Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00615

 

*******ын нэхэмжлэлтэй

                      иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 205/МА2020/00016 дугаар магадлалтай, 

*******ын нэхэмжлэлтэй,

*******т холбогдох, 

Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн төлөөлөгч Д.Бямбабаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би *******т 2014 оны 09 сарын 02-ны өдрийн Б/4 дугаартай тушаал гарч жолоочоор ажилд орж байсан. Ажилд орсон цагаас өдийг хүртэл ажлын хариуцлага алдаж байсан удаа байгаагүй. 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би уг тушаалын үндэслэх хэсэгт байгаа хуулийн заалт болон Хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчөөгүй буюу албан томилолтоор ажиллах хугацаандаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 03 дугаартай үндэслэл муутай тогтоол гаргуулж ажлаас халсан. Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолоочоор ажиллаж байгаад 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул түүнийг ажлаас чөлөөлсөн. ******* нь 2019 оны төлөвлөгөөт хяналт шалгалтаар улсын байцаагчдын аюулгүй байдлыг хангаж, жолоочийн албан үүргийг гүйцэтгэж явахдаа буюу урд чиглэлийн сумдаар 2019 оны 03 сарын 19-ний өдрөөс 23-ны өдрүүдэд Отгон суманд албан томилолтоор ажиллаж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй талаар мэдээлэл байсны дагуу газрын даргын зүгээс хуулийн хүрээнд байгууллагын ёс зүйн зөвлөлд хүсэлт гаргасны дагуу уг асуудлыг шалгаж 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 02 тоот тогтоолоор тогтоогдсон. Иймд Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 тоот тушаал нь хуульд нийцсэн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. 

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ыг тус газрын жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 06ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор болох 6.474.494 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 118.542 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 205/МА2020/00016 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбабаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Д.Бямбабаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 205/МА2020/00016тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон Давж заалдах шатны шүүх ******* нь архи уусан нь хангалттай
нотлогдоогүй гэсний хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хавтаст хэрэгт байх 13 гэрч бүгд ******* архи уусан байсан, архи үнэртэж байсан, өөрөө Чөдөрбаттай ачаа буулгаад архи уугаад ирсэн гэдгээ хэлсэн гэж мэдүүлсэн байдаг. ИХШХШТХ-д зааснаар гэрчийн мэдүүлэг нь бичгийн нотлох баримтын адил нотолгооны ач холбогдолтой байдаг.

Гэтэл дээрх шүүхээс хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүйгээр гэрчийн мэдүүлгүүд нь архи уусныг хангалттай нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль бус байна. Мөн Давж заалдах шатны шүүх орой 22 цагаас хойших хугацаа нь хүний амрах орон зай цаг хугацаа бөгөөд энэ хугацааг ажлын байранд хамруулж ойлгох нь ажилтны тухайн үеийн нөхцөл байдлыг хэт дордуулсан гэж тайлбарлахаар байна гэсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажилтныг зөвхөн ажлын байран дээрээ архи уухыг хориглоод зогсохгүй, албан томилолтын үед архи согтууруулах ундаа хэрэглэвэл ноцтой зөрчилд тооцогдохоор зохицуулах байна. Албан томилолтын үед архи уухыг хориглосон нь цагийн хязгаарлалтгүй бөгөөд ерөөсөө албан томилолтын турш ажилтан албан хаагчдад архи уухыг хориглож, албаны бэлэн байдал төрийн албан хаагчийн ёс зүйг сахиулахыг зорьсон чухал зохицуулалт бөгөөд үүнийг талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ, дотоод журамдаа тусгаж оруулж өгсөн байдаг.

Иймд Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

******* нь *******т холбогдуулан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...албан томилолтын явцад албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэж ноцтой зөрчил гаргасан гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Хариуцагч нь 2019.05.13-ны өдөр Б/20 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгч *******ыг жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9, хөдөлмөрийн гэрээний 20.б, байгууллагын ёс зүйн зөвлөлийн 2019.05.08-ны өдрийн 03 тоот тогтоолыг баримталсан байна. 

Зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 20.б-д ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэснийг ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заажээ /хэргийн 4-7 дугаар тал/.

******* албан томилолтоор ажиллаж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.  

Зохигчийн хүсэлтээр шүүх нэр бүхий хүмүүсийг гэрчээр асуусан байх ба тухайн зөрчил гаргасан гэх өдөр нэхэмжлэгч архи уусан эсэх талаарх гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, тушаалд заасан үндэслэл тогтоогдоогүй байна.  

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д заасан зөрчлийг нэхэмжлэгч ******* гаргасан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж шүүх үзжээ.  

Хуулийн дээрх зохицуулалтаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй. 

Нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ тохиолдолд ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр хууль зөрчсөн талаарх шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******ыг хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг дундаж цалингийн хэмжээгээр тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Хоёр шатны шүүх, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй тул гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 205/МА2020/00016 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Бямбабаярын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Б.УНДРАХ 

Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ