Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 336

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Б.Адалбек,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С, түүний өмгөөлөгч Ц.Энхболд,

иргэний хариуцагч Б.Амараа нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас ____ овогт Г-н Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _____ дугаартай, 2 хавтас хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 00 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын 3 дугаар эмнэлгийн урд талын замд 48-59 УБЦ улсын дугаартай Toyota Chaser маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3.а..2 дугаар хавсралт 5.2-д заасан заалтуудыг зөрчсний улмаас явган зорчигч Э.Уыг мөргөж амь насыг хохирсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ:

“...Осол  гарсан өдөр би ээжийгээ эмнэлэгт эргэж очоод найз охиноо гэрт нь хүргэж өгөхөөр явж байсан. Би хот дотор тээврийн хэрэгсэл 60 км цагаас хурдаа хэтрүүлж болохгүй гэдгийг мэддэг байсан болохоор хурд хэтрүүлээгүй явж байсан. 3 дугаар эмнэлгийн урд замд 3 дугаар эгнээгээр явж байхад явган хүний гарцны ойролцоо харанхуй газраас нэг юм гараад ирсэн. Тухайн үед би тор татсан газраас хүн гарч ирлээ гэж бодоогүй. Тэгээд салхины шил хагарсны дараа манай найз охин надад “хүн байна” гэхээр нь би багын зүрх муутай болохоор ухаан самуураад нэг мэдэхэд 21 дүгээр хороололд явж байсан. Тэгээд эгч дээрээ очиж хэлээд итгэхгүй байсан болохоор хэрэг гарсан газар очоод цагдаагийн байгууллагын хүмүүст үнэнээ хэлж тайлбар өгсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С мэдүүлэхдээ:

“...2017 оны 5 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн үед манай ахыг осолд орсон байна гэж мэдэгдсэн. Тухайн үед шүүгдэгч Дамдин машинаа зогсоогоод миний ахыг эмнэлэгт үзүүлсэн бол амьд байх байсан. Орхиж зугтаасанд нь гомдолтой байна. Дамдин оршуулгын зардалд 6.500.000 төгрөг төлсөн. Цаашид би өмгөөлөгчийнхөө хөлсийг нэхэмжилж байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Ды өгсөн:

            “...2017 оны 05 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед би гэрээсээ гараад найз охин Ануужингийн гэрт очиж хонох санаатай Дэнжийн мянгаас 5 шар орох гээд өөрийн эзэмшлийн 48-59УБЦ дугаартай Тоуоtа Сhаsег маркын автомашин жолоодоод Баянгол дүүргийн 5-р хороо нэгдсэн 3-р эмнэлэгийн урд замд 3-р эгнээгээр явж байтал гэнэт юм мөргөх шиг болоод түс тас хийгээд салхины шил хагарсан би тормоосоо гишгээд зогссон чинь миний хажууд сууж байсан Ануужин нүүрээ дараад доошоо тонгойгоод хүн мөргөчих шиг боллоо гэсэн. Би сандраад яах учраа олохгүй нэг мэдсэн чинь 21-р хороололд Ануужингийн эгч Оюунзулын байрны гадаа машинтайгаа очсон байсан. Ануужин эгчийгээ утсаар дуудаж Оюунзул эгч гарч ирээд та хоёр хүн мөргөсөн юм биш үү хэргийн газраа буцаад очохгүй бол болохгүй гээд бид гурав буцаад осол болсон газар Оюунзул эгчийн машинтай очсон. Намайг буцаад ослын газар очиход түргэн тусламж цагдаа ирчихсэн байсан ба миний машинд мөргүүлсэн хүн зам дээр хэвтэж байсан. Би цагдаа дээр очоод би хүн мөргөөд явсан жолооч байна гэдгээ хэлсэн чинь намайг цагдаагийн машинд суулгаад замын цагдаагийн бүрэлдэхүүн ослын газар үзлэг хийгээд намайг замын цагдаагийн газар дээр авч ирсэн. Явган зорчигч ослын газар дээр нас барсан гэдгийг би маргааш өглөө нь мэдсэн. Би явган зорчигчийг хараагүй гэнэт гараад ирсэн. Миний машины гэрлийн гадна тал нь цайраад харанхуй гудамжинд гайгүй тусаад гэрэлтүүлэгтэй машин замаар явахад муу тусдаг байсан. Би 2017 оны 4 сарын сүүлээр хойд хоёр дугуйны накладыг сольсон тормос зүгээр ажилладаг байсан хойд тормос муу ажиллаж байгааг мэдээгүй. Би энэ машиныг 2017 оны 03 сарын 06-ны өдөр худалдаж авснаас хойш оношилгоонд оруулж үзээгүй байсан.

Тухайн үед гадаа харанхуй болсон байсан, замын хойд болон урд талын гэрэлтүүлэг ажиллаж байсан ба замын голд гэрэлтүүлэггүй байсан, зам хуурай байсан. Хөдөлгөөний ачаалал байхгүй хөдөлгөөн сийрэг байсан. Би 40-50 км/ц-ийн хурдтай явж байсан. Би машинаасаа бууж юу болсныг хараагүй. Машинд мөргүүлсэн явган зорчигчид эмнэлгийн тусламж үзүүлээгүй. Би осол гаргаад балмагдаад хамаг бие чангараад цочиролд ороод яах учраа олохгүй нэг мэдсэн машинаа жолоодоод явсан байсан. Хохирлыг барагдуулж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-н 160-161х/,  

 

            Мөрдөн байцаалтад гэрч Э.Мгийн өгсөн:

            “...2017 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн Т.Приус 20 маркийн 06-76 УБХ улсын дугаартай автомашинтай кабиндаа ганцаараа 3-р эмнэлгийн автобусны буудлын орчим замаар зүүнээсээ баруун зүг буюу саппоро талруугаа замын 1-р эгнээгээр явж байтал замын голд нэг хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь шууд 102 руу залгаж замын голд хүн хэвтэж байнаа машинд дайруулсан байж магадгүй байна гэж дуудлага өгсөн. Тэгээд шууд цаашаа гэр рүүгээ харьсан, миний хувьд ослын газар зогссон зүйл байхгүй, хажуугаар нь өнгөрч явахдаа дуудлага өгсөн. Осол аваарыг хараагүй, тэр хүнийг ямар хүн мөргөсөн гэдгийг хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 79х/,

           

            Мөрдөн байцаалтад гэрч С.Агийн өгсөн:

“...2017 оны 05 дугаар сарын 14-ний орой би найз залуу Дамдингийн хамт тэдний гэрт байсан, тэднийд байж байгаад манай гэр рүү явахаар бид 2 түүний машинаар явж байсан, Улсын 3-р эмнэлгийн урд талын зам дээр явж байхад үнэндээ урд талд юу ч харагдаагүй, тэгтэл миний талын цонхны шил хагараад, хүн гараараа тохойлдох шиг болоод шил хагараад л би шоконд орсон, тухайн үед миний талын салхины шил хагарч над руу шил үсэрсэн. Би аймар орилоод “хүн дайрчихлаа” гэхэд Дамдин “юун хүн бэ?” гэж байсан, тэгээд бид 2 явсаар байгаад манай төрсөн эгч Оюунзулын гэрийн үүдэнд ирчихсэн байсан, би эгч рүүгээ гар утсаар залгаж болсон явдлыг хэлэхэд, эгч нөхөртэйгөө гарч ирээд, бид 4 хамт ослын газарт очиход цагдаа, эмнэлэг ирсэн байхаар нь тэнд байсан цагдаад бүх үнэнийг хэлсэн.

Тухайн үед автомашин миний бодлоор 40-50 км цаг хурдтай явсан байхаа, гэхдээ километрийн заалтыг би хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 81-82х/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Оын өгсөн:

“...2017 оны 03 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг өнгөрсөн унтах гээд хэвтэх гэж байхад, манай төрсөн дүү Ануужин нь гар утсаар залгаад “намайг байрныхаа гадаа гараад ирээч” гэсэн, би гараад очиход, Дамдин өөрийн машинаа унаад ирсэн, хажууд нь Ануужин сууж байсан, машины шил хагарсан, урд хэсгээрээ эвдрэлтэй байсан. Тэр 2-той уулзахад, 2-лаа айж сандарсан байсан бөгөөд Ануужин хэлэхдээ “бид 2 машинтайгаа явж байхад урдуур гэнэт хүн гарч ирээд тэр хүнийг мөргөчихлөө, тэгээд зогсолгүй хүрээд ирлээ, та машинаа унаад гараад ирээч, ослын газар руу очьё” гэсэн, тэр 2-ын машиныг үлдээгээд, би өөрийн машинаа асаагаад, хэргийн газар болох Улсын 3-р эмнэлэг рүү өөрийн нөхөр Бүдрагчаа, Дамдин, Ануужин нарын хамт явсан, тэгээд хэргийн газарт ойртож ирэхэд, эмнэлэг, цагдаагийн машинууд ирчихсэн, цагдаа нар хэмжилт, зураг авч байхаар нь би “Дамдинг машинаас бууж, цагдаа нарт очиж, үнэнээ хэлээ гээд буулгасан", тэгээд цагдаа нар Дамдинтай уулзаад, нилээн байж байснаа, машиныг нь манай гэрийн үүднээс ачуулсан. Тухайн үед Дамдин машин барьж явсан гэж хэлсэн, тэгээд ч Ануужин жолооны үнэмлэхтэй боловч машин барьж чадахгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 104х/,

 

Мөрдөн байцаалтад гэрч У.Ны өгсөн:

“...Би тухайн үед улсын 3-р эмнэлгийн урд талд төв замын хажуугийн явган хүний замаар гэртээ харихаар ганцаараа алхаад явж байтал зам дээр хүн хэвтэж байхаар нь санаа зовоод 102, 103-т дуудлага өгсөн. Тэр үед шөнө байсан учраас замаар машин бага явж байсан мөн тэр хавьд хүн цөөхөн явж байсан. Тэр хүн яагаад зам дээр хэвтэж байсныг мэдэхгүй ямар ч байсан санаа зовоод л хуулийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэр хүний ойролцоо машин зогсож байгаагүй харин тэр хүнийг тойроод л машинууд яваад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 106х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 1009 тоот: 

1. Талийгаач Э.Уын цогцост хүзүүний 1-р нугалмын шахагдсан хугарал, 6,7-р нугалмын завсрын хагас салсан хугарал, нугасны эдийн няцрал, цус харвалт, дотор эрхтэнүүдийн доргилт цус хуралт, баруун дунд чөмөгний далд хугарал, толгойн хуйхны дотор гадаргуу дах цус хуралт, дух, баруун нүдний гадна булан, зүүн өвдөгний дотор доод хэсэгт шарх, духны баруун хэсэг, баруун хөмсөг орчмын зөөлөн эдийн няцрал, дух, баруун шанаа, хацар, баруун тохой, шуу, хоёр гарын сарвуу, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой ба нэг цаг хугацаанд үүссэн тул дарааллыг тогтоох боломжгүй, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

  1. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

           4. Талийгаач нь цогцост хүзүүний нугалмын хугарал, нугасны эдийн няцрал, цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ.

           5. Талийгаач нь 2017-05-15-ны 02:10 цагийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 1-2 цаг болсон байжээ гэх дүгнэлт /1-р хх-н 113-114х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 5013 тоот: 

           1. Шинжилгээнд ирүүлсэн “Э.У2015.05.15 вр: Ч.Эрдэмболор” гэсэн хаягтай цусанд 3,0 промилли спиртийн агууламж илэрч байна.

           2. Шээсний дээж ирүүлээгүй тул мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээ хийх боломжгүй байна гэх дүгнэлт /1-р хх-н 116х/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 3248 тоот: 

           1. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлүүд хагарлын зах ирмэг хэсгүүдээрээ өөр хоорондоо нэг бүхэл үүсгэхгүй байна.

           2. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлүүдэд ямар нэгэн бичиг тэмдэглэл, дүрслэл байхгүй тул ямар маркийн автомашины эд ангийн хагархайнууд болохыг тодорхойлох боломжгүй байна.

           3. Шинжилгээнд ирүүлсэн 0 гэж дугаарласан улбар шар хуванцар T.Chaser маркийн 48-59 УБЦ улсын дугаартай автомашины зүүн урд дохионы гэрлийн цацруулагчийн хагархайтай, 1 гэж дугаарласан будагны хэлтэрхий урд бамбайн зүүн талд байрлах будагны хагархайтай тус тус өөр хоорондоо хагарлын зах ирмэг хэсгүүдээрээ нэг бүхлийг үүсгэж байна.

           Бусад эд зүйлүүд нь T.Chaser маркийн 48-59 УБЦ улсын дугаартай автомашины эд ангитай зах ирмэг хэсгээрээ нэг бүхлийг үүсгэхгүй байна гэх дүгнэлт /1-р хх-н 124-127х/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 5545 тоот: 

            Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан будагны хэлтэрхийнүүд нь шинжилгээнд ирүүлсэн T.Chaser маркийн 48-59 УБЦ улсын дугаартай автомашинаас авсан будагны дээжтэй агууламж найрлагаар таарч тохирч байна гэх дүгнэлт /1-р хх-н 128-129х/,

 

           Техникийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот:

           1. Т.Чейзер маркийн 48-59 УБЦ улсын дугаартай автомашины жолооч Ганболд овогтой Дамдин нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ:

           а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;

           Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

           Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурьдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) засварын газарт очно;

           2 дугаар хавсралт 5.2 Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан ("АТҮТ"-ийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хариулт-3);

          

 

2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

 

           б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

           в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;

           г/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно.

           МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

           Явган зорчигч Э овогтой У нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.

           3.9. Явган зорчигчид дор дурьдсан зүйлийг хориглоно:

           г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.       1 дүгээр хариултаар хариулсан. Тус хавтас хэрэгт авагдсан материал дээр үндэслэн

 

 

Жолооч Г.Д нь хурд хэтрүүлсэн эсэхэд техникийн шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна. Техникийн шинжээч нь бодит факт болон нотлогдсон баримт дээр тулгуурлан дүгнэлт гаргадаг гэх дүгнэлт /2-р хх-н 47-48х/

 

Шүүгдэгч Г.Дгийн хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 179/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 168х/

- Сурагчийн хувийн хэргийн хуулбар /1-р хх-н 169-170х/

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-н 171х/

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 172х/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

         Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 00 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын 3 дугаар эмнэлгийн урд талын замд 48-59 УБЦ улсын дугаартай Toyota Chaser маркийн 2 дугаар хавсралт “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” автомашин жолоодож явахдаа явган зорчигч Энхбаяр овогтой Ууганбаатарыг үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй газраар зам хөндлөн гарч явахад нь мөргөж амь насыг нь хохироожээ.

            Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 00 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын 3 дугаар эмнэлгийн урд талын замд 48-59 УБЦ улсын дугаартай Toyota Chaser маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3.а..2 дугаар хавсралт 5.2-д заасан заалтуудыг зөрчсний улмаас явган зорчигч Э.Уыг мөргөж амь насыг хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            гэрч Э.Мгийн “...2017 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн Т.Приус 20 маркийн 06-76 УБХ улсын дугаартай автомашинтай кабиндаа ганцаараа 3-р эмнэлгийн автобусны буудлын орчим замаар зүүнээсээ баруун зүг буюу саппоро талруугаа замын 1-р эгнээгээр явж байтал замын голд нэг хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь шууд 102 руу залгаж замын голд хүн хэвтэж байнаа машинд дайруулсан байж магадгүй байна гэж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

           

            гэрч С.Агийн “...2017 оны 05 дугаар сарын 14-ний орой би найз залуу Дамдингийн хамт ... машинаар явж байсан, ... миний талын цонхны шил хагараад, хүн гараараа тохойлдох шиг болоод шил хагараад л би шоконд орсон, тухайн үед миний талын салхины шил хагарч над руу шил үсэрсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Оын “...2017 оны 03 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг өнгөрсөн унтах гээд хэвтэх гэж байхад, манай төрсөн дүү Ануужин нь гар утсаар залгаад “намайг байрныхаа гадаа гараад ирээч” гэсэн, би гараад очиход, Дамдин өөрийн машинаа унаад ирсэн, хажууд нь Ануужин сууж байсан, машины шил хагарсан, урд хэсгээрээ эвдрэлтэй байсан. Тэр 2-той уулзахад, 2-лаа айж сандарсан байсан бөгөөд Ануужин хэлэхдээ “бид 2 машинтайгаа явж байхад урдуур гэнэт хүн гарч ирээд тэр хүнийг мөргөчихлөө, тэгээд зогсолгүй хүрээд ирлээ, та машинаа унаад гараад ирээч, ослын газар руу очьё гэсэн"...” гэх мэдүүлэг,

 

гэрч У.Ны “...Би тухайн үед улсын 3-р эмнэлгийн урд талд төв замын хажуугийн явган хүний замаар гэртээ харихаар ганцаараа алхаад явж байтал зам дээр хүн хэвтэж байхаар нь санаа зовоод 102, 103-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 1009 тоот, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 5013 тоот, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 3248 тоот, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 5545 тоот, Техникийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот:

1. Т.Чейзер маркийн 48-59 УБЦ улсын дугаартай автомашины жолооч Ганболд овогтой Дамдин нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ:

а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;

Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурьдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) засварын газарт очно;

2 дугаар хавсралт 5.2 Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан ("АТҮТ"-ийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хариулт-3);

2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;

г/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно.

МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлтүүд, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ды хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн шүүгдэгч Г.Ды “...2017 оны 05 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед... Дэнжийн мянгаас 5 шар орох гээд өөрийн эзэмшлийн 48-59УБЦ дугаартай Тоуоtа Сhаsег маркын автомашин жолоодоод Баянгол дүүргийн 5-р хороо нэгдсэн 3-р эмнэлэгийн урд замд 3-р эгнээгээр явж байтал гэнэт юм мөргөх шиг болоод түс тас хийгээд салхины шил хагарсан би тормоосоо гишгээд зогссон чинь миний хажууд сууж байсан Ануужин нүүрээ дараад доошоо тонгойгоод хүн мөргөчих шиг боллоо гэсэн. Би сандраад яах учраа олохгүй нэг мэдсэн чинь 21-р хороололд Ануужингийн эгч Оюунзулын байрны гадаа машинтайгаа очсон байсан. Ануужин эгчийгээ утсаар дуудаж Оюунзул эгч гарч ирээд та хоёр хүн мөргөсөн юм биш үү хэргийн газраа буцаад очохгүй бол болохгүй гээд бид гурав буцаад осол болсон газар Оюунзул эгчийн машинтай очсон. Намайг буцаад ослын газар очиход түргэн тусламж цагдаа ирчихсэн байсан ба миний машинд мөргүүлсэн хүн зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

   Тээврийн прокурорын газраас Г.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Дыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Д нь хүний амь нас хохироосон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөг хохиролд нийт 9,584,385 төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч хохиролд 6,500,000 төгрөг хохиролд төлсөн үлдэгдэл 3,084,385 төгрөгийг нөхөн төлөхөө шүүгдэгч илэрхийлэв. Төлөгдөөгүй үлдсэн 3,084,385 төгрөгийн нотлох баримтуудыг үзэхэд 313,960 төгрөгийн баримт хх-64, 98,970 төгрөгийн баримт хх-66 он, сар, мөнгөн дүн харагдахгүй бүдгэрсэн байх тул хохирол гаргуулахаар тооцоолох боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцон 2,671,455 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулж гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт үлдээж, Г.Д-ы ___ дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч _____ овогт Г-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй Г.Д цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт үлдээж, Г.Д-ы _________ дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-гаас хохирлын 2.671.455 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ