Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00009

 

    Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Хохирогч Ч.Лхагвасүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч А.Ууганбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Отгончимэдэд холбогдох эрүүгийн 1715000060054 дугаартай, 163/2018/0006/Э индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний  өдөр хүлээн авч хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ховогт Д. О

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.О нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1-р багийн нутагт иргэн Ч.Л зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О өгсөн: Би 2017 оны 5 дугаар сарын 26-нд айлын ногоон дээр ажиллахаар авгай хүүхэдтэйгээ очсон. Тэнд  Лхамт хоёр хоног ажиллахад манай 4 настай хүүхдийг шоглоод байсан юм. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ногооны эзэн Мөнх-Эрдэнийг эзгүй байхад Л бид хоёр Хутаг-Өндөр явж архи авчирч уусан. Тэр үедээ хүүхэд шоглоод байгааг нь хэлж хоорондоо маргаад би мотоциклийн хамгаалалтын малгай каскаар толгой руу нь цохьсон нь үнэн. Маргааш нь колонк дээр таараад “Л хаачих гэж байгаа юм” гэхэд “Хөвсгөл явлаа” гэсэн. Үүнээс хойш уулзалдаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эрүүл мэндэд учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Л өгсөн: Тэр өглөө Отгончимэг, Нандинцэцэг хоёр согтуу ирсэн. Надтай хамт мотоциклтой сумын төв орсон, би 2 шил архи аваад, мотоциклд бензин хийсэн. Тэгээд архи ууж байхдаа “чи овоо банди, адилхан хүний нутагт явж байж” гээд каскаар цохиод намайг унасан чинь нүд рүү өшиглөсөн. Намайг босоод зугтаасан чинь араас хөөгөөд би нэг хүн харагдахаар нь  “туслаарай” гэсэн чинь “өөрсдөө учраа ол”  гэсэн. Тэгээд сумын төв орж, тэндээсээ Хөвсгөл явж эмчид үзүүлсэн. Одоо баруун нүд юм харахгүй, байнга өвддөг. Нийт 10 сая төгрөг нэхэмжилнэ, гомдолтой байна гэх мэдүүлэг,

1715000060054 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Ч.Лөгсөн: “2017 оны 05 сарын 29-ний өдөр би Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Мөнх-Эрдэнэ гэх айлд ногооны ажил хийж байгаад хамт ажиллаж байсан Отгоо гэх залуугийн хамт Мөнх-Эрдэнэ гэх хүний мотоциклоор Хутаг-Өндөр сум руу 14-15 цагийн үед явсан. Тэгээд суманд очоод нэрийг нь мэдэхгүй нэг дэлгүүрт орж нэг шил “Стандарт” нэртэй 0.75 литрийн архи авсан.Тэгээд би өөрсдийн унаж явсан мотоциклдоо 2000 төгрөгөнд бензин хийгээд Отгоо ах бид 2 ногооны талбай дээрээ очихоор явж байхдаа нэг жижиг голын эрэг дээр очсон. Тэгээд бид 2 голын зах дээр очоод мотоциклоос буугаад байж байтал Отгоо ах “..чи яагаад миний хүүхдийг дээрлэхээд байгаа юм бэ, чи хүний нутагт яваа биздээ, чамайг алчихсан ч яадаг юм” гэсэн. Тэгэхээр нь би юу ч хэлэлгүй зогсож байтал Отгоо ах миний толгойн орой хэсэг рүү мотоциклийн хамгаалалтын малгайгаар угсруулаад 3-4 удаа цохьсон. Тэгэхээр нь би толгойгоо тэврээд газар хэвтсэн чинь Отгоо ах миний нүд рүү 1 удаа хүчтэй өшиглөсөн. Отгоо ахыг миний нүдрүү өшиглөх үед миний нүднээс цус гарсан чинь Отгоо ах “чи яагаад баашлаад байгаа юм бэ чиний хамраас л цус гарч байна ш дээ” гээд миний нуруу, гар, хөл рүү өшиглөөд байсан.Тэгээд би хэвтэж байсан газраасаа босож зугтаагаад нэг танихгүй айлд очоод “намайг авраарай” гэсэн чинь нэг ах гэрээс гарч ирээд “та нар өөрсдөө учраа олохгүй юу" гээд байсан. Намайг тэр айлд ороод байж байх үед Отгоо ахын эхнэр Нандиа гэх хүн ирээд “та нар юу болоод байгаа юм бэ” гэсэн. Тэгээд би тэндээсээ Мөнх-Эрдэнэ ахын ногооны талбайн хажууд байрлах гэрт нь очиж өөрийн хувцасыг аваад Хутаг-Өндөр сумын төв орохоор явсан. Намайг Мөнх-Эрдэнэ ахын ногооны талбайн хажуу талын гэрт очоод хувцасаа авч байхад Отгоо ах ирээд “чи хаачих гэж байгаа юм бэ? ахыгаа уучлаарай” гээд байсан. Тэгээд намайг хувцасаа аваад Хутаг-Өндөр сумруу явж байхад Мөнхбаяр гуайн эхнэр таараад намайг гэртээ аваачсан. Тэгээд би Мөнхбаяр ахын гэрт нь очиж хогийг нь ачиж өгчихөөд Мөнх-Эрдэнэ ахынд очиход охин нь байсан. Надаас “...та наад нүд, амаа яачихсан юм бэ? Одоо хаачих гэж байгаа юм бэ?” гэхээр нь ах нь явлаа гэж хэлээд Мөнхбаяр ахын гэрт нь очиж хонохоор явж байхдаа Мөнх-Эрдэнэ ахын эхнэр Баясаа эгчрүү өөрийн утсаар ярьсан чинь Баясаа эгч нүд, амаа яачихсан юм бэ?, манай охин над руу яриад “агаа аймаар болчихсон байна лээ” гээд уйлаад байна гэхээр нь би Баясаа эгчид ногоон дээр байдаг Отгоо ах намайг зодчихлоо гэсэн чинь ямар даварчихсан юм бэ гэсэн. Тэгээд би Мөнхбаяр ахын гэрт нь очиж хоноод маргааш өглөө нь зам тосоод Мөрөнд ирсэн. Намайг Мөрөнд ирсэнээс хойш буюу 2017 оны 6 сарын 06-ны өдрөөс миний баруун талын нүд юм харахаа байсан. Отгоо ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Отгоо ах намайг зоддог өдрөө сум ороод сумын төвөөс буцаж ирэхдээ согтуу ирсэн. Отгоо ахын авчирсан архинаас би 1-2 хундага л уусан, бусдыг нь Отгоо ах эхнэртэйгээ хувааж уусан. Намайг зодох үедээ Отгоо ах нилээн согтуу байсан. Харин би согтуу биш, зүгээр эрүүл байсан. Би өөрт учирсан гэмтлээ гайгүй байх гэж бодоод Цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Одоо би өөрийн нүдийг эмчлүүлэхээр Улаанбаатар хотын "Болор мэлмий" эмнэлэгт үзлэг шинжилгээ, оношилгоо хийлгэсэн 25000 төгрөг, нүдний торлогын мэс заслын хагалгааны 3500000 төгрөг, эмийн үнэ 73730 төгрөг, унааны зардал 195000 төгрөг, нийт 3793700 төгрөгийн гарсан зардлыг болон цаашид нүдээ эмчлүүлэх бүх зардлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 тал/,

Гэрч Ч.Б өгсөн: Миний дүү Ч.Л нь 2017 оны 5 сарын 29-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1-р багт Отгоо гэгчид зодуулан биедээ хүнд гэмтэл авч баруун талын нүд нь харахгүй болсон. Улаанбаатар хотын "Болор мэлмий" эмнэлэгт үзлэг шинжилгээ, оношилгоо хийлгэсэн 25000 төгрөг, нүдний торлогын мэс заслын хагалгаанд 3500000 төгрөг, эмийн үнэ 73730 төгрөг, унааны зардал 195000 төгрөг, нийт 3793700 төгрөгийн зардал гарсан ба цаашид нүдийг нь эмчлүүлэх, хараа оруулах талаархи бүх зардлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Гэрч Х.Б өгсөн өгсөн: Намайг Галсанцэрэн гэх хүний ногооны сахиулаар ажиллаж байхад буюу 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шиг санагдаж байна намайг гэртээ байж байхад гаднаас нэг хүн “амь авраарай” гээд хашгираад байхаар нь би гэрээсээ гартал 20 орчим насны нэг танихгүй залуу нүүр ам нь нил цус болчихсон “ахаа энэ хүн намайг зодоод байна, авраарай” гээд гүйж ирсэн. Тэр залуугийн араас бас нэг танихгүй 30 гаруй насны залуу гүйж ирэхээр нь тэд нарт “та нар өөрсдөө учраа ол" гэж хэлсэн юм. Тэгээд тэр цусаа гоожуулсан залууг нөгөө араас нь хөөж ирсэн арай ахимаг насны залуу нь гараас нь чирээд аваад явсан. Тэр үед надаас гадна Намнан гэж залуу харж байсан. Би бол тэр хүмүүсийн хэнийг нь ч танихгүй юм билээ. Харин сүүлд нь манай хажууд ногоо тарьж байсан Мөнх-Эрдэнэ гэж хүнээс асуухад “ахаа тэр хүмүүс чинь манай ногоон дээр ажиллаж байсан юм. Зодуулсан нь Хөвсгөлийн Мөрөнгийнх, зодсон нь Хөвсгөлийн Тариалан сумынх гэж байсан. Зодсон залуу нь манай Хутаг-Өндөр суманд дугуй засвар ажиллуулдаг Очироогийн хамаатан” гэсэн гэж байсан гэх мэдүүлэг /хх-28-30 тал/,

Гэрч Г.М өгсөн: Би тэр үед нь Хөвсгөлд байсан болохоор яг юу болсныг нь мэдэхгүй байна. 2017 оны 5 сарын 29-ний өдөр Ч.Л манай эхнэр Ж.Баясгалан руу утсаар яриад “хамт ажиллаж байсан Отгоо намайг зодоод хамар амнаас маань цус гартал нүдчихлээ, би одоо буцлаа” гэхэд нь эхнэр маань “цагдаад мэдэгд” гэхэд “та нар байхгүй юм чинь яах юм бэ, би эндээс явлаа” гэж хэлсэн байна лээ. Отгоогийн эхнэр Нандиа урьд нь Хутаг-Өндөр сумын Хонгор багийн "Уулын Баясаа" гэх хүний хүү Тулгаатай амьдарч байсан юм. Тэр үеэс л Нандиаг муухан мэднэ. Хэдэн жил үзэгдэж харагдахгүй байж байгаад өнгөрсөн хавар цагаан сарын үеэс Хутаг-Өндөрт харагдах болсон юм. Тэгээд хавар манайд ирээд “ногоон дээр ажиллая, дүү нь өөр нөхөртэй болсон, манай нөхөр их ажилсаг, ажил байвал хийе” гэж ирэхэд нь “ногоон дээр ажиллавал ажилла” гэсэн юм. Тэгээд 2017 оны 4 сараас эхлэн манайд ажилласан юм. Нандиагийн бүтэн нэрийг Нандинцэцэг гэдэг. Хүмүүс "Агаарын Нандиа" гээд байдаг юм. Агаар гэдэг овог нь байх. Улаантолгойд байдаг л гэж ярьж байсан. Нөхөр гэх Отгоог нь бол огт танихгүй. Бүтэн нэрийг нь ч мэдэхгүй. Насаар 35 орчим насны, 175 см орчим өндөр нуруутай, туранхай, бор царайтай, хар үстэй, онигор нүдтэй, үг дуу цөөтөй, бүрэг маягийн хүн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/,

Гэрч Б.А өгсөн: А.Нандинцэцэг нь Хутаг-Өндөрийн “Хонгор” багийн Б.Баттулга гэж хүнтэй сууж байгаад 2010 оны үед салаад Улаантолгой руу явсан юм. 2017 оны цагаан сарын дараахан Улаантолгойгоос Хутаг-Өндөрт манайд ирэхдээ А.Нандинцэцэг нь "манай нөхөр" гээд Отгоо гэх 35 орчим насны, 175-180 см орчим өндөр нуруутай, туранхай, бор царайтай залуу дагуупж ирсэн. Тэр залуугийн бүтэн нэрийг мэдэхгүй. Хаанахын хүн болохыг нь ч мэдэхгүй. А.Нандинцэцэгийн яриагаар бол Хөвсгөл аймгийн гаралтай, Эрдэнэт хотоор байсан хүн шиг л байсан. А.Нандинцэцэг, Отгоо хоёр Тээл багт Мөнх-Эрдэнэ гэх хүний ногоон дээр ажиллаж байгаад 2017 оны 5 сарын сүүлч, 6 сарын эхээр гэнэт яваад өгсөн байсан. Отгоо “Нандиа бид 2 ер нь бүтэхгүй нь, би хүүхдээ аваад сална” гэж байсан. А.Нандинцэцэг бол надад юм яриагүй. Тэгээд л хоёулаа цуваад Эрдэнэт орно гээд явсан. Түүнээс хойш манай энүүгээр ирээгүй. Сургийг нь сонсвол А.Нандинцэцэг нь хотод нэг жижиг буудалд үйлчлэгч хийж байгаа сураг байсан. Отгоо нь хаана байгааг мэдэхгүй. Ийш тийшээ яваад барилгын ажил олдвол хийдэг, самар жимсэнд явдаг л хүн шиг байна лээ. Хочийг нь Докио гэдэг юм билээ. Өөр надад мэдэх зүйл алга. Би Отгоотой нэг их дотносож танилцаагүй байсан юм мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

Насанд хүрээгүй гэрч М.Н өгсөн: 2017 оны 5 дугаар сарын сүүлээр юм. Яг өдрийг нь санахгүй байна. Манай аав Мөнх-Эрдэнийн ногоон дээр тусалдаг Л ах манай гэрт ирэхдээ нүд, ам нь хөхөрөөд хавдсан байдалтай, Отгоод зодуулчихлаа  гэж  ирсэн. Тэгээд манайхаас өөрийнхөө гар утсыг аваад явсан. Хаашаа явах гэж байгаа талаар асуухад Хөвсгөл рүү явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээж Баясгалан руу залгаад Л ах Отгоо ахад зодуулаад нүд ам нь аймаар болчихсон байна гэж хэлсэн. Дахиж манай гэрт ирээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,

Гэрч Г.Н өгсөн: 2017 оны 5 дугаар сарын сүүлээр шиг санаж байна. Хөдөө ногоон дээр сахиул хийдэг Болд ах дээр очсон чинь цус нь гоожсон хүн ирсэн гэж ярьсан. Би өөрөө тэр залууг хараагүй, зодолдож байхыг нь ч харсан зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

Гэрч Х.С өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 20-ны үед шиг санаж байна. Мөнх-Эрдэнийд ногоо тарихаар ирж ажиллаж байсан Хөвсгөл аймагт ногоо ачдаг ажил хийдэг Лхагваа /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ гэх залуу зодуулчихлаа гэж манай ногооны талбай дээр ирсэн. Нүүрэн хэсэг нь хавдсан нүд нь хөхөрсөн байсан. Аль нүд нь хөхөрсөн байсныг сайн санахгүй байна. Өөр гэмтсэн зүйл харагдаагүй. Миний ойлгосноор хамт ажиллаж байсан залуутайгаа архи уугаад зодуулсан гэсэн. Архи уусан эсэхийг нь мэдээгүй. Согтуу бол байгаагүй. Тэгээд чи энд ингэж зодуулж байж ажиллаад яахав гэж хэлээд Мөнх-Эрдэнийн онгорхой гэр рүү хамт очиж хувцасыг нь аваад Хутаг-Өндөр сумын төв дээр гэртээ авчирч хонуулаад маргааш нь 12 цагийн үед "Петровис" шатахуун түгээх станцын тэнд зам дээр буулгахад Хөвсгөл аймагт байх гэр рүүгээ явлаа гэж байсан. Хөвсгөлийн автобуснууд "Петровис" шатахуун түгээх станцын тэнд зогсдог болохоор гэр рүү харина гээд үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

Гэрч Ж.Б өгсөн: 2017 оны 5 дугаар сарын эхээр миний нөхөр Мөнх-Эрдэнэ Хөвсгөл аймгаас Л гэх залууг ногоон дээрээ ажиллуулах гэж авчирсан. 2017 оны 5 дугаар сарын сүүлээр шиг санаж байна. Манай нөхөр ногоон дээрээ Лхагвасүрэн, Отгончимэд, Нандиа нарыг үлдээгээд Хөвсгөл аймагт ирсэн байхад маргааш нь үдээс хойш миний утас руу Л /утасны дугаарыг нь одоо санахгүй байна/ залгаад Отгончимэдэд зодуулчихлаа, одоо би явах гээд шатахуун түгээх станцын хажууд сууж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “цагдаад очоод хэлчих” гэхэд “яах юм бэ” гээд Хөвсгөл рүүгээ явлаа гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

Гэрч А.Н өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 20-д гаргаад юм, яг өдрийг нь одоо сайн санахгүй байна. Мөнх-Эрдэнэ ахын ногооны талбай дээр хамтран амьдрагч Д.Отгончимэдийн хамт ажиллаж байсан. Тэгэхэд бид хоёртой хамт Хөвсгөлөөс ирсэн Лхагваа /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ гэх залуу хамт ажиллаж байсан. Тэр залуу бид хоёртой хамт 6 хоног байсан. Лхагваа гэх залуу нь манай жаахан хүүхдийг урдуур хойгуур нь явахаар чимхээд, сонин хүүхэд вэ, яасан хачин царайтай юм гэх зэргээр хүүхэд шоглоод байсан. Мөнх-Эрдэнэ ахыг Хөвсгөл рүү явсан хойно Отгончимэд, Лхагваа хоёр мотоциклтой сумын төв рүү явсан. Тухайн үед би хүүхэдтэйгээ хамт луувангийн талбай дээр лууван түүж байсан. Ногооны талбай дээр байхад голын цаад талд хоёр хүн зодолдоод байх шиг байсан. Тэгээд нэг нь зугтаад яваад өгсөн. Тэр хоёр Отгончимэд, Лхагваа хоёр байсныг би Отгончимэдийг ирэхээр нь мэдсэн. О нь архи уусан байсан ба их согтсон зүйл байгаагүй. Маргааш нь Мөнх-Эрдэнэ ахынхаас О бид хоёр мах авах гээд Хутаг-Өндөр сумын төв ороход нөгөө залуу шатахуун түгээх станцын тэнд сууж байсан ба “харихгүй юм уу” гэхэд “Хөвсгөл аймаг руугаа буцлаа” гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ эргээд ногооны талбай руугаа явахад нөгөө залуу сууж л байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харъяа Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №196 тоот

1. Ч.Л биед гэмтлийн гаралтай баруун нүдний хүүхэн харааны өргөсөл, болорын мултрал, торлогийн ховхрол, баруун нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 44 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-2 тал/, гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-ийн 10 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол /хх-ийн 16 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51, 54 тал/, хохирлын баримт /хх-ийн 55 тал/, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 62-74 тал/, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 58, 60 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн 5 хуудас бүхий хохирлын талаархи баримтуудыг судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Д.О нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нэгдүгээр багийн нутагт байрлалтай, Г.Мөнх-Эрдэний эзэмшлийн ногооны талбайд гэрээгээр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ногооны талбайд хамт ажиллаж байсан Б Ч.Л “хүүхэд шоглолоо” гэх шалтгаанаар  зодож түүний биед баруун нүдний хүүхэн харааны өргөсөл, болорын мултрал, торлогийн ховхрол, баруун нүдний хараагүйдэл бүхий хүнд гэмтэл учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч Ч.Л, гэрч Ч.Б, Х.Б, Г.М Б.А, Г.Н, Х.С, Ж.Б, А.Н нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №196 тоот дүгнэлтээр хохирогчийн биед шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.3-т зааснаар  хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон, хэргийн талаар нотлогдвол зохих зүйл нотлогдсон байна.

       Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

        Шүүгдэгч Д.О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Л бие, эрх чөлөөнд нь халдаж цохиж зодсон үйлдэл нь түүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулсан байна. 

         Иймд шүүгдэгч Д.О хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ч.Л нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болон цаашид гарах эмчилгээний зардалд нийт 10 сая төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаж, нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн байна.   

Шүүх хэргийн 55 дугаар талд авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 5 хуудас бүхий хохирлын баримтуудыг үнэлээд “Болор мэлмий” эмнэлгийн мэс заслын төлбөр 3500000₮, Амьдарлын хөгжил эмийн сангаас 2 удаагийн авсан эмийн үнэ /41130+32600/ 73730₮, эмчийн үзлэгийн төлбөр 25000₮, хохирогч Ч.Л эгч Ч.Б хамт эмчилгээнд явсан замын зардалд /32600х5удаа/ 163000₮, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалд /74760+73940/ 148700₮ буюу нийт 3910430 төгрөгийг шүүгдэгч Д.О гаргуулж хохирогч Ч.Л олгож, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн нэхэмжилсэн 10000000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, бага насны хүүхэдтэй  зэрэг хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн хөнгөн торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

             ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Х овогт Д. О хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О оногдуулсан 10000000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг эхний сард 280000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөр, үлдэх 35 /гучин тав/ сард сар бүр 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.О 3910430 /гурван сая есөн зуун арван мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг гаргуулж хохирогч О овогт Ч. Л д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЦЭРЭНХАНД