Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 205/МА2021/00018

 

******* ХХК-ийн

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 237 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлалтай Завхан санхүүгийн ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн сумын 6 дугаар багт оршин суух овгийн *******ийн ******* /РД:*******/,

Хариуцагч: Завхан аймгийн сумын 6 дугаар багт оршин суух овгийн *******гийн ******* /РД:*******/,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын 1 дүгээр баг Жинст ЧЭЦС ард гудамж 0 тоотод оршин суух овгийн *******гийн ******* /РД:*******/,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын 1 дүгээр баг Жинст төв банкны урд гудамж 0 тоотод оршин суух овгийн *******ийн /РД:/ нарт холбогдох зээлийн төлбөр 12.424.667 төгрөг, хүүгийн төлбөр 14.048.156 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.922.281 төгрөг нийт 29.395.104 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т., хариуцагч Ч.*******, хариуцагч Л.******* Ч. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 12.424.667 төгрөг, хүүгийн төлбөр 14.048.156 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.922.281 төгрөг нийт 29.395.104 төгрөг гаргуулах тухай 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс хариуцагч Ч.*******, Л.*******, Л.******* Ч. нартай 2018 оны 01 сарын 30-ны өдөр 13.000.000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлдэгч нар зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн төлбөр 12.424.667 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14.707.606 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.262.834 төгрөг, нийт 29.395.104 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлдэгч нарын зээлийн гэрээний барьцаанд барьцаалсан 2 үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгч Ч.ийн өөрийнх нь хүсэлтийн дагуу зээлээс чөлөөлж өгсөн. Гэтэл зээлдэгч Ч.******* үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авчхаад одоогийн байдлаар зээлээ төлсөн юм байхгүй, эргүүлэн үл хөдлөхийн гэрчилгээгээ өгөөгүй. Манайхаас чөлөөлүүлж авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ жинхэнэ эзэмшигч дээрээ очсон гэж ойлгож байна. Гарцаагүй байдал гарсан учраас манай зүгээс дээрх 2 үл хөдлөхөөс татгалзах байдалд хүрч байна. Дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгө манай байгууллагын нэр дээрээс хасагдаад Мөнхболд гэдэг хүний нэр дээр шилжсэн 2 үл хөдлөх хөрөнгөөс татгалзаж байгаа юм чинь үлдэгдэл 3 үл хөдлөх хөрөнгө дээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан санхүүгийн банк бус санхүүгийн байгууллагаас 2018 онд 13.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Миний зүгээс зээлийн хүүг бууруулах боломж байна уу гэсэн хүсэлтийг нэхэмжлэгч талд тавьсан гэв.

Хариуцагч Л.*******, хариуцагч Ч. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нарын хувьд Завхан санхүүгийн банк бус санхүүгийн байгууллаас зээлсэн мөнгөө төлж байсан юм байна. Зээлээ төлж чадахгүй болсон шалтгаан нь гэвэл зээлсэн мөнгөө буцаагаад хүнд хулхидуулсан нөхцөл байдал үүссэн. Энэ талаар манай гэр бүлийнхэн болон бусад хариуцагч нар мэдэж байгаа. Одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээсээ багасах юм бол төлнө гэж үзэж байгаа гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 237 дугаартай шийдвэрээр

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч овгийн *******ийн ******* /РД:*******/, овгийн *******гийн ******* /РД:*******/, овгийн *******гийн ******* /РД:*******/, овгийн *******ийн /РД:/ нараас 12.411.000 /арван хоёр сая дөрвөн зуун арван нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж Завхан санхүүгийн ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16.984.104 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

  2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч Л.*******, Ч.*******, Л.*******, Ч. нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол:

- Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг ийн төвийн зүүн талд байршилтай, улсын бүртгэлийн , дугаартай, 72 мкв талбайтай, нэг хүний өмчлөлийн хувийн сууц,

- Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг банкны урд талд 4 айлын гудамж 3 тоотод байршилтай, улсын бүртгэлийн , нэгж талбарын № дугаартай, эзэмших эрхтэй газар,

- Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг банкны урд талд 4 айлын гудамж 5 тоотод байршилтай, улсын бүртгэлийн, нэгж талбарын № дугаартай, эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Завхан санхүүгийн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304.926 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******, Ч.*******, Л.*******, Ч. нараас 213.526 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Завхан санхүүгийн ХХК-нд олгож,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.ийн давж заалдах гомдлын агуулга:

Завхан санхүүгийн ХХК-иас иргэн Ч.*******, Л.*******, Л.*******, Ч. нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Хариуцагч нараас 14,911,000 төгрөг гаргуулах, хариуцагч нар нь үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хануулахаар шийдвэрлэсэн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №140/ШШ2021/00237 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно. мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй. гэж тус тус заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах хууль зүйн үндэслэлийн дагуу эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан шударга ёсны зарчмын тухайд:

1. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Ч.*******, Л.*******, Л.*******, Ч. нартай 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 13,000,000 төгрөгийг нэг сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 4 сарын хугацаатай дугаартай Зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан байдаг. Гэрээ байгуулсан өдрөөс хойш хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлийг буцаан дуудах мэдэгдэл өгөх, өөрийн биеэр очиж уулзах зэргээр шаардаж байсан боловч зээлийг удахгүй төлнө өө шүүхэд битгий өгөөч ээ гэх зэргээр хугацааг хойшлуулсаар байсан. Мөн хариуцагч Ч.ийн өөрийнх нь хүсэлтийн дагуу барьцаа хөрөнгүүдээс 2 үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгсөн бөгөөд хөрөнгүүдээ чөлөөлүүлж авсан ч зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй зээлдүүлэгчийн итгэлийг эвдэх үйлдэх гаргасан байдаг. Энэ нь шударга ёсны зарчимд үл нийцэж байна. Мөн шүүхийн шийдвэрт тусгасан хариуцагч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзсэн нь хуульд нийцэхгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт хэтэрхий нэг талыг баримталсан, хариуцагчийг хамгаалсан, нэхэмжлэгчийг хууль зүйн үндэслэлгүй хэт их буруутгасан дүгнэлтүүдийг хийсэн байсан. Энэ нь өөрөө шүүхийн болоод шүүгчид итгэх итгэлийг бууруулж байна.

Зээлийн гэрээний хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн тухайд:

1. Хариуцагч нар нь Зээлийн гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээ байгуулсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг дараах хууль зүйн үндэслэлийн дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна. Үүнд: Иргэний хуулийн

     222.5. Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй.

     222.7. Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

       225.2. Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.

     226.1.2. Үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, харин нэмэлт хугацаанд үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд гэрээний харилцаа үргэлжлэх ёстой бол;

     227.3. Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохирол тооцно. Эдгээр зүйл заалтууд нь нэхэмжлэгчийг хариуцагчаас олох байсан орлого зэргийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан хариуцагч нар нь дээрх үүргийг хүлээж байна.

Зээлийн гэрээнд зааснаар зээлийн гэрээний хугацаанд болон хугацаа хэтрүүлснээс үүссэн хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй болохын тухайд:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч нар нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 451 дугаар зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу Зээлийн гэрээнд заасан үндсэн зээлээс гадна гэрээнд заасны дагуу хүү төлөх үүрэгтэй мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1. Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нийтэд зарласан хүүгээр буюу Зээлийн гэрээний хүүг нэг сарын 3.5% гэдгийг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан тул гэрээнд заасны дагуу үндсэн төлбөрт хүү тооцон авах эрхтэй байна.

Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. гэж заасны дагуу хариуцагч нартай байгуулсан 2018 оны 01 сарын 30-ны өдрийн тоот Зээлийн гэрээний 1.9, 1.12-д зааснаар тус тус нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдийн дагуу Зээлийн үйл ажиллагаанд Иргэний хуулийн үүрэг болон зээлийн үйл ажиллагаатай холбоотой ерөнхий заалтуудыг удирдлага болгохоос гадна нэхэмжлэгчийн зээл олгох эрх бүхий хуулийн этгээдийн хувьд илүү нарийвчилсан зохицуулалт болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3. Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж заасны дагуу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хариуцагч нараас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх зээлийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.

Иймээс Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №140/ШШ2021/00237 дугаартай шийдвэрт тусгасан зээлийн гэрээний үндсэн төлбөр 13,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 1,820,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд нэг сарын хүүгийн төлбөрөөс 20%-иар тооцсон дүн болох 91,000 төгрөг буюу нийт 14,911,000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 2,500,000 төгрөгийг хасч тооцон гэрээний төлбөрт 12,411,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь тооцооллын хувьд алдаатай бөгөөд хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, хэтэрхий нэг талыг баримталсан хууль зөрчсөн шийдвэр гаргасан байгааг харуулж байна.

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан үндсэн зээлийн төлбөрт 12,424,667 төгрөг, хүүгийн төлбөрт 14,707,606 төгрөг, нэмэгдүүлсэн төлбөрт 2,262,831 төгрөг буюу нийт 29,395,104 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу Анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн давж заалдах гомдол гаргасан байгаа. Манайх 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ч.*******, Л.*******, Л.*******, Ч. нарт 13.000.000 төгрөгийн зээлийг 4 сарын хугацаатай олгосон байгаа. Тухайн зээлийг авсан цагаасаа хойш хариуцагчид 2.500.000 сая төгрөг төлсөн байгаа. Манай зүгээс хугацаандаа төлөх шаардлагыг удаа, дараа тавьсан. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Хас банкнаас зээл авах гэж байгаа 2 үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөөч гэхээр нь үл хөдлөх хөрөнгийг нь чөлөөлж өгсөн. Тухайн үед банкнаас зээл аваад зээлээ төлөөгүй байгаа. Тэгээд зээлээ хэзээ төлөх талаар асуухад зээл гарахгүй байна, ажилд орсон удахгүй төлнө гэх шалтгаанаар хойшлуулсаар байгаад өдийг хүрсэн байгаа. Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж үзэж байгаа. Шүүгч Э.Оюун-Эрдэнэ Л.*******г шүүх хуралд байлцуулах шаардлагагүй гэсэн. Нөхөр нь хөдөө явсан гэж сая худлаа ярьсан, би 2 цагт улсын бүртгэл рүү ороход Л.******* захиргааны үүдэнд зогсож байсан. Тэгээд танай нөхөр чинь байна гэж мессеж хүртэл бичсэн байгаа. Би одоо анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Манай санхүүгийн байгууллага хуулийн дагуу зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулж байгаа. Хуулиас гажиж мөнгө нэхсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүхийг илтэд нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа гэв. 

Хариуцагч Ч.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх хуралдаанд Л.******* манай нөхөр яагаад ирээгүй талаар нэхэмжлэгч Т. гомдолтой байгаа талаараа сая ярьсан. Тухайн үед манай нөхөр ажлаар сумуудаар явж байсан юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үнэн зөв гаргасан гэж үзэж байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй гэв. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Надад хэлэх зүйл байхгүй гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүх зохигчидын хооронд зээлийн гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч Завхан санхүүгийн ХХК нь хариуцагч Л.*******, Ч.*******, Л.*******, Ч. нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр 12.424.667 төгрөг, хугацаа хэтэрсэн хүүний 14.048.156 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.922.281 төгрөг нийт 29.395.156 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ. 

Анхан шатны шүүх үндсэн зээл, гэрээний хугацааны хүү, нэг сарын нэмэгдүүлсэн хүү нийт 12.411.000 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, Завхан санхүүгийн ХХК нд олгохоор тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас хугацаа хэтэрсэний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 16.984.104 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. 

Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 180040 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 180040 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Завхан санхүүгийн ХХК нь зээлдэгч нарт 13.000.000 төгрөгийг, хэрэглээний зориулалтаар сарын 3.5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлсэн байна. 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Улсын бүртгэлийн ГД-000555221 Y-0918000614 дугаартай Завхан аймгийн Улиастай сумын 4 дүгээр баг Богдын гол гийн тоот хаягт байрлалтай хувийн орон сууц,

Улсын бүртгэлийн ГД-000472352, Г-0918002297 дугаартай, Завхан аймгийн Улиастай сумын 4 дүгээр баг Богдын гол гийн тоот хаягт байршилтай, өмчлөх эрхтэй газар,  

Улсын бүртгэлийн , Y-0918002297 дугаартай, Завхан аймгийн Улиастай сумын Жинс багт ийн төвийн зүүн талд байршилтай 72 мкв талбайтай, нэг хүний өмчлөлийн хувийн сууц,  

Улсын бүртгэлийн дугаартай, Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, банкны урд талд 4 айлын гудамж 3 тоотод байршилтай, эзэмших эрхтэй газар,  

Улсын бүртгэлийн дугаартай, Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн банкны ур талд 4 айлын гудамж 5 тоотод байршилтай эзэмших газрыг тус тус барьцаалжээ. 

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Харин шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугцааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зээлийн гэрээний 1.7, 1.10,1.11 дэх хэсэгт зээлийн хугацаа хэтэрсэний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх зээлдэгчийн үүргийн талаарх зохицуулалтыг анхаараагүй, хууль, гэрээний заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч нь Ч.*******д 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 13.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн байх ба хариуцагч нь гэрээний хугацаанд 1000,0000 төгрөг төлж, хугацаа хэтэрүүлж 1500.000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй байна. Хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 1.1.1, 1.1.2 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтэрүүлсэн гэж үзэх бөгөөд дээрх хууль буюу гэрээнд зааснаар хариуцлага хүлээх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч гэрээний хугацаанд төлсөн 1000.000 төгрөгийг 575.333 төгрөгийг үндсэн зээлээс, 424.667 төгрөгийг хүүний төлбөрөөс хасч, үндсэн зээл нийт 12.424.667 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн хугацаа хэтэрүүлж төлсөн 1500.000 төгрөгийг хүүгийн төлбөрөөс суутгасан гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 т үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ, гэж заасныг үндэслэн зээлдэгчийн хугацаа хэтэрүүлж төлсөн 1.500.000 төгрөгийг зээлдэгч нарын үндсэн зээлээс хасч тооцох нь зөв гэж үзэж зээлдэгч, нь үндсэн зээлд 10.924.667 төгрөг төлөх үүрэгтэй байна гэж үзлээ.

Зээлийн тооцооллын талаар хариуцагч маргаагүй, харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

Иргэний хуулийн 225, 227 дугаар зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйл болон талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5, 4.2, 4.2.1, 4.2.5, 4.2.6 дэхь хэсэгт зааснаар Завхан санхүүгийн ХХК нь зээлдэгч зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд өөрийн санаачлагаар гэрээг цуцлахыг, мөн учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Гэтэл нэхэмжлэгч Завхан санхүүгийн ХХК нь хариуцагчид зээлийг буцаан дуудах мэдэгдлийг удаа дараа өгч, энэ нь ямар нэгэн үр дүнд хүрэхгүй байхад гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлэлгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жил 10 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлдэгч нарын хариуцлагын хэмжээ нэмэгдэхэд хүрсэн, мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдон иргэд, аж ахуйн нэгжийн орлого буурсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан зээлдэгч нараас шаардсан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан тал хувиар тооцох нь шударга ёсны зарчимд нийцэнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 10.924.667 төгрөг, гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүд 8.485.213 төгрөг, нийт 19.409.880 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 9.985.880 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Харин зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах талаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээг байгуулсан нь хүчин төгөлдөр байх бөгөөд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаалагдсан үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 237 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дэх заалтын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч овгийн *******ийн ******* /РД:*******/, овгийн *******гийн ******* /РД:*******/, овгийн *******гийн ******* /РД:*******/, овгийн *******ийн /РД:/ нараас 12.411.000 /арван хоёр сая дөрвөн зуун арван нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж Завхан санхүүгийн ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16.984.104 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож гэснийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч овгийн *******ийн ******* /РД:*******/, овгийн *******гийн ******* /РД:*******/, овгийн *******гийн ******* /РД:*******/, овгийн *******ийн /РД:/ нараас 19.409.880 /арван есөн сая дөрвөн зуун есөн мянга найман зуун наян/ төгрөгийг гаргуулж, Завхан санхүүгийн ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.985.880 / есөн сая есөн зуун наян таван мянга найман зуун наян/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын ... хариуцагч Л.*******, Ч.*******, Л.*******, Ч. нараас улсын тэмдэгтийн хураамжинд 213.526 төгрөг гаргуулж гэснийг, 254.999 төгрөг гаргуулж гэж, шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.3, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 242.871 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******, Ч.*******, Л.*******, Ч. нараас улсын тэмдэгтийн хураамжинд 254.999 төгрөг гаргуулж, Завхан санхүүгийн ХХК нд олгохоор тогтоосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2. дахь хэсгийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР