Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 205/МА2020/00029

 

Ш.******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч:Ш.*******

Г.*******

Хариуцагч нарын өмгөөлөгч: Б.Баярцогт

Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 567 дугаартай шийдвэртэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Д.*******д анх мөнгө зээлүүлэхдээ би сайн таньдаггүй байсан. Анх 2015 онд нэг прадо машин тавиад мөнгө зээлээд авч байсан. Тэгээд тэр машинаа 1 жилийн дараа авч байсан. Д.******* 30.500.000 төгрөгийг 2015 онд зээлж байсан. Тэгээд хүү алдангитайгаа 50.000.000 төгрөг болж байна. Д.******* өнөөдөр өөрөө шүүх хуралд оролцсон бол ярих зүйл их л байна. Д.*******, Ю.******* нараас 50.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Д.******* 23.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 4.000.000 төгрөг, үргэлжлүүлээд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард 500.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 300.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сард 1.700.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 250.000 төгрөг нийт 30.750.000 төгрөгийг авсан. Зээл авсан өдрөөсөө эхлэн сарын 6 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцон зээлийн гэрээ байгуулж зээлийг бэлнээр болон дансаар шилжүүлэн зээлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Д.*******, Ю.******* нар зээлийн төлбөрөө төлөөгүй өнөө хүртэл элдэв шалтаг хэлж аргацаасаар өдийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Мөн энэ хугацаанд хайгч авч өгнө гээд 2.000.000 төгрөг аваад өгөөгүй. Мөнгөө нэхэхээр удахгүй өгнө, санаа зоволтгүй хүү алдангитай нь төлнө гээд яваад байдаг байсан. Сүүлдээ Д.Гантулгын бие нь өвдөж энэ хугацаанд зээлээ төлөх боломжгүй байна хойшлуулж өгөөч гэж гуйсан учраас бид хоёр учир байдлыг нь харж хангалттай хугацаанд хүлээсэн. Гэвч Д.******* бие нь сайжирч ажлаа эргээд хийж байсан боловч зээлсэн мөнгөө өгөхгүй өдий хүрсэн. Энэ хугацанд бид банкнаас удаа дараа зээл авч бас хувь хүнээс мөнгө зээлж хүү төлж байсан бөгөөд энэ байдлаа тухай бүр нь Д.*******д хэлж мөнгөө нэхдэг байсан. Д.******* сүүлдээ утсаа авахгүй болохоор мессеж хүртэл бичдэг байсан. Сүүлдээ гэрээний үүргээ гүйцэтгэх хугацаа хэтэрснийг удаа дараа сануулж зээлээ төлөхийг шаардахаар мөнгөө өгөхгүй шүүх цагдаагаар яв гэж утсаар доромжилж шүүгчийн хажууд намайг муухай үгээр хэлж доромжилж ёс зүйгүй харьцаж байсан. Ийм учраас Д.*******, Ю.******* нараас зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул хэтрүүлсэн хугацааны хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эхлээд Ю.*******д холбогдох зээлийн талаарх тайлбар гаргая. Ю.******* нь Ш.*******, Г.******* нартай зээлийн гэрээ байгуулж зээл аваагүй. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ю.*******гийн данс руу 250.000 төгрөгийг зээл гэж шилжүүлсэн байсан. Ю.******* энэ ямар учиртай мөнгө яагаад миний данс руу орсон юм бэ гэхэд Д.******* хэлэхдээ Г.*******, Ш.******* нар 2015 онд гэртээ халаалт тавихаар 22 ширхэгтэй паниалын паар авсан, дараа нь дахиад нэгийг авсан, тэгээд сүүлд нь халаатаа авахдаа нэмж 3 ширхэгийг аваад нийт 5 ширхэг паар, мөн 2 ширхэг тень авсан гэсэн. Тэгээд Ш.*******, Г.******* нар паарныхаа мөнгийг нь шилжүүлэхдээ Ю.*******гийн данс руу 250.000 төгрөгийг зээл гэж шилжүүлсэн. Үүнийг Ю.******* хүлээн зөвшөөрөхгүй, би Г.*******ээс мөнгө зээлсэн зүйл байхгүй, дараа нь дансны хуулгаа харахад Г.*******ээс 250.000 төгрөгийг зээлүүлэв гэж хийсэн байсан гэсэн. Тийм учраас Ю.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Харин Д.******* Г.*******, Ш.******* нараас мөнгө зээлснээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ зээлийн гэрээний дагуу мөнгө төлөх хугацаа дууссан учраас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Ю.*******гээс 250.000 төгрөг, хариуцагч Д.*******ас 45.380.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.370.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

  2. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1945 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ас 45.380.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 384.850 төгрөг, хариуцагч Ю.*******гээс 250.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 8.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нарт олгохоор,

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Баярцогт давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Б.Баярцогт нь Ш.*******, Г.******* нарын нэхэмжлэлтэй Д.*******, Ю.******* нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 568 дугаартай шийдвэрийг хүлээн авч танилцаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч Д.******* нь Ш.*******тэй 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23.000.000 төгрөгийн 30 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэйгээр зээлсэн зээлийн гэрээ байдаг. Энэ гэрээний эргэн төлөлтийн хугацаа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан. Гэрээнээс харахад Ш.*******ийн шаардах эрх 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үүсч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Гэтэл Ш.******* нь 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Мөн бусад зээлийн хувьд хамгийн сүүлд Г.*******ээс 1.700.000 төгрөгийг буцааж төлөх тодорхой хугацаа заалгүйгээр 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн байдаг. Энэ зээлүүдийн шаардах эрх 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үүсч 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дууссан байдаг.

Гэтэл Ш.*******, Г.******* нар нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байдаг.

Анхан шатны шүүх ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж үндэслэлгүй байна... гэж дүгнэсэн үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 568 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.*******, Ю.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогтын гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Д.******* нь 2015 оны 11 дүгээр сарын 25-нд зээлийн гэрээ байгуулан зээл авсан боловч нэмж зээл хамгийн сүүлд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 7 удаа зээл авсан байдаг. Эхнэр Ю.******* нь 2017 оны 10 дугаар сарын 30-нд 250.000 төгрөгийн зээл авсан байдаг. Хэдийгээр эхний 2 зээлийг бичгээр байгуулж авсан боловч дараагийн зээлүүдийг бид утсаар ярьж тохиролцон амаар гэрээ хийн өмнөх зээл дээрээ нэмж авсан нь Д.*******, Ю.******* нарын данс руу мөнгө шилжүүлснээр нотлогдож байгаа тул үүнийг зээлийн гэрээ үргэлжилсэн гэж үзэж байгаа. Үүнийгээ ч Д.*******, Ю.******* нар тайлбартаа бичсэн байгаа. Мэдээж үүнээс хойш бид өөрсдөө байнга банкнаас болон хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зөндөө зээлж авсан нь хавтаст хэрэгт байгаа банкнуудын зээлийн гэрээ болон хувь хүнтэй байгуулсан гэрээгээр нотлогдоно. Энэ хугацаанд Д.*******, Ю.******* нараас байнга мөнгөө нэхдэг байсан. Тэгэхэд барилгын тендерт авч байгаа удахгүй их мөнгө орж ирнэ нэг мөсөн тооцоо хийнэ. Тооцоод яваад байгаарай л гээд хугацаагаа сунгадаг байсан. Сүүлдээ ******* 2017, 2018 онд бие нь өвдөөд зээлийн хугацааг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Мэдээж хүн бие нь маш муу байхад бид биеэ бод гээд зээлийн хугацааг хойшлуулж байсан. Мөн бие нь сайжирсан боловч мөнгөө нэхэхэд удахгүй өгнө та хоёрын итгэлийг алдахгүй бидэнд итгээрэй гээд баталгаа болгож үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдээ хүртэл эх хувиар нь өгсөн одоо хүртэл манайд байгаа. Хамгийн сүүлд бид 2019 оны 01 дүгээр сарын 04-нд дөрвүүлээ суугаад нийт тооцоогоо нийлээд 95.960.000 төгрөг болсон байсан. Ингээд тухайн үед мөнгөө нэхэхэд одоогоор төлөх боломжгүй Эрдэнэтийн ГОК руу бараа нийлүүлсэн удахгүй орж ирэх байх цаад хугацаа 6 сар болно гээд гэрээ байгуулж гарын үсгээ зурцгаасан. Гэвч хугацаа өнгөрсөн болов ч ******* Улаанбаатар хотод байсаар байсан. Мөнгөө өгнөө л гэдэг байсан. Бид Улаанбаатар руу араас нь явж хөөцөлдөж байж уулзаад тооцоогоо дуусгая гэж бичлэг хүртэл хийж ам өчгийг нь авсан. Гэвч сүүлдээ утсаа авахгүй болохоор нь бид 2019 онд эвлэрүүлэн зуучлах газарт өгсөн боловч ******* ирээгүй. 2020 оны 02 дугаар сарын 03-нд шүүхэд хандсан. Мөн энэ хугацаанд бид байнга мөнгөө нэхдэг тэр болгонд өгнөө удахгүй бүтэх гээд байна гээд тэр болтол хугацаагаа сунгаач гээд бид ч хүсэлтийг нь хүлээж аваад тохиролцоод яваад л байсан. Мэдээж хүнд олон сая төгрөг өгчхөөд нэхэхгүй байна гэж юу байхав дээ. Зээлийн хугацаа дуусаад л үүргээ гүйцэтгэхийг шаардана. Тэгээд өөрснөө хүнд мөнгөө зээлүүлчхээд түүнийгээ нэхэхгүй банканд хүү төлөөд хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлээд яваад байдаг хүн байдаг юм уу. Ийм үндэслэлгүй зүйлээр гомдол гаргаж байгаа нь Д.*******, Ю.******* нарын хувьд дэндүү ичгэвтэр хүний мөсгүй хүнийг луйвардаад залилан хийдэг хүмүүс гэдэг нь ойлгомжтой байна. Эндээс бидний мөнгийг өгөхгүй цаг хугацаа хожих гэсэн санаа явж байна. Мөн энэ хугацаанд эд хөрөнгөө өөр хүний нэр дээр шилжүүлж шүүхийн шийдвэр дээр очиход ямар ч авах юм алга гэсэн байдлаар биднээс авсан мөнгөө төлөхгүй гэсэн санаа явж байгааг үгүйсгэхгүй байна.

Мөн Д.*******, Ю.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогт нь биднээс мөнгө зээлээгүй биднийг тэд нараас хэрхэн хэдэн удаа мөнгөө нэхэж очсоныг зээлийнхээ хугацааг хэрхэн яаж гуйж сунгасныг, мөн маш хүнд өвчтэй хир удаан хугацаанд эмчлүүлж байгааг хараагүй байж өмгөөлөгч хуулийн хүн атлаа бодит байдлыг үнэлэхгүй ёс зүйгүй хандаж, иймэрхүү зальт этгээдүүдэд боломж олгож цаашид олон хүнийг хуурч мэхлэн хохироох нөхцөлийг бүрдүүлж хариуцлагагүй хандаж гомдол гаргаж байгаад харамсаж байна.

Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 568 тоот шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Давж заалдах шатны шүүхэд бид биеэр оролцон дэлгэрэнгүй тайлбар гаргах болно гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Баярцогт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.*******, Д.******* нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Өнөөдрийг хүртэл Ш.*******, Г.******* нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаад яваад байсан. Тэгэхдээ Таван булаг хийморь хоршоо гэсэн нэрээр нэхэмжлэл гаргаад байдаг. Яг Ш.*******, Г.******* гэж нэрээр нэхэмжлэл гаргаагүй байдаг. Зээлийн гэрээ нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 30 хоногийн хугацаатай гэвэл 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс Ш.*******ийн өгсөн зээлийн шаардах эрх нь үүссэн. Зээлийн гэрээ үүссэнээс хойш 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэлийг гаргасан байдаг. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75.2-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жилийн хугацаатай байна гэж хуульчилсан байдаг. Тэгвэл 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацаа нь байсан. Бусад зээл буюу Г.*******ээс хамгийн сүүлд авсан нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр авсан байдаг. 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. Гэтэл анхан шатны шүүх зээлсэн мөнгийг бүгдийг нь гаргуулж, дээрээс нь зээлийн гэрээний алдангийг нэмж тооцож гаргасан байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг үүссэн үеэс эхэлж тоолно гэж заасан байдаг. Шаардах эрх үүссэн үеэс тооцох юм бол хөөн хэлэлцэх дууссан байхад буюу 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж хуульчилсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад алданги тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх Д.******* нь 2015 оны 11 дүгээр сарын 25-нд зээлийн гэрээ байгуулж 23 сая төгрөг зээлж авсан. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 7 удаа зээл авсан байдаг. Эхнэр Ю.******* нь 2017 оны 10 дугаар сарын 30-нд 250.000 төгрөгийн зээл авсан байдаг. Хэдийгээр эхний 2 зээлийг бичгээр байгуулж авсан боловч дараагийн зээлүүдийг бид утсаар ярьж тохиролцон амаар гэрээ хийн өмнөх зээл дээрээ нэмж авсан нь Д.*******, Ю.******* нарын данс руу мөнгө шилжүүлснээр нотлогдож байгаа тул үүнийг зээлийн гэрээ үргэлжилсэн гэж үзэж байгаа. Үүнийгээ ч Д.*******, Ю.******* нар тайлбартаа бичсэн байгаа. Мэдээж үүнээс хойш бид өөрсдөө байнга банкнаас болон хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зөндөө зээлж авсан нь хавтаст хэрэгт байгаа. Энэ хугацаанд Д.*******, Ю.******* нараас байнга мөнгөө нэхдэг байсан. Тэгэхэд барилгын тендерт авч байгаа удахгүй их мөнгө орж ирнэ нэг мөсөн тооцоо хийнэ. Тооцоод яваад байгаарай л гээд хугацаагаа сунгадаг байсан. Сүүлдээ Д.******* 2017, 2018 онд бие нь өвдөөд зээлийн хугацааг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Мэдээж хүн бие нь маш муу байхад бид биеэ бод гээд зээлийн хугацааг хойшлуулж байсан. Мөн бие нь сайжирсан боловч мөнгөө нэхэхэд удахгүй өгнө та хоёрын итгэлийг алдахгүй бидэнд итгээрэй гээд баталгаа болгож үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдээ хүртэл эх хувиар нь өгсөн одоо хүртэл манайд байгаа. Хамгийн сүүлд бид 2019 оны 01 дүгээр сарын 04-нд дөрвүүлээ суугаад нийт тооцоогоо нийлээд 95.960.000 төгрөг болсон байсан. Ингээд тухайн үед мөнгөө нэхэхэд одоогоор төлөх боломжгүй Эрдэнэтийн ГОК руу бараа нийлүүлсэн удахгүй орж ирэх байх цаад хугацаа 6 сар болно гээд гэрээ байгуулж гарын үсгээ зурцгаасан. Гэвч хугацаа өнгөрсөн болов ч ******* Улаанбаатар хотод байсаар байсан. Мөнгөө өгнөө л гэдэг байсан. Бид Улаанбаатар руу араас нь явж хөөцөлдөж байж уулзаад тооцоогоо дуусгая гэж бичлэг хүртэл хийж ам өчгийг нь авсан. Гэвч сүүлдээ утсаа авахгүй болохоор нь бид 2019 онд эвлэрүүлэн зуучлах газарт өгсөн боловч ******* ирээгүй. 2020 оны 02 дугаар сарын 03-нд шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн бодит гарсан гэж үзэж байна. Яагаад гэвэл бүх зүйлийг үнэлээд 45.380.000 төгрөг авахаар тооцсон байгаа. Хариуцагч талаас мөнгөө өгнө л гэж бид хэдэд хэлдэг байсан. Мөн Таван булаг хийморь компанийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон ч уг компанийн үүнийг Ш.******* гэх хүн эзэмшдэг байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ш.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай талаас Д.*******тай хийсэн гэрээний хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нар нь Д.*******, Ю.******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 50.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 45.380.000 төгрөгийг хангаж, үлдэх 4.370.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Хариуцагч Д.*******, Ю.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогт шийдвэрийг эс зөвшөөрч ...Ш.*******тэй 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23.000.000 төгрөг 30 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэйгээр зээлсэн зээлийн гэрээ байдаг. Энэ гэрээний эргэн төлөлтийн хугацаа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан...Ш.*******ийн шаардах эрх 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үүсч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Гэтэл Ш.******* нь 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад ...шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсжээ. 

Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр байгуулагдсан зээлийн гэрээ-гээр зээлдүүлэгч Ш.******* нь зээлдэгч Д.*******д 23.000.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлэхээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцжээ. 

Дараа нь 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 4.000.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1.700.000 төгрөг нийт 9.500.000 төгрөгийг хариуцагч Д.Гантулгын дансанд, хариуцагч Ю.*******гийн дансанд 250.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн өгсөн үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй байна. 

Дээрх байдлаас харахад зээлийн гэрээ 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр байгуулагдсан байгаа хэдий ч талууд амаар тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гэрээ үргэлжилж, түүнийг дагаад гэрээний үүргийг биелүүлэх хугацааг талууд мөн хойшлуулсан гэж үзэхээр байна.  

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх 3 жил байна гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. 76.2-т хуульд өөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ... үеэс үүснэ гэж тус тус заажээ. 

Хэргийн үйл баримтаас харахад зээлдэгч хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөнгө шилжүүлсэн байх бөгөөд энэ үе хүртэл эрх зөрчигдөнө гэдгийг мэдээгүй, мэдэх боломжтой байсан гэж үзэхээргүй байна. 

Өөрөөр хэлбэл, Зээлдэгч зээлийн төлбөрийг бөөнөөр нь хүүтэй төлнө гэж амаар болон бичгээр баталгаа гаргаж байсан нөхцөл байдал харагддаг.  

Иймд нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нарын зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 75, 76, 79 дүгээр зүйлд нийцсэн байна. 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, зохигчдийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна. 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлсэн тул тэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гэрээний үүргийг буцаан шаардах эрхтэй байна.  

Талууд гэрээний хугацаанд төлөх хүү, төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол алданги төлөхөөр гэрээгээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийнэ, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч зээлийн хугацааны хүү, төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алданги нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.  

Шүүх талуудын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу хүү, алданги тооцож, амаар хийгдсэн зээлийн гэрээнд хүү, алданги тооцолгүй нэхэмжлэлийн шаардлагаас 45.380.000 төгрөгийг хангаж, үлдэгдэл 4.370.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь заалтад нийцсэн, шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлжээ. 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь зохицуулалтай хамт үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн үндсэн зохицуулалт болох Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх зохицуулалтыг давхар хэрэглэх, мөн анзын гэрээг бичгээр хийгээгүй, анз төлөхөөр гэрээнд заагаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.7 дахь зохицуулалтыг хэрэглэх нь оновчтой гэж үзэж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 567 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дэх хэсэгт Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.7 дахь хэсэгт зааснаар гэж нэмж, өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Баярцогтын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 заасныг баримтлан хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 387000 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан сайхан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР