Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 205/МА2020/00033

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Б.Намхайдорж Шүүгчид: Ж.Баттогтох, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 585 дугаар шийдвэртэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* манайхаас 3.000.000 төгрөгийг өдөр, өдрөөр нь хүүтэй нь төлөхөөр зээлж авсан. Эхний авсан сардаа мөнгөө хүүтэй нь хийгээд түүнээс хойш өдийг хүртэл нэг ч төгрөг хийгээгүй. Одоо Д.*******гээс зээлийн төлбөрт 2.178.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* шүүхэд хариу тайлбар өгөхдөө тооцооллын алдаа гаргасан байна гэж үзэж байна. Б.*******, Д.******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээний 1 дээр 3.000.000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэйгээр Д.******* зээлсэн. Зээлийн эргэн төлөлт хийгдэж явсаар байгаад 1.630.000 төгрөг төлөгдсөн. 60 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй зээлэхээр нийт 3.240.000 төгрөг төлөхөөр байна. Үүнээс 1.630.000 төгрөгийг хасахаар 1.610.000 төгрөгийг үлдэгдэл үлдсэн. Үлдэгдэл мөнгөө зохих алдангийн хамт төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Тайж овгийн *******ийн ******* /РД:*******/-гээс зээлийн гэрээний төлбөрт 2.178.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Артаа овгийн *******ын ******* /РД:*******/-д олгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49.798 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс 49.798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие *******ийн ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 585 дугаартай шүүхийн шийдвэрийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******оор дамжуулан 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гардан авсан. Шүүхийн шийдвэртэй танилцаад 2.178.000 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс давж заалдах гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянан үнэн бодит байдлыг тогтоож өгнө үү. Энэхүү давж заалдах гомдол гаргасантайгаа холбогдуулан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******оос татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2.178.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.******* шийдвэрийг эс зөвшөөрч ...Би 2.178.000 төгрөг гаргуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэрийг дахин хянаж үнэн бодит байдлыг тогтоож өгөхийг хүсжээ. 

Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бичгээр байгуулагдсан зээлийн гэрээ-гээр зээлдүүлэгч Б.******* нь зээлдэгч Д.*******д 3.000.000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлэхээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцож, Д.*******д мөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй байна. 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна. 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлсэн тул тэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гэрээний үүргийг буцаан шаардах эрхтэй байна.  

Хариуцагч Д.******* зээлийн гэрээний үүргийн төлбөрөөс 1.630.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон, энэ талаар маргаангүй байна. 

Талууд гэрээний хугацаанд төлөх хүү, төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол алданги төлөхөөр гэрээгээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийнэ, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгч зээлийн хугацааны хүү, төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алданги нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.  

Шүүх зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөнд хүү, алданги тооцож, Д.*******гээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 2.218.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь заалтад нийцсэн, шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлжээ. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49798 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Б.АРИУНБАЯР