Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 09

 

Д.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 163/2018/0006/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                               

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   Д.О

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Д.Дарьбазар

           Нарийн бичгийн дарга                              С.Гончигбал нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолтой Д.О-д холбогдох 1715000060054 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч А.Ууганбаярын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ... урьд ял шийтгэлгүй, Х овогт Д-ийн О.

 Шүүгдэгч Д.О нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Ч.Л-г зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Х овогт Д-ийн О-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-ийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэж,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг эхний сард 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөр, үлдэх 35 /гучин тав/ сард сар бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.О-ээс  3910430 /гурван сая есөн зуун арван мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг гаргуулж хохирогч Х ... оршин суух О овогт Ч-ийн Л  олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 Энэ хэрэгт шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч А.Ууганбаяр давж заалдах гомдолдоо:

“... Шүүх хуралдааны явцад улсын яллагчаас Д.О-д хорих ял оногдуулах санал гаргасан ч шүүгдэгч Д.О хохирогчид учруулсан, баримтаар тогтоогдож байгаа 3.910.430 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул түүнд заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж бие даасан саналыг хохирогчтой зөвшилцөн миний бие шүүхэд гаргасан юм. Энэ дагуу шүүх Д.О-д хорих ял бус торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл /2018.01.10-2018.02.01/ 20 гаруй хоногийн хугацаанд Д.О-ээс хохирогч Ч.Л-д учруулсан хохирол төлөх ямар ч санаачлага гаргахгүй байгаагийн дээр хохирогчийн өвчин шаналалд огт санаа зовж холбогдохгүй байгаа явдалд гомдолтой байна. Хохирогч Ч.Л эмчилгээ дутуу хийлгэсэн /зөвхөн торлогийн хагалгаа хийлгэсэн/ цаашид бүрэн эмчилгээ хийлгэх зардал мөнгөгүйн шалтгаанаар гэмтсэн нүд нь байнга үрэвсэж, өвчилж, нуух нулимс гарч шөнө ч унтаж чадахгүй лугшин тарчилж байна. Иймд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.О-д оногдуулсан торгох ялыг хорих ял болгон өөрчилж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “… Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд

   Шүүгдэгч Д.О нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Л-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь “...гэмтлийн гаралтай баруун нүдний хүүхэн харааны өргөсөл, болорын мултрал, торлогийн ховхрол, баруун нүдний хараагүйдэл...” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Д.О “...бид хоёр голын зах дээр очоод мотоциклоос буугаад байж байтал О чи яагаад миний хүүхдийг дээрэлхээд байгаа юм бэ, чи хүний нутагт яваа биз дээ чамайг алчихсан ч яадаг юм бэ гэсэн. Тэгэхээр нь би юу ч хэлэлгүй зогсож байтал О ах миний толгойн орой хэсэг рүү мотоциклийн хамгаалалтын малгайгаар хүчтэй цохиод авсан ... угсруулаад 3-4 удаа цохисон ... нүд рүү өшиглөсөн...“ гэх мэдүүлэг /хх 24/,

гэрч Х.Б-ын “ ... амь авраарай гэхээр нь гартал нэг залуу нүүр ам нь цус болчихсон байсан. Араас нь 30 гаруй насны залуу гүйж ирэхээр нь тэд нарт та нар өөрсдөө учраа ол гэж хэлсэн. Тэгээд тэр цусаа гоожуулсан залууг нөгөө араас нь хөөж ирсэн арай ахимаг насны залуу нь гараас нь чирээд аваад явсан... ” гэх мэдүүлэг /хх 29/,

гэрч А.Н-ийн “... ногооны талбай дээр байхад голын цаад талд хоёр хүн зодолдоод байх шиг байсан..нэг нь зугатаагаад яваад өгсөн..Тэр хоёр бол О Л хоёр байсныг би О ирэхээр нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх 42/,

хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх Булган аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 196 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Д.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 49/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хохирогчийн өмгөөлөгч А.Ууганбаяр нь “…Д.О-ээс хохирогч Ч.Л-д учруулсан хохирол төлөх ямар ч санаачлага гаргахгүй байгаагийн дээр, хохирогчийн өвчин шаналалд огт санаа зовж холбогдохгүй байгаа явдалд гомдолтой байна … торгох ялыг хорих ял болгон өөрчилж шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогч нь дээрх гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болон дээрх гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д заасанчлан Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих бөгөөд энэ талаар шийтгэх тогтоолд дурьдсан байна.

Иймд хохирогчийн өмгөөлөгч А.Ууганбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.О-д оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэхдээ төлөх хэмжээг буруу бичсэн тооцсон байх тул шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, эхний сард 200.000 /хоёр зуун мянга/, үлдсэн 35 сард сар бүр 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн өмгөөлөгч А.Ууганбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Ё.БЯМБАЦЭРЭН                          

              ШҮҮГЧИД                                            С.ЦЭЦЭГМАА

                                                                                                              С.УРАНЧИМЭГ