Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 22

 

                                   

 

 

 

 

 

 

 

       Б.Цэрэнбат, Ц.Лхамсүрэн, Н.Батбаяр нарт

               холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Х.Оюунцэцэг

Нарийн бичгийн дарга                 Б.Байгалмаа  нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн аймгийн прокурорын эсэргүүцлээр Б.Цэрэнбат, Ц.Лхамсүрэн, Н.Батбаяр нарт холбогдох эрүүгийн 2016 1900 0052 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1986 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Нэргүйгийн Батбаяр, /РД:ЗЕ86112012/.

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1977 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 03 дугаар багийн Холбоо гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Цэрэндоржийн Лхамсүрэн,/РД: НГ77031779/.

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь суманд 1983 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн Цэгийн-1-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 59 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Шарынхан овогтой Батсүхийн Цэрэнбат, /РД:ЗЮ83092870/.

 

Шүүгдэгч Н.Батбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ны єдрийн 13-14 цагийн орчим Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг "Хярын хавтгай" гэх газар адуу хөөлөө гэх шалтгаанаар Ц.Идэрбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн  зэргийн гэмтэл, давтан удаагийн үйлдлээр Ц.Идэрбаатарыг өмөөрч ирсэн Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нартай маргалдан зодолдож, бие махбодид тус тус хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбаттай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг "Хярын хавтгай" гэх газар адуу хөөлөө гэх шалтгаанаар Ц.Идэрбаатарыг өмөөрч Н.Батбаярыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны 172 дугаар шийтгэх тогтоолоор:

- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчилж зүйлчилж,

-Шүүгдэгч Боржигон овогт Нэргүйгийн Батбаяр, Боржигон овогт Цэрэндоржийн Лхамсүрэн, Шарынхан овогт Батсүхийн Цэрэнбат нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батбаяр нь хохирогч Ц.Идэрбаатартай сайн дураараа эвлэрсэн тул шүүгдэгч Н.Батбаяр, шүүгдэгч Б.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нар нь хохирогч Н.Батбаяртай сайн дураараа эвлэрсэн тул шүүгдэгч Б.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

-Ялтан Б.Лхамсүрэн, Б.Цэрэнбат, Н.Батбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, мөн бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

-Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн суран ташуур 1 ширхэг, уурганы үзүүр бургас мод 1 ширхэг тус тус устгахыг шүүхийн эд мөрийн комисст даалгаж,

-Шүүгдэгч Б.Лхамсүрэн, Б.Цэрэнбат, Н.Батбаяр нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,  

-Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол,эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Лхамсүрэн, Б.Цэрэнбат, Н.Батбаяр нарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Аймгийн прокурор давж заалдах шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Яллагдагч Н.Батбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13-14 цагийн орчим Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг “Хярын хавтгай” гэх газар адуу хөөлөө гэх шалтгаанаар Ц.Идэрбааатарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл, давтан удаагийн үйлдлээр тухайн өдрийн 15 цагийн орчим Ц.Идэрбаатарыг өмөөрч ирсэн Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нартай маргалдан зодолдож, бие махбодид тус тус хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан...гэвч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ” хэсэгт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нар нь бүлэглэн хохирогч Н.Батбаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батбаярыг гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн нь шүүгдэгч Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нарын гэм буруу, ял шийтгэлийн талаар орхигдуулан дүгнэсэн байна. Мөн ...хохирогч Н.Батбаяр, шүүгдэгч Ц.Лхамсүрэн, Н.Батбаяр нар нь сайн дураараа хоорондоо эвлэрсэн тул гэх хохирогч Н.Батбаярыг өөртэйгээ буюу шүүгдэгч Н.Батбаяртай сайн дураар эвлэрсэн гэж, мөн шийтгэх тогтоолын хохирлын талаар дүгнэхдээ хохирогч, шүүгдэгч Н.Батбаяр, Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нар нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй гэж дүгнээд, хохирогч Ц.Идэрбаатарын гомдол санал, нэхэмжлэх зүйл, гэм хорын талаар тусгалгүй орхигдуулсан, Анхан шатны шүүхээс яллагдагч Б.Цэрэнбатыг Ц.Лхамсүрэнтэй бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Хярын хавтгай гэх газар Ц.Идэрбаатарыг өмөөрөн Н.Батбаярыг зодож, бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзсэн бол Б.Цэрэнбатад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Лхамсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, хэргийг шийдвэрлэх ёстой байсан, Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт шүүгдэгч Н.Батбаяр, Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нарыг бусдын махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч Б.Цэрэнбатыг, шүүгдэгч Ц.Лхамсүрэнтэй бүлэглэн хохирогч Н.Батбаярын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь шүүгдэгч Ц.Лхамсүрэнг бусдын биемахбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ял шийтгэл оногдуулсан байна... ” гэжээ.

Шүүх хуралд оролцсон прокуророос: “...аймгийн прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцоно.Анхан шатны шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Батбаяр, Б.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нарт холбогдох хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгдэгч Н.Батбаяр, Б.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нарт холбогдох хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” 284.2-д “Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ” гэж заасан шаардлагад нийцээгүй байна.

-Хэрэгт авагдсан баримтууд болон хэрэг болсон нөхцөл байдлуудаас үзвэл Төв аймгийн Баян-Өнжүүл сум 1-р багийн нутаг дэвсгэр Хярын хавтгай гэх газар 2016 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр  13 цагийн орчимд Н.Батбаяр нь

-иргэн Ц.Идэрбаатарыг  зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан;

- Мөн өдрийн 15 цагийн үед дүү Ц.Идэрбаатарыг  өмөөрч түүн дээр очсон  Б.Лхамсүрэнтэй маргалдан түүнийг болон хамт явсан Б.Цэрэнбат нарыг зодож, тэдгээрийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлаас үзвэл Н.Батбаяр нь эхлээд Ц.Идэрбаатар, дараа нь дүүгээ өмөөрч очсон Б.Лхамсүрэн Б.Цэрэнбат нарын бие махбодид халдаж, 2 удаагийн үйлдлээр бусдыг зодож бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан байх бөгөөд гэмт хэрэг нэг өдөр үйлдэгдсэн боловч харин цаг хугацааны хувьд өөр, тус тусдаа биеэ даасан эхлэл, төгсгөлтэй, обьектууд нь өөр өөр, байх ба Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт  хэргийг Н.Батбаяр 2 удаа үйлдсэнээрээ, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан давтан гэмт хэрэгт тооцогдох тул Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар зүйлчлэгдэнэ.

     Гэтэл анхан шатны шүүх Н.Батбаярын үйлдлийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийсний зэрэгцээ  “ ....Н.Батбаярын үйлдэл нь давтан гэмт хэрэг болохгүй “ гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-дэх заалтыг буруу хэрэглэсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна   шүүхийн  шийтгэх тогтоолын Тодорхойлох, Тогтоох хэсэгт агуулгын хувьд илтэд зөрүүтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал дүгнэлт хийгээгүй зэрэг  дараахь зөрчил илэрлээ. Үүнд:

1.Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч  Н.Батбаярын 2 удаагийн буюу хохирогч Ц.Идэрбаатар, Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нарт хөнгөн гэмтэл санаатай учруулсан  үйлдэл, шүүгдэгч Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нарын бүлэглэн хохирогч Н.Батбаярт хөнгөн гэмтэл санаатай учруулсан  үйлдлийг бүхэлд нь  “... нотлогдон тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

2.Шүүгдэгч  Н.Батбаяр нь хохирогч Ц.Идэрбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийн талаар  тодорхойлох хэсэгтээ дүгнэлт хийгээгүй  нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-д “ Шүүгдэгч хэд хэдэн гэмт хэрэгт яллагдаж байгаа бол асуудлыг гэмт хэрэг нэг бүрээр шийдвэрлэнэ”  гэсэн заалтыг;

3.Шүүгдэгч Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нарыг бүлэглэн хохирогч Н.Батбаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг тодорхойлох хэсэгт  дүгнэхдээ Н.Батбаярыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нарын гэм буруугийн талаар дүгнээгүй орхигдуулсан  нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д “ ...гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт...“ , мөн зүйлийн 296.2-д Хэрэгт хэд хэдэн шүүгдэгч оролцож байгаа бол энэ хуулийн 296.1-д заасан байдлыг шүүгдэгч тус бүрээр тодорхойлно” гэсэн заалтыг;

4.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэхь заалтаар Төв аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэнд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн талаар  тодорхой  зааж бичээгүй  нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.-д “Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараахь зүйлийг заана. 297.1.1.-д “ шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт дурдсан гэмт хэрэг үйлдсэн “гэсэн заалтыг ;

 5.Шийтгэх тогтоол тогтоох хэсгийн 3 дахь заалтад “3.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батбаяр нь хохирогч Ц.Идэрбаатартай сайн дураараа эвлэрсэн тул шүүгдэгч Н.Батбаяр, шүүгдэгч Б.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нар нь хохирогч Н.Батбаяртай сайн дураараа эвлэрсэн тул шүүгдэгч Б.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож” гэж  бичигдсэн байгаа нь    утга, агуулгын хувьд  алдаатай, хэргийн оролцогчдоос хэн хэнтэйгээ  эвлэрсэн болох нь тодорхой биш ойлгомжгүй бичигдсэн байгаа нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  294 дүгээр зүйлийн 294.2-д “ Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх...”  гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Мөн  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д  зааснаар хохирогч нь  шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тохиолдолд   хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгасан байна. Гэтэл шүүх  “...шүүгдэгч Н.Батбаяр нь хохирогч Ц.Идэрбаатартай сайн дураараа эвлэрсэн байх тул “ гэсэн нь дээрхи  хуулийн заалтыг  буруу хэрэглэжээ.  

            6.Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ Ц.Идэрбаатар, шүүгдэгч Н.Батбаяр нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч Ц.Идэрбаатар  гомдол саналгүй, хохирол төлбөргүй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт энэ талаар дурьдаагүй орхигдуулсан байна.  

7.Шүүхээс шүүгдэгч Б.Цэрэнбатыг Ц.Лхамсүрэнтэй “бүлэглэн” хохирогч Н.Батбаярын биед хөнгөн гэмтэл санаатай учруулаагүй байна гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д заасан зүйлчлэлийг өөрчилсөн, атлаа  шүүгдэгч Ц.Лхамсүрэнгийн хохирогч Н.Батбаярт хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд зүйлчлэл өөрчлөгдөх эсэхэд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан  байна. 

Иймд шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсгүүд  агуулгын хувьд илтэд зөрүүтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал дүгнэлт хийгээгүй, тодорхой ойлгомжтой бичигдээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн  шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан хууль ёсны гэж үзэхээргүй байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

      Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.1, 321.1.3, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

  1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 172 дугаар шийтгэх  тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2.Улсын яллагчийн  бичсэн 2016 оны 6 дугаар сарын 24-ний  өдрийн 10 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.

        3.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

  4.Магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүцүэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

        

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                             Г.БОЛОРМАА

                                                                                   Т.ЭНХМАА