон гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Цохиулах үедээ гартаа архитай байсан эсэхийг мэдэхгүй байна. Намайг ороод ирэхэд хоёулаа өөд өөдөөсөө хараад зогсож байсан ба Э  ширээтэй талд нь харин талийгаач манай өрөө байдаг талд нь зогсож байсан. Унахад талийгаач яг арагшаагаа унасан. Талийгаачийг Э  гараа атгаад цохьсон нь үнэн.

Би тухайн үед шоконд орсон, сандарсан байсан. Бас Э  цагдаагийн газар хоночихоод өглөө цагдаагийнханд тэгэж хэлээрэй гэж хэлсэн юм. Би тэгээд яахаа мэдэхгүй сууж байхад нь цохьсон гэж мэдүүлсэн. Талийгаачийг Э  цохиж байхыг би нүдээрээ харсан. Харин талийгаач өөр ямар нэгэн хүнтэй маргалдаж байгааг нь би хараагүй. Оюунжаргал орж миний сууж байсан өрөөнд ирээд хэлсэн даруйд нь нөгөө өрөөнд ороход талийгаачийг Э  цохиж харагдсан. Миний бодлоор талийгаач өөр хэн нэгэнтэй маргалдаж зодолдож харагдаагүй. Талийгаачийг шалан дээр унасны дараа би талийгаачийн биед ямар нэгэн бэртэл үүссэн эсэхийг анзаарч харж чадаагүй. Ямар учраас Э  нь талийгаачийг цохьсон талаар би хэлж мэдэхгүй” /1 дүгээр хх-н 116-117, 118, 119/ гэж,

гэрч Б Д “… шинэ жилийн үйл ажиллагаагаар Э  болон талийгаач хэн нэгэнтэй маргалдан муудалцаагүй ба ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Тэгээд 2 ангиараа нийлээд 2 өрөөгөөрөө хэсэж архи ууцгаасан ба ямар ч байсан 2 шил архи нь дууссан. 3 дахь шил архинаас бол би уугаагүй ба өрөөний үүдний хэсэгт Мягмар бид хоёр юм яриад сууж байсан. Тэгээд нэлээд удаан юм ярьж сууж байгаад нэг мэдэхэд талийгаач газар дээш харан 2 гар хөл нь тэгшхэн газар унасан байдалтайгаар байсан ба энэ үеэр Э  хараад зогсож байсан. Оюунжаргал талийгаачийн зүрхийг чагнаж байсан. Тэгэхэд Э  бүгдээрээ өрөөнөөс гарцгаа гэж чанга орилсон. Э  бас нэлээд согтсон байсан ба талийгаач ч гэсэн нэлээд согтсон байсан. Тэгэхэд Оюунжаргал яагаад муудалцаж яагаад цохиж байгаа юм бэ гэж хэлж байсан. Сандал дээрээс унасан гэж хэлээрэй гэж хэн хэлснийг би мэдэхгүй, тийм яриа сонсоогүй” /1 дүгээр хх-н 120/ гэж,

гэрч Б М “… 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай сургуулийн шинэ жил болоод би зохион байгуулсан. “Ланд” нэртэй зочид буудлын 203 тоот өрөөг манай ангийхан  50.000 төгрөгөөр түрээслэн авсан байсан. Манай ангийнхны авсан өрөө тасалгаатай өрөө байсан. Тасалгааны өөдөөс харсан мухарт би Даянбаатарын хамт сандал дээр сууж байсан тэгээд хүүхдүүдтэй нэлээн юм ярьж байгаад унтаад өгсөн байсан. Шуугиан гарах чимээнээр хартал миний сууж байсан сандалын зүүн урд талд хэвтчихсэн хүүхдүүд тойролдоод зогсчихсон Сүхбаатар цээжин дээр нь 2 гараараа дараад байсан, амьсгаатай байна уу амьсгаагүй байна уу гээд хүмүүс хоорондоо юм яриад байсан. Талийгаачийг газар унасан байхыг бол би хүүхдүүд шуугилдахаар нь сэрээд хартал талийгаач дээшээ хараад унасан байдалтай байсан ба унасан газраас нь хэн нэгэн хөдөлгөөгүй. Талийгаач дээшээ харсан нүдээ аньсан байсан. Яг тухайн үед амьсгалж байсан ямар нэг зүйл хэлээгүй. Би талийгаачийг хэн нэгэнтэй маргалдаж байгааг хараагүй юу ч гэсэн Оюунжаргал Э д хандаж яаж байгаа юм бэ гэж хэлж байсан. Тэгээд бужигналдаад байж байсан чинь Э  хүүхдүүдийг гарцгаа гээл өрөөнөөс хөөгөөд гаргасан. 203 тоот өрөөнд Э , Базарсад, Лхагвадорж, Баянзул нар үлдсэн. Яг гүйцэт сайн санахгүй байна” /1 дүгээр хх-н 121-123/ гэж,

гэрч О М “… 22 цаг гэхэд тараад 203 тоот өрөөг авч бид нар ангиараа өрөөнд орцгоосон. Манай хажуу талын өрөөг Нягтлан бодогчийн ангийнхан авсан байсан. Нягтлангийн ангийнхнаас талийгаач байсан ба өөр хэн байсныг нэрээр нь мэдэхгүй байна. Ойролцоогоор 10-аад хүүхэд байсан би кордидорт утсаар ярьчихаад эргээд өөрийнхөө өрөөнд ороход талийгаач шалан дээр дээшээгээ харсан байдалтайгаар 2 гар 2 хөл нь биенийхээ дагуу сул унжсан байдалтай хэвтэж байсан ба нүд нь хагас аниастай байсан. Би санаанд ч оролгүй гараад найз залуутайгаа дахин утсаар яриад эргэн ирэхэд талийгаачийн царай нь хөхөрчихсөн байсан ба тэгэхээр нь амьсгалж байна уу гэж бодоод хартал гэдэс нь хөдлөхгүй байсан ба гараас нь барихад гар нь бүлээн байсан. Тэгээд өөрийнхөө утсаар дахин 103 руу ярьсан” /1 дүгээр хх-н 134/ гэж,

гэрч Ц Д “… манай сургуулийн багш нарын шил жил тусдаа, сурагчдынх тусдаа болдог ба жил бүр л ингэж болдог. Тэр өдөр манай оюутны зөвлөл зохион байгуулсан. Тухайн ангийнхнаас Ууганчулуун нэлээд согтсон учир буудлын өрөөнд оруулж унтуулсан. Баянзул бас нэлээд согтсон бөөлжөөд байсан. Энэ үеэр талийгаач орж ирсэн.

Талийгаач ангийнхантайгаа нийлээд байдаггүй ба ангийнх нь охидууд талийгаачид дургүй байдаг юм байна лээ. Гэтэд Банкны 4 дүгээр курсынхэн хажуугийн өрөөг авсныг мэдсэн ба тэгээд тэдгээртэй бид нар нийлж 2 өрөөгөө дамжин архиа ууцгаасан. Тэгээд би банкны 4 дүгээр курсынхэний өрөөнд байсан тэгтэл талийгаач Сүхбаатартай заамдалцсан. Тэгэхэд талийгаач гартаа стакантай архи барьсан байсан. Тэгээд би Оюунжаргалтай очиж салгасан. Тэгээд би Сүхбаатарыг аваад тэр өрөөнийхөө буланд аваачаад боль гэж хэлсэн тэгэхэд Оюунжаргал талийгаачийг аваад явсан. Сүхбаатар талийгаач руу зүгээр байгаарай гээд байсан ба тэгээд эргээд хартал Э , Нямжаргал, Лхагвадорж, Оюунжаргал нар зогсож харин талийгаач газар дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Талийгаачийн нүүр царай нь хөхрөөд эхэлж байсан ба тэгээд Оюунжаргал 103 дуудсан. Тэгээд би нөгөө өрийнхөө өрөө рүү ороод Ууганчулуун, Энхзаяа, Цолмон нартай хамт гараад би гэртээ харьсан. Талийгаачийг хэн цохьсон талаар би хараагүй. Би Сүхбаатарыг болиулах гээд буланд зогсоосон байсан. Цохих чимээ гараагүй ч, харин газар унах чимээ нилээд хүрч дуугарч би эргэж харсан. Талийгаачаас цус гараагүй байсан ба Э  тэгэхэд сонин царайлчихсан нүүр нь хөхөрч улайчихсан байсан юм.

Би 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтэйгээ уншиж танилцлаа. Тус мэдүүлэгт ямар учраас ингэж бичигдсэн байгааг би ойлгохгүй байна. Миний хэлж ярьсан зүйл үнэн зөв бичигдээгүй байна. Би өгсөн мэдүүлгээ засаж залруулж өгөх хүсэлтэй байна. Манай банкны 4 дүгээр курсынхэний өрөөнд би өөрийнхээ ангийнхны өөр тоот өрөөнөөс талийгаачийн байсан тоот өрөө рүү ганцаараа орж ирэхэд талийгаач шалан дээр уначихсан хүүхдүүд шуугилдаж байсан. Тэгэхээс биш би талийгаачийг хэн цохьсон талаар хараагүй, үзээгүй” /1 дүгээр хх-н 135, 136-137/ гэж,

гэрч Н Б “… талийгаач шинэ жил дуусахад гайгүй байсан ба түүнээс цаашаагаа хэрхэн согтсоныг би мэдэхгүй байна. Э  нилээн халсан байсан. Талийгаач болон Э  өөр хэн нэгэнтэй ямар нэгэн байдлаар маргалдаагүй, ямар нэгэн байдлаар зодоон хийсэн шинж тэмдэг буюу ил харагдах гэмтэл шарх, бас хувцас нь бохирлогдсон зүйл ажиглагдаагүй” /1 дүгээр хх-н 144/ гэж,

гэрч Б Б “… Ланд зочид буудалд ороход манай ангийнхан нягтлан бодох бүртгэлийн ангийнхантай нийлчихсэн бүгдээрээ манай ангийнхны авсан өрөөнд архи уугаад сууж байсан. Тэгээд Мягмар бид хоёрыг хожигдож ирсэн архи уугаагүй торгож байна гээд стаканы талаар тус бүр 3 удаа 0.5 литрийн савлагаатай архинаас уулгасан. Үүний дараа манай ангийн Сүхбаатар надад дахин стаканаар архи уулгааад би согтоод хажуу талын өрөөнд өрөөний буйдан дээр унтчихсан байсан. Намайг сэрэхэд нягтлан бодох бүртгэлийн ангийнхантай хамт явж байсан 2 дугаар курсын оюутан Д нь буудлын өрөөний газарт баруун талаараа хажууд тийшээ хараад хэвтэж байсан. Хажууд нь Э , Оюунжаргал, Мөнхзул, Мягмар, Сүхбаатар нар энэ үхчихсэн байна, одоо яах вэ гэж байсан. Энэ үед Э , Оюунжаргал, Мөнхзул, Мягмар, Сүхбаатар бид нарыг одоо яв яв гэхээр нь би түрүүлж гараад такси бариад харьсан. Намайг унтаад сэрэхэд Оюунжаргал Э д хандаж чи яагаад энийг цохиж  байгаа юм бэ гэж хэлж байсан. Э  хариуд нь ямар нэг зүйл хэлээгүй. Би согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би Дгийн царайг ч хараагүй”/1 дүгээр хх-н 149/ гэж,

гэрч Л Ц “... Э г манай нөгөө ангийн хүүхэд гэдгээр нь, талийгаачийг манай сургуулийн хүүхэд гэдгээр мэднэ. Талийгаач нь ангийнхантайгаа нийлдэггүй манай ангийнхантай нийлж тоглодог. Өөрөө хэлэхдээ ангийнхантайгаа таардаггүй гэдэг байсан. Энэ улирлыг дуусгаад шилжинэ гэж ярьдаг байсан.

Би бие засах өрөөнөөс гарахад Энхзаяа орж ирээд энд хүмүүс зодолдоод талийгаачийг ухаан алдчихсан байна гэсэн ба тэгэхээр нь би яагаад гээд 203 тоот өрөөний үүдэнд очиж тэр өрөө рүү оролгүй харахад талийгаач нүд нь нээлттэй тааз гөлөрсөн царай нь цонхийсон байдалтай дээш харсан ямар ч хөдөлгөөнгүй ба хөл нь шулуун байсан гар нь ямар байсныг мэдэхгүй байна. Ямар нэгэн цус гарсан эсэхийг би мэдэхгүй байна. Царай нь бүр байдаг үеийнхээсээ цав цагаан болсон байсан ба тэр өрөөнд байсан хүүхдүүд гарчихсан. Тэгэхэд Э  та нар гарцгаа гэж чанга бид нар руу хэлсэн. Тэгэхээр нь би өрөөндөө орж хувцсаа авчихаад 1 давхарт буугаад явж чадалгүй хүлээгээд байж байсан. Тэгэхэд Ууганчулуун, Энхзаяа нар гадаа байхаар нь Дг нас барсан талаар хэлсэн чинь битгий худлаа яриад бай гээд яваад өгсөн юм.

Тэгээд би байж байтал 103 ирсэн, бас цагдаа ирсэн. Тэгээд 103 явсаны дараагаар эргэж ороход Мягмар, Нямжаргал, Сүхбаатар нарыг гадаа байхаар нь буцаж оръё гээд дагуулан буудал руу ортол цагдаагийнхан бид нарыг цагдаагийн газар дээр авч ирсэн. Талийгаач нь хүн чанар сайтай, хүнтэй маргалдаад байдаггүй, хүнд тусархаг их сэтгэлээрээ л байдаг байсан. Найз охинтой, тэр найз охин нь жирэмсэн гэдэг байсан” /1 дүгээр хх-н 152/ гэж,

гэрч Э Э “… би “Ланд” нэртэй зочид буудалд хамгаалагчаар ажилладаг. Талийгаач Д нарын хүмүүсийг танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй, ямар нэгэн харьцаа холбоо байхгүй. ... Тэнд байсан хоёр залуу маш их сандарсан байсан. Нас барсныг сонсоод бүүр их сандарч үгүй байлгүй дээ андаа сэрээч ээ, худлаа биз дээ гээд уйлаад байсан. Тэр өрөөнд байсан хоёр залууд гэмтэл бэртэл, шарх сорви харагдаагүй ба бүдүүн залуугийн баруун гарын сарвууны гадар орчмоор цус болсон, бас цамц нь цус болсон байсан. Э  гээд байгаа залууг бол гадаа хүмүүстэй маргалдаж байхад нь анх удаа харсан. Тэгээд л хоёр дахь удаагаа 203 тоотод харсан” /1 дүгээр хх-н 160/ гэж

тус тус мэдүүлсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэгдсэн, уг гэмт хэргийг шүүгдэгч Уын Э  үйлдсэн болохыг нотлож байна.

Өөрөөр хэлбэл дээрх нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэгт хэргийн бодит байдлын талаар эрс зөрүүтэй мэдүүлсэн зүйл байхгүй, мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай байгаа нь гэмт хэрэг үйлдсэгдсэн үйл баримтыг нотолно.

 

Гэмт хэргийн хохирогч талийгаач Д.Дгийн үхлийн шалтгааны талаар

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... талийгаач Дгийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээгээр Тархины битүү гэмтэл, Их бага тархины орой, суурь, завсрыг хамарсан зөөлөн бүрхүүлийн доорхи тархмал цус харвалт, ховдол дахь цус, тархи уушигны хаван, дотор эрхтний цус дүүрэлт, цус эргэлтийн хямрал, уушиг, зүрхний гадаргуугын/Тарьде/-н толбо, ховч ясны зөрүүгүй хугарал, зүүн хацар, эрүү, хүзүү, эгэмний шинэ цус хуралт , хамар, 2 нүдний доод зовхины хуучин цус хуралт, хүнд зэргийн согтолт, тунгалагын булчирхайн үрэвсэл гэмтэл өөрчлөлт тогтоогдлоо. Талийгаачид учирсан гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачид учирсан тархины цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-т зааснаар хүнд зэрэг, Ховч ясны зөрүүгүй хугарал, хүзүүний цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт тус тус хамаарна. Талийгаачид учирсан гэмтэл нь амьддаа үүсгэгдсэн гэмтэлүүд байна. Талийгаачийн 2 нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт нь хуучин гэмтэл бөгөөд 2 хоногоос дээш хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаачийн цусанд 3.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтонд хамаарна. Талийгаач нь тунгалагын булчирхайн үрэвсэл өвчтэй бөгөөд энэ нь үхэлд хүргээгүй болно. Талийгаач нь цусны ABO системээр О 1 бүлгийн харьалалтай байна. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас тархины зөөлөн бүрхүүл доор цус харваж нас баржээ ...” гэсэн 72 тоот дүгнэлт гарчээ. /1 дүгээр хх-н 199-201/

 

Иймд прокуророос зүйлчилсэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тухайн хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд

шүүгдэгч С овогт Уын Э г “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Уг гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн үед үйлдэгдсэн боловч шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар “Хүнийг алах” гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ багассан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч У.Э д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзав.

Түүнчлэн шүүгдэгч У.Э гийн хувийн байдлыг нь харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Нөгөөтэйгүүр шүүх шүүгдэгч У.Э д холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэж шийдвэрлэснээс гадна

тус шүүх уг хэргийг анх 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүгчийн 1136 дугаартай захирамжаар Хэргийг прокурорт буцаасан.

Шүүгчийн захирамжид прокурорын эсэргүүцэл бичигдсэнээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх хүсэлт гаргаагүй байх тул ... хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийн нөхцөл байдлыг тогтоож, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой ...” гэсэн үндэслэл зааж, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөн байцаалтын буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дгийн А

“… талийгаач Д нь 1995 оны 11 дүгээр сарын 27-нд миний анхны хүү болон төрсөн ба тэгээд би төрсөн эх Дгээр овоглодог. Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 8 дугаар ангийг төгсөж, Баянхонгор аймгийн төвд 12 дугаар ангийг төгссөн. Тэгээд дунд сургуулийг төгсөөд Улаанбаатар хотод ирж оюутан болсон юм. 2014 оноос хойш Засагт Хан дээд сургуульд элсэн суралцаж байсан. Талийгаачийн төрсөн эцэг нь талийгаачийг төрөөгүй байхад л биднийг хаяаад явчихсан юм. Талийгаач нь аавыгаа мэддэг. Бага насандаа гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. Талийгаачийн энхэр нь одоо жирэмсэн Баянхонгор аймагт байгаа ба албан ёсоор гэрлээгүй. Өмнө нь амьдрал зохиож байгаагүй, цэргийн алба хааж байгаагүй. Болсон явдлын талаар надад мэдэх зүйл алга. Хамгийн сүүлд шинэ жилдээ орлоо гээд 18 цагийн орчим ярьсан ба ээж хүү нь орлоо шүү дээ гээд гэж ярьсан ба өөр ямар нэгэн зүйл яриагүй. Улаанбаатар хотод найз охин Наранцэцэгтэйгээ хамт ахынх нь гэрт байдаг байсан.

Э гийн ар гэрийнхэн миний данс руу оршуулгын зардал мөнгөнд нэмэр болгон 4 сая төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө өгсөн асуудалгүй. Би хавтаст хэрэгт 17 сая төгрөгийн баримт гаргаж хавсаргуулсан байгаа. Одоо дээрээс нь Баянхонгор аймгаас удаа дараа Улаанбаатар хотод ирж очсон зардал мөнгөө нэмж нэхэмжлэнэ. Мөн талийгаачийн төрсөн хүүд тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Маш их гомдолтой байна” /1 дүгээр хх-н 109-111/ гэж мэдүүлжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамтаар оролцсон бөгөөд түүний өмгөөлөгч Ч.Ням нэхэмжлэлийн шаардлагаа “... нийт 18.126.800 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс 10.0 сая төгрөгийг бэлнээр аваад байна. Өмгөөллийн хөлс 1 сая төгрөг авсан. Одоо үлдэх 7.126.800 төгрөгийг шүүгдэгч У.Э гаас гаргуулна. Мөн талийгаачийн хүүхдэд тэжээгчээ алдсаны зөрүү мөнгийг шүүхээр тогтоолгомоор байна ...”  гэж тайлбарлав.

 

Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд дээрх 7.126.800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.0 сая төгрөг буюу өмгөөлөгчийн өмгөөллийн зардлыг гаргах хуулийн үндэслэлгүй гэж дүгнээд, үлдэх мөнгө болох 5.126.800 төгрөгийг шүүгдэгч У.Э гаас гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч тал 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ХААН банкны 5247145542 тоот дансаар шилжүүлж, хохирлыг бүрэн төлж барагдуулжээ.

Иймд шүүгдэгч У.Э  нь одоогийн байдлаар шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх төлбөргүй болно.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу талийгаач Д.Дгийн ар гэр нь хүүхдийн тэжээгчээсээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу жич нэхэмжилвэл зохино.

 

Шүүгдэгч У.Э  237 хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А “... авах шаардлагагүй ...” гэсэн тул эд мөрийн баримтаар хураагдсан, талийгаач Д.Дгийн тухайн үед өмсөж явсан хувцас болох ХХL хэмжээтэй өвлийн куртка, хар өнгийн пиджак, цэнхэр өнгийн цамц, хар өнгийн өмд, хар өнгийн ноосон өмд, хар өнгийн дотуур өмд, цагаан өнгийн цамцыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. С овогт Уын Э г “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Э г 9 /ес/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. У.Э д оногдуулсан 9 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. У.Э гийн цагдан хоригдсон 237 /хоёр зуун гучин долоо/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. У.Э д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч,

түүнийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хорьсон болохыг дурдсугай.

 

 

 

 

6. У.Э  энэ шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу талийгаач Д.Дгийн ар гэр нь хүүхдийн тэжээгчээсээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан ХХL хэмжээтэй өвлийн куртка 1 ширхэг, хар өнгийн пиджак 1 ширхэг, цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, цагаан өнгийн цамц 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар устгасугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл У.Э г цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

      

                              ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.ЖАНЧИВНЯМБУУ

                                          

                             ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ

 

                               ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ