Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 613

 

Т.Е-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч Е.М, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, Т.Е-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай, хохирогч М.Х, Е.М нарын  гаргасан гомдлуудыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Н овогт Т.Е нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Т.Е-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, яллах дүгнэлтийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Шүүгдэгч Т.Е-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7 сар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Е-, түүний өмгөөлөгч С.Алтай, хохирогч М.Х, Е.М нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч Т.Е-ы хүсэлтээр дараах гомдлыг гаргаж байна.

1. Ялтан Т.Е- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч буруу зүйл үйлдсэнээ гүнээ ухамсарлан ойлгож гэмшиж байгаагаа илэрхийлж байгаа.

2. Т.Е- нь шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг, хоригдох хугацааг нь 2-3 сар болгож өгөхийг хүсэж байгааг нь өмгөөлөгч би уламжилж байна.

3. Т.Е-ы ...эхнэр нь саяхан хүндрэлтэй төрсөн бөгөөд хүүхдийн эрүүл мэнд маш хүнд, байнга эмнэлэгт хэвтдэг тул ялыг хөнгөрүүлж тэнсэж өгөхийг хүсэн гомдол гаргуулж байгаа болно. Хохирогч М.Х нь өвчтэй хүүхдээ байнга асарч байгаагаас болж ... ар гэр нь хүнд байгдалд байгаа болно.

Иймд гэр бүлийн гачигдалтай байдал, ялтны засрал хүмүүжил, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг нь харгалзан үзэж ялтан Т.Е-д оногдуулсан 7 сарын хорих ялын үлдсэн хугацааг тэнцэж өгнө үү. Хэрэв тэнцэх боломжгүй гэж үзвэл 3 сарын хорих болгон өөрчилж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч М.Х, Е.М нар хамтран гаргасан гомдолдоо  “...Т.Е- нь эхнэр М.Х, охин Е.М бидний эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл учруулж танхайрсан үйлдэлдээ гэм буруутайд тооцогдсон зохих ял шийтгэлийг авсан бөгөөд түүнд хариуцлага тооцсон явдалд, мөн хэргийн шалгагдсан байдалд бидний зүгээс гомдохгүй билээ. Гэвч бид анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэхээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч ялыг хэвээр баталсан тул ...гомдол гаргаж байна. Нөхөр ял эдэлж байгаа, эхнэр болох М.Х би төрөхийн хүндэрлээр өвчтэй хүүхэд төрүүлсэн, бидний ажил төрөл, ар гэр маш хүнд хэцүү байдалд байгаа болно. Нөхөр маань хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгааг түүнтэй уулзахдаа мэдсэн. Шүүх яллаж ч, өршөөж ч чаддаг тул Т.Е-д оногдуулсан 7 сарын хорих ялыг тэнцэж, эсхүл ялыг багасгаж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Т.Е-д холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь үндэслэлтэй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Е-ы 2014 оны 11 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Булган сум, 5 дугаар багт оршин суух гэртээ охин Е.М, эхнэр М.Х нарыг байнга зодож гэрээс хөөх, өвлийн хүйтэнд хөл нүцгэн, гадуур хувцасгүй хөөж гаргах, охин Е.М-г унтаж байхад нь үснээс нь татаж босгон зодож, хамраас нь цус гаргаж, ам руу нь өшиглөх зэргээр харгис хэрцгийгээр догшин авирлаж,

охин Е.М-г 18 нас хүрснээс өмнө болон хойно зодож байсан, хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө гэмтэл учруулахгүйгээр зодсон, эхнэр М.Х-г жирэмсэн байхад нь зодсон зэрэг үйлдэл хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн, уг үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүхүүд Т.Е-ы дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдэх” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн, уг зүйл хэсэг заалтын 6 сараас 2 жил хүртэл хугацаатай хорих ялаас хамгийн хөнгөн ялтай дүйцэхүйц хэмжээний буюу 7 сар хорих ялыг сонгон оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Т.Е-д үйлдсэн гэмт хэрэгт нь хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан бөгөөд уг ялыг дахин хөнгөрүүлэх зайлшгүй шаардлага үүсээгүй, оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн аюул, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн санаа зорилго болон үйлдэлд тохирсон, хохирогч нарын ял хөнгөрүүлэх хүсэл эрмэлзлийг харгалзсан байна гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нарын Т.Е-д оногдуулах ялыг дахин хөнгөрүүлэх тухай гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай, хохирогч М.Х, Е.М нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН