Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 205/МА2020/00016

 

С.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Б.Намхайдорж

Шүүгчид: Ж.Баттогтох, Б.Ариунбаяр

 

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч:С.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.*******

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч: Э.*******

Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэн ******* овогт Санжийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие С.******* нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2014 оны 09 сарын 02-ны өдрийн Б/4 дугаартай тушаал гарч жолоочоор ажилд орж байсан. Ажилд орсон цагаас өдийг хүртэл ажлын хариуцлага алдаж байсан удаа байхгүй бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.******* нь намайг байнга ажлаас хална, чамтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэх мэтээр дарамталж ирсэн. 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би уг тушаалын үндэслэх хэсэгт байгаа хуулийн заалт болон Хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчөөгүй буюу албан томилолтоор ажиллах хугацаандаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 03 дугаартай үндэслэл муутай тогтоол гаргуулж ажлаас халсан. Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн С.******* нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолоочоор ажиллаж байгаад 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Иргэн С.******* нь 2019 оны төлөвлөгөөт хяналт шалгалтаар улсын байцаагчдын аюулгүй байдлыг хангаж, жолоочийн албан үүргийг гүйцэтгэж явахдаа буюу урд чиглэлийн сумдаар 2019 оны 03 сарын 19-ний өдрөөс 23-ны өдрүүдэд Отгон суманд албан томилолтоор ажиллаж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй талаар мэдээлэл байсны дагуу газрын даргын зүгээс хуулийн хүрээнд байгууллагын ёс зүйн зөвлөлд хүсэлт гаргасны дагуу уг асуудлыг шалгаж 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 02 тоот тогтоолоор тогтоогдсон. Иймд Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 тоот тушаал нь хуульд нийцсэн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ. 

Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2014 оны 09 сарын 02-ны өдрөөс хойш жолооч хийж байна. ******* дарга ажлаа авсан цагаасаа хойш намайг ажлаасаа гар, ажлаа өг гэж дарамт шахалт үзүүлдэг байсан. Ажлаас халагдахын өмнө хавар би Отгон сум руу томилолтоор явсан. Тухайн үед хаврын улирал байсан болохоор цасанд суугаад нилээн орой буюу орой 21 цагийн үед Отгон сумд очсон. Очоод бид нар хоолоо идчихээд, байцаагч нар өрөө өрөөндөө орж амарцгаасан. Отгон сумд очсны дараа Отгон сумын Мэргэжлийн хяналтын байцаагч байсан ******* гэдэг хүн намайг дэлгүүрийн бараа буулгалцаад өгөөч гэж ирсэн. Тэгээд би *******тай хамт дэлгүүрийн ачааг нь буулгалцчихаад тэднийд хоол идчихээд орой 23 цагийн үед ******* аймгаас ирсэн байцаагч нарыг эргэнэ гээд нэг шил архи, чихэр, боов аваад надтай хамт байцаагч нарын буусан буудалд ирсэн. Гэтэл байцаагч нар унтчихсан байсан. Тэгээд би унтаж амрах гээд өрөөндөө орсон. Тэгээд ******* байцаагч нарыг унтсан байхаар нь Золоог унтсан байна уу гээд өрөөнд нь ортол унтчихсан байсан болохоор авсан зүйлээ өрөөнд нь оруулж тавьчихаад гарсан. Ингэж явснаас хойш би архи уусан гэж хэлмэгдээд ажлаасаа халагдсан. Отгон сум орох замдаа бид нар саадгүй явж хүрсэн, харин наашаа ирэхэд замдаа машины мотор цохьсон. Би өмнө нь машиныхаа моторыг янзлаж байсан. Тэгээд 2 жил яваад эвдэрсэн. Тэгээд бид нар машинаа Цагаанчулуут суманд үлдээчихээд Цагаанчулуут сумын Засаг даргын машинаар ирцгээсэн. Урьд өмнө нь ******* даргатай ажлаар хөдөө, гадаа явахад ******* дарга надтай руль булаацалдах, хажуугаас цохих, үг хэлээр доромжлох байдал гаргаж байсан. Би эдгээр үйлдлүүдийг нь их тэвчдэг байсан. Энэ байдлаас болж би хохирмооргүй байна. Би ажлаас халагдсан хавар эмнэлэгт хэвтэж байсан. Миний нойр булчирхай өвддөг, ходоод дотор муу эмнэлэгт байнга хэвтдэг. Тэгээд намайг эмнэлэгт хэвтэж байхад ажлаас халсан байсан. Би эмнэлгээс гарч ирээд ажлаас халагдсан гэдгээ мэдсэн. Ер нь архи ууж ажлаасаа халагдсан гэдэг хүнд нэр хүнд гэж байдаггүй юм байна лээ. ******* дарга намайг гадуур, дотуур муу хэлж явсан байна лээ. Би энэ бүгдэд маш их гомдолтой байна. Тийм учраас би ажилдаа буцаж орох ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мэргэжлийн хяналтын газрын жолоочоор ажиллаж байсан С.******* нь 2018 оны 03 сард Завхан аймгийн Отгон сумаар албан томилолтоор явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар ярьж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд С.*******ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Яагаад тогтоогдохгүй байна вэ гэхээр ******* өмнөх шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө С.*******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж мэдүүлсэн. Мөн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр С.*******тай хамт явсан байцаагч нарыг гэрчээр асуусан. Гэтэл С.*******ыг *******тай хамт архи уугаад сууж байсныг харсан хүн байхгүй. Мөн зарим гэрч нар архи үнэртэж байсан, зарим нь архи уусан гэсэн байдлаар гэрчийн мэдүүлэг өгсөн байсан. Тухайн үед С.*******ын архи уусан байсан хэдэн бүхэлтэй байсан, ажил үүргээ биелүүлж болох байсан юм уу, болохгүй байсан юм уу гэдгийг хэн ч тогтоогоогүй. Мөн С.******* нь ажил үүргээ гүйцэтгэж явахдаа буюу машинаа унаж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй байна. Энэ талаар гэрч нар мэдүүлэг өгдөг. Мөн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөл дарга Эрдэнэцэцэгийг гэрчээр асуусан мэдүүлэг дээр С.*******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг харсан хүн байхгүй, хамт явж байсан хүмүүсийн дамжмал мэдүүлэгээр С.*******ыг архи уусан гэж үзсэн гэсэн. Тийм учраас энэ нь шууд хамааралтай нотлох баримт биш. Яагаад гэвэл С.*******аас ямархуу байдлаар архи үнэртэж байсан нь тодорхойгүй. Тийм учраас С.*******ыг албан томилолтоор явж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Ёс зүйн зөвлөл нь тухайн ажилтанг ёс зүйн зөрчил гаргасан байна уу, үгүй юу гэдгийг тогтоодог дүгнэлт гаргадаг байгууллага юм. Харин ажилтныг архи уусан эсэхийг тогтоодог байгууллага биш. Гэтэл ёс зүйн зөвлөл нь дүгнэлтдээ С.*******ыг архи уусан гэдэг нь тогтоогдож байна гэж тогтоосон байна. Тийм учраас ёс зүйн зөвлөлийн дүгнэлт дээр С.*******ыг ноцтой зөрчил гаргасан байна гэж дүгнээгүй учраас ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Ёс зүйн зөвлөл дүгнэлт гаргахдаа С.*******ыг *******тай архи уусан гэж үзсэн юм бол яагаад *******аас тайлбар аваагүй юм бэ, мөн хариуцагч байгууллага СД бичлэг гээд яриад байна. Гэтэл тухайн бичлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны Б/20 дугаартай тушаалаар С.*******ыг ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаалын үндэслэл нь эргэлзээтэй, хөдөлмөрийн тухай хуулийн нилээн олон зүйл заалтыг үндэслэсэн байсан. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг үндэслэсэн байж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг давхар үндэслэсэн. Үүнээс үзэхэд С.*******ыг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлөөд байна уу, сахилгын шийтгэл ногдуулаад байна уу гэдэг нь эргэлзээтэй. Уг тушаалын тэргүү болон 1-р заалт дээр ажлаас халах болон сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн байгаа юм. Үүнээс үзэхэд С.*******ад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байна гэж үзэж болно. Хэрвээ уг шийтгэлийг ногдуулж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2д зааснаар сахилгын зөрчлийг илэрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын арга хэмжээ авна гэж заасан байдаг. Нөхцөл байдлыг илэрүүлчихээд 04 сард ёс зүйн зөвлөлд хандсан, 05 сарын 03-нд ажлаас чөлөөлөх сахилгын арга хэмжээ авсан. Үүнээс үзэхэд 1 сарын хугацаа өнгөрсөн байна гэдгийг харж үзээсэй гэж хүсэж байна. Энэ бүгдийг дүгнээд хэлэхэд С.*******ыг албан томилолтоор явж байх хугацаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. С.*******ын архи уусан гэж үзэж байгаа цаг нь шөнийн цаг байна. Гэтэл С.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр ажлын хэвийн нөхцлөөр ажиллахаар заасан байдаг. С.******* нь ажлын цагаар Отгон сумд ирчихсэн байсан, түүнээс хойш албаны машиныг хөдөлгөөгүй. Тийм учраас ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг бодож үзээд 2019 оны 05 сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажлын 223 хоног байна гэж тооцсон. Өмнөх шүүхийн шийдвэр дээр нэг өдрийн цалинг 28.522 төгрөг гэж шийдвэрлэсэн. 223 хоногоо нэг өдрийн цалин болох 28.522 төгрөгтөө үржүүлээд нийт 6.360.406 төгрөгийг С.*******ад олгохоор байна гэж тооцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.  

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэж байна. Гэтэл манай тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөл нь хуульд заасан дүрэм журмын дагуу ажилласан. Үүний дагуу 2019 оны 05 сарын 08-ны өдөр 03 гэсэн дугаартай тогтоол гаргасан. Уг тогтоолыг С.*******ад 2019 оны 05 сарын 09-ны өдөр гардуулсан. Энэ нь талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах эрх С.*******ад байсан боловч тогтоолд ямар нэгэн гомдол гаргаагүй учраас өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын байгууллагын ёс зүйн зөвлөлийн тогтоол хүчин төгөлдөр байгаа эрх зүйн баримт бичиг мөн гэж үзэж байна. С.*******ыг ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахдаа ёс зүйн зөвлөлийн тогтоол болон гэрч нарын мэдүүлгийг үндэслэл болгосон. Хамт явж байсан хүмүүс нь тухайн үед драйгер үнэрлүүлээд согтуурлыг нь шалгаж тогтоох боломж байхгүй байсан. Хамт явж байсан гэрч нарын мэдүүлэг болон тайлбаруудаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ гэж заасан учраас С.*******ыг албан томилолтоор явж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэдэг нь хангалттай нотлогдож гэж үзэж байна. Мөн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай тушаал нь мөн хууль эрх зүйн үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн С.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 20б, байгууллагын дотоод журмын 8.2, 8.9, Засгийн газрын тогтоолуудыг үндэслэл болгон С.*******ыг ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан. Архи согтууруулах ундааны зүйлийг төрийн албан хаагч нь албан томиололтоор болон ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл ажлын болон ажлын бус цагаар хэрэглэсэн нь сахилгын ноцтой зөрчил болно гэж заасан учраас С.*******ыг эдгээр зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлөх сахилгын шийтгэлийг ногдуулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ С.*******ыг архи уугаагүй, архи уусан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэлт гаргачихаад сүүлдээ хэрвээ архи уусан гэж үзвэл гэсэн 2 утгатай зүйл яриад байна. С.*******ыг архи уусан гэж үзээд байгаа юм уу, архи уугаагүй гэж үзээд байгаа юм уу ойлгомжгүй эргэлзээтэй дүгнэлт хэлээд байна. Энэ талаар нэмэлт тайлбар гаргах байх гэж бодож байна гэжээ. 

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 сарын 19-ны өдөр Б/20 дугаартай тушаалаар С.*******ыг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.3 гэсэн зүйл заалтуудыг үндэслэж албан томилолтоор албан үүргээ гүйцэтгэж байх явцад буюу Завхан аймгийн Отгон суманд томилолтоор явж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэж С.*******ыг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээний 20б, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9, байгууллагын ёс зүйн зөвлөлийн тогтоол зэргийг үндэслэсэн. Энэхүү тушаалыг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлтэй гарсан тушаал гэж үзэж байна. Яагаад уг тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна вэ гэхээр хамт явж байсан гэрчүүдийн мэдүүлгээр С.*******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байна. Гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгийн нэг бүрчлэн иш татаж хэлье гэж бодож байна. Гэрч мэдүүлэгтээ С.******* шөнө нь согтуу орж ирсэн гэж зааж хэлсэн байна. Гэрч ******* мэдүүлэгтээ С.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж мэдүүлсэн байдаг. Гэрч о мэдүүлэгтээ С.******* архи үнэртүүлсэн юм шиг байсан. Тэгэхээр нь би чи архи уучихсан юм уу, зүгээр үү гэж асуухад С.******* *******ынд очоод хоол идээд ******* нэг шил архи задлаад тэгээд архи уучихлаа гэж хэлсэн гэж мэдүүлэг өгсөн. Гэрч ******* мэдүүлэгтээ бид шөнийн 12 цаг хүртэл ажилласан, өглөө Отгон сумаас хөдлөх гэж байхад С.*******аас архи ихээр үнэртсэн гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн гишүүн маа тайлбар өгөхдөө С.*******ын бие нь өвдөөд архи уусан байсан гэсэн тайлбар өгсөн байсан. Гэрч мэдүүлэгтээ ******* С.******* нар дэлгүүрийнх нь ачаа буулгасны дараа жаахан архи уусан гэсэн гэж мэдүүлэг өгсөн. Гэрч маа мэдүүлэгтээ *******ынд очиход дэлгүүрийн бараа буулгаад архи уучихсан байсан гэж мэдүүлэг өгсөн. Гэрч мэдүүлэгтээ С.******* архи үнэртүүлчихсэн сууж байсан гэсэн мэдүүлэг өгсөн. С.*******тай хамт явж байсан бүх гэрч нар архи үнэртүүлсэн, архи уусан байсан гэж мэдүүлэг өсгөн байна. Гэрч нарын мэдүүлгийг хаа хамаагүй хүмүүсээс авсан мэдүүлэг гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг дамжмал яриа биш. С.*******тай хамт явж байсан хүмүүс С.*******ыг архи уусан талаар нүдээр харж чихээр сонссон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-р зүйл, 43 дугаар зүйлд зааснаар гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтын нэгэн адил хүчин төгөлдөр нотолгооны хэрэгсэл болно гэж заасан байдаг. Эдгээр гэрчүүдээс мэдүүлэг авахдаа шүүгч хууль сануулж байж гэрчийн мэдүүлэг авсан. Эдгээр гэрчүүдийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч С.*******ыг томилолтоор явж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж ганцхан ******* гэрчээр асуугдахдаа мэдүүлсэн. Гэтэл Мэргэжлийн хяналтын газраас гаргаж өгсөн СД бичлэг дээр ******* С.*******тай хамт архи уусан талаараа ярьсан байдаг. Уг СД бичлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй хэдий ч шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч С.******* нь өөрөө уг СД бичлэг дээрх хүний дуу хоолойг *******ын дуу хоолой мөн байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл дээр тодорхой тусгагдсан байх гэж бодож байна. Яагаад вэ гэхээр энэ нь шүүх хурадлдааны үед гаргасан нэхэмжлэгчийн тайлбар гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.******* нь СД бичлэг дээрх яриаг хүлээн зөвшөөрөөд СД дээр бичигдсэн хүний дуу хоолой *******ын дуу хоолой мөн байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. СД бичлэг өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй ч гэсэн нэхэмжлэгч өөрөө чухал нотолгооны ач холбогдол бүхий тайлбар гаргасан гэж үзэж байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч С.*******ын үндэслээд байгаа гэрч *******ын мэдүүлэг эргэлзээтэй байна. С.******* хамт явсан байцаагч нартайгаа хувийн таарамжгүй харилцаа байхгүй, өс хонзон байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр эдгээр гэрч нар хамт явсан нэгнийхээ талаар яах гэж худал мэдүүлэг өгөх вэ, харин хамт архи уучихаад үүнийгээ нуугаад байгаа *******ын мэдүүлэг эргэлзээтэй байна. Үүнийг шүүх харж үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар хамт явж байгаа нэгнийгээ драйгер үлээлгээд согтуурлыг нь шалгах ямар боломж байхгүй. Албан томилолтоор явсан байцаагч нар үзсэн харсан зүйлээ хэлсэн. Үүнийг нь байгууллагын ёс зүйн зөвлөл хамт явсан хүмүүсийн мэдүүлэг дээр үндэслээд дүгнэлт гаргасан. Ийм учраас би Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэлтэй дүгнэлт байна гэж үзэж байна. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа хэлсэн. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг С.******* гардаж авчихаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа шүүхэд гомдол гаргаагүй гэж тайлбарласан. С.******* ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг гардаж авчихаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа гомдол гаргаагүй учраас үүнийг хүчин төгөлдөр дүгнэлт гэж үзнэ. Мөн ёс зүйн зөрчлийг илэрүүлсэн хугацааны талаар ярьж байгаа. Байгууллагын ёс зүйн зөвлөл байгууллагын даргаас гомдол хүлээж авсан цагаас л зөрчлийг мэдсэн хугацаа эхлэж байгаа. Зөрчлийг илэрүүлнэ гэдэг нь хүлээж авсан мэдэгдэл үнэн зөв гэсэн нь баттай тогтоогоод хариуцлага тооцох боломжтой цаг хугацаа үүсэн үеэс хэлээд үнэн худал эсэхийг нь тогтоосны үндсэн дээр илэрүүлэх хугацаа эхлэдэг. Мөн байгууллагын ёс зүйн зөвлөл даргаасаа мэдээлэл хүлээж аваад ёс зүйн зөрчлийг 14 хоногоор сунгаж шийдвэрлэсэн. Энэ талаар төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмэн дээр заасан байгаа. 2019 оны 05 сарын 08-ны өдөр С.*******ыг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан байна гэдэг нь тогтоогдсон учраас ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан. Мөн С.*******ын эсрэг 10 хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Шүүх үүнийг үнэлэж үзээчээ гэж хэлмээр байна. Гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудын нэгэн адил хүчин чадалтай. Бичмэл нотлох баримт нь арай дээгүүр өндөр хүчин чадалтай гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Мөн улс орон даяар халдварт өвчин гарсантай холбогдуулж төсвийн байгууллагуудын цалингаас бусад бүх санхүүжилтийг татсан. Төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд тэгээд хариуцлагаас мултраад төрөөс 10, 20 сая төгрөг гаргуулана гэсэн ойлголт байж болохгүй. Энэ нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Шүүх эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.*******ыг тус газрын жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нэхэмжлэгч С.*******ын ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 06ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор болох 6.474.494 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******ад олгосугай.

3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 118.542 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* би 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1500 цагт гардаг авч, дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Б/20 дугаартай тушаалаар С.*******ыг ажлаас чөлөөлсөн. Уг тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.3 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 20б, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9 дэх заалт болон ёс зүйн зөвлөлийн тогтоол зэргийг үндэслэж албан томилолтоор албан үүргээ гүйцэтгэж байх явцад буюу Завхан аймгийн Отгон суманд томилолтоор явж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэж ажлаас чөлөөлсөн.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... тухайлан заасан ноцтой зөрчилд тооцохоор заасан байгаа хэдий ч ажилтан С.******* архи сонтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн энэ үйл баримт хангалттай нотлогдохгүй байна. ... ёс зүйн зөвлөл С.*******ын архи согтууруулах ундааны зүйл уусан эсэх асуудлыг шалгаж тогтоохдоо ямар нэгэн цагдаа, хуулийн байгууллага болон эрүүл мэндийн байгууллагаар албан ёсны дүгнэлтийг үндэслээгүй, дүгнэлт гаргуулаагүй, зөвхөн цуг явсан байцаагч нарын мэдүүлэг, хамт олны хурлын тэмдэглэлийг үндэслэн С.*******ыг архи уусан гэж тогтоосон нь учир дутагдалтай гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 43 дугаар зүйлд зааснаар гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтын нэгэн адил хүчин төгөлдөр нотолгооны хэрэгсэл болно гэж заасан байдаг. Мөн гэрчүүдээс мэдүүлэг авахдаа шүүгч хууль сануулж авсан тул гэрчүүдийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй гэрчүүл нүдээрээ харж, чихээрээ сонссон асуудлыг ярьсан энд ямар нэгэн дамжмал мэдүүлэг огт яриагүй байна.

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудлыг шалгахдаа заавал шүүхийн дүгнэж байгаа шиг эрх бүхий байгууллага болох цагдаа, хуулийн байгууллага болон эрүүл мэндийн байгууллагаар албан ёсны дүгнэлт гаргуулах ёстой гэсэн хуулийн зүйл заалт байхгүй. Тухайн асуудлыг ёс зүйн зөвлөл шалгахад уг асуудал нь 2 сарын өмнөх асуудал байсан учир гэрчүүдийн мэдүүлэгээс өөр нотлох баримт бүрдүүлэх боломжгүй. Хамт явсан улсын байцаагчид нэгнийгээ үлээлгээд согтуурлыг шалгуулах боломж байхгүй. Тэр хүмүүс ярианы утга нэг С.*******ыг архи уусан байсан талаар харсан, болсон асуудлыг д ярьсан түүнийг ёс зүйн зөвлөл үнэлж дүгнэж дүгнэлтээ гаргасан.

Ийм учраас Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан эрх зүйн ач холбогдол бүхий баримт мөн. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах эрхтэй байсан боловч нэхэмжлэгч тогтоолд гомдол гаргаагүй болно.

Байгууллагын зүгээс нотлох баримтаар ******* С.*******тай хамт архи уусан талаараа ярьсан яриаг хурааж СД бичлэгийг шүүхэд гаргаж өгсөн боловч нотлох баримтны шаардлага хангахгүй гэж үзсэн нотлох баримтаар үнэлээгүй хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгч уг СД бичлэг дээрх хүний дуу хоолойг *******ын дуу хоолой мөн байна үэдгийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн уг тайлбар нь нотолгооны ая холбогдолтой тайлбар гэж үзэж байна.

Иймд гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлж дүгнэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мэргэжлийн хяналтын газрын жолооч С.******* нь 2019 оны 03 дугаар сарын 19-нөөс 22-ны өдрийн хооронд урд чиглэлийн сумууд болох Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон сумуудад албан томилолттой яваж байхдаа Отгон сум дээр очих үедээ архи согтууруулах ундааны зүйл уусан байж болзошгүй талаар мэдээлэл 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ирсэн. Энэ асуудлыг шалгаж хариу мэдэгдэх талаар Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 06\179 албан бичгийг байгууллагын ёс зүйн зөвлөлд өгсөн байдаг. Үүний дагуу ёс зүйн зөвлөл 2019 оны 4 дүгээр сарын 25- ны өдөр даргаас ирсэн хүсэлтийг шийдвэрлэхийн дагуу ёс зүйн зөвлөл нь гэрчүүдийн мэдүүлгийг 4 дүгээр сарын 22- ны өдөр авах ёстой байсан ч манай улсын байцаагч нар хойд сумдаар явах ёстой байсан учраас явсан. Ийм учраас төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ёс зүйн зөрчлийн 5.3-т заасны дагуу уг шалгах ажиллагааг 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 9-ны хооронд 14 хоногийн хугацаатай сунгасан байгаа юм. Ёс зүйн зөвлөл С.*******ад ёс зүйн зөвлөлийн хурал орох талаар мэдэгдсэн боловч эмнэлэгт хэвтэж байна, биеийн байдал муу байгаа учир ёс зүйн зөвлөлд тайлбар бичиж өгье гээд 4 дүгээр сарын 30-ны өдөр тайлбар бичиж өгөөд энэ тайлбарыг үндэслэн 5 дугаар сарын 8-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөл хурлаар энэ асуудлыг шийдвэрлэсэн байдаг. 5 дугаар сарын 8-ны өдрийн 04 тоот хурлын тэмдэгт ёс зүйн зөвлөл уг асуудлыг шалган тогтоохдоо 3 сар тогтоох байтал сар гарны асуудал байсан нөхцөл байдал дээр шалган тогтоох боломжгүй хамт явж байсан гэрчүүдээс мэдүүлэг авч шалган тогтоох боломжтой байсан. Хамт явж байсан улсын байцаагчдаас гэрчийн мэдүүлэг авахад С.******* нь архи уусан байсан гэдэг нэг утга санаа бүхий өөрсдийн харсан байдлаа мэдүүлсэн байдаг. Үүний үндсэнд Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн тогтоол гарсан байдаг. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.3 энэ дүрмийн 2.1.3 заасан ёс зүйн дүрмийн хэм хэмжээний хүрээнд 3.1.4в заасан албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж байхдаа тогтоогдсон гэдэг тогтоол гаргаад тогтоолыг 2019 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 13:45 цагт ёс зүйн зөвлөлийн гишүүн Н.о гардуулсан байдаг. Энэ тогтоолын дагуу 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй. Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Б/20 дугаартай тушаалаар С.*******ыг ажлаас чөлөөлсөн. Уг тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.3 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 20б, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9 дэх заалт болон ёс зүйн зөвлөлийн тогтоол зэргийг үндэслэж албан томилолтоор албан үүргээ гүйцэтгэж байх явцад буюу Завхан аймгийн Отгон суманд томилолтоор явж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.  

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах болсон гол үндэслэл нь нэхэмжлэгч С.*******ыг архи уусан гэдэг нь тогтоогдоогүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг хүн энгийн нүдээр хараад мэдэхгүй. Тийм учраас ямар нэгэн цагдаа, хуулийн байгууллага болон эрүүл мэндийн байгууллагын албан ёсны дүгнэлтийг үндэслэх шаардлагагүй. Зөвхөн гэрч нарын мэдүүлэг нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй гэж хууль бус шийдвэр гаргасан. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 43 дугаар зүйлд зааснаар гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтын нэгэн адил хүчин төгөлдөр нотолгооны хэрэгсэл болно гэж заасан байдаг. Мөн гэрчүүдээс мэдүүлэг авахдаа шүүгч хууль сануулж авсан тул гэрчүүдийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй гэрчүүд нүдээрээ харж, чихээрээ сонссон асуудлыг ярьсан, энд ямар нэгэн дамжмал мэдүүлэг огт яриагүй байна.

Анхан шатны шүүх зөвхөн гэрчийн мэдүүлгээр архи согтууруулах ундаа хэрэглэснийг тогтоогоогүй. Нийт 13 гэрч нарын мэдүүлэг байгаа, тэдний мэдүүлэг агуулгын хувьд ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй байгаа.

Тухайлбал: Хавтаст хэрэгт авагдсан гэрч о, маа, , маа гэдэг хүмүүсийн мэдүүлгийн агуулгаас нь харахад С.******* нь архи уусан гэдгээ гэрч нарт хэлсэн байдаг. , гэх хүмүүс согтуу орж ирснийг нь харсан байдаг. Нийт 13 гэрчээс нэг ч гэрч архи уугаагүй, эсвэл мэдэхгүй гэж хэлсэн хүмүүс байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг дээр ...С.******* нь архи согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг ёс зүйн зөвлөл нь шалгаж цагдаа хуулийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй. Гэтэл хөдөө албан томилолтын үед архи уусныг байгууллагын дарга нь томилолтоор ирснээс нь хойш мэдээд дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд энэ гомдлыг шалгах талаар ёс зүйн зөвлөлд шилжүүлсний дараа олон хоног өнгөрсний дараа С.*******ыг архи уусан эсэхийг нөхөж шинжилгээ авахуулах драгер үлээлгэх ямар ч боломж байхгүй. Гэтэл хууль хэрэглэж дүгнэлт гаргахдаа бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт гаргасан байгаа. Мөн шүүгч тухайн газар дээр нь хэсгийн байцаагч, цагдааг дуудаж архи уусан эсэхийг шалгуулж болох байсан гэж тайлбарладаг. Гэтэл тухайн үед улсын байцаагч нар С.*******тай хамт албан томилолтоор явж байсан. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор арга хэмжээ авна гэсэн байдаг. Сахилгын зөрчлийг илрүүлсэн хугацаа гэж хуульд зааж өгөөгүй, тайлбар байдаггүй. Монгол хэлний толь бичигт илрүүлсэн хугацаа гэдэг нь хэргийн учир холбогдлыг тайлах эзэн холбогдогчийг олох гэж тайлбарласан байдаг. Үүнээс юу гэж харагдаж байгаа вэ? гэвэл шууд дарга 1 байцаагч нь орж ирээд С.*******ыг архи уусан гэж хэлэхэд илрүүлсэн гэж ойлгож болохгүй. Нэхэмжлэгч С.*******ын хувьд хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд албан томилолтоор явахдаа архи уухыг хориглосон байдаг. Тийм учраас давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв. 

Нэхэмжлэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 03 дугаар сарын 19-нд Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хамт аймгийн урьд талын сумуудаар томилолтоор явсан юм. Отгон сумд 2019 оны 03 дугаар сарын 21-ний орой орсон. ******* гэх Отгон сумын байцаагч залуу ирсэн, тэгээд байж байтал ******* шөнө Улаанбаатар хотоос дэлгүүрийн бараа ирсэн тул та хамжаад зөөлцөөд өгөөч гэж гуйхад нь би тусалсан юм. Тэгээд зөөж дууссаны дараа ******* замаасаа 1 шил архи чихэр авч байцаагч нарын өрөөнд оруулж тавьсан. Миний хувьд ажлаас халагдаад 1 жил гаран болж байна. Энэ хугацаанд ам бүл 5-уулаа амьдардаг амьдрал хэцүү байна. Мэргэжлийн хяналтын газрын дарга нь намайг ажилд орсон цагаас хойш ы гөлөг, гэж намайг элдэв, янзаар дормжилдог байсан гэв..

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлгийн хувьд хамт явсан хүмүүс С.*******аас архи үнэртсэн, агсам согтуу тавиагүй, архи уусан байх гэж зөрүүтэй байдлаар мэдүүлдэг. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гэж байгаа. Энэ нь захиргааны акт биш энэхүү дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ёс зүйн зөвлөлд гаргасан болов ч ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хэвээр үлдээсэн. Акт биш учраас Захиргааны хэргийн шүүхэд хандах боломжгүй. Ёс зүйн зөвлөл нь өөрөө архи ууссан эсэхийг тогтоох үндэслэл байхгүй харин тогтоогдсон тохиолдолд ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэлт гаргах ёстой байсан. Гэтэл архи уусан зүйл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ. 

Ажил олгогч нь 2019 оны 05 дугаар сарын 13-н ы өдрийн Б/20 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, Засгийн газрын 258 дугаар тогтоолын 1.7 дугаар зүйлийн 8.2, 8.9, дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журам-ын 8 дугаар зүйлийн 8.2, 8.9, дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 20.б дэх заалт, Байгууллагын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03 тоот тогтоолыг тус тус үндэслэн жолооч С.*******ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн байна. 

Тушаалын үндэслэлээ С.******* нь албан томилолтын явцад албан үүргээ гүйцэтгэж байхдаа Отгон суманд согтууруулах ундаа хэрэглэн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03 тоот тогтоолоор тогтоогдсон тул тус газрын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Ажил олгогч нь С.******* нь архи уусан гэсэн мэдээллийн дагуу нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулснаар тухайн байгууллагын ёс зүйн зөвлөл 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр С.******* нь албан томилолтоор ажиллах хугацаандаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж, тогтоол гаргажээ. 

С.******* нь тухайн орой 10 цагийн үед иргэн *******ын дэлгүүрийн бараа буулгаж өгөхөөр хамт яваад шөнийн 11-12 цагийн үед байрандаа ирэхдээ архи үнэртүүлсэн байсан, архи уусан байдалтай орж ирсэн гэх зарим тайлбарт үндэслэн С.*******ыг албан томилолтоор ажиллах хугацаандаа *******тай архи согтууруулах ундаа хэрэглэсэн ёс зүйн зөрчил гаргасан гэж шууд дүгнэсэн ёс зүйн хорооны дүгнэлтийг ажилтаны эрх зүйн байдлыг хэтэрхий дордуулсан үндэслэл муутай дүгнэлт гэж үзэхээр байна. 

Өөрөөр хэлбэл, С.******* нь 11-12 цагийн үед архи үнэртүүлсэн байсан, архи уусан юм шиг байсан гэсэн хамт явсан хүмүүсийн зарим тайлбар нь ажлын байран дээр архи хэрэглэсэн гэсэн хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасаныг хангалттай нотлохгүй нөгөө талаар шөнийн 22 цагаас хойших хугацаа нь хүний амрах, хувийн орон зай хугацаа бөгөөд энэ хугацааг, ажлын байранд хамааруулж ойлгох нь ажилтаны тухайн үеийн нөхцөл байдлыг хэт доруулсан гэж тайлбарлахаар байна. 

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар С.******* нь 11-12 цагийн үед орж ирсэн, тэгээд унтаад өгсөн, амарсан гэх ба С.******* нь бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг ноцтой зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Иймд ажил олгогч нь С.*******ыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас чөлөөлсөн нь ажилтаны хөдөлмөрлөх эрх ашгийг зөрчсөн, шударга ёсны зарчимд нийцээгүй байна. 

Хэрвээ ажил олгогч С.******* нь албан томилолтоор явахдаа архи согтууруулах ундаа үнэртүүлсэн, уусан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд зөрчил гаргагчийн хувийн байдал, зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон хуульд заасан сахилгын хариуцлагыг сонгож оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзнэ. 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна. 

Харин анхан шатны шүүх ёс зүйн зөвлөл нь С.*******ын архи согтууруулах ундааны зүйл уусан эсэх асуудлыг шалган тогтоохдоо ямар нэгэн цагдаа хуулийн байгууллага болон эрүүл мэндийн байгууллагаар албан ёсны дүгнэлтийг үндэслээгүй, гаргуулаагүй, нөгөөтэйгүүр байцаагч нараас хэзээ, хэн гэдэг ямар албан тушаалтан гэрчийн мэдүүлэг авсан болох, байцаагч нарт хууль сануулж сануулсан эсэх нь тодорхойгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь буруу байгааг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд шүүхийн эдгээр дүгнэлт нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөөгүй гэж үзэхээр байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Б.АРИУНБАЯР