Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/ма2022/00175

 

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00175

 

Л.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/03091 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ч-т холбогдох

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3,070,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогос, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Г.Ч- нь нэхэмжлэгч Л.Б-гийн эзэмшлийн 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаатайгаар түрээсэлж, 1 сарын төлбөрт 250,000 төгрөг төлөх, мөн ашиглалтын зардлыг хариуцахаар тохирсон. Гэрээний дагуу 18 сарын хугацаанд Г.Ч- 4,500,000 төгрөг төлөхөөс 2,680,000 төгрөг төлж, үлдэгдэл 1,820,000 төгрөгийг төлөөгүй. Мөн талууд 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хүртэл 5 сарын хугацаатай 1 сарын төлбөрт 250,000 төгрөг төлөхөөр тохирч орон сууц хөлслөх гэрээ байгуулж, гэрээний дагуу 1,000,000 төгрөг төлөхөөс 200,000 төгрөгийг төлж 800,000 төгрөг төлөөгүй. Иймд дээрх 2 гэрээний үүрэгт нийт 2,620,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн Г.Ч- нь орон сууцыг хөлслөх явцдаа ашиглалтын зардал огт төлөөгүй тул ашиглалтын зардалд 450,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сар хүртэл ажилласан ба 2017 оны 01 дүгээр сараас өөр байранд нүүж ирсэн гэж тайлбар гаргаж байгаа боловч нүүсэн, мөн Л.Б-гийн байрыг хүлээлгэж өгсөн талаарх баримт акт үйлдээгүй байх тул гэрээ хүчин төгөлдөр, Г.Ч- нь гэрээний дагуу төлбөр төлөх үүрэгтэй. Харин 2018 оны 03 дугаар сард байгуулагдсан гэрээний хувьд мөн адил Г.Ч- нь тухайн газар 1 сарын хугацаатай ажиллахаар очсон, эхнэр хүүхдийн бие тааруу байсан учраас хот руу буцсан гэх үйл баримтаа нотлоогүй байгаа учир гэрээний дагуу төлбөрөө төлөх үүрэг нь хэвээр байна. Хэрвээ Г.Ч- өөр байранд нүүж орсон бол гэрээнд заасны дагуу нэг сарын өмнө түрээслүүлэгчид мэдэгдэнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй байна. Мөн Г.Ч-ийн орон сууц хөлслөх гэрээг уншаагүй, надаар зөвхөн гарын үсэг зуруулсан учраас хариуцлага хүлээхгүй гэх тайлбар үндэслэлгүй. Хууль мэдэхгүй байдал нь тухайн этгээдийг хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Гэрч Г.Цэдэндоржийн өгсөн мэдүүлгээс үзэхэд тэрээр Г.Ч-той хамт орон сууц түрээсэлж амьдарч байсан бөгөөд түүний 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээр түүнийг тухай үед орон сууцанд амьдарч байсныг нотлох юм. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2,620,000 төгрөг, түрээсийн хугацаан дахь ашиглалтын зардалд 450,000 төгрөг, нийт 3,070,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд талбайн инженерээр 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сар хүртэл ажиллаж байх хугацаандаа амьдрах байр хайж Л.Б-гийн дэлгүүрийн хойд талын 2 өрөө байрыг түрээслэхээр болсон. Анх Л.Б-г надтай гэрээ байгуулах үед би түүнд хандаж энэ гэрээг байгуулах хүн биш, та манай компанитай очиж гэрээ байгуулах хэрэгтэй гэж хэлсэн боловч Л.Б- нь гэрээн дээр надаар гарын үсэг зуруулсан. Гэхдээ гэрээнээс анхаарах ёстой зүйл гэвэл би уг газар 3 сарын хугацаатай ажиллах гэж очсон байж 18 сарын хугацаатай гэрээ байгуулахгүй нь тодорхой. Орон сууц хөлслөх гэрээнд гарын үсэг зурж байх үед эхлэх хугацаа болон дуусах хугацаа бичигдээгүй байсан. Гэрээг сайн нягталбал гэрээний хугацааг бичихдээ гарын үсэг бичсэн үзгээс өөр өнгийн үзгээр бичсэн байдаг. Манай ажлынхан тус газар салхивч агааржуулалтын ажил хийж байгаад ажилчид нэмж авч ажиллуулахаар болох үед Л.Б- эгчийн орон сууц олон хүн амьдрахад багадсан учир 2017 оны 01 дүгээр сард манай ажилчид Цэргийн байр гээд 3 өрөө түрээсийн байр луу нүүсэн. Бид ийнхүү нүүхдээ Л.Б- эгчтэй бүх тооцоогоо дуусгаж, байрыг нь хүлээлгэж өгөөд явсан. Сүүлд 2018 оны 03 дугаар сард манай компани Хөшигтийн хөндийд дахин 1 сарын хугацаатай ажиллахаар ирсэн. Би 2018 оны 03 дугаар сараас хойш Хөшигтийн хөндийн буцаж нэг ч удаа очоогүй. Нэхэмжлэгч Л.Б- нь ашиглалтын зардалд сар бүр тодорхой хэмжээний мөнгийг авдаг байсан. Гэрээг уншиж танилцалгүй зөвхөн гарын үсэг зурсан нь миний буруу. Л.Б-д байрыг нь хүлээлгэж өгөөд төлбөр тооцоо дуусч, өөр байр руу нүүсэн нь үнэн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ч-оос орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1.820.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 71.020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Ч-оос улсын тэмдэгтийн хураамжид 44.070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Хариуцагч миний бие 2017 оны 01 дүгээр сард байрыг хүлээлгэж өгсөн байхад үргэлжүүлэн хөлсөлсөн мэт шийдвэр гаргалаа. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зүгээс эд хөрөнгө буюу гэрээний зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн үйлдэл нь гэрээ дуусгавар болсон гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох ашиглалтын зардал, 2018 оны 03 дугаар сараас 08 дугаар сар хүртэлх хугацааны төлбөр 800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1,820,000 төгрөгийг Г.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нь гэрээг дуусгавар болгосон талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Иймд шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

3. Нэхэмжлэгч Л.Б- нь орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,620,000 төгрөг, гэрээнд заасны дагуу ашиглалтын зардалд 450,000 төгрөг, нийт 3,070,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар Д.Энхтөрийн өмчлөлийн, Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, соёлын төвийн ард байрлалтай, орон сууцны зориулалттай, 89 м.кв талбай бүхий 8 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөс Л.Б-д олгосон итгэмжлэлийн үндсэн дээр зохигчид 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг орон сууцны 25 м.кв талбайтай 2 өрөөг нь 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаатай, нэг сарын 250,000 төгрөгийн хөлс төлөхөөр, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөн орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг орон сууцны 22 м.кв талбайтай 2 өрөөг нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 5 сарын хугацаатай, нэг сарын 200,000 төгрөгийн хөлс төлөхөөр тус тус харилцан тохиролцсон, хариуцагч нь 2 гэрээний үүрэгт 2,880,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх 3-9/

 

5. Хариуцагч Г.Ч- нь гэрээний хугацаанд өөрчлөлт оруулсан болон гэрээний зүйл болох орон сууцыг гэрээнд заасан хугацаанаас өмнө хөлслүүлэгчид буцаан хүлээлгэж өгсөн талаарх бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийн ...гэрээг 18 сарын хугацаатай байгуулаагүй, нэхэмжлэгч хугацааг сүүлд нөхөж бичсэн, орон сууцыг 2017 оны 01 дүгээр сард хүлээлгэн өгсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

6. Анхан шатны шүүх зохигчид 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээг 16 сарын хугацаатай байгуулсаныг буруу тооцож уг гэрээний үүрэгт 1,820,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг залруулж, гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг (16х250,000) төлөхөөс төлсөн 2,680,000 төгрөгийг хасч үлдэх 1,320,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар өөрчлөх нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн хангасан үнийн дүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны хөлсний зарим хэсэг болон ашиглалтын зардал гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/03091 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 1,820,000 гэснийг 1,320,000, 1,250,000 гэснийг 1,750,000 гэж,

2 дахь заалтад 44,070 гэснийг 36,070 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 44,070 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ЦОГТСАЙХАН