Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 686

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

У.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч У.Э-гийн өмгөөлөгч А.Ариунаа, Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Э-, түүний өмгөөлөгч А.Ариунаа, Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар У.Э-д холбогдох 201626023157 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

У.Э, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ххх тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ФЖ95041518/;

 

У.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хх нэртэй зочид буудлын 203 тоот өрөөнд Д.Д-гийн нүүрэн тус газарт нь цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: У.Э-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Э-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Э-г 9 жилийн хорих ялаар шийтгэж, У.Э-д оногдуулсан 9 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, У.Э-гийн цагдан хоригдсон 237 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, У.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хорьсон болохыг дурдаж, У.Э- энэ шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу талийгаач Д.Д-гийн ар гэр нь хүүхдийн тэжээгчээсээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч У.Э- давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна. Гэм буруугийн талаар маргаангүй болно. Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тооцсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан журмыг хэрэглээгүй гомдолтой байна. Амь хохирогч Д.Д-г цохиод алах санаа зорилго байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, болгоомжгүй үйлдлээсээ болж түүний амь насыг хохироосон. Хэргийн зүйлчлэлийг анхнаасаа хүлээн зөвшөөрч, хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг анхан шатны шүүх хуралдааны өмнө бүрэн төлж барагдуулсан. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу оногдуулсан хорих ялаас хасаж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч У.Э-гийн өмгөөлөгч А.Ариунаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаар шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх У.Э-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 22-ны 23-нд шилжих шөнө “Ланд” нэртэй зочид буудлын 203 тоот өрөөнд Д.Д-гийн нүүрэн тус газарт цохиж алсан гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн нотлогдвол зохих асуудлууд нотлогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн зөрчлүүд байсаар байтал засуулаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй байна.

Шинжээчийн 72 дугаар дүгнэлтэд “Талийгаач Д.Д-гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тархины битүү гэмтэл, их бага тархины орой суурь, завсрыг хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх тархмал харвалт, ховдол дахь цус, тархи уушигны хаван, дотор эрхтэний цус дүүрэлт, цус эргэлтийн хямрал, уушги зүрхний гадаргуугийн толбо, хөвч ясны зөрүүгүй хугарал, зүүн хацар, эрүү, хүзүү, эгэмний шинэ цус хуралт тогтоогдлоо. Талийгаачид учирсан гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хөвч ясны зөрүүгүй хугарал, хүзүүний цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн байх бөгөөд хэрэгт байх гэрч Б.Оюунжаргал, Б.Лхагвадорж нарын мэдүүлгээр амь хохирогч Д.Д-г үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болсон. Сүхбаатартай маргалдаад, Сүхбаатар Дг цамцны захаар нь боосон байдалтай байхад нь У.Э- салгах зорилгоор очиж түлхэн шанаан тус газар нь 1 удаа цохисон байдаг.

Гэтэл талийгаачид учирсан гэмтлүүд нь нэг бус удаагийн үйлдлээр учирсан гэсэн дүгнэлт гарсан, мөн хоолойны хөвч яс нь зөвхөн хоолойг боож шахах үед үүссэн байх боломжтой гэж шинжээч эмч анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлсээр байтал амь хохирогчид учирсан хүнд гэмтлүүдийг хэн учруулсан, эдгээр гэмтлүүд нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогоогүй байхад ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдлыг тогтоож чадсангүй гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна. Энэ нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа өмгөөлөгч шалгуулах хүсэлт гаргасан боловч ямар ч ажиллагаа хийгээгүй юм.

Шүүгдэгч У.Э- нь гэмт хэрэг үйлдэгдэх үед эрүүл байсан болох нь шинжээчийн 405 дугаар дүгнэлтээр нотлогдсоор байтал шүүх юуг үндэслэж согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ санаатай алсан гэж дүгнэсэн бол гэм буруугийн талаар хуульд заасан дүгнэлт хийгээгүй байна. Эрүүгийн хуулийн 2.3 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэсэн байх бөгөөд шүүгдэгч У.Э- нь амь хохирогч Д.Д-тэй өс хонзон өр авлага гэх мэт маргалдах, улмаар алах ямар нэгэн шалтаг шалтгаан байгаагүй, түүний Д.Д-, Сүхбаатар нарын маргааныг зогсоох зорилготой Д.Д-г шанааны тус газар нь цохисон гэх үйлдлээс амь нас нь хохирохыг урьдчилан мэдэх ямар ч боломжгүй бөгөөд түүний үйлдэл хүнд эд зүйлээр цохих, өндрөөс түлхэх, амьсгалыг нь боох, ус руу оруулах гэх мэт, үйлдэл хийх үед үхэж болох үйлдэл гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй юм.

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэсний дагуу хэрэв У.Э- хохирогчийг шанааны тус газарт цохисоны улмаас нас барсан бол болгоомжгүй гэмт хэрэг болох юм.

Энэ хэрэг 2016 оны 12 дугаар сарын 22-нд буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн бол хайхрамжгүй хандсан гэж үзнэ” гэсний дагуу шүүгдэгч У.Э- хэдийгээр бусдыг цохиж байгаа үйлдэл нь хууль бус гэдгийг мэдсэн боловч уг үйлдлээс болж хүн үхнэ гэдгийг мэдэлгүй үйлдсэн гэж дүгнэж болохоор байна.

Хэрэв үнэхээр урьдаас төлөвлөж, алахыг хүсч, илт үхэлд хүргэж болох үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан бол гомдол гаргахгүй байсан билээ. Гэтэл дөнгөж амьдралд хөл тавьж байгаа, эцэг эхийнхээ өврөөс ч гараагүй, хөдөө орон нутагт өсөж хүмүүжсэн, хүмүүжлийн ямар нэгэн доголдолгүй хүүхэд санаатай бусдыг алсан гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байгаа нь харамсалтай байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэхэд анхаарч өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч У.Э-гийн өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх У.Э-г “Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, тодорхой нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй ял оногдуулсанд гомдолтой байна. У.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол, төлбөрийг бүрэн нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн ял оногдуулж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв. 

 

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...У.Э-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх У.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

У.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хх нэртэй зочид буудлын 203 тоот өрөөнд Д.Д-гийн нүүрэн тус газарт цохиж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.О /1-р хх-ийн 127-130, 131-132 тал/, гэрч Б.Б /1-р хх-ийн 115 тал/, гэрч Б.Л /1-р хх-ийн 116-119 тал/, гэрч Б.Б /1-р хх-ийн 120 тал/, гэрч Б.М /1-р хх-ийн 121-123 тал/, О.М /1-р хх-ийн 134 тал/, гэрч Ц.Д /1-р хх-ийн 135-137 тал/, гэрч Н.Б /1-р хх-ийн 144 тал/, гэрч Б.Б /1-р хх-ийн 149 тал/, гэрч Л.Ц /1-р хх-ийн 152 тал/, гэрч Э.Э /1-р хх-ийн 160 тал/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 72 дугаар “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр Тархины битүү гэмтэл, их бага тархины орой, суурь, завсрыг хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, ховдол дахь цус, тархи уушигны хаван, дотор эрхтний цус дүүрэлт, цус эргэлтийн хямрал, уушиг, зүрхний гадаргуугын /Тарьде/-н толбо, ховч ясны зүүн талын их биеийн зөрүүгүй хугарал, зүүн хацар, эрүү, хүзүү, эгэмний шинэ цус хуралт, хамар, 2 нүдний доод зовхины хуучин цус хуралт, хүнд зэргийн согтолт, тунгалагын булчирхайн үрэвсэл гэмтэл өөрчлөлт тогтоогдлоо. Талийгаачид учирсан гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачид учирсан тархины цус харвалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-т зааснаар хүнд зэрэг, ховч ясны зөрүүгүй хугарал, хүзүүний цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт тус тус хамаарна. Талийгаачид учирсан гэмтэл нь амьддаа үүсгэгдсэн гэмтлүүд байна. Талийгаачийн 2 нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт нь хуучин гэмтэл бөгөөд 2 хоногоос дээш хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаачийн цусанд 3.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтонд хамаарна. Талийгаач нь тунгалагын булчирхайн үрэвсэл өвчтэй бөгөөд энэ нь үхэлд хүргээгүй болно. Талийгаач нь цусны ABO системээр О 1-р бүлгийн харъяалалтай байна. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас тархины зөөлөн бүрхүүл доор цус харваж нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 199-201 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 609 дугаар хэргийн материалаар нэмэлт шинжилгээ хийсэн “...Талийгаачид учирсан тархины зөөлөн бүрхүүлийн доорхи цус  харвалт, эрүүний зүүн дээд хэсэг, нум, эрүүний булангийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, ховч ясны зөрүүгүй хугарал, хүзүү, эгэмний цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт тус тус хамаарна.

Учирсан гэмтлүүд болох тархины зөөлөн бүрхүүлийн доорхи цус  харвалт, эрүүний зүүн дээд хэсэг, нум, эрүүний булангийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл мохоо зүйлийн нэг болон хоёр удаагийн, ховч ясны зөрүүгүй хугарал, хүзүү, эгэмний цус хуралт гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 

Учирсан гэмтлүүд нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ.

Талийгаач нь дээрхи тархины гэмтлийг аваад ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 211-212 тал/,

шинжээч эмч Т.Амартүвшингийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс хоёр удаагийн үйлчлэлээр буюу эрүүний зүүн хэсэг, хүзүүний орчим цохисноос үүссэн байх боломжтой. Тархины цус харвалт нь амьсгал бүтэлтийн улмаас үүсэх боломжгүй.../1-р хх-ийн 210 тал/  ...Дээрх гэмтлүүд нь 1-2 удаагийн үйлчлэлийн улмаас учирна. Зүүн хацрын доод болон эрүүний зүүн хэсэгт цохиход үүсэх боломжтой. ...Ховч ясны зөрөөгүй хугарал нь үхэлд нөлөөлөхгүй...” /2-р хх-ийн 126-127 тал/, шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Тархины орой, суурь, завсрыг хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт гэмтэл нь үхэлд хүргэсэн. Нүүрний зүүн хэсэгт хүч үйлчилснээр тархинд цус харваж үүсэх боломжтой. Энэ гэмтлийг авсан хүн ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй. ...Цохигдох үед үүссэн гэмтэл байсан. ...Эмнэлгийн тусламж авах боломжгүй, түргэн хугацаанд үхэлд хүргэнэ. Ховч ясны хугарал, тархины гэмтэл хамт үүсэх боломжтой....” /3-р хх-ийн 35-37 тал/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 79-86 тал/,  

цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 87-90 тал/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Амь хохирогч Д.Д-г У.Э-гаас өөр хэн нэг хүн цохисон, зодсон талаар хэргийн газарт хамт байсан этгээдүүд мэдүүлээгүй байна. Тухайлбал,

гэрч Б.Б “...О манай өрөөнд эд нар муудалцаад байна гэж хэлсний дараа намайг орж харахад У.Э- хувцас нь цэвэрхэн байдалтай яг хөлнийх нь дэргэд зогсож байсан ба юу болоод байгаа юм бэ гэтэл У.Э- өөрөө ухаан алдчихлаа гэж хэлсэн.../1-р хх-ийн 115 тал/,

гэрч Б.Л “...Э, Д-тэй маргаж байснаа л шууд гараа атгаж байгаад нүүр рүү нь нэг удаа цохиж авахад Д шууд тархиараа газар маш хүчтэй унасан.../1-р хх-ийн 117 тал/ ...Намайг нөгөө өрөөнөөс талийгаач нарын байсан өрөөнд ороход У.Э- талийгаачийн шанаан тус газар нь 1 удаа цохисон. Тэгэхэд талийгаач яг хойшоогоо саваад унасан. Тэгж унаад хөдлөөгүй.../1-р хх-ийн 118 тал/ ...О орж ирээд зодоон болоод байна гэхээр нь нөгөө өрөөнд ороод харсан чинь Э талийгаач Дгийн нүүр хэсэг рүү нь баруун гараараа цохисонд талийгаач Д толгойгоороо саваад шалан дээр унаад ямар нэгэн хөдөлгөөнгүй болсон. Талийгаачийг У.Э- цохисныг л би нүдээрээ харсан, өөр хэн нэгнийг талийгаачийг цохиж байхыг би хараагүй.../1-р хх-ийн 119 тал/”

гэрч Б.О “...утсаар ярьчихаад ороод ирсэн чинь Сүхбаатар талийгаач хоёр заамдалцчихсан дунд нь Э салгах гээд зогсож байсан. Би болиоч та нар яах гээд байгаа юм гэхэд Сүхбаатар тасалгаатай нөгөө өрөө рүү орсон. Э намайг өөрсдөөсөө холдуулаад би хараад зогсож байтал Э талийгаачийг хаалганы наана аваачаад баруун гараараа зүүн шанаа руу нь хоёр цохихоор нь би хажуугаар нь гараад 4 курсынхний өрөө рүү ороод Базарсадыг дуудаад зодоон болоод байна очоод салгаачээ гээд оруулж ирсэн. Тэгээд бид хоёрыг орж ирэхэд талийгаач газар унасан байсан.../1-р хх-ийн 128 тал/ ...би гаднаас орж ирэхэд эхний өрөөнд талийгаач Сүхбаатарыг заамдсан байсан ба Сүхбаатар бас нэг гараараа заамдсан байсан. Э дунд нь салгах гээд Сүхбаатар болон талийгаачийн гарыг барьсан байсан. Тухайн үед заамдалцсанаас өөрөөр ямар нэгэн байдлаар хэн хэнийгээ цохиж зодсон зүйл болоогүй. Юу гэж маргалдаж байсныг би сонсож чадаагүй ба би харчихаад болиочээ гэтэл Э чи яах гээд байгаа юм бэ, цаашаа бай гэсэн. Тэгээд би орны дэргэд очоод эргээд харахад Э талийгаачийг зүүн гараараа заамдчихсан, баруун гараа атгаж байгаад зүүн шанаанд нь хоёр удаа цохисон. Би хажуугаар нь гарч хажуугийнхаа өрөөнд ороод Б-д хэрүүл маргаан болоод байна салгаарай гэсэн. Тэгээд эргээд Базарсадтай орж ирэхэд талийгаач газар унасан байсан ба ...би яачихсан юм бэ яаж байгаа юм бэ гэтэл У.Э- цохиод уначихлаа гэсэн.../1-р хх-ийн 131 тал/ ...намайг өрөөнд орж ирэхэд талийгаач Сүхбаатар хоёр заамдалцсан байдалтай байсан. Би салгах гээд очиход Э урдуур ороод салгасан. Тухайн үед Сүхбаатар талийгаачийн цамцнаас нь заамдсан байсан. Би салгах гээд очиж байтал Э урдуур орж ирээд намайг цаашаа гэж түлхээд салгахаар нь би салгахаа болиод зөрж өнгөрөөд буцаад эргээд харсан чинь талийгаачийг баруун гараараа нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэгэхээр нь би нөгөө өрөө рүү нь хажуугаар нь зөрж өнгөрч ороод Базарсадад хэлчихээд буцаад нөгөө өрөөнд орж ирэхэд талийгаач газар уначихсан байсан. Тухайн үед талийгаач Сүхбаатартай зодолдсон асуудал байхгүй зүгээр харилцан цамцнаасаа заамдалцсан байсныг Э салгасан. ...Миний мэдэхээр талийгаачийг тухайн өдөр Эгаас өөр хүн цохиж зодсон асуудал байхгүй...” /1-р хх-ийн 132 тал/”,

гэрч Ц.Д “...Би 4 курсийнхний өрөөнд байсан. Тэгтэл талийгаач Сүхбаатартай заамдалцсан. Талийгаач гартаа стакантай архи барьсан байсан. Тэгээд би Оюунжаргалтай очиж салгасан. Тэгээд би Сүхбаатарыг аваад өрөөнийхөө буланд аваачиж боль гэж хэлсэн. Тэгэхэд Оюунжаргал талийгаачийг аваад явсан. Тэгтэл Сүхбаатар талийгаач руу зүгээр байгаарай гээд байсан ба тэгээд эргээд хартал У.Э-, Н, Л, О нар зогсож харин талийгаач газар дээшээ харсан байдалтай хэвтэж байсан, талийгаачийн нүүр царай нь хөхрөөд эхэлж байсан... /1-р хх-ийн 135 тал/”,

гэрч Э.Н “...Л-ийн хамтаар нөгөө өрөөнд ороход Б унтаж байсан ба Лхагвадорж бид хоёрыг тамхи татаж байхад Сүхбаатар өрөөнд орж ирсэн. Тэгтэл хажуугийн өрөөний хүмүүс үймээд эхлэхээр Л, С бид гурав ортол ...Уг өрөөнөөс эхлээд Л гарсан. Би араас нь миний араас С гарсан...” /1-р хх-ийн 145-146 тал/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Иймд шүүгдэгч У.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд У.Э-гийн өмгөөлөгч Э.Ариунаагийн “...У.Э-гийн үйлдэл гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй...” талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

Хохирлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, зөв хянан шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч У.Э-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтыг хэрэглэж, У.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар  шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаар шийтгэх тогтоолын:

 

            тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Э-г 9 жил хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Э-г 6 жил /зургаан жил/-ийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

 

            тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...У.Э-д оногдуулсан 9 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Э-д оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай...” гэж тус тус өөрчилж,

 

            шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Шүүгдэгч У.Э-гийн өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ