Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00181

 

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00181

 

 

 

Н.Л-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/02098 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Л-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч УНТЭ-төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэлмэн, Б.Түвшинтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Н.Л- нь УНТЭ-Төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 01 дугаар контрактын гэрээг байгуулсан. Гэтэл УНТЭ-Төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолоор Н.Л-г мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхүй гэж 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр контрактын гэрээг цуцалж, УНТЭ-ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд ажилтан контрактын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэхдээ өмчлөгч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь контрактад тусгасан журмыг баримталж, ажилтныг байлцуулах үүрэгтэй ба хуулийн энэ зохицуулалтын контрактад тусгасан үр дүн гараагүй байдал нь ажилтны өөрөөс хамаарах шалтгаанаар ажил үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хамааруулан ойлгоно. Контрактын эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болох нь баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ тухай дүгнэлтийг ажилтанд танилцуулж гарын үсэг зуруулж, уг дүгнэлтийг ажилтан эс зөвшөөрвөл түүний тайлбарыг хавсаргах ёстой. Гэтэл контрактын эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болохыг баримтаар тогтоосон талаарх дүгнэлтийг мэдэгдэлгүйгээр контрактын гэрээг цуцалсан. Контрактын гэрээний 3.10.1-д гэрээний хугацааг 5 жил буюу 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан боловч хагас жилийн хугацаа өнгөрөөгүй байхад Ерөнхий захирлын ажлыг дүгнэсэн гэж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь түүний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Н.Л- нь хүсэлт болон асуудлуудыг нь шийдвэрлэж байсан. Н.Л- нь өөрчлөлт шинэчлэлт хийсэн. Төлөөлөн удирдах зөвлөл контрактын гэрээний шалгуур үзүүлэлтийг гаргаж өгсөн. Контрактын гэрээний шалгуур үзүүлэлт зорилтын түвшин рүү дөхөж очсон. 96-100 хувь хүрээгүй бол 1 оноо байх ёстой. 80-89 хувьтай асуудал байгаа учраас үүнийгээ 4 оноо өгөх ёстой байхад 2 оноо өгсөн.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан нөөц байсан. Эмийн жагсаалт хангалттай байхад нэн шаардлагатай эмийн жагсаалтыг хамгийн муу гэж үнэлсэн. Эмнэлгийн дотоод халдварын хувь хэмжээ буурсан. 3 хувиар буурвал хамгийн бага, 1-13 хувиар буурвал 2 оноо, 20-50 хувиар буурвал 3 оноо, 50-аас дээш буурвал 4 оноо өгөх ёстой. Гагцхүү 20-50 хувь 3 оноо авахаар буурсан байхад эмнэлгийн дотоод халдварын хувь хэмжээ буураагүй гэж үнэлсэн. Өвчтөний сэтгэл ханамжийн судалгааг мөн баримтаар гаргаж өгсөн.

Эмнэлгийн нас баралтын түвшин юм. Эмнэлэгт ихэвчлэн зүрхний шигдээс, хоног болоогүй нас баралтууд байгаа. Үүнийг 2019 онтой харьцуулвал буурсан байхад хамгийн бага оноо өгсөн. Ажил мэргэжлийн хувьд хангалттай үүргээ гүйцэтгэх чадваргүй гэдгийг нотолсон баримт байхгүй. Мэс заслын дараах хоногийн хүндрэлийн хувьд үзүүлэлт мөн буурсан. Н.Л- нь ажлаа 90 хувьтай байна гээд тайлан тавихад түүнийг гаргачихаад өөрсдөө оноог нь тавиад ажлаас чөлөөлсөн. Мэргэжлийн хяналтаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг нь ихэвчлэн түүнтэй байгуулсан контрактын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу энэ байгууллагыг удирдах мэдлэг боловсрол хүрэлцэхгүй гэж дүгнэх нөхцөл болохгүй. Н.Л-гийн 1 сарын дундаж цалин 1,435,199 төгрөг бөгөөд 1 өдрийн цалин 66,753 төгрөг болно. Ажилгүй байсан 177 хоногийн олговор 11,815,281 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Н.Л-г УНТЭ-Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор тус эмнэлгийн Ерөнхий захирлаар томилсон. Н.Л- нь эмнэлгийн ерөнхий захирлын ажлыг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч ажилласнаас хойш байгууллагын төлөө ажиллах хүсэл эрмэлзэл, идэвх санаачилга, хандлага чадвар байхгүй, цаашид байгууллагын удирдлага, зохион байгуулалтын сул тогтолцооноос үүдэлтэй алдаа зөрчил гарах эрсдэл бий болсон. Н.Л- нь өөрийн бүх мэдлэг чадвараа дайчилж ажиллан хамт олондоо манлайллыг харуулах хангалттай хугацаа байсан ч хэтийн зорилго, алсын хараагүй, өмнөх удирдлагын эхлүүлсэн ололт, дэвшилттэй ажлуудыг тасралтгүй үргэлжлүүлээгүй. Шийдвэр оновчтой шийдвэр гаргалт муу, зарим доод албан тушаалтан, албадын дарга нарыг ажил танилцуулахад нь хүлээн авч уулздаггүй, багаар ажилладаггүй, өөрийн гаргасан шийдвэр, үүрэг даалгавраа үгүйсгэдэг, мэдээллийн дамжих үйл явцыг алдагдуулж холбогдох албан тушаалтад мэдээллийг хүргэж, чиг үүрэгтэй нь холбоотой албан бичгийг цохдоггүйгээс хугацаатай мэдээ тайлан, албан бичгийн хариу хоцорч, өдөр тутмын үйл ажиллагаанд хугацаа алдах, зэрэг бэрхшээл үүссэн. Н.Л- нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг болон Урологи-Андорлогийн төвийг ариун цэврийн өрөөтэй болгох, Монгол улсын Засгийн газар, Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын эрүүл мэндийн байгууллагуудын захирал нарт Корона вируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний бэлэн байдал, нөөц бүрдүүлэлтийг байнгын хангах ажиллахыг удаа дараа үүрэг болгосон. Монгол улсын шадар сайд, Улсын онцгой комиссын даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас баталсан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Корона вирус халдварын үед эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдалд шалгалт хийх тухай 01/259 дугаартай удирдамжийн дагуу мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтэсээс тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчдыг байлцуулан эмнэлгийн Корона вируст халдварын хяналт, сэргийлэлтийн үйл ажиллагаа, нөөцийн бүрдүүлэлт, барилга байгууламжийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт шалгалт хийгдсэн. Тус хяналт шалгалтаар Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 11 дүгээр зүйлийн 11.2.2, Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандартын 10.4, 10.9, 12.6, 14.2.9-д заасныг, Эрүүл мэндийн сайдын А/269 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 3.6.11 дэх заалт, Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013 стандартын 4.4.4 дэх заалтыг, Эрүүл мэндийн сайдын 537 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 2.13-д заасныг, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/269 тоот тушаалын нэгдүгээр хавсралтын 3.6.13 дахь заалтыг, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/505 дугаар тушаалын холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн нь илэрсэн. Тухайн зөрчлүүдийг арилгуулахаар 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 01-03-038/410 дугаар бүхий хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагч албан шаардлагыг хүргүүлсэн боловч уг албан шаардлагын хэрэгжүүлээгүй биелэлтийг хүргүүлээгүй.

Эрүүл мэндийн сайдад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02-01/113 тоот албан бичгээр Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь улсын ахлах байцаагчийн өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн тул эмнэлгийн удирдлагад сахилгын арга хэмжээ авч, хариуг ирүүлэх албан бичиг ирүүлсэн. Тус албан бичгийн дагуу Эрүүл мэндийн сайд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1а/566 тоот албан бичгээр тус эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг эрх хэмжээний хүрээнд хариуцлага тооцно уу гэсэн албан бичиг ирүүлсэн. Үндэсний аудитын газраас 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайланд аудит хийхэд 599,812,000 төгрөгийн өртэй гарсан байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт 2020 оны сүүлийн 06 дугаар сард өмнөх хагас жилээс муу үзүүлэлттэй гарсан. Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/476 дугаар тушаалаар баталсан эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дүрмийн 5.2-т заасны дагуу эмнэлгийн захирлын ажлын гүйцэтгэлийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар эмнэлгийн захирлын ажиллах хугацаандаа хийж гүйцэтгэсэн ажил болон эмнэлгийн жилийн эцсийн тайланг Н.Л- өөрөөр тайлагнуулж зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлж ажлын гүйцэтгэлийг контрактын гэрээний хавсралтын дагуу үнэлж гишүүдийн саналыг нэгтгэхэд 38.7 оноо авсан тул ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон тул Эмнэлгийн захирал Н.Л-г контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн дүгнэлтийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолоор УНТЭ-ерөнхий захирал Н.Л-тэй байгуулсан контракт гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Иймд Н.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Л-гийн УНТЭ-Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, УНТЭ-ерөнхий захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 11,815,281 /арван нэгэн сая найман зуун арван таван мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.Л-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5-д Эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх гэж заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл нь эмнэлгийн захирлыг томилох, чөлөөлөх эрхийг хэрэгжүүлдэг. УНТЭ-ерөнхий захирлын үүрэгт ажлаас нь Н.Л-г 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолоор чөлөөлсөн. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар УНТЭ-төлөөлөн удирдах зөвлөлийг иргэний эрх зүйн харилцааны нэг оролцогч гэж үзнэ. УНТЭ-Төлөөлөн удирдах зөвлөл хуулийн этгээдийн эрхгүй хэдий ч түүний гаргасан шийдвэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийг төлөөлж байгаа учраас хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Гэтэл шүүх Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болсон үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулийн этгээдэд хамаарахгүй байх тул тус Төлөөлөн удирдах зөвлөлийг хариуцагч нь гэж үзэх үндэслэлгүй байна хэмээн дүгнэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасан үндэслэлээр контрактыг цуцалж байгаа тохиолдолд ажилтны контрактаар хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэхдээ өмчлөгч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь контрактад тусгасан журмыг баримталж, ажилтныг байлцуулах үүрэгтэй ба хуулийн энэ зохицуулалтыг контрактад тусгасан үр дүн гараагүй байдал нь ажилтны өөрөөс хамаарах шалтгаанаар ажил үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хамааруулан ойлгоно. Контрактьн эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болох нь баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ тухай дүгнэлтийг ажилтанд танилцуулан, гарын үсэг зуруулж, уг дүгнэлтийг ажилтан эс зөвшөөрвөл түүний тайлбарыг хавсаргах ёстой. Гэвч хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан контрактыг цуцлахдаа Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 18 дахь заалт, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Учир нь хариуцагч нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоолынхоо хууль зүйн үндэслэлийг нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ биелүүлээгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Н.Л- нь УНТЭ-захирлаар ажиллаж байхдаа олон удаагийн алдаа дутагдал гаргасан. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Эрүүл мэндийн сайдын хариуцлага тооцох тухай албан бичиг, эмнэлгийн ажилчдын гомдол саналыг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Н.Л-гийн ажлын тайланг сонсож, Эрүүл мэндийн сайдын баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу түүний ажлыг дүгнэсэн. Уг дүгнэлтээр Н.Л- нь 38 оноо буюу муу үнэлгээ авсан тул Төлөөлөн удирдах зөвлөлөөс ажлаас чөлөөлсөн. Мөн Корона вирус халдварын үед 400,000,000 төгрөгийн өртэй, эмийн нөөц байхгүй болохыг Мэргэжлийн хяналтын газраас тогтоосон. Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүргийг Н.Л- биелүүлээгүй. Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд хариуцлага тооцож ажлаас чөлөөлөх тухай албан бичиг ирүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлийн талаар

1.1 Анхан шатны шүүх УНТЭ-Төлөөлөн удирдах зөвлөл нь Иргэниий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаас бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг иргэний эрх зүйн харилцааны оролцогч биш гэх үндэслэл заан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан хариуцагч биш гэж дүгнэхдээ хууль буруу хэрэглэсэн байна.

Хариуцагч УНТЭ-Төлөөлөн удирдах зөвлөл нь тус эмнэлгийг төлөөлөн шийдвэр гаргасан байх боловч хуулийн этгээдийн эрхгүй буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч байх боломжгүй гэж үзэж байгаа бол нэхэмжлэгчээс хэнийг хариуцагчаар тодорхойлох болон хариуцагчаар оролцвол зохих этгээдийг солих эсэх нөхцөл байдлыг шүүхээс тодруулах шаардлагатай байжээ.

1.2 Н.Л- нь УНТЭ-Төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр контрактын гэрээ байгуулж тус эмнэлгийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолоор мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй гэх үндэслэлээр контрактын гэрээг цуцалжээ. (хх-ийн 5-9)

УНТЭ-Төлөөлөн удирдах зөвлөл нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.10-т зааснаар эмнэлгийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах, мөн хуулийн 17.10.11-т зааснаар эмнэлгийн захиралтай байгуулсан гэрээг дүгнэх зэрэг тус тусдаа зохицуулалттай бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна.

Контрактын гэрээний талууд уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй эсэх талаар маргаж байхад шүүх уг маргааны үйл баримтын талаар буюу контрактад тусгасан гэрээ цуцлах журмыг баримталсан эсэхэд дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзнэ.

1.3 Мөн УНТЭ-2019, 2020 оны үндсэн ба туслах үйл ажиллагааны орлого, тус эмнэлгийн ерөнхий захирлын тушаал зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан боловч эдгээр баримтуудыг хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг одоогоор дүгнэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчээс хэнийг хариуцагчаар тодорхойлох болон хариуцагчаар оролцвол зохих этгээдийг солих эсэх нөхцөл байдлыг тодруулсны дараа уг баримтууд хуульд заасан шаардлага хангасан эсэхийг дүгнэх боломжтой.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хууль буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/02098 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Н.Л- нь давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Н.БАТЗОРИГ