Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 205/МА2020/00028

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

 

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч:Д.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.*******

Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 531 дугаартай шийдвэртэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн иргэн *******ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би 2014 оноос хойш сургулуийн захирлын ажлыг хийж байгаад 2018 оны 09 сарын 21-ний өдрийн Б/66 дугаартай захирамжийн дагуу 2 өдрийн ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн захирамжийг үндэслэлгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргахад Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.30-ны өдрийн 60 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны шүхийн 2019.04.04-ний өдрийн 04 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2020.02.13-ны өдрийн 95 тоот тогтоолуудаар уг захирамжийг үндэслэлгүй гэж үзэж Завхан аймгийн Идэр сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон. 2018.09.21-ний өдрөөс 2020.06.01-ний өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны, хүн амын орлогын албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгал зэргийг нөхөн олгож буруутай этгээдээр дэвтэрт бичилт хийлгэх, цалин, орон нутгийн нэмэгдэл, ажилласан жилийн нэмэгдэл амралтын мөнгө, үр дүнгийн урамшуулал, ур чадвар, зэргийн нэмэгдэл зэргийг бүрэн олгуулж нийт 21.435.555 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа:  Д.******* нь Хөдөлмөрийн хууль зөрчсөн тул Аймгийн засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд албан тушаалаас нь чөлөөлсөн. Хэргийн баримт болох Д.*******гийн Нийгмийн даатгалын дэвтрийн цалингийн бичилтээс үзэхэд 2018 оны 9 дүгээ сарын цалин 738957 төгрөг, 10 дугаар сарын цалин 887.381 төгрөгийг олгосон нь харагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн 9, 10 дугаар саруудын цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үндэслэлгүй байна. Аймгийн Засаг даргын 2020.06.02-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар Д.*******г Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилсон бөгөөд Д.******* нь 06 сарын 29-ний өдөр ажлаа хүлээн авсан байна. Нэхэмжлэлд дурдсан Засгийнгазрын 2019.12.25-ны өдрийн 472 дугаар тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээний дагуу цалин хөлсийг тооцон олгох эрх зүйн үндэслэлгүй байна. Дээрх хугацаанд Д.******* нь ээлжийн амралтаа эдлээгүй тул ээлжийн амралтын мөнгө олгох мөн эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: 

Би аймгийн Засаг даргын 2018 оны 9 сарын 21-ний өдрийн Б/66 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн учраас ажилгүй байсан хугацааныхаа тэтгэмжийг гаргуулахаар нэхэмжилсэн. Иймд 2018 оны 09 дүгээр сард би 3 өдөр ажиллсан учраас 85.783 төгрөгийг нэхэмжилж байгаа, 2018 оны 10 сард ажлын 23 хоног, 2019 оны 01 дүгээр сард ажлын 22 хоног, 2 дугаар сард ажлын 17 хоног, 3 сард ажлын 20 хоног, 4 дүгээр сард ажлын 20 хоног, 5 дугаар сард ажлын 23 хоног, 6 дугаар сард ажлын 20 хоног, 7 дугаар сард ажлын 20 хоног, 8 дугаар сард ажлын 22 хоног, 9 дүгээр сард ажлын 21 хоног, 10 дугаар сарын ажлын 22 хоног, 11 дүгээр сар ажлын 19 хоног, 12 дугаар сард ажлын 21 хоног, 2020 оны 01 дүгээр сард ажлын 22 хоног, 2 дугаар сард ажлын 17 хоног, 3 дугаар сард ажлын 22 хоног, 4 дүгээр сард ажлын 22 хоног, 5 дугаар сард ажлын 21, 6 дугаар сард ажлын 13 хоногуудад цалингүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлага дээрх бичигдсэн мөнгөн дүнгээр үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.******* нь иргэний хэргийн шүүхэд 21.435.558 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлдээ 2018 онд 713.968 төгрөг, 2019 онд 868.860 төгрөг гээд өөр янзаар бичсэн учраас манай тал маргаж байсан. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн 2018 оны 7, 8, 9 саруудын дунджаар цалин хөлсийг нь тогтоогоод ажилгүй байсан хугацааны бүх цалинг олгох боломжтой гэв.

Анхан шатны шүүх:

 

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгч Д.*******гийн ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 19ний өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор болох 16.215.552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож,

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж,

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 239.028 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж,

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг,

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Н.******* миний бие Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэрэгт Д.*******гаар ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 531 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.******* нь 2019 оны 09, 10 дугаар саруудад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль, 2020 оны 01 дүгээр сард мөн дүүргийн Наран дунд сургуульд багшилж байсан бөгөөд энэ саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх лавлагааг гаргуулалгүй ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар хариуцагч байгууллагад даалгасан байна.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1966 дугаартай захирамжаар ...Идэр сумын сургуулийн захирал Д.*******гийн /РД:*******/ 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд өөр ажил эрхэлж байсан болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх лавлагааг гарган ирүүлэх үүргийг Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай. Нотлох баримт ирүүлэхийг даалгасны дагуу Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 294 дугаар албан бичгээр Иргэн Д.******* /РД:*******/ 2019 оны 09, 10 дугаар саруудад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль, 2020 оны 01 дүгээр сард мөн дүүргийн Наран дунд сургуульд тус тус ажиллаж байсан байна гэж захирамжид дурдсан ажиллаж байсан талаарх тодорхойлолтыг ирүүлсэн бөгөөд энэ ажиллаж байсан сарууд болох 2019 оны 09, 10 дугаар сар, 2020 оны 01 дүгээр саруудад нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх лавлагааг гаргаж ирүүлээгүй байна.

Анхан шатны шүүх дээрх лавлагааг гаргаж ирүүлээгүй байхад буюу нотлох баримтын шаардлага хангаагүй баримт болох нь Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс ирүүлсэн баримт бичгийг үнэлсэн, мөн нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй зөвхөн ажил эрхэлж байсан эсэх талаар үнэлсэн байна.

Учир нь нэхэмжлэгч Д.******* нь энэ хугацаанд дээр сургуулиудаас албан тушаалын цалин авч нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн эсэх талаар судлалгүй хариуцагч талд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэсэн заалтын дагуу ажил олгогч болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль болон мөн дүүргийн Наран дунд сургуулиуд нь нийгмийн даатгалын дэвтэрт 2019 оны 10 дугаар сарын бичилтийг 2018 оны 10 дугаар сарын хэсэгт хийсэн, 2019 оны 09 дүгээр сар болон 2020 оны 01 дүгээр сарын нийгмийн даатгалын бичилтийг хийгээгүй нь хууль тогтоомжийг зөрчсөн, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэсэн заалтын дагуу ажил олгогч болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль болон мөн дүүргийн Наран дунд сургуулиуд нь Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийнг төлсөн байх тул эдгээр 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг давхар төлөх эрх зүйн зохицуулалт байхгүй, хуульд нийцэхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 531 дугаартай шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 531 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Д.******* нь 2019 оны 09, 10 дугаар саруудад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль, 2020 оны 01 дүгээр сард мөн дүүргийн Наран дунд сургуульд багшилж байсан бөгөөд энэ саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх лавлагааг гаргуулалгүй. Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 294 дүгээр албан бичгээр иргэн Д.******* нь 2019 оны 09, 10 дугаар саруудад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль, 2020 оны 01 дүгээр сард мөн дүүргийн Наран дунд сургуульд тус тус ажиллаж байсан талаарх тодорхойлолтыг ирүүлсэн. Анхан шатны шүүх дээрх лавлагааг гаргаж ирүүлээгүй байхад буюу нотлох баримтын шаардлага хангаагүй байхад хэргийг үнэлж нэхэмжлэгч Д.******* нь энэ хугацаанд дээрх сургуулиудаас албан тушаалын цалин авч нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн эсэх талаар судлалгүй хариуцагч талд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэсэн заалтын дагуу ажил олгогч болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль болон мөн дүүргийн Наран дунд сургуулиуд нь дээрх 3 сарын нийгмийн даатгал төлсөн баримтаа нийгмийн даатгалын дэвтэрт бичээгүй бөгөөд зөвхөн 1 сар болох 2019 оны 09 дүгээр сарын бичилтийг 2018 оны 09 дүгээр сарын бичилт дээр андуурч байсан бичсэн байдаг. Мөн дээрх 3 сарын хугацаанд нэхэмжлэгч Д.******* нь Наран дунд сургуульд ажиллаж байсан нь нотлогдсон байх тул эдгээр 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг давхар төлөх эрх зүйн зохицуулалт байхгүй тул 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 531 дугаартай шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Идэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ажилгүй байж байгаад 2019 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотын 3 дугаар сургуульд ажилд орсон. Миний хувьд ажлаас үндэслэлгүй халагдсан ажилгүй байх хугацаанд тухайн хүн нь хаана хөдөлмөр эрхлэх нь тухайн хүний эрх учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 531 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн тул 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны олговор 24.413.205 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д.*******г Завхан аймгийн Идэр сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 60 тоот шийдвэр нь Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ...ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстөй тэнцэх олговор олгохоор заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.*******гийн ажилгүй байсан бүх хугацааг зөв тооцож, уг хугацаанд олгох нөхөх олговорыг хэрэгт авагдсан баримтанд тулгуурлан тогтоосон нь Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 531 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ 

Б.АРИУНБАЯР