Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2021/02098

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Л/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н ТУЗ-д холбогдох

 

2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Л нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 01 дугаар “Эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга эмнэлгийн захиралтай байгуулах контрактын гэрээ”-г байгуулсан.

Нэхэмжлэгч нь Контрактын гэрээ байгуулан, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар томилогдон ажилласан үеэс эхлэн Контрактын гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэж ирсэн.

Гэтэл хариуцагч нь 2021 оны 03 сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолоор Монгол улсын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.18 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5, 17.10.11, 17.11.4, 17.11.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Контрактын гэрээний 7.3.2, 7.4.4, 7.4.8, Эрүүл мэндийн яамны 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 1а/556 тоот албан бичиг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн хуралдааны шийдвэр, Захирлын гүйцэтгэлийн үнэлгээний дүнг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхүй байна гэж үзэн 2021 оны 03 сарын 01-ний өдрөөр Контрактын гэрээг цуцалж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Монгол улсын дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 18-д заасны дагуу “...ажилтны контрактаар хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэхдээ өмчлөгч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь контрактад тусгасан журмыг баримталж, ажилтныг байлцуулах үүрэгтэй ба хуулийн энэ зохицуулалтын контрактад тусгасан үр дүн гараагүй байдал нь ажилтны өөрөөс хамаарах шалтгаанаар ажил үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хамааруулан ойлгоно. Контрактын эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болох нь баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ тухай дүгнэлтийг ажилтанд танилцуулан, гарын үсэг зуруулж, уг дүгнэлтийг ажилтан эс зөвшөөрвөл түүний тайлбарыг хавсаргасан байна...” гэж заасны дагуу Контрактын эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болох нь баримтаар тогтоогооггүй, тогтоосон талаарх дүгнэлтийг мэдэгдэлгүйгээр Контрактын гэрээг цуцалсан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг болон Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 18-д заасныг тус тус зөрчсөн байна.

Контрактын гэрээний 3.10.1-д зааснаар гэрээний хугацаа 5 жил буюу 2020 оны 08 сарын 22-ны өдрөөс 2025 оны 08 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан боловч хагас жилийн хугацаа өнгөрөөгүй байхад Ерөнхий захирлын ажлыг дүгнэсэн гэж үзэн үүрэгт ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн нь түүний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Гэрээнийхээ дүгнэлтийг ажилтанд танилцуулан гарын үсэг зуруулж, уг дүгнэлтийг ажилтан эс зөвшөөрч тайлбарыг хавсаргасан байна гэж заасан. Гэтэл контрактын эцсийн дүн бодитой гараагүй. Үүрэг биелэгдээгүй болох нь баримтаар тогтоогоогүй. Тогтоосон талаарх дүгнэлтийг мэдэгдэлгүйгээр Контрактын гэрээг цуцалсан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан болон Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 18-т заасныг тус тус зөрчсөн байна. Мөн Контрактын гэрээний 3.11-т зааснаар гэрээний хугацааг 5 жил буюу 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан боловч хагас жилийн хугацаа ч өнгөрөөгүй байхад эмнэлгийн захирлын ажлыг дүгнэсэн гэж үзэн үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн нь хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа гэж үзэж байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэгч Н.Лг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Нэхэмжлэлийн ерөнхий агуулга ийм байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 03 сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгон нэхэмжлэгч Н.Лг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Н.Лгийн өмгөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Л гэдэг хүн ТУЗ-д өдөр тутам мэдээллээ танилцуулаад явж байсан. ТУЗ өдөр бүр байгууллагынхаа үйл ажиллагааг тайлагнаж танилцуулсан бол асуудал байхгүй шүү дээ. Хүсэлт болон асуудлуудыг нь Н.Л шийдвэрлээд явж байсан. Өөрчлөлт шинэчлэлт хэрэгжүүлж байгаа төсөл гэдэг заалтууд байдаг. Н.Л нь хэд хэдэн өөрчлөлт шинэчлэлт хийгээд ажиллаад явсан. Энэ төсөл н.Мөнхсайхан гэдэг захирлын үед хэрэгжиж эхэлсэн учраас төслийг хүлээж авч ажил хэвийн явагдах нь чамд хамаагүй гэдэг. Дуусаагүй үргэлжилж байсан ажлыг үргэлжлүүлж хөгжүүлээд өөрөө захирлаар ажиллаж байх хугацаанд ашиглалтад оруулж байгаа ийм үйл баримтыг тийм биш ээ гэдэг байдлаар дүгнэсэн. Энэ байдал үндэслэлгүй байна. Хариу тайлбараас аваад үзэх юм бол зорилтод түвшин доошоо буурсаар байгаа. Хавтаст хэргийн 85 дугаар талд төлөөлөн удирдах зөвлөлийн Контрактын гэрээний шалгуур үзүүлэлтийг гаргаад өгчихсөн байгаа. Энэ баримтуудаас үзэхэд саяын Контрактын гэрээний шалгуур үзүүлэлт зорилтын түвшин руу маш дөхөж очсон байгаа. 96-100% хүрээгүй асуудал байх юм бол 1 оноо байх ёстой. Гэтэл энэ асуудал зорилтод түвшин рүүгээ дөхөж очсон. 80-89 хувьтай асуудал байгаа учраас үүнийгээ 4 оноо болгох ёстой. Гэтэл энэ дээр 2 оноо өгсөн.  Яагаад 2 оноо өгөөд 38-н дундаж гаргаад ирэв. Тиймээс хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Нэн шаардлагатай эмийн байдлын жагсаалт гэдэг асуудал 100 хувь энэ байгууллага дээр байдаг юм байна лээ. Нэн шаардлагатай эмийн байдлын жагсаалт гэдэг асуудал Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан. Одоо нөөц байж байдаг. Бид нарийн зүйлийг мэдэхгүй байна. Эмийн жагсаалт хангалттай байсаар байтал нэн шаардлагатай эмийн жагсаалтыг хамгийн муу үнэлсэн. Яагаад харьцуулах байдлаар үнэлээд байдаг юм. Эмнэлгийн дотоод халдварын хувь хэмжээ буурсан. 3 хувиар буурах юм бол хамгийн бага, 1-13 хувиар буурах юм бол 2 оноо, 20-50 хувиар буурах юм бол 3 оноо, 50-аас дээш буурах юм бол 4 оноо өгнө. Гагцхүү 20-50 хувь 3 оноо авах хэмжээний түвшингээр буурсан байхад хариуцагч тал эмнэлгийн дотоод халдварын хувь хэмжээ буураагүй гэдэг байдлаар оноо өгсөн. Өвчтөний сэтгэл ханамжийн судалгаа мөн баримтаар гараад ирсэн байгаа. Дараагийн асуудал нь эмнэлгийн нас баралтын түвшин юм. Эмнэлэгт ихэвчлэн зүрхний шигдээс, хоног болоогүй нас баралтууд байгаа. Энэ асуудал өмнөх 2019 оноос харьцангуй буурч орж ирсэн. Нийт нас баралтын тоо 22 гээд график үзүүлэлтээр гаргаад ирсэн. Энэ дээр ахиад хамгийн муу оноо өгсөн. Хариуцагч байгууллага энэ шалгуур үзүүлэлтийн дагуу гаргахын тулд хоног болоогүй нас баралт, эмнэлгийн үед нас барах гэдэг зүйлийг хамт үзэх ёстой байсан байна. 2019 он болон 2020 онд ямар байсан юм. Буурсан юм уу, үгүй юм. Ийм ийм баримтуудыг тулгуурлаж 1 оноо өгсөн юм, ажил мэргэжлийн хувьд хангалттай үүргээ гүйцэтгэх чадваргүй гэдгийг нотолсон баримт хэрэгт нэг ч байхгүй. Мэс заслын дараах хоногийн хүндрэлийн хувьд ахиад үзүүлэлт буурсан. Өөрийнхөө ажлыг 90 хувьтай байна гээд тайлан тавихад чиний тайланг сонслоо чи гарч бай гээд гаргачихаад өөрсдөө оноог нь тавиад ажлаас чөлөөлсөн. Үнэлсэн үнэлгээтэй холбоотойгоор тайлангаа Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйл, 33 дугаар тогтоолд заасны дагуу танилцуулах ёстой. Хувь хүний манлайлал гэдэг асуудал дээр хариуцагч ТУЗ-ийн гишүүдийн үнэлж буй үнэлэмж байх. Муу гэж үнэлэх үнэлэмж захиралд огт байхгүй байгаа. Дээр дурдаж байгаа ор хоног, нас баралт, нэн шаардлагатай эмийн жагсаалт гэх энэ асуудлууд дээр бүгдэнд нь 3-4 оноо буюу 70-100 хувьтай ажилласан байна. Энэ нь баримтаар тогтоогдоно гэдэг тайлбарыг өгч байгаа учраас хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хэрэгсэхгүй болгож өгөөч ээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэдэг тайлбараа дэмжинэ. Гагцхүү хариуцагчийн гаргаж буй тайлбар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлтэй уялдах ёстой. Мэргэжлийн хяналтаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг асуудал бол ихэвчлэн түүнтэй байгуулсан Контрактын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу энэ байгууллагыг удирдах мэдлэг боловсрол хүрэлцэхгүй юм байна гэдэг дүгнэх дүгнэлтэд хүрэх ийм нөхцөл байдал байхгүй юм байна.

Ажилгүй байсан хугацааны цалин хавтаст хэрэгт нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагааг ТҮЦ машинаас гаргаж өгсөн байгаа. Ингээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтоогоод үзэхэд 2020 оны 12 сард 1,408,889 төгрөг, 2021 оны 01 сард 1,450,850 төгрөг, 02 сард 1,445,850 төгрөг нийт 4,305,527 төгрөг болж байгаа. Үүнийг 3-т хуваагаад үзэхээр 1 сарын дундаж цалин хөлс 1,435,199 төгрөг болж байгаа. Үүнийг мөн 55 дугаар тушаалд заасны дагуу тооцоод үзэхээр 1 өдрийн цалин 66,753 төгрөг болж байна. Үүнийгээ ажилгүй байсан 177 хоногоор үржүүлээд үзэхээр нийт ажилгүй байсан хугацааны цалин өнөөдрийг хүртэл 11,815,281 төгрөг болж байгаа.” гэв.

 

Хариуцагч Н ТУЗ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл”-д холбогдулан гаргасан иргэн Н.Лгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Ерөнхий захирлын томилгооны тухай: Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлыг сонгох сонгон шалгаруулалтыг тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу холбогдох журмын дагуу явуулсан. Тус сонгон шалгаруулалтад Нацагдорж овогтой Л хамгийн өндөр оноо авч тэнцэж тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захиралаар томилсон.

Хоёр. Шийдвэр гаргахад нөлөөлсөн хүчин зүйл: 1. Н.Л нь эмнэлгийн ерөнхий захирлын ажлыг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч ажилласнаас хойш байгууллагын төлөө ажиллах хүсэл эрмэлзэл, сэтгэл зориг, идэвх санаачилга, хандлага чадвар байхгүй байгаа нь харагдаж, цаашид байгууллагын удирдлага, зохион байгуулалтын сул тогтолцооноос үүдэлтэй алдаа зөрчил гарах эрсдэл бий болсон.

2. Н.Л нь өөрийн бүх мэдлэг чадвараа дайчилж ажиллан хамт олондоо манлайллыг харуулах хангалттай хугацаа байсан ч хэтийн зорилго, алсын хараагүй, өмнөх удирдлагын эхлүүлсэн ололт, дэвшилттэй ажлуудыг тасралтгүй үргэлжлүүлэлгүй зогсонги байдалд хүргэсэн. Байгууллагын гол шийдвэр гаргах албан тушаалтан боловч шийдвэр оновчтой шийдвэр гаргалт муу, зарим доод албан тушаалтан, албадын дарга нарыг ажил танилцуулахад нь хүлээн авч уулздаггүй, сонсдоггүй, багаар ажилладаггүй, өөрийн гаргасан шийдвэр, үүрэг даалгавраа үгүйсгэдэг, эргэж буцдаг, мэдээллийн дамжих үйл явцыг алдагдуулж холбогдох албан тушаалтанд мэдээллийг хүргэж, чиг үүрэгтэй нь холбоотой албан бичгийг цохдоггүйгээс хугацаатай мэдээ тайлбан, албан бичгийн хариу хоцорч, өдөр тутмын үйл ажиллагаанд хугацаа алдах, хурд саарах, хүлээгдэх зэрэг бэрхшээл, чирэгдэл үүссэн. Байгууллагын удирдлагын хувьд зохион байгуулалтын, мэргэжил арга зүйн дэмжлэгт болон шууд удирдлагаар хангаж багаар ажиллаж чадахгүй байгаа нь хуульд заагдсан үүргээ биелүүлээгүй байна./Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16.7.2.эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх/

3. Н.Л нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаандаа Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй.

1. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг тусдаа өрөөтэй болго гэсэн үүрэг.

2. Урологи-андорлогийн төвийг ариун цэврийн өрөөтэй болгох

3. Монгол улсын Засгийн газар, Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар эрүүл мэндийн байгууллагуудын захирал нарт Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний бэлэн байдал, нөөц бүрдүүлэлтийг байнгын хангах ажиллахыг удаа дараа үүрэг болгосон байдаг.

Монгол улсын шадар сайд, Улсын онцгой комиссын даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас баталсан 2020 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн “Коронавирус халдварын дэгдэлтийн үед эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдалд шалгалт хийх тухай” 01/259 дугаартай удирдамжийн дагуу мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ч.Номин, Д.Алтанзул, эрүүл ахуй халдвар хамгаалалтын улсын байцаагч Т.Мөнхнасан, Д.Солонго, эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч П.Туяа нар 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаанд тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчдыг байлцуулан хяналт шалгалт хийсэн.

Тус хяналт шалгалтаар эмнэлгийн коронавируст халдварын хяналт, сэргийлэлтийн үйл ажиллагаа, нөөцийн бүрдүүлэлт, барилга байгууламжийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт шалгалт хийгдсэн. Тус хяналт шалгалтаар:

1. “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 11 дүгээр зүйлийн 11.2.2, “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандарт”-ын 10.4, 10.9, 12.6, 14.2.9-д заасныг,

2. Эрүүл мэндийн сайдын А/269 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 3.6.11 дэх заалт,

3. “Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013 стандарт”-ын 4.4.4 дэх заалтыг,

4. Эрүүл мэндийн сайдын 537 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 2.13-д заасныг,

5. Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/269 тоот тушаалын нэгдүгээр хавсралтын 3.6.13 дахь заалтыг,

6. Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/505 дугаар тушаалын холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн нь илэрсэн.

Тухайн зөрчлүүдийг арилгуулахаар 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 01-03-038/410 дугаар бүхий хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байна. Тус албан шаардлагын заалт бүрийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч, биелэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний дотор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл мэндийн хяналтын хэлтэст албан бичгээр хүргүүлэх байсан ч албан шаардлагын хэрэгжүүлээгүй биелэлтийг хүргүүлээгүй нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Эрүүл мэндийн сайдад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02-01/113 тоот албан бичгээр Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь улсын ахлах байцаагчийн өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн тул эмнэлгийн удирдлагад сахилгын арга хэмжээ авч, хариуг ирүүлэх албан бичиг ирүүлсэн. Тус албан бичгийн дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1а/566 тоот албан бичгээр тус эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг эрх хэмжээний хүрээнд хариуцлага тооцно уу гэсэн албан бичиг ирүүлсэн.

Үндэсний аудитын гарзаас 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайланд аудит хийхэд эмнэлэг тухайн онд 599,812,000/таван зуун ерэн есөн сая найман зуун арван хоёр мянга/ төгрөгний өртэй гарсан байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь өмнөх онуудад жилийн эцсээр өр төлбөртэй гарч байгаагүй.

7. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт 2020 оны сүүлийн 6 сард өмнөх хагас жилээс муу үзүүлэлттэй гарсан байна.

Шалгуур үзүүлэлт

2020 он

1-6 сар

2020 он

7-12 сар

Зорилтот түвшин

Тайлбар

Дундаж ор хоног

6.7

6

5

Ариутгалын чанар, 1 удаагийн багаж хэрэгслийн хангамж, Үений дурангийн мэс засал, бамбай булчирхай болон судасны мэс засалд RFA эмчилгээ, Зүрхний төв нээгдэж шигдээсийн оношилгоо, эмчилгээ зэрэг шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж эмнэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадвар сайжирсантай холбоотой дундаж ор хоног 0.7-р буурч 6 болсон бөгөөд дээрх ажлууд 2020 оны эхний хагас жилд хийгдсэн болно.

Орны фонт ашиглалт

80.5%

80.1%

90%

Зүрх болон мэдрэлийн төв засвар үйлчилгээ хийгдэж Зүрхний төв 2020.03 сард, Мэдрэлийн төв 2020.07 сард ашиглалтанд орсон бөгөөд 2020 оны сүүлийн хагас жилд зөв менежмент хийж орны фонд ашиглалт нэмэгдэх бүрэн боломжтой байсан.

Яаралтай бус шалтгаанаар хэвтэх хүлээгдэлийн хугацаа

Орны хүлээгдэл ДНТ-т 7-14 хоног Мэс заслын тасгуудад 14-21 хоног

Орны хүлээгдэл ДНТ-т 7-14 хоног Мэс заслын тасгуудад 14-21 хоног

Орны хүлээгдэл ДНТ 3-5 хоног Мэс заслын тасаг 3-5 хоног

ДНТ-т хэвтэл гаралтыг нэгдсэн системээр зохицуулалт хийж орны хүлээгдлийг бууруулах ажлыг 2020.06 сараас төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн. ЭМЯ-ны санаачлагаар “Төвлөрлийг сааруулах салбарын хөгжил хамтдаа” төсөл хөтөлбөр 2020.08 сараас хэрэгжиж эхэлсэн.

Эмнэлгийн дотоод халдвар буурсан хувь

22/8%/

38/8.9%/

5%

2020 оны 4 сард эмнэлгийн дотоод халдварыг бууруулах зорилгоор зүүн байрны 3-р давхарт ОЭТН халдвартай, сүрьеэ өвчний сэжигтэй, үйлчлүүлэгчийг тусгаарлах 12 ор бүхий 4 палатыг байгуулан ажиллаж эхэлсэн. 2020 оны 09 дүгээр сараас эхлэн дээрх палатуудыг дотоод халдвар бууруулах зорилгоор бүрэн ашиглаагүй.

Өвчтний сэтгэл ханамжийн хувь

Амбулатори 82.1%

Стационари 83.5%

Амбулатори 79.1%

Стационари 82.4%

87%

87%

 

2020 оны эхний хагас жилийн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн үзүүлэлтэнд дүгнэлт хийж “Эерэг хандлага эмчилгээний эхлэл “аян зохион байгуулсан.

Эмнэлгийн нас баралтын түвшин

Нийт нас баралт 1.85%

Нийт нас баралт 1.75%

1.5%

ОУ-н түшинд эмнэлгийн нас баралтын түвшин хэвтэн эмчлүүлэгдийн 1.0% үзүүлэлттэй байна.

Хоног болоогүй 19/11.1%/

Хоног болоогүй 28/13.1%/

10%

Эрчимт эмчилгээ 2 тасгийн үйл ажиллагааг нээж эрчимт эмчилгээний орны тоог 2 дахин нэмэгдүүлсэн нь 2019 онтой харьцуулахад 2020 оны эхний хагас жилд хоног болоогүй нас баралт 50% буурсан.

2020 оны 3-р улирлаас эрчимт эмчилгээний тасгийн орны фонд ашиглалт, үйл ажиллагааны зөв менежмент хийгдээгүйгээс 2020 оны эхний хагас жил, сүүлийн хагас жилийг харьцуулахад 2% өссөн үзүүлэлттэй байна.

Ижил оношоор 30 хоногийн дотор эргэн хэвтэлтийн хувь

30 хоногийн дотор ижил оношоор эргэн хэвтсэн 127/1.3%/

254/2%/

0.5%

30 хоногийн дотор ижил оношоор эргэн хэвтсэн 917 үйлчлүүлэгч 4577 удаа давтан хэвтэлт бүртгэгдсэн./Нийт хэвтэлтийн 20.8%/

Үүнээс 30 хоногийн дотор төлөвлөгөөт бус хэвтэлт хагас жилийн чанарын үзүүлэлтийг харьцуулахад 0.7% өссөн сөрөг үзүүлэлттэй байна.

30 хоног дотор эргэн хэвтэж ижил оношоор нас барсан

16/9.3%/

25/11.6%/

7%

Нийт нас баралтын 10.6% 30 хоног дотор эргэн хэвтэж нас барсан үзүүлэлттэй байна.

Хагас жилийн үзүүлэлтийг харьцуулахад 2.3% өссөн сөрөг үзүүлэлттэй байна.

48 цагийн дотор ижил оношоор эргэн хэвтсэн 31/0.3%/

48/0.37%/

0

Нийт хэвтэлтийн 0.36% 48 цагийн дотор ижил оношоор эргэн хэвтсэн үзүүлэлттэй байна.

Хагас жилээр харьцуулахад 0.07% өссөн зорилтот түвшинд хүрч чадаагүй байна.

Мэс заслын дараах/30 хоногийн дотор/ хүндрэлийн хувь/эсхүл давтан мэс заслын хувь/

Давтан мэс засал 34/0.56%/

Давтан мэс засал 51/0.81%/

0.3%

2020 онд нийт 12247 мэс засал эмчилгээ хийгдсэн.

Эхний хагас жилд 5993

Сүүлийн хагас жилд 6266

Хагас жилийн чанарын үзүүлэлтийг харьцуулахад 0.25% өссөэн зорилтот түвшинд хүрч чадаагүй сөрөг үзүүлэлттэй байна.

Гурав. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай: Дээрх нөхцөл байдал үүссэн тус тус эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/476 тушаалаар баталсан эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дүрмийн 5.2-т заасны дагуу эмнэлгийн захирлын ажлын гүйцэтгэлийг 2021 оны 02 дугаар сарын 26-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар эмнэлгийн захирлын ажиллах хугацаандаа хийж гүйцэтгэсэн ажил болон эмнэлгийн жилийн эцсийн тайланг Н.Лгаар өөрөөр тайлагнуулж зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлж ажлын гүйцэтгэлийн контракт гэрээний хавсралтын дагуу үнэлж гишүүдийн саналыг нэгтгэхэд 38.7 оноо авч муу гэж үнэлэгдсэн тул ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул Эмнэлгийн захирал Н.Лг контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн дүгнэлтийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот тогтоолоор Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Н.Лтай байгуулсан контракт гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь холбогдох хууль болон дүрэм журамд нийцэж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийг Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 18 дахь заалтыг зөрчиж байна гэж дурдсан байсан хариуцагч нь дээрх хууль болон тогтоолыг зөрчсөн шийдвэр гаргаагүй болох нь дараах нотлох баримтуудаар нотлогож байна.

Иймд иргэн Н.Лгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Н.Л хариуцагч Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 11 815 281/арван нэгэн сая найман зуун арван таван мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч Н ТУЗ нь Н.Лтай байгуулсан контракт гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь холбогдох хууль болон дүрэм журамд нийцэж байна гэх тайлбар ирүүлсэн.

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй 01 дугаар “Эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга эмнэлгийн захиралтай байгуулах контрактын гэрээ”-г байгуулсан болох нь 01 дугаар “Эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга эмнэлгийн захиралтай байгуулах контрактын гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Төлөөлөн удирдах зөвлөл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад заасныг үндэслэн 2021 оны 3 сарын 01-ний өдөр Контракт гэрээг цуцалж, нэхэмжлэгчийг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Н ТУЗийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага дараах төрөлтэй байна:”, 15.1.7-д “нэгдсэн эмнэлэг;”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Эрүүл мэндийн байгууллагыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэнэ.”, 18.2-т “Эрүүл мэндийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно.”, 21 дүгээр зүйлийн 21.3-т “Эрүүл мэндийн байгууллагын дүрэмд дараах зүйлийг тусгана:”, 21.3.1-т “байгууллагын үндсэн зорилго, чиг үүрэг;”, 21.3.2-т “удирдах бүрэлдэхүүн, түүний эрх хэмжээ;” гэж заасан.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.7, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 21 дүгээр зүйлийн 21.3, 21.3.1, 21.3.2 дахь заалтад зааснаар эрүүл мэндийн байгууллага нь нэгдсэн эмнэлэг гэсэн төрөлтэй байх ба нэгдсэн эмнэлгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр байгуулагдсанд тооцож, нэгдсэн эмнэлэг нь зорилго, удирдах бүрэлдэхүүн зэргийг заасан дүрэмтэй байна.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Өмчлөлдөө буюу эзэмших ... захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг ... тодорхой зорилго бүхий ... нэгдлийг хуулийн этгээд гэнэ.”, 26.1-т “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч ... бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг хуулийн этгээд юм.

 

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.19-д “Төлөөлөн удирдах зөвлөл тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.”, 17 дугаар зүйлийн 17.4-т “Төрийн ... нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ.” гэж заасан.

 

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.19, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай, нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалт, удирдлагыг хэрэгжүүлдэг удирдлага ба хуулийн этгээдийн эрхгүй, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хамаарахгүй байна.

 

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд ... байгууллага байна.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулийн этгээдэд хамаарахгүй байх тул тус Төлөөлөн удирдах зөвлөлийг хариуцагч нь гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн ерөнхий захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 11 815 281/арван нэгэн сая найман зуун арван таван мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Тус шүүхийн шийдвэр нэхэмжлэгч нь Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт холбогдуулан гаргасан гэх Ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянаагүй тул нэхэмжлэгч Н.Л нь Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг дахин гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Лгийн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн ерөнхий захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 11 815 281/арван нэгэн сая найман зуун арван таван мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Лгийн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн ерөнхий захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 11 815 281/арван нэгэн сая найман зуун арван таван мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Лгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ