Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 205/МА2020/00001

 

С.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

 

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч:С.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.*******

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч: Э.*******

Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 419 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие С.******* нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2014 оны 09 сарын 02-ны өдрийн Б/43 дугаартай тушаал гарч жолоочоор ажилд орж байсан. Ажилд орсон цагаас өдийг хүртэл ажлын хариуцлага алдаж байсан удаа байхгүй бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.******* нь намайг байнга ажлаас хална, чамтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэх мэтээр дарамталж ирсэн бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь би уг тушаалын үндэслэх хэсэгт байгаа хуулийн заалт болон Хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчөөгүй буюу албан томилолтоор ажиллах хугацаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 03 дугаартай үндэслэл муутай тогтоол гаргуулж ажлаас халсан.

Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч С.*******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн С.******* нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолоочоор ажиллаж байгаад 2019 оны 05-р сарын 13-ны өдрийн Б/20 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул түүнийг ажлаас чөлөөлсөн.

Иргэн С.******* нь 2019 оны төлөвлөгөөт хяналт шалгалтаар улсын байцаагчдын аюулгүй байдлыг хангаж, жолоочийн албан үүргийг гүйцэтгэж явахдаа буюу урд чиглэлийн сумдаар 2019 оны 03-р сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд Отгон суманд албан томилолтоор ажиллаж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй талаар мэдээлэл байсны дагуу газрын даргын зүгээс хуулийн хүрээнд байгууллагын ёс зүйн зөвлөлд хүсэлт гаргасаны дагуу уг асуудлыг шалгаж 2019 оны 05-р сарын 08-ны өдрийн 02 тоот тогтоолоор тогтоогдсон.

Иймд Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05-р сарын 13-ны өдрийн Б/20 тоот тушаал нь хуульд нийцсэн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ. 

Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Мэргэжлийн хяналтын газарт 3 жил гаруй жолоочийн ажил хийж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга ******* нь ажлаа авсан цагаасаа хойш намайг ажлаасаа гар, ажлаа өг гэж дарамталдаг байсан. Намайг чи ажлаа өг би чамд мөнгө өгье, чи мал дээр гарах уу би чамд мал авах мөнгө өгье гэдэг байсан. Тэгээд Отгон сум руу томилолтоор явж ирсний дараа намайг ажлаас халсан байсан. Тухайн үед Отгон сум руу томилолтоор явж байхад замдаа машин тэрэг цасанд суугаад нилээн оройтож Отгон сум орсон. ******* урьд нь манай байгууллагад ажилладаг байсан. Биднийг очиход орой 21 цагаас хойш ******* та манайд очиж хоол идчихээд надтай хамт ачаа буулгалцаад өгөөч, буцаж ирэхдээ би танай байцаагч нарыг эргэж ирье гээд ирсэн. Тэгээд би *******тай хамт тэднийд очоод хоол унд идчихээд ачаа барааг нь буулгалцчихаад орой эргэж ирээд унтсан. ******* байцаагч нарыг эргэх гэж байгаа гээд нэг тортой юмтай торон дотор нь архи байсан. Ирээд торон доторх архиа задалсан. Би тухайн үед архинаас нь уугаагүй. ******* өөрөө архинаасаа ганц нэг татчихаад ******* хаана байна та *******оогийн /*******/ өрөөнд оруулаад өг эсвэл хоёулаа оръё гэсэн. Тэгэхээр нь би орохгүй одоо *******оо /*******/ унтчихсан байхдаа гээд өрөө рүү нь орсон чинь ******* унтчихсан байхаар нь ширээн дээр тортой зүйлээ тавиад бид хоёр гарч ирсэн. Тэгээд би өрөөндөө орж унтсан. ******* гэр лүүгээ явсан. Ийм л зүйл болсон. Би ажилдаа эргэж орох, ажилгүй байсан хугацааныхаа цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд С.*******ын хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүднээс өмгөөлөгчөөр оролцож байна. *******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь гэрч нарын мэдүүлэг болон өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон гэрч *******ын мэдүүлэг зэргээр тогтоогдохгүй байна гэж үзэж байна. *******ыг яагаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэж үзэж байгаа юм бэ гэхээр Мэргэжлийн хяналтын газраас асуугдсан гэрч нарын мэдүүлэгт *******ыг архи уусан гэдгийг харсан гэрч нэг ч байхгүй. Гэрчүүдийн зарим нь архи үнэртүүлсэн байсан, зарим нь архи бага хэрэглэсэн байх гэж мэдүүлсэн. Эх сурвалжийг зааж байгаа гэрч байхгүй байна. Дараагийн нотлох баримт болох ёс зүйн зөвлөлийн дүгнэлт дээр ******* нь төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны ажилтны ёс зүйн дүрэм журмыг зөрчсөн гэж дүгнэсэн байна. Ёс зүйн зөвлөл тухайн хүнийг ёс зүйн зөрчил гаргасан байна уу, үгүй юу гэдгийг тогтоож дүгнэлт гаргадаг болохоос биш мөрдөн шалгах байгууллага шиг ******* архи уусан нь тогтоогдсон гэж дүгнэлт гаргасан нь *******ыг ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна. *******ыг архи уусан, уугаагүй гэдгийг мэргэжлийн байгууллага тогтооно. Ёс зүйн зөвлөл нь тухайн мэргэжлийн байгууллагын тогтоосон дүгнэлтийг үндэслэж ёс зүйн ноцтой зөрчил гаргасан байна уу, үгүй юу энэ нь ноцтой зөрчил мөн юм уу, үгүй юм уу гэдгийг тогтоож дүгнэлт гаргадаг болохоос биш цагдаагийн байгууллага буюу эрх бүхий байгууллагын хийдэг мөрдөн шалгах ажиллагааг хийх боломжгүй. Ёс зүйн зөвлөл нь дүгнэлт гаргахдаа *******аас тайлбар аваагүй. *******аас тайлбар аваагүй нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байгаа. Мөн *******ыг ёс зүйн зөвлөлийн хуралд оролцуулаагүй. Өөрийн байгууллагын ажилчдын хүрээнээс тайлбар аваад уг хуралд хариуцагч байгууллагын дарга нь оролцоод *******ыг ёс зүйн зөрчил гаргасан гэдэг дээр тогтоё гэсэн нь уг ёс зүйн зөвлөлийн дүгнэлт нь хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. Уг дүгнэлт нь хууль ёсны шаардлага хангахгүй бол нотлох баримтын шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. Тийм учраас Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт үндэслэл муутай байна гэж үзэж байна. Өнөөдрийн шүүх хурал дээр ******* гэрчээр оролцож байгаа. ******* мэдүүлэгтээ *******тай уулзахад архи уугаагүй байсан. Манайд очоод хоол идчихээд архи уугаагүй. Манайхаас гараад байрандаа очоод архи уугаагүй, маргааш нь архи уугаагүй байх гэж ярьж байгаа нь *******ыг архи уугаагүй гэдгийг нь шууд зааж байгаа учраас ******* албан томилолтоор явахдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй байна гэдэг нь нотлогдож байна. Шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан хөдөлмөрийн гэрээн дээр *******ын ажлыг хэвийн ажиллах, мөн ажлын 8 цаг гэж заасан байсан. Хөдөлмөрийн тухай хуульд ажлын 8 цаг гэдэг нь өглөөнөөс орой хүртэл байдаг. Шөнийн цагаар ажиллах боломжгүй. Уг ажлын хэсгийнхэн ажлын цагтаа амжаад Отгон сумд очсон байна. *******ыг архи уусан гэх асуудал орой ажлын цагаар бус амралтын цагаар болсон асуудал байна. Мөн *******ыг ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа архи уусан гэж үзэх боломжгүй байна. Ажлын байран дээрээ архи уусан гэх нь Засгийн газрын тогтоол дээр ажлын байран дээр буюу ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд байгаа боловч хөдөлмөрийн гэрээн дээр ажлын байран дээр архи уувал ноцтой зөрчил гэж тооцно гэж заасан байна. Томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж явсныг ажлын байр гэж үзэх үү, тухайн хүн морь нохой мэт зүтгэх ёстой юм уу, жолоочийн ажил үүргээ гүйцэтгэсний дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэдэг зүйл ярих нь боломжтой юу, гэрч нар *******ыг жолоо барьж байхдаа буюу ажлаа хийж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй. Орой бид нарыг амарсны дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж магадгүй гэсэн. Тийм учраас *******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны Б/20 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг баримталсан атлаа мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 гэсэн заалтыг давхар баримтласан байдаг. Энэ нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байна гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гэж ойлгоно гэдэг заалтыг нь үзэхээр ажилтан зөрчил гаргасан бол дараах гэрээнд заасан сахилгын шийтгэл ногдуулна. Харин доорх ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Гэтэл сахилгын шийтгэл ногдуулаад байгаа юм уу, хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Тиймээс С.*******ын нэхэмжлэлтэй Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, *******ыг ажилд нь эгүүлэн томилуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 05 сарын 13-наас 2019 оны 10 сарын 24-ний өдрийг хүртэлх цалинг гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэжээ.

Анхан шатны шүүх:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Дархчууд овогт *******ийн *******ыг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас С.*******ын ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны олговор 3,308,552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******ад олгожсугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар С.*******ын ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийхийг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас улсын тэмдэгтийн хураамжид 67887 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 425 дугаартай шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* би 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цаг 30 минутад гардан авч, доорх үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ...зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх-ийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2 дахь хэсэгт ...оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д .. мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ, 77.2-т баталгаат шуудангаар, эсвэл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ гэж тус тус заасан байна.

Гэтэл хариуцагч байгууллагын төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэлгүй утсаар мэдэгдсэн гэсэн баримт үйлдэж хэрэгт баримтжуулсан гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлбарлаж хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхээр хангахгүй шийдвэрлэсэн нь буруу байна гэж үзэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн тогтоолыг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай тогтоол гаргаж нэхэмжлэгч С.*******ад гардуулсан. Уг тогтоолыг эс зөвшөөрсөн тохиолдолд түүнийг гардаж авсанаас хойш гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч уг тогтоолыг хүчингүй болгуулах талаар нэхэмлэлийн шаардлага гаргаагүй.

Харин шүүх мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн тогтоол нь хэргийн бодит нөхцөл байдал тулгуулаж гараагүй, үндэслэл муутай байх тул шүүх дээрх тогтоолыг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй гэж дурьдсан нь шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн дүгнэлт хийж шийдсэн нь хөндлөнгийн байх зарчимыг алдагдуулсан.

Мөн жолооч С.******* нь албан томилолтоор ажиллаж явахдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуульд ажлын үргэлжлэх 8 цаг байна гэж заасан ба шөнийн цагаар буюу 22 цагаас амрах хугацаандаа архи хэрэглэснийг ажлын байран дээр архи согтууруулах хэрэглэсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн байна.

Албан томилолтоор сумдад ажиллаж явахад Хөдөлмөрийн тухай хуулийн өдрийн 8 цаг ажиллаад ажлын цаг дууссан гээд архи согтууруулах ундаа хэрэглэх боломжгүй шүүгч өөрийн дотоод итгэлээр уг асуудлыг тайлбарлахдаа хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 425 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 425 дугаартай шүүхийн шийдвэрийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гардан авч доорх үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шүүх шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2 дахь хэсэгт заасан оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д .. мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ, 77.2-т баталгаат шуудангаар, эсвэл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хурлын тов нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон байгаа. Гэтэл надад 14 цаг 20 минутад шүүгчийн туслах Цэрмаа ярьж та шүүх хуралдаандаа ирж байна уу? шүүх хурал эхэлж байна гэж надад хэлсэн. Тухайн үед манай байгууллага дээр Авилгатай тэмцэх газраас шалгалт ирсэн баримт бичиг шалгуулаад байж байсан учраас шүүх хурлын товыг надад албан ёсоор мэдэгдээгүй учраас ямар ч бэлтгэлгүй байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд Мэргэжлийн хяналтын газрын даргадаа орж болсон явдлын талаар хэлэхэд намайг гялс явж очоод орчих гэсэн тэгээд очиход хурал эхэлсэн орох боломжгүй болсон байсан учраас би шүүх хуралдаанд орж чадаагүй. Мөн энэ хүсэлттэй холбогдуулж 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нотлох баримтаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж өгснийг шүүх шийдвэртээ дурдаж өгөөгүй байдаг. Тухайн үед Отгон сумд албан томилолтоор С.******* нь ажиллаж байхдаа ******* гэдэг хүнтэй хамт архи уусан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Энэ байдлыг нотлохын тулд ******* гэдэг хүнтэй манай ажилтан хоорондоо ярьж утсаар дууг нь хурааж авснаа диск-нд буулгаж уг бичлэгт шинжилгээ хийлгэж ******* гэдэг хүн мөн эсэхийг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн болов ч энэ хүсэлтийг шүүх шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт дурдагдаагүй байна. Мөн нотлох баримтаар Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 116 дугаар тэмдэглэл 2 хуудас, мөн мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлд өгсөн Я.аагийн тайлбар, Мэргэжлийн хяналтын газрын даргын байгууллагын ёс зүйн зөвлөлд албан ёсоор гаргасан 04 дүгээр сарын 12-ний өдөр, 04дүгээр сарын 25-ний өдрийн албан тоотууд, мөн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг хэрэгт хавсаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг шийдвэрлээгүй.

Ийм учраас хариуцагч байгууллагын шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж шүүх хуралдааныг хийгээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй гэж үзэж хэргийг дахин анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн хувьд өөрийн гаргасан тайлбартаа шүүх хурлын товыг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө мэдэгдээгүй. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 30 минутад хурал товлосон байхад 14 цаг 20 минутад шүүгчийн туслах Цэрмаа утсаар ярьж хуралдаа ирэх болж байна уу гэж над руу ярьсан гэж тайлбарлаж байна. Эндээс харахад хариуцагч талын эдлэх ёстой хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.2-т заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт хариуцагч талаас гаргасан хүсэлт байдаг түүн дээр үзлэг хийлгэж, шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргасаныг шийдвэрлэх ёстой. Гэтэл огт шийдвэрлэсэн зүйл байхгүй байгаа. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан шүүх хуралдааны бэлтгэл ажлыг шүүгч явуулдаг байгаа. Энэ бэлтгэл ажил дээр шүүх хуралдааныг товлоод 76 дугаар зүйлийн 1.2-т шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх талаар заасан байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар хариуцагч талд мэдэгдэх хуудас өгөөгүй, утсаар ч мэдэгдээгүй байсан. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Энэ тохиолдолд зохигчийн нэг болох хариуцагч талаас шүүх хуралдааны товыг дахин лавлах үүргээ хэрэгжүүлэх боломж байхгүй байсан байгаа. Яагаад гэвэл шүүх хуралдаан хэзээ зарлагдсаныг мэдээгүй тухайн шүүх хуралдаан болох өдөр хариуцагчид 10 минутын өмнө мэдэгдсэн учраас лавлах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл байхгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйл дээр шүүхийн мэдэгдэх хуудас гэж юу юм, шүүхийн мэдэгдэх хуудсыг яаж хүргэх юм, шүүхийн мэдэгдэх хуудсанд ямар агуулгын зүйл байх ёстойг заасан байдаг. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагад шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн бодит хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон. Шүүгчийн туслах нь хариуцагч байгууллагын төлөөлөгчид хэрхэн хурлын товыг мэдэгдсэн талаар тодорхой баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Хурал 14 цаг 30 минутад эхлэх гэж байсан боловч хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Авилгатай тэмцэх газраас шалгалт ирсэн тул тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн учраас тодорхой хугацаанд хүлээсэн байгаа. 1 цаг өнгөрсний дараа хурал орсон юм. Хуралд ороход шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хуралдааны ирцийг танилцуулахдаа хариуцагч байгууллагын төлөөлөгчид хурлын товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй байна гэсэн үндэслэлээр хурал үргэлжилсэн хууль зүйн үндэслэлтэй ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шинжээч томилох, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан байх ба шүүх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Мөн шүүх хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******т 2019 оны 10 дугаар сарын 24-нд болох шүүх хуралдааны товыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн ойлголоо гэсэн хариу өгсөн гэж справка үйлдсэн байх боловч хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь тус өдөр надад мэдэгдээгүй, хурал болох өдөр надад утсаар мэдэгдсэн. Би гэнэт мэдэгдсэн болохоор Авилгалтай тэмцэх газраас шалгалт ирсэн учраас шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн. Тэгээд ирсэн шүүх хурал орчихсон байсан гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд өгчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн агуулгаас харахад зохигч этгээдэд шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ба шаардлагатай тохиолдолд утсаар мэдэгдэж, ийнхүү утсаар мэдэгдсэнээ баримтжуулсан байхаар зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүх хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан боломжит хугацаанд хуульд заасан арга хэрэгслээр мэдэгдсэн байдал тогтоогдоогүй байх бөгөөд ингэснээр хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагч талд шүүх хуралдааны товыг хэзээ, хэрхэн мэдэгдсэнээ баримтжуулаагүй байх ба шүүгчийн туслах амаар мэдэгдсэн ойлголоогэж справка үйлдсэнийг мэдэгдсэн, баримтжуулсан гэж үзэх боломжгүй байна.

Ингэснээр хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдааны бусад оролцогч нарт асуулт тавих, шүүх бүрэлдэхүүн, бусад оролцогчийг татгалзан гаргах зэрэг үндсэн эрхүүдийг ноцтой зөрчсөнөөс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимыг зөрчиж, талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх тус хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байх ба давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагч байгууллагын төлөөлөгч, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр болсон гэж тайлбарлаж, 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн он сартай, шийдвэрийн дугаар зөрүүтэй шүүхийн шийдвэрийг шүүхэд үзүүлсэн болно.

Эндээс дүгнэлт хийхэд анхан шатны шүүх дээрх хэргийг хэдэн оны, хэдэн сарын хэдний өдөр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байх бөгөөд үүнийг зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 419 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР